ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ё.СҮГАТАЙ АЛБАН ЁСНЫ УУЛЗАЛТ ХИЙВ
2021-07-23 09:31:51 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд энэ сарын 22-ны өдөр Ерөнхий сайд Ё.Сүгатай Төрийн хүндэтгэлийн ордонд албан ёсны уулзалт хийв. Энэ нь хоёр улсын Ерөнхий сайд нарын түвшинд сүүлийн 2 жилд хийж буй анхны уулзалт юм. Уулзалт найрсаг дотно, уур амьсгалд болж, талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар болон олон улс, бүс нутгийн хүрээн дэх өргөн хүрээтэй асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай гуравдагч хөрш Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Даян дэлхийн улс орнууд нэг гэр бүл болохыг харуулж байдаг Олимпын наадмыг цар тахлын хүнд нөхцөл байдалд Япон Улсын Засгийн газар амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, энэ удаагийн Олимпын наадам хүн төрөлхтөн цар тахлыг амжилттай даван туулсны бэлгэ тэмдэг болон түүхэнд үлдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд Ё.Сүга Олимпын наадмыг зохион байгуулах түүхэн сорилттой үед Монгол Улсын Ерөнхий сайд хүрэлцэн ирсэнд, мөн гадаад улс оронд хийж буй анхны айлчлалаа Япон Улсаас эхлүүлсэнд баяртай байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газар Монгол орны ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд, мөн энэхүү дэмжлэг туслалцаа КОВИД-19 цар тахлын хүндрэл бэрхшээлтэй үед ч үргэлжилж байгаад гүн талархал илэрхийлэв. Нэн ялангуяа, Монголын ирээдүй болсон хүүхэд залуусыг вакцинжуулахад Япон Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж байгааг онцлов. Монгол, Японы улс төрийн харилцааны бат бэх сууринд тулгуурлан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг дараачийн шатанд дэвшүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгаад талууд санал нэгдэв. Хамтын ажиллагааны чиглэлд Хөшигийн хөндийд баригдсан Чингис хаан олон улсын нисэх буудлыг цогцоор өргөтгөж, эдийн засаг, мэдээлэл технологи, аялал жуулчлалын чөлөөт бүс болгон хөгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн Улаанбаатар хотыг тойрсон хурдны зам, Богдхан төмөр замын асуудал, мэдээлэл технологийн салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх болон тус салбарын инженерүүдийг бэлтгэх, нүүрсний орд газруудыг түшиглэн ус төрөгчийн цахилгаан станц баригдах техник эдийн засгийн үндэслэлд хамтран ажиллах зэрэг эдийн засгийн томоохон хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов. Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохионо. Энэхүү түүхэн ойг хоёр улс ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр тохиролцлоо. Ойн хүрээнд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхитог Монгол Улсад айлчлахыг урив. Мөн Ерөнхий сайд Ё.Сүга 2022 оныг Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил болгон зарлахыг санал болгосныг Монголын тал талархан хүлээж авав. Монгол, Японы Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж дуусгавар болж байгааг талууд сайшааж 2021-2025 онд хэрэгжүүлэх дараагийн Дунд хугацааны хөтөлбөрийн агуулгыг ойрын үед тохирохоор ярилцав. Талууд олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаад НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд цаашид ч уялдаа холбоотой ажиллахаар болов. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ё.Сүга сүмогийн шинэ аваргатай болсонд баяр хүргэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Япон Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна.Тэрээр маргааш хүндэт зочдын хамт Цог жавхлант Эзэн хаанд бараалхаж, Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Япон, Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга, гишүүдтэй уулзана. ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
КОРОНАВИРУСЫН ХАЛДВАР АВЧ, ӨВДӨӨД ЭДГЭСЭН ХҮМҮҮСТ НӨХӨН СЭРГЭЭХ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ
2021-07-23 09:29:21 Нийтлэгдсэн: Улс төр
Улсын онцгой комиссын XXIV хуралдаан өнөөдөр цахимаар болж коронавируст халдварын эсрэг вакцины гуравдугаар тунг хийх эсэх, ковидын эмчилгээнд ашиглаж буй эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн хангалт, нийлүүлэлт болон эмнэлгийн тусламжийн багийн үйл ажиллагааны төлөвлөгөө, авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүд дэх хяналт зэрэг асуудлыг хэлэлцлээ. Вакцины гуравдахь тунтай холбоотой шинжлэх ухааны судалгааны үр дүн аргачлалыг хийж, ирэх сарын 20-ны дотор Улсын онцгой комисст танилцуулахыг үүрэг болголоо. Мөн Эрүүл мэндийн яам болон холбогдох албан тушаалтнуудад дархлаажуулалтыг эрчимжүүлэх, эм тариа эмнэлгийн хэрэгслийн 30 хоногийн нөөц бүрдүүлэхийг даалгаад иргэд, өвчтөнүүд гаднаас, гэрээсээ эм тариа авчирдаг байдлыг ирэх сарын 1-нээс таслан зогсоох ёстой гэдгийг анхааруулав. Мөн коронавирусын халдвар авч, өвдөөд эдгэсэн хүмүүст зөвлөмж үйлчилгээ хангалтгүй байна. Иймд нөхөн сэргээх эмчилгээний зөвлөгөө өгөх ажлыг нийслэл, орон нутаг, сум, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийг түшиглэн зохион байгуулахыг үүрэг болголоо. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрч буй зорчигч болон ачаа тээврийг ариутгах, халдваргүйжүүлэх орчныг бүрдүүлэн ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан үүрэг болголоо. ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Шууд: "Залуус-1", " Солонго-1,2," " 1008" айлын орон сууцны хороолол барих төслийн явцыг хэлэлцэж байна
2021-07-22 10:48:45 Нийтлэгдсэн: Улс төрШууд: Шадар сайд "Барилга, хот байгуулалтын яаманд" ажиллаж байна
2021-07-22 10:24:28 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллалаа. ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ОБЕГ-ын бүрэлдэхүүн бүхий Ажлын хэсэг Ковид-19 цар тахлын үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт, нөөцийн бэлэн байдалд 2021 оны зургадугаар сарын 04-ний өдөр хяналт шалгалт хийхэд багагүй зөрчил дутагдлууд илэрсэн тул Шадар сайд вирусын эсрэг эмийн нөөц, хангамж болон үнийн асуудлаар газар дээр нь ажиллаж, хариуцсан агентлагийнханд тодорхой үүрэг даалгавар өглөө. Тэрээр хэлэхдээ Вирусын эсрэг эмийн нийлүүлэлтийн талаарх мэдээллийн тэгш бус, хаалттай байдал нь ААН-үүд өөрсдийн хөрөнгөөр эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх боломжийг хязгаарлаж, хомсдол үүсэх гол хүчин зүйл болж байна. ЭМЯ-наас 2020 онд Ремдесивир эмийг худалдан авах ажиллагааг зохион байгуулахад нэг бүрийг нь 315.000 төгрөгөөр нийлүүлж байсан бол одоо бид шууд үйлдвэрлэгчдээс нэг бүрийг нь 50.000 төгрөгөөр оруулж ирэхээр ярилцаж байна. Эмийн нөөц хангамжийн тухайд нэг удаагийн лицензийг гэрээт ААН-үүдэд хэт их хэмжээгээр олгодгийн улмаас бусад ААН-үүдэд квот олдохгүй байгаа тул нэг удаагийн лицензийг хүртээмжтэй байдлаар ААН-үүдийн хүчин чадалд тохируулан олгох шаардлагатай байна. Мөн эм оруулж ирдэг бөөний төвүүдийн үнэ дээр эмийн сангууд 30-40 хувь нэмж зах зээлд борлуулж байгааг таслан зогсоох хэрэгтэй гэсэн юм. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан, Eрөнхий гэрээгээр тeндер зарлаж, вирусын эсрэг 3 төрлийн эмийг нэмж оруулж ирэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Ингэснээр вирусын эсрэг эмийн нөөц хангамж сайжирч үнэ буурах боломжтой. Мөн дэлхийд сүүлийн үeд эмчилгээний хамгийн өндөр үр дүнтэйд тооцогдож байгаа, маш хүнд, хүнд өвчтэй иргэдэд хэрэглэдэг тоцилизумаб эмнээс эхний ээлжинд 2000 ширхэгийг авчирч байгаа гэлээ. Уулзалтын төгсгөлд, Шадар сайд ирэх сарын 1-ний өдрөөс өмнө улсын эмнэлгүүдийн эмийн нөөцийг тасалдуулахгүй хангаж, иргэд эм тариаг гаднаас худалдан авдаг байдлыг таслан зогсоохыг үүрэг болголоо.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй