Сурталчилгаа
Үзэхээ болиод удсан сүмог өчигдөр нэг харлаа. Гэхдээ эцсийн нэмэлт барилдааныг нь. Цэвэгнямыг үзүүр түрүүнд гараад ирсэн болохоор өөрийн эрхгүй дэлгэцний өмнө очсон хэрэг. Ойрд бархираагүйгээрээ бархирч “кайф” авлаа. Дахиад Монгол, тэр тусмаа Цээгий маань анх удаа Эзэн хааны цомыг гардсанд Хакүхо, Харүмафүжи нарыг түрүүлснээс илүү баярлав.
…Одоогоос арванхоёр жилийн өмнө юм даа. Японы Засгийн газрын олон улсын хамтын ажиллагааны (JAICA) байгууллагын шугамаар Токиод хагас жил суралцах боломж маньд олдож билээ. Тэр үед Японд одоо гийнх шиг монголчууд олноороо байдаггүй байлаа. Их, дээд сургуульд суралцагч цөөн тооны оюутан, за тэгээд Оошима дэвжээний гурван монгол бөх Батбаяр, Цэвэгням, Энхбат гээд л бараг болчихож байгаа юм. Нутгаа санахын эрхэнд Оошима дэвжээг байн байн зорьдог байж. Тэр болгонд Цээгий, Энхбат хоёр ямагт халуун дотноор угтан, дэвжээнд нь харьяалагддаг бөх мэт дураараа амьтан байлаа би, тэнд.
Батбаяр (Бадгаа), Цэвэгням (Цээгий), Энхбат (Ара) гурвын зан төрх хоорондоо тэс өөр. Цээгий, Ара хоёр хоорондоо илүү дотно. Батбаяр, Энхбат хоёр хэдэнтээ орж гарч, ам хуурай байна гэж үгүй бол Цээгий хачин тайван. Налайсан амьтан бидний яриаг дуугүй чагнаад инээвхийлсэн нөхөр байдаг байлаа. Цээгий шиг тусч шударгуу бөх одоо ч байхгүй гэж сүмогийнхон ярьдаг. Ер нь Монголоос Японыг зорьсон олон хөвгүүдээс бөхийн удам, энэ тэргүй нь тухайн үед ганцхан Цээгий байж билээ. Яагаад ч юм Оошима гуай Цээгийд нөгөө хоёроос нь илүү дотно ханддаг нь тэр үед мэдрэгддэг байсан. Батбаяр “Мэхний их дэлгүүр” “Арслангуудын ангууч” гэх мэт нэр зүүн ид мандаж байхад Цээгий зугуухан барилдсаар явлаа.
Яс сайт яван чангарна гэдэг Цээгийд л тохирох үг. Батбаяр шиг сэргэлэн байдлаараа япончуудад танигдан шуугиулаагүй ч даруу төлөв, уйгагүй хичээл зүтгэл, үлгэр дууриалалтай байдлаараа тэрбээр андаасаа дутахгүй алдаршиж байлаа. Өдгөө сүмог жинхэнэ Япон “стийлээр” нь барилддаг гаднын бөх гэвэл Цээгий. Японы хэвлэлүүд ямагт ийн бичдэг юм билээ. Түүнээс гадна япон хэлээр хамгийн цэвэрхэн ярьж сурсан хүнээр мөн л түүнийг жишээлэн яридагийг мэдэх юм. Үнэлэмж, зэрэглэл, нэр хүндээрээ Токиогийн их сургуулийн дараа ордог Ва сэдагийн их сургууль Цээгийг урьж “Япон хэлийг гадаад хүн хэрхэн зөв, хурдан сурах вэ” сэдвээр лекц уншуулдаг байсан гээд бод.
Кёкүшюүзан, Асашёорюү хоёроор монгол хүнийг омголон, догшин, аатай, хортой шартай, овжин, бас хөдөлгөөнтэй, тавьтаргүй, сахилгагүй гэж япончууд төсөөлдөг бол Цээгий шал ангид монгол хүний имижийг бас тэдэнд ойлгуулдаг юм. Тайван, эелдэг, эвтэй найртай, дэг журамтай, хэрсүү агаад ухаалаг зан нь түүнд нөгөө хоёроос дутахгүй хүндлэлийг дагуулдаг юм билээ. Монгол хүнд бараг байдаггүй аливаад уйгагүй зүтгэдэг чанар Цээгийд бий. Уй гагүй, хоёр гүй сэтгэлээр аливаад идэв хийлэн чармайваас амжилтад хүрч болдгийг тэр нотоллоо шүү дээ. Сүмогийн түүхэнд Цээгий шиг 38 насандаа түрүүлсэн бөх гэж байгаагүй гэдгийг бодоод үзэхэд л гайхамшиг. Монгол хүнд ямар их нөөц боломж байдгийг, ямар онцгой үндэстэн болохыг нь одоо япончууд биширч , гайхширч байна.
Сүмогийн төдийгүй спортын амьдралд аливаа тамирчин нас ахих бүрийд амжилт нь буурдаг бол Цээгий энэ зүй тогтлын эсрэг явж чадсан цор ганц сүмоч. Хорин жил амжилт нь ямагт тогтвортой байж чадсанаар барахгүй түрүүлж чадсан ганцхан бөх. Монгол хүн л ингэж чадна. Дахин хэн ч энэ амжилтыг давтаж бараг чадахгүй биз дээ. Цээгийгийн ганцхан энэ түрүү Асашёорюү, Хакүхогийн 20 гарсан түрүүтэй эн зэрэгцэхүйц үнэ цэнэтэй агаад гайхамшигтай амжилт. Монгол омогшил гэдэг энэ буюу. Браво, Цээгий! Браво.
Ш.АЛТАЙ
Нийт сэтгэгдэл: 3
-
Баяр хүргэе!
Зочин 2012-05-25 12:28:00 (0) (0) -
Tseegi shig erchuud hovordsonn tsag boljdee. Amidrald chin az jargal husie.
unshigch 2012-05-26 02:35:00 (0) (0) -
I thought I'd have to read a book for a dicsvoery like this!
Gorav 2012-11-04 00:02:55 (0) (0)