Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ХҮНСНИЙ ТОГТВОРТОЙ ТОГТОЛЦОО БҮРДҮҮЛЖ, ХҮНС ЭКСПОРТЛОГЧ ОРОН БОЛОХ ЁСТОЙ

Л.Оюун-Эрдэнэ: Хүнсний тогтвортой тогтолцоо бүрдүүлж, хүнс экспортлогч орон болох ёстой Монгол Улсын хүнсний тогтвортой тогтолцоо сэдэвт үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хүнсний салбарын голлох оролцогчид хүнсний тогтолцоог хэрхэн хөгжүүлэх арга зам, гарц, шийдлээ ярилцаж, гаргасан шийдвэр, үр дүнг энэ оны есдүгээр сард болох НҮБ-ын Хүнсний тогтолцооны Дээд хэмжээний уулзалтад танилцуулах юм. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Тэрээр хүнс, эрүүл мэндийн тогтолцоотой холбоотой асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай гэж үздэгээ илэрхийлэв. Уул уурхайгаас гадна хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүч, тээвэр, логистикийн салбарыг тэргүүлэх салбар гэж үзнэ. Импортоос 90 хувь хамааралтай байдлаа халж, хэрэгцээгээ дотоодоос бүрэн ханган, хүнс экспортлогч орон болох зорилтоо биелүүлнэ. Хүнсний тогтвортой тогтолцоо бүрдүүлэх нь хүний хөгжил, амьдралын чанарыг сайжруулаад зогсохгүй, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил бий болгоход ихээхэн хувь нэмэртэй. Үүнд хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага гээд олон талын оролцоо чухал. Засгийн газар бүх талаар дэмжинэ гэлээ. Мөн нэг хүнд ногдох малын тоо зэргээр дэлхийд дээгүүрт ордог ч малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний экспорт хангалтгүй байгаа нь цогцоор нь шийдээгүйтэй холбоотойг хүлээн зөвшөөрөв. Төр, засаг бодлогын зохицуулалт хийх ёстой. Бүгдийг иргэд, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын урдуур орж хийх боломжгүй. Чадахгүй зүйлийг нь шийдвэрлэхэд оролцоно. Бизнес эрхлэхэд нь макро болон эдийн засгийн, бусад нөлөөллөөс харьцангуй бага байлгах нь л төрийн гол зорилго. Бодлогоор дэмжих, хамтран ажиллах, хувийн хэвшилтэйгээ түншлэх байр суурьтай байна гэв. Хүнсний тусгаар тогтнолоо хангаж, жингийн илүүдэлгүй, элдэв хорт хавдарт өвчингүй, эрүүл, идэвхтэй иргэдтэй Монгол байхын төлөө хүнснийхээ асуудлыг хамтдаа өөрчилж, шинэ түвшинд гаргахыг уриалав. Монгол Улсад тогтвортой хүнсний тогтолцоонд шилжих асар их боломж нөөц байна. Тэр үйл явц хэдийнэ эхэлсэн. Энэ салбарын шинэчлэлийн үр дүнд хүн амыг шим тэжээлтэй, эрүүл хүнсээр хангаж, иргэдийн амьжиргаа, амьдралын чанар сайжирна гэж НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хэллээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа цар тахлын үеийн хямралыг хүнсний тогтолцоогоо илүү хүртээмжтэй, тогтвортой, тэсвэртэй болгож тэнцвэржүүлэх, өөрчлөн сайжруулах боломж болгох хэрэгтэй гэж үздэгээ хэлэв. Үндэсний хэлэлцүүлэг угтан бүсүүдийн хэмжээнд болон хувийн хэвшил, залуучууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан Аюулгүй, тэжээллэг хүнсээр хүртээмжтэй хангах, тогтвортой хэрэглээг дэмжих, Амьжиргааны тэгш байдлыг ахиулах ба зах зээл, Байгальд ээлтэй үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эмзэг байдал, цочрол, дарамтад тэсвэртэй байдлыг бий болгох сэдвээр цуврал хэлэлцүүлэг хийсэн байна. Үндэсний хэлэлцүүлгийг Монгол Улсын Засгийн газар, НҮБ хамтран зохион байгуулав гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

АЙМГУУД ХӨЛ ХОРИО ТОГТООХДОО УЛСЫН ОНЦГОЙ КОМИССТОЙ ЗӨВШИЛЦӨНӨ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр боллоо. Аймгууд хөл хорио тогтоохдоо Улсын онцгой комисстой зөвшилцөнө Цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажлын талаархи мэдээллийг сонсов. Өнөөдрийн байдлаар 20 аймагт халдварын 30,299 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эмнэлэг болон тусгаарлан эмчлэх байранд 7,476 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь хөнгөн 6,402, хүндэвтэр 869, хүнд 170, нэн хүнд 35 иргэн байна. Орон нутагт халдварын тархалт, эмнэлгийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан 18 аймгийн 196 сум, зургаан тосгонд хязгаарлалтын дэглэм тогтоосон. Эдгээрээс 13 аймгийн 101 сумын хөл хорио наадмаас өмнө цуцлагдах юм. Засгийн газрын шийдвэрээр 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 19-ний өдрийг хүртэл ес хоног амарна. Түүнчлэн зуны улиралтай холбогдуулан иргэдийн хөдөө, орон нутаг руу чиглэх хөдөлгөөн эрс нэмэгдэх төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан: - Импорт, экспортын гол боомтуудтай аймаг, орон нутагт хатуу хөл хорио хэвээр үргэлжилнэ. Боомтууд хэвийн үйл ажиллагаанд шилжих хүртэл хөдөлгөөнийг хязгаарлах; - Аймгууд бие даан хязгаарлалт тогтоохгүй. Зөвхөн Улсын онцгой комисстой зөвшилцөж хязгаарлалт, хөл хорио тогтоох; - Иргэд орон нутагт зорчихдоо айлаар орохгүй, суурин газрын хөдөлгөөнд оролцохгүй, зөвхөн жуулчны бааз, амралтын газраар үйлчлүүлэх; - Бүрэн вакцинд хамрагдсан эсвэл өвчлөөд эдгэрсэн хүмүүс орон нутаг руу зорчих боломжтой, гэр бүлээрээ явж байгаа бол таваас дээш насны нэг хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авах; - Үйлчилгээний байгууллагуудыг ээлж дараатай нээх эсэхийг Нийслэлийн онцгой комисс урьдын адил хариуцах, ингэхдээ 22.00 цагаас хойш ажиллуулахгүй байх зэрэгт анхаарч, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Ерөнхий сайд чиглэл болгов. Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулах ажлыг эрчимжүүлнэ Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл-ийн хүрээнд барьсан Дулааны станц, Ус хангамж, ариутгах татуургын туршилт, тохируулга хийхэд шаардлагатай нэг тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалт 2026 онд дуусч ашиглалтад орох хэдий ч Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чөлөөт бүсийг энэ зун нээж байнгын ажиллагаанд оруулах үүрэг өгөв. Эрхзүй, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлснээр: - Экспорт, импорт нэмэгдэнэ; - Үйлдвэрүүд хөгжинө; - Худалдаа, үйлчилгээний шинэ салбарууд бий болно; - Шууд ажлын байр бий болно; - Бүтээн байгуулалт нэмэгдэнэ; - Аялал жуулчлал хөгжинө; - Тэргүүний техник, технологи нутагшина; - Транзит тээвэр, логистик нэмэгдэнэ; - Худалдааг хөнгөвчилнө; - Бүс нутгийн хөгжил эрчимжинэ гэж үзэж байна. Тухайлбал 2026 он гэхэд хөрөнгө оруулагчийн тоо 70-д хүрч 9,400 ажлын байр бий болох юм. 2034 он гэхэд экспортын бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдэх бөгөөд гадаадын хөрөнгө оруулалт 2,9 тэрбум ам.долларт хүрч 18 мянган ажлын байр бий болох тооцоо гарчээ. Цахим визийн систем нэвтрүүллээ Монгол Улсын виз олгох журам-ын шинэчилсэн найруулгын төслийг баталлаа. Ингэснээр Монгол Улсад ирэх гадаадын 31 улсын иргэд, тухайлбал эхний ээлжинд жуулчин, соёл, урлаг, спортын тэмцээн, уралдаанд оролцох, кино, контент бүтээх болон дамжин өнгөрөх визийг цахимаар авах боломжтой. Визийн 11 ангиллыг цаг үеийн шаардлага, олон улсын жишигт нийцүүлэн орших суух зөвшөөрлийг 29 хэлбэрт нийцүүлэн дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач, хувийн, шашны болон түр ирэх гэх мэтээр 64 болгон төрөлжүүлжээ. Тухайлбал К4 визийг соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээн, арга хэмжээнд оролцох, кино, контент бүтээхээр ирэх иргэдэд олгох юм. Визний ангиллыг тодорхой болгосноор виз хүсэгч гадаадын иргэнд зорчих зорилгод нь тохирсон виз олгох, визийн талаархи статистикийн тоон мэдээллийг дэлгэрэнгүй гаргах, визийг шуурхай олгох болон визийн нэгдсэн сантай болох давуу талтай. Энгийн зэргийн буюу B /бизнес/ ангиллын 30 хүртэлх хоногийн визийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, J /жуулчин/ ангиллын 30 хүртэлх хоногийнх бол хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар олгох юм. Одоогоор дэлхийн 80 орчим улс цахим визийн систем нэвтрүүлээд байна. Медаль хүртсэн тамирчдад урамшуулал олгоно Тамирчин, дасгалжуулагчдад 2021 онд олгох мөнгөн урамшуулал, шагналын тухай тогтоолын төслийг баталлаа. Энэ дагуу Олимп, паралимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс спортын есөн төрлөөр медаль хүртсэн нэр бүхий 58 тамирчинд сар бүр нийт 132 сая төгрөг, Боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн болон Шатрын их мастерын болзол хангасан тамирчид, дасгалжуулагч нарт нэг удаа нийт 104 сая төгрөг олгоно. 2013-2020 онд Олимп, паралимпын наадмаас гурван алт, долоон мөнгө, 13 хүрэл медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 15 алт, 22 мөнгө, 42 хүрэл медаль хүртсэн 58 тамирчинд 11 тэрбум гаруй төгрөгийн мөнгөн урамшуулал, 2015-2020 онд 4,411 тамирчин, дасгалжуулагчид долоон тэрбум гаруй төгрөгийн нэг удаагийн мөнгөн шагнал олгожээ. Мөн Олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн хөгжлийн бэрхшээлтэй 43 тамирчинд урамшуулал олгоход шаардагдах 230 орчим сая төгрөгийг төсвийн багцаасаа гаргахыг сайд А.Ариунзаяад зөвшөөрөв. Мөнгөн шагнал, урамшуулал нь тамирчид, дасгалжуулагчдын нийгмийн баталгааг хангах, спортоор хичээллэх, амжилт гаргахад нь эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм. Товч мэдээ - Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. - Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам, Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам-ыг шинэчлэн батлав. - Цар тахлын үед хөл хорионы шатлал харгалзалгүй ургац хураалтын бэлтгэлийг эртнээс сайтар хангахыг сайд З.Мэндсайханд даалгав. Одоогоор 414 мянган га-д үр тариа, үүнээс 384 мянган га-д улаанбуудай, 16 орчим мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 68 мянган га-д тосны ургамал, 42 орчим мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ тариалаад байна.

Д.Сумъяабазар: Улаанбаатар хот томоохон бүтээн байгуулалтаа өөрөө хэрэгжүүлж чаддаг эрх зүйн орчинтой болох хэрэгтэй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа. -Үе үеийн нийслэлийн Засаг дарга нар хийсэн бүтээн байгуулалтаараа өөрийнхөө нэрийг тамгалсан байдаг шүү дээ. Хотын дарга Д.Сумъяабазар гэдэг хүний амбиц нь юу вэ? -Нийслэл Улаанбаатар хотынхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахын төлөө үе үеийн Хотын дарга нар хичээж, ажиллаж ирсэн. Мэдээж хамт ажиллаж байгаа удирдлагын баг, хамт олон гэдэг чухал. Хотын дарга нарыг газар, барилгын зөвшөөрөл гээд янз бүрийн зүйлтэй нэр холбодог. Ер нь удирдлагын баг хэр ажиллаж байна вэ гэдгээс олон зүйл шалтгаалдаг. Газар, хэлтсийн дарга нар өндөр ёс зүйтэй, шударга ажиллах ёстой. Улаанбаатар хотод оршин сууж буй 1.5 сая иргэний нийгэм, эдийн засгийн асуудал гээд бүх зүйлийг хариуцаж, хотын удирдлагын баг ажиллаж байгаа. Хотын өнөөгийн нөхцөл байдалд хаа хаанаа хариуцлага ярих хэрэгтэй. Туул гол, Богд ууланд газар олгочихсон байна, асуудлыг шийдээч гэдэг. Гэтэл хот эрх зүйн хувьд ямар ч чадамжгүй. Туул гол, Богд уулаа хамгаалж чаддаггүй. Төсөв, санхүүгийн асар хүнд нөхцөлд 2001 оноос хойш Хотын дарга нар ажиллаж ирсэн юм байна лээ. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилж найруулах зүй ёсны зайлшгүй шаардлага тулгарсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-нд батлагдсан. Үүний дараа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдан, үүнийг дагаж Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль орсон юм. Нэгжийн хуулиар орон нутагт томоохон өөрчлөлт орохоор болсон. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс тус хууль мөрдөгдөж эхэлнэ. Энэ хууль эдийн засгийн бие даасан байдал, эрх зүйн чадамжийг бодитоор бий болгох, засаг захиргааны реформ хийх бололцоог нээж өгсөн. Ийм гурван суурь, тулгуур зарчмыг нэгжийн хуульд тусгасан учраас дагаад Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Үе үеийн Хотын дарга нар хотоо сайхан болгох, өөрийн гэсэн хийж, бүтээсэн ажлуудтай байхыг хүсдэг, түүндээ хүрэхийн төлөө зорьдог. Гэтэл дээр хэлсэнчлэн эрх зүйн хувьд чадамжгүй байдаг. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-ын гишүүдтэйгээ хамтран ажиллаж, УИХ-ын дарга дэмжиж, Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүдийн Түр хороо байгуулж, нийслэлийг хөгжлийн бодлого, санхүү, мөнгө, гадаадын зээл, тусламжаар нь дэмжих гэх мэт зорилгоор боловсруулсан. Улсын хүн амын тал нь амьдарч байгаа Улаанбаатар хотын хөгжлийн асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага урган гарч байна. Тиймээс ч Засгийн газрын оролцоо сайн байх ёстой. Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэгдүгээрт, хотоо хурдны замтай болгомоор байна. Ийм бололцоо, шийдэл бий. Хоёрдугаарт, метроны асуудал яригдаж байгаа. Бид захиалагч учраас эхлээд ямар төрлийн метротой болох вэ гэдгээ зураг төслийн компаниудтай ярилцаж, хэдэн метрийн гүнд метро байгуулах вэ гэдгээ судалгаан дээр суурилж гаргах ёстой. Метротой болох ёстой. Ийм боломж, бололцоо бий. Хөрөнгө босгох арга зам байна. Нэгжийн хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд ч олон улсын түвшинд бонд гаргах гэх мэт асуудал тусгагдаж, Ажлын хэсэг дээр хэлэлцэгдээд явж байгаа. Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг задлах ажлыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ-ын гишүүдтэй хамтарч, далайцтай эхлүүлээд байна. Дэд төвүүд дээр суурилсан хөгжлийн бодлого хэрэгтэй. Улаанбаатар хот дагуул хоттой болох зохицуулалтыг Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд мөн оруулж байгаа. Дагуул хот Улаанбаатар хотын хөгжлийн нэг гол цэг байна. Дагуул хотоо дагасан хөгжлийн ямар концепц гаргах уу, ямар хуулийн зохицуулалт байх вэ гэхээр Дагуул хот гэсэн дангаараа хууль байж болно. Дэлхийн том төслүүд бол хууль байдаг юм билээ. Жишээ нь, Газрын тосны үйлдвэрийг дэмжих тухай хууль гэж гарсан шиг нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг задалж, түгжрэлийг бууруулах хүрээнд Дагуул хотыг дэмжих тухай хууль гэж байж болно. Дээр дурдсан ажлуудыг эхлүүлсэн, хийсэн Хотын дарга байхыг хүсэж байна. Орчин үеийн шийдэл бүхий Улаанбаатар хотыг босгохын төлөө, суурийг нь зөв тавихын төлөө, засаг, захиргааны нэгжид бугласан идээ, буглааг шахаж, хүний нөөцийн бодлогоо орчин цагт нийцүүлэн төлөвлөж, шударга, чадварлаг, хүчтэй залуучуудаар багаа бүрдүүлэх ёстой. Хотын гадаад хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргамаар байна. Улаанбаатар хот томоохон бүтээн байгуулалтаа өөрөө хэрэгжүүлж чаддаг эрх зүйн орчныг бий болгоод, чадамжтай хүний нөөцтэй болох хэрэгтэй. Тэгэхээр хүний нөөцөд шинэчлэл хийнэ. Шилдэг, чадварлаг залуучуудыг авч ажиллуулахын төлөө ажиллана. Томоохон төслүүдийг эхлүүлнэ. 2040, 2050 онд Улаанбаатар ямар хот байх ёстой вэ гэдэг хөгжлийн зургийг харж, тэр ирээдүйн хотын төлөө ажиллах амбицтай байна. -Та Хотын даргаар томилогдоод хотын хөгжил, бүтээн байгуулалтад УИХ, Засгийн газрын анхаарлыг хандуулж, томоохон дэмжлэг авахаар боллоо. Үүнд хувь хүний ч юм уу, улстөрчийн зангараг байна уу гэж харж байна. Шалтгаан нь яг юу вэ? -Хувь хүний өгөгдөл талаасаа мэдээж суурь хүмүүжил байгаа. Би эмээ дээрээ өссөн, ээж, аав дээрээ ирж, очдог хүүхэд байсан. Хүмүүжил маань зөв байсан байх гэж боддог. Нэг ажлын ард гарахын төлөө хичээдэг, зүтгэдэг зантай. Бууж өгөхийг хүсдэггүй. Ер нь арга замгүй зүйл гэж байдаггүй. Бүх зүйлд арга зам, гарц байдаг. Болохгүй байгаа зүйлийг болгохын төлөө л хичээдэг. Хэдэн арван талаас нь харахаар заавал гарц байдаг. Мэдээж надад улс төрийн капитал байгаа. 2008 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоноос хойш анхан шатны нэгжээс эхэлж ажилласан. Дүүргийн намын үүр, хороо, хэсэг дээр хүртэл ажиллаж байлаа. Залуучуудыг хороо, хэсэг дээр дөрвөн жил ажиллуулж, бодит амьдралыг мэдүүлмээр байгаа юм. Ялангуяа гадаадад төгсөж ирсэн, боловсролтой, зөв амбицтай явж байгаа залуучуудыг анхан шатанд нэг, хоёр жил ажиллуулаад, бодит амьдралыг мэдрүүлэх хэрэгтэй санагддаг. Дараа нь Монгол Улсынхаа чиглэл, чиглэлийн салбарт ажиллавал илүү зөв гэж боддог. Хүнтэй харьцах харьцаанаас эхлээд, хүн сонсох гэдэг их чухал. Би буруу зүйлд зарчмын хатуу байр суурьтай ханддаг. Буруу зүйлийг зөв болгож, ард нь гарахын төлөө хичээнгүйлэн зүтгэдэг. Алдаа, оноотой байсан ч сүүлд нь алдаагаа дүгнүүлэхийг хүсдэг. Замын голоос ухрахыг хүсдэггүй чанар байдаг. Үүнтэй л холбоотой болов уу. -Улсын төсвөөс нийслэлийн хөгжилд зориулж байгаа 420 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ? -Улаанбаатар хотын шуудын орлого хүн амын орлогын албан татвар, бусад татвараас бүрддэг. Тэрийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Ер нь Оюу толгой компанитай дайх орлогыг нийслэл төвлөрүүлдэг гэсэн үг. Энэ эх үүсвэрийг л хотод нь үлдээгээд өгөөч ээ гэдэг санаачилгыг анх гаргасан. Ингээд Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дэмжих зорилгоор улсын төсвөөс жилд 420 тэрбум төгрөгөөс бууруулахгүйгээр санхүүжилт олгох шийдвэр гарсан. Энэ 420 тэрбум төгрөгийг зөвхөн замын түгжрэлд зарцуулахгүй. Түгжрэл нь хот байгуулалт, төлөвлөлт, нийтийн тээвэр, хувийн автомашины хэрэглээ гээд олон зүйлээс шалтгаалж байна. Түгжрэлийг бууруулахын тулд төвлөрлийг хэрхэн задлах вэ, дэд төвүүдээ хэрхэн хөгжүүлэх вэ гээд олон ажил байгаа. Хотын төвд зургаан давхраас дээш өндөртэй барилга бариулахгүй гэсэн бодолтой байна. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсаны дараа үүнийг дагалдах хуулиудаар зааж өгнө. Тэгж байж дэд төв, дагуул хот руугаа хотоо тэлэх зэрэг үе шаттай ажлууд хийнэ. Хотын төвдөө өндөр орон сууц, өндөр оффисын барилга бариад байх юм бол энэ түгжрэл, төвлөрөл, замын ачаалал буурахгүй. -Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдсан байдаг. Тухайн үеийн хүн ам 600 мянга байсан бол одоо 2.5 дахин нэмэгдэж, 1.6 сая болсон. 27 жилийн өмнөх хуулиар зохицуулж байгаа учраас магадгүй хотын хөгжил удаашраад байгаа юм болов уу? -Тантай санал нэг байна. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиа нэг их ашиглаж чадаагүй юм байна лээ. 27 жилийн дараа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг оруулж байна. УИХ-ын чуулган, Засгийн газарт Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг Ц.Нямдорж сайд, эсвэл Х.Нямбаатар сайд танилцуулж байгааг харж байгаа байх. Хотын дарга өөрөө асуудлаа танилцуулдаггүй. Тэгээд хотод олон яамны оролцоо их. Өөрсдөө оролцоод болохгүй болохоор асуудлаа хот дээр хаячихаад, хариуцлагаас сугардаг. Энэ бол шударга бус. Тогтолцоо нь ийм байгаа учраас ингээд яваад байна. Тийм учраас энэ тогтолцоог зөв болгох ёстой. Зөв болгохын тулд Хотын дарга хэлэлцэх асуудлаа Засгийн газрын хуралдаанд, УИХ-д өөрөө танилцуулдаг байх ёстой. -Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдвал хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Хууль батлагдсанаар ямар давуу талууд бий болох вэ? -Хотод эдийн засгийн хувьд маш олон давуу тал бий болно. Зарим салбарын тодорхой чиг үүргүүд нь хотод орж ирнэ. Жишээ нь, цахилгаан, эрчим хүч, дулаан гээд л яриад байдаг. Бүх ачаалал хот дээр явдаг. Улаанбаатар цахилгаан түгээх болон Улаанбаатар дулааны сүлжээ компанийн удирдлагууд Засаг даргын зөвлөлийн хуралд байнга суудаг. Тэгсэн мөртлөө яамны харьяа ч юм шиг, хотынх ч юм шиг явсаар ирсэн. Дунд нь шахааны бизнесийг цэцэглүүлдэг. Нэгжийн хуулийн 8.3-ыг үндэслээд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд хэсэгчилсэн инженер, дулаан, цахилгаан, ус түгээлт нь Улаанбаатар хотод хамаарах ёстой. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байх. Бид энэ хугацаанд бонд гаргах, концесс хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангана. Давхар засаглалын бүтцээ бэлдэх, эрүүл мэндийн салбараа дэмжих гээд ажил их байна. Энэ мэтчилэн нийгэм, эдийн засаг, хотын иргэд рүүгээ чиглэсэн зөв бүтцийг төлөвлөж байгаа. Улаанбаатар хот бие даасан эдийн засагтай болох эхний алхмаа тавьж байна. Энэ хууль бол Улаанбаатар хотын 1.5 сая иргэний эрх ашгийн үүднээс гарч байгаа. Хууль батлагдсанаар хотод тулгамдаж байгаа түгжрэл, нийтийн тээврийн парк шинэчлэл, зам засвар, үйлчилгээ гээд олон асуудал шийдэгдэнэ. Мөн хувийн хэвшлээ дэмжих чиглэлээр эрүүл, аюулгүй байх гэсэн шаардлагыг тавиад, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг нь олгох ёстой. Иргэдийн бизнес, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих чиглэлийг барих зохицуулалт хийхээр бэлдэж байгаа. Нэг ёсондоо төрийн дарамт эрс багасна гэсэн үг. Хоёрдугаарт, санхүүгийн чадамжийг бий болгоно. Ажлын байр олноор бий болно. Ирэх жилүүдэд том бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. Дэд бүтцийн ажил хийгдэнэ. Манай хотод цоо шинэ эерэг нөхцөл байдал үүснэ гэж харж байгаа. -Ярилцсанд баярлалаа. Эх сурвалж: ӨНӨӨДӨР СОНИН

ШИНЭ ХУУЛЬ: Хөдөлмөрийн хуульд тусгасан Таны мэдэх хэрэгтэй заалтууд

Хөдөлмөр эрхлэгч болон ажил олгогч хүн бүрд хамаатай, хөдөлмөрийн харилцааны үед эрх ашгаа хамгаалахын тулд заавал судлах учиртай Хөдөлмөрийн тухай хуулийг УИХ-аас өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт баталлаа. Өмнөх Парламентын үед буюу 2018 оны гуравдугаар сард анх УИХ-д өргөн мэдүүлснээс хойш гурван жилийн хугацаанд хэлэлцэгдсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Монгол Улсад 1930-аас 1999 оныг хүртэл тухайн цаг үе, нийгэм, эдийн засгийн байдалд уялдуулан Хөдөлмөрийн тухай хуульд долоон удаа өөрчлөлт оруулж иржээ. Одоо хэрэгжиж буй 1999 оны Хөдөлмөрийн хууль эрх зүйн чадамжаа алдаагүй ч хөдөлмөрийн харилцаатай холбоотой хуулиараа шийдэгдэх боломжгүй олон хэрэг маргаан шүүхэд шилжиж байгаа нь хуульд өөрчлөлт оруулах шаардлага тулгарсны гэрч юм. Монгол Улсын хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, үндэсний онцлог, хөдөлмөрийн зах зээлийн цаашдын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн 1.2 сая ажиллагсад, нийт ажил олгогчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулах уг хуулийг баталжээ. Төслийг хэлэлцэх үед ажил олгогч болон ажилтны төлөөллийн байгууллагуудтай зөвшилцөл, өргөн хэмжээний хэлэлцүүлгүүд өрнүүлж, тэднээс гаргасан саналуудын төсөлд тусгажээ. Ингэснээр хуульд хөдөлмөр эрхлэлтийн гуравласан харилцаа, цагаар ажиллах, зайнаас ажиллах, уртын ээлжээр ажил үүргээ гүйцэтгэх, гэрийн үйлчлэгч, туслах малчнаар ажиллах зэрэгхөдөлмөрийн зах зээл дэх нийгэм, эдийн засгийн шаардлагаар гарч ирсэн шинэ харилцаануудыг хуульчилсан байна. Ажил олгогч болон ажилтны хөдөлмөрийн харилцаа дахь эрх, үүргийг тэнцвэржүүлэх нь уг хуулийн бас нэг чухал үзэл санаа болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн төслийн боловсруулах ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг онцолсон билээ. Хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын хувьд Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх энэ хууль 13 бүлэг 160 гаруй зүйл заалттай. Үндсэн хуулиар олгосон ажил хөдөлмөр эрхлэх язгуур эрхээ хангуулах Хөдөлмөрийн тухай хуульд шинээр орсон болон зарим онцлог заалтуудаас хүргэж байна. АЖИЛ ОЛГОГЧ АЖИЛД ОРОХ ГЭЖ БАЙГАА ХҮН БОЛОН АЖИЛТНААС МӨНГӨ, ҮНЭ БҮХИЙ ЗҮЙЛАВАХЫГ ХОРИГЛОНО Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох Ажилтан, ажил олгогч, гуравдагч этгээд /ажилд зуучлагч/ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтад өртсөн гэж үзвэл гомдлоо тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, дээд шатны албан тушаалтан, холбогдох төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага, хууль хяналтын байгууллага, хөдөлмөрийн хяналтын байгууллага, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, шүүхэд тус тус гаргаж болно. Ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд хүсээгүй байхад бэлгийн сэдлээ үгээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлж бэлгийн дарамт үзүүлэхийг хориглоно. Ажил олгогч нь ажлын байранд дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх асуудлыг хөдөлмөрийн дотоод журамд тусгаж хэрэгжүүлнэ. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөр эрхлүүлэхийг хориглоно. Ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, үнэ бүхий зүйл, боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэх, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг хувийн бичиг баримтыг шаардан авч барьцаалахыг хориглоно. Ажилтны болон хувь хүний нууцыг задруулахгүй байх; Зайлшгүй шаардлагаар ажлын байранд хяналтын тоног төхөөрөмж ажиллуулах бол энэ тухай ажилтанд урьдчилан мэдэгдэх, ашиглах журмыг тогтоон мөрдүүлэх; Шинэ заалтууд: Ажил олгогч нь хүнийг оршин суугаа газартаа ажил үүргээ байнга гүйцэтгэхийг зөвшөөрч түүнтэй зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээг байгуулж болно. Гэрийн үйлчилгээний, хөлсөөр мал маллаж байгаа болон тэдгээртэй адилтгах ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулна. Хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрийн үйлчилгээний ажилтан долоо хоногийн болон нийтээр амрах баярын өдөр ажил олгогчийн гэрт байх үүрэг хүлээхгүй. Ажилтан үндсэн ажлын цагаасаа бусад цагт өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллах бол ажилтан энэ тухай ажил олгогчдод мэдэгдэх үүрэгтэй. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажил үүргийг гүйцэтгүүлэх бол түүнд олгох цалин хөлсийг ажилтантай урьдчилан тохиролцоно. Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ. Ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй. УУЛ УУРХАЙД АЖИЛЛАГСАД 14 ХОНОГ АЖИЛЛАЖ, 14 ХОНОГ АМАРНА 1999 оны одоо хэрэгжиж буй хуульд уртын ээлж буй ялангуяа уул уурхайн салбарт ажиллах хугацаа 21 хоногоос илүүгүй, амрах хоног 10-аас доошгүй байна гэж зохицуулж байсан бол Шинэ хуульд ажиллах, амрах хугацааг тус бүр 14 хоног болгон заасан. Гэхдээ орон нутгийн жижиг уурхайн онцлогоос хамаарч 7 хоног ажиллавал 7, 10 хоног ажиллавал 10 хоног амраана гэсэн зохицуулалт оруулж ирсэн хэмээн Хөдөлмөрийн тухай хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил тодотгов. Жасаа эхлэх болон дуусахад ажил олгогч дотоод журмаар тогтоосон байршил бүхий газраас ажилтныг ажлын байранд хүргэх, буцаах хугацааг ажилласан цагт тооцно. Энэ хугацаанд ажил олгогчоос хамаарахгүй шалтгаанаар саатсан хугацааг оруулахгүй. ЭЭЛЖИЙН ҮНДСЭН АМРАЛТЫН ХУГАЦАА АЖЛЫН 15 ӨДӨР БАЙНА Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна. Төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандагдорж, Д.Сарангэрэл нар ээлжийн амралтын хугацааг хатуу тогтоож, ажлын 20 хоног болгох санал гаргасныг төсөлд тусгаад байв. Нэгдсэн чуулганы хуралдааны үеэр энэ заалтыг унагааж, Ээлжийн үндсэн амралтын хугацааг ажлын 15 өдөр болгон, ажилласан жилээр нь нэмэгдэл амралтын өдрийг тооцдог хуулийн хуучин зохицуулалтыг хэвээр үлдээв. Ажил олгогч ажилтныг хүүхдээ хөхүүлэх өрөөгөөр хангах арга хэмжээг өөрийн боломжоор авна. Шинэ хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэний /ХБИ/ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд дорвитой өөрчлөлт оржээ. Тухайлбал, Одоогийн хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай ажил олгогч нийт ажилчдын 4 хувьтай тэнцэх тооны хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах үүрэг хүлээдэг боловч хэрэгжилт хангалтгүй байв. Тиймээс 2022 оноос хэрэгжих шинэ хуульд хэрэв хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлээгүй ажил олгогч Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэд санд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төлбөр төлөх болно. Дэд санд төвлөрсөн хөрөнгийг ХБИ-ийг ажлын байраар хангах боломжийг нэмэгдүүлэхэд зарцуулна хэмээн УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа тодотгон тайлбарлав. ХБИ-ийг асардаг хүнийг гэрээсээ буюу зайнаас ажиллах боломжоор хангана. ҮНДСЭН ЦАЛИНГ 3 САР ХҮРТЭЛХ ХУГАЦААГААР 20 ХУВИАР БУУРУУЛАХ САХИЛГЫН ШИЙТГЭЛИЙГ ХАСАВ Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан нь хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, бусад дотоод хэм хэмжээг зөрчсөн ажилтанд доор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг 3 үе шаттайгаар ногдуулна. Одоогийн хуульд: 1-рт, сануулах 2-рт, Үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах; 3-рт, ажлаас чөлөөлөх заалт бий. Шинэ хуульд: 1-рт, хаалттай сануулах 2-рт, нээлттэй сануулах 3-рт, Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар тусгажээ. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх Хөдөлмөрийн тухай хуулийн үйлчлэл Та ажил хийгээд эхэлсэн мөчөөс хэрэгжиж эхэлнэ. Ажил олгогч ажилтан хоёр аль болох зөвшилцөж Хөдөлмөрийн гэрээ байгуулах ба гэрээг энэ хуульд зааснаас дордуулахгүй. Харин үүнийг илүү сайжруулсан нэмэлт зохицуулалтыг оруулж болох юм байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.