Л.Наранбаатар АН-ын 100 саяынханд хандив өгөхгүй байхыг уриаллаа

Сахигтун Үндсэн хуулийн 19 эвсэл-ээс УИХ-ын 22 дугаар тойрогт нэр дэвшигч Л.Наранбаатар АН-ын 100 саяынханд хандив өгөхгүй байхыг фэйсбүүкээрээ дамжуулан олон нийтэд уриаллаа. Түүний хувьд өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан бол энэ удаад АН-ын даргын зөвлөх З.Энхболдын нэр дэвшсэн тойрогт хүч үзэхээ эртнээс зарласан. Ингэснээр тэрбээр өдгөө Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт нэр дэвшихээр болоод байгаа юм. Нэгэн цагт Дархан-Уул аймгийн АН-ыг удирдаж явсан тэрбээр З.Энхболдтой эртнээс үл ойлголцсон бөгөөд 2016 онд Төрийн ордонд болсон Эдийн засгийн чуулган-ы үеэр тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдод дургүйцлээ илэрхийлэн оймс шидсэнээ олны анхааралд өртсөн нэгэн. Энэ цагаас хойш Зика даргынхаа шүдэнд зуугдсан тэрбээр өдгөө АН-д ямар ч харьяалалгүй болсон. Улмаар нэгийнхээ гомдлоор хууль, шүүхийн байгууллагад үе үе дуудагдах болсон тэд ийнхүү нэг тойрогт өрсөлдөх хэмжээнд өс зангидсан яваа. Л.Наранбаатарын хувьд АН-ынхан нэр дэвшигчдээсээ 100 ба түүнээс дээших сая төгрөг хураасныг ихээхэн шүүмжилж байгаа бөгөөд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй ямар ч хуульд дэнчин гэх нэршил байхгүй атал Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулийг илтэд зөрчин, нэр дэвшигчдээсээ зуу, зуун саяыг татан төвлөрүүлснийг эрс эсэргүүцэж буй хүмүүсийн нэг. Тийм ч учраас тэрбээр АН-ын 100 саяынханд хандив өгөхгүй байхыг хүсьехэмээн цахим орчинд уриалга гаргажээ.

 100, 100 саяыг төлж мандатаа авсан АН-ын олигархуудад ард түмэн хандив өгөх үү

Намдаа зуу, зуун саяыг тушааж, нэр дэвших эрхээ олж авсан АН-ынхан ард түмнээс хандив гуйж эхэллээ. Хэдийгээр нэр дэвшигч бүр хандивын данс нээж, олон нийтээс дэмжлэг хүсэх эрх нээлттэй ч АН-аас нэр дэвшигчид хандив гуйж буйд эргэлзэх, басхүү эгдүүцэх хүн олон байна. Энэ талаараа ч олон нийтийн цахим сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлж эхэлжээ. Учир нь АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх олж авахын тулд эхний ээлжид 100, нэмэх нь 300-400 сая төгрөг тушааж байж мандат авсан 76 хүн өдгөө сонгуулийнхаа бэлтгэл ажилд орсон. Сонгуульд зарцуулах бус нэр дэвших эрхээ авахын тулд хэдэн зуун саяыг төлсөн олигархууд ард түмнээс тав, арван мянган төгрөгийн хандив гуйж буй нь үнэмшилгүй санагдаж байгаа учраас олон нийт ийнхүү бухимдаж байгаа бололтой. 100 саяыг намдаа төлчхөөд одоо мянган төгрөг ард түмнээсээ гуйх чинь ариун явдал уу, АН-ын зуу, зуун саяынхан ард түмнийхээ өгсөн хандиваар сонгуулийн зардлаа босголоо гэж попрохгүй байхыг хүсье гэх мэтээр твиттер болон фэйсбүүкт сэтгэгдлээ илэрхийлж эхэлжээ. Үнэхээр ч АН-ынхан энэ удаад мөнгөний сонгууль явуулахаар сэтгэл шулуудсан нь илт байгаа. Ингэхдээ хууль зөрчихөөс ч эмээхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, АН жилийн өмнөөс эхлэн сонгуульд горилогчдоосоо 100 сая төгрөг хураахаа мэдэгдсэн. Харин горилогчид нь энэ мөнгийг ах, дүү, найз нөхөд болон дэмжигч фэнүүдээсээ авсан хэмээн эхнээсээ ил тодоор зарлачихсан. Гэтэл АН-ын удирдлагууд хоёр дахь шатны гэрээ хийх нэрийдлээр энэ мөнгөний хэмжээг 300-400 саяар нэмэгдүүлэн авсныг ҮБХ-ны гишүүд нь олон нийтэд дэлгэчихсэн. Ердөө энэ процесс нь АН сонгуульд оролцох бэлтгэл хангахаас авахуулаад хууль зөрчсөн гэдгийг бүрнээ илэрхийлчхэж байгаа юм. Учир нь сонгуульд нэр дэвшигчид СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ албан ёсоор авсны дараа хандив цуглуулж эхлэх учиртай. Энэ бол Сонгуулийн хууль дахь зохицуулалт. АН-ын горилогчдын намдаа тушаасан мөнгийг хандиваар цуглуулсан гэж үзвэл хуулийн хугацаанаас өмнө татан төвлөрүүлсэн учраас илтэд хуулийн зөрчил болно. Нөгөө талаас сонгуульд нэр дэвшигчид өгөх хандивын дээд хэмжээ иргэнээс тав, хуулийн этгээдээс 20 хүртэлх сая төгрөг байх учиртай. Эс бөгөөс АН-ын хурааж авсан 100 саяыг татвар гэж үзвэл мөн л хууль зөрчинө. Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын тухай хуульд зааснаар намд зориулж өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс арав, хувь хүнээс нэг сая хүртэлх төгрөг байна гэж заасан байдаг. Тэр бүү хэл, ийм хэмжээний мөнгийг нэг удаа л өгөх боломжтой. Давтан өгвөл хууль зөрчинө. Ингээд үзэхээр АН-ын зуу, зуун сая төгрөг аль ч талаасаа хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм. Ингэж хууль зөрчөөд зогсохгүй, их мөнгө цацаж байж сонгуульд өрсөлдөх эрхээ олж авсан АН-ынханд хандив өгөх хүн олдохгүй бололтой.

Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас гарлаа

Манай улс ФАТФ-ын Саарал жагсаалт-аас албан ёсоор гарчээ. Тодруулбал, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага болох ФАТФ-аас Монгол Улсыг өнгөрсөн онд стратегийн дутагдалтай орны жагсаалтад багтаасан. Ингэснээр хэд хэдэн үүрэг, даалгаврыг өгсөн бөгөөд Засгийн газраас Саарал жагсаалт-аас гарах ажлын хэсгийг байгуулан хэд хэдэн удаагийн тайланг хамгаалсан юм. Хамгийн сүүлд энэ сарын эхээр эцсийн тайлангаа онлайнаар хамгаалсан бол хариу нь өчигдөр орой гарсан байна. Ингэснээр ФАТФ-аас Монгол Улсыг Саарал жагсаалт-аас гаргаснаа албан ёсоор мэдэгджээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нар албан ёсны мэдээллийг өглөө. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ үеэр Монгол Улсыг Саарал жагсаалт-д оруулсан зургаан асуудлыг шийдвэрлэж чадлаа. Ажлын хэсэг үлдсэн гурван даалгавраа өчигдөр хамгаалсан. Үүнтэй холбоотойгоор ФАТФ-ын нарийн бичгийн дарга нарын газар дүгнэлтээ бидэнд ирүүлсэн. Тус тайланд Монгол Улс гэрийн даалгавраа амжилттай хамгаалсан гэсэн дүгнэлт гарлаа. Үүнтэй холбоотойгоор ФАТФ-аас манай улсад ирж шалгалт хийх ёстой байсан ч цар тахалтай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Манай улсад ФАТФ-аас хэд хэдэн шаардлага тавьсныг бид бүрэн биелүүлсэн буюу хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн. Тухайлбал, Нэгдүгээрт, санхүүгийн бус бизнесийн салбарынхны хяналт, үйл ажиллагаа хангалтгүй байна гэж ФАТФ дүгнэсэн. Тодруулбал, үнэт металл, үнэт чулуу эрхлэгчид болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт төрийн зохицуулалт хэрэгтэй гэж үзсэн. Үүний дагуу бид алт, үнэт металл эрхлэгчдийг бүртгэлжлүүлж, тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг болгосон. Мөн хуульч, нотариатчидтай холбоотой бүх зохицуулалтыг тусгай хууль гарган хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Хоёрдугаарт, мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийг мөрдөх, прокурорын төвшинд яллах дүгнэлт гаргах ажиллагаа Монголын хувьд учир дутагдалтай байна гэж үзсэн. Энэ тухайд тодорхой ажлыг хийж байгаа гэдгийг манай хууль, хяналтын байгууллагууд болох АТГ, цагдаагийн байгууллага, прокурор, шүүхийнхэн бүх мэдээллээ өгч, тайлангаа хамгаалсан. Монголын төрийн байгууллагууд нягт хамтран ажилласны хүчинд Саарал жагсаалт-аас гарч чадлаа. Гуравдугаарт, өнгөрсөн нэгдүгээр сард Бээжинд болсон тайлангийн хурлын үеэр дутагдалтай байна гэж үзсэн нэг зүйл нь НҮБ-ын санкцтай холбоотойгоор авах арга хэмжээнүүд байсан. Үүнийгээ бид маш тодорхой болгож, авч хэрэгжүүлсэн. Ингээд үлдсэн гурван асуудлаа манай улс амжилттай хамгааллаа. Нэмж хэлэхэд, өнөө өглөө Монгол Улсын зээлжих зэрэглэлийг Фитч агентлагаас хэвээр үлдээснээ зарласан гэдгийг мөн дуулгая гэлээ.

Т.Уламбаатар:Гэрээр ажиглалтад байгаа иргэдийн эрүүл мэндийг хянах гар утасны апплейкшныг туршиж байна

Дэлхий дахинаа тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд улс орнууд технологийн шийдлийг ашиглаж байна. Монгол улс тэр дундаа Онцгой байдлын байгууллагаас энэ тал дээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар ОБЕГ-ын Орон зайн мэдээлэл, технологийн тасаг-ийн мэргэжилтэн, ахмад Т.Уламбаатараас тодрууллаа. -Цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд ашиглаж байгаа техник, технологийн шийдлийн талаар яриагаа эхэлье? Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5.1.3. хэсэгт Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зарчим нь шинжлэх ухаан, дэвшилтэт техник, технологи, инновацид тулгуурласан байх, мөн 6.1.7. хэсэгт Гамшгийн өмнөх үйл ажиллагаа нь гамшгийн мэдээллийн сан бүрдүүлэх гэсэн төрөлтэй байна гэж заасан байдаг. Үүний дагуу коронавируст халдвар БНХАУ-д гарсан цагаас эхлэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Эхлээд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байсан бол одоо тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа шүү дээ. Техник, технологийн ажлууд маань ч бас ийм дараалалтай гэж ойлгож болно. Энэ хүрээнд хамгийн эхэнд Гамшгийн орон зайн мэдээллийн систем-ийг ашиглаж эхэлсэн. Коронавирустэй холбоотой мэдээллийг аймаг, нийслэлийн болоод хилийн чанадад ямар байгааг орон зайн мэдээлэлтэй холбон дүрслэн үзүүлж, мэдээллийн санг үүсгэсэн. Мөн УОК-ын Шуурхай штаб, Эрүүл мэндийн яамнаас тогтмол явагддаг мэдээллийг Монмэп ХХК-тай хамтраад иргэд хүргэж байна. Ингэснээр олон нийтийг дэлхийн болон Монгол Улс дахь коронавируст халдварын орон зайн мэдээлэлд суурилсан нөхцөл байдлын тоон мэдээллийг нэг эх сурвалжаас хялбар авах боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн ямар ч төрлийн гамшгийн үед ашиглагдах мэдээллийн систем, гар утасны апплейкшн шаардлагатай байсан учраас үүнтэй холбоотой мэдээлэл технологийн шийдлийг боловсруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Улсын онцгой комиссын Шуурхай штабын үйл ажиллагаанд коронавируст халдварын бүртгэл, удирдлагын системийг нэвтрүүлсэн. Тус системийн онцлог, давуу талууд юу вэ? Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, УОК-ын Шуурхай штабаас гаргасан шийдвэр, үүрэг чиглэлийг бүх шатны байгууллагад богино хугацаанд дамжуулах, коронавируст халдвараар өвчилсөн болон сэжигтэй, тусгаарлалтад байгаа, гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох зорилгоор энэхүү системийг нэвтрүүлсэн. Мөн шуурхай штабын бүрэлдэхүүнд салбар бүрийн төлөөллүүд ажиллаж байгаа. Тийм учраас ажлын уялдаа холбоо, харилцан ажиллагааг сайжруулах бас нэг зорилготой. Дээрх системийг нэвтрүүлэхэд Интерактив ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамтран ажилласан. Мөн Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний дата төв УТҮГ-ийн алба хаагчид энэ ажилд чухал үүрэгтэй, идэвх санаачлагатай оролцсоныг онцолмоор байна. Гадаад улсад байгаа манай улсын иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргахаас эхлэн гэрийн ажиглалтын хугацаа дуусгавар болох хүртэлх бүх процессийг энэ систем програмчилсан. Түүнчлэн дотоодод халдвар голомтлон гарсан үед эрүүл мэндийн салбарын хүний нөөц, эмнэлэг, тусгаарлах байр, эм тариа, тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгслийн нөөцийг автоматаар тооцолдог байхаар зохион байгуулснаараа онцлог. Уг системийн хэрэглэгчид нь улс, аймаг, сумдын онцгой комиссын тодорхой тооны гишүүд байгаа. Тийм учраас системийг ашиглах хэрэглэгчдийн сургалтыг цахимаар зохион байгуулаад байна. Одоогоор Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Төв зэрэг аймгуудын хэрэглэгчид буюу улсын хилээр иргэдийг хүлээн авч тусгаарлах байраар ханган ажиллаж байгаа аймгуудын хэрэглэгчид идэвхтэй ашиглаж байгаа. Гэрээр ажиглалтад байгаа иргэдэд зөвлөгөө өгөх, эрүүл мэнд, биеийн байдлыг хянах зорилгоор гар утасны аппликейшныг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэж сонссон. Энэ апплейкшныг хэзээнээс ашиглалтад оруулах вэ? Тусгаарлах байрнаас иргэд маань гэрийн ажиглалтад шилжээд 14 хоног өөрийгөө тусгаарлах журам хэрэгжиж байгаа. Тус журмыг зөрчсөн тохиолдол цөөнгүй удаа гарсан. Тухайн асуудлыг шийдэх, мөн бусад улс орны авч хэрэгжүүлж буй арга хэмжээг харахад дотоодод халдвар голомтлон гарсан үед эрүүл мэндийн салбарын нөөц, боломж хүрэлцэхгүй нөхцөл бүрдвэл гэрээр өөрийгөө тусгаарлан ажиглах зөвлөгөө өгч байна. Энэ тохиолдолд уг апплейкшныг ашиглахаар боловсруулсан. Одоогоор туршилтын ажил явагдаж байна. Хамтран ажиллаж байгаа Юнител, Call pro, Интерактив, Монмэп ХХК-ийнхаа хамт олонд баярлалаа гэж хэлье. Эх сурвалж: Онцгой мэдээ сонин

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.