Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын харцага Б.Бат-Өлзий хүртлээ
2021-12-30 09:14:09 Нийтлэгдсэн: Улс төр
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх өндөр чансаатай, шилдэг 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Бөхийн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар үзэж сонирхов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй хүчит 128 бөх барилдсанаас Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын гарьд М.Бадарч үзүүрлэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын харцага Б.Бат-Өлзийд гардуулж, баяр хүргэв. Мөн үзүүрлэсэн болон их шөвгийн бөхчүүдэд дурсгалын зүйл гардууллаа.

Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дипломат цол хүртээх тухай зарлиг гаргалаа. Гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, нэр бүхий дипломатуудад Монгол Улсын Ерөнхийлөгч дипломат цол хүртээж, цолны тэмдэг, Алтан гэрэгэ-ийг гардуулав. ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЦОЛЫГ: Элчин сайд асанРавдангийн Болд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахлах референтНямсамбуугийн Буяндэлгэр, Монголын Элчин сайд нарын клуб-ийн ерөнхийлөгчДоржпаламын Гэрэл, Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн зөвлөхЖанчивдоржийн Ломбо, Ахмад дипломатчГотовдоржийн Луузаннарт тус тус хүртээлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ монгол төрийн алтан аргамж болсон дипломат алба нь үндэсний аюулгүй байдал, язгуур ашиг сонирхлыг олон улсын эрхзүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангадаг амин чухал салбар гэдгийг онцоллоо. Мөн төр түмний итгэл найдвар, төрийн эрхэм дээд цолыг дагаж ирсэн үүрэг хариуцлагаа улам өндөрт өргөж, өөрсдийн хуримтлуулсан арвин их мэдлэг туршлагаа залуу хойч үедээ зааж сургахын зэрэгцээ улс эх орондоо улам их зүйл хийж бүтээхийг хүсэв.
Монгол Улсад орчин цагийн дипломат алба байгуулагдсаны 110 жилийн ойд зориулсан ГХ-ны сайдын МЭНДЧИЛГЭЭ
2021-12-29 11:49:30 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэн байгуулагдсаны 110 жилийн ой энэ онд тохиож байна. Зуун арван жилийн тэртээх өвлийн эхэн сарын тэсгим хүйтэн өдрүүдэд үе, үеийн эх орончдын үнэлж барамгүй их хичээл зүтгэлийн үр дүнд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын амжилт баталгаажиж, монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан билээ. Богд хаант Засгийн газар байгуулагдсан даруйдаа орчин цагийн анхны 5 яамыг байгуулсны нэг нь Гадаад Хэргийг Бүгд Эрхлэн Шийтгэгч Яам байв. Тус яамны анхны сайдаар Үндэсний эрх чөлөөний хувьсгалын гарамгай удирдагчдын нэг Эрдэнэ дайчин хошой чин ван М.Ханддоржийг тохоон томилсноор монголын орчин цагийн дипломат албаны 110 жилийн түүхэн замнал эхэлдэг. Энэхүү бартаатай, төвөгтэй он жилүүдэд монголын үе, үеийн дипломатууд бахархам амжилтыг олонтоо гаргаж, тусгаар тогтнолоо баталгаажуулах түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн. Дэлхийн хоёр удаагийн дайн, түүний дараах хүйтэн дайн, хүйтэн дайны үеийн цөмийн зэвсгийн өрсөлдөөн, өрсөлдөөнийг дагасан их гүрнүүдийн дарамт шахалт зэрэг хүнд хэцүү сорилт бэрхшээлээр дүүрэн ХХ зуунд улсынхаа тусгаар тогтнолыг хөрш орнууд төдийгүй дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж чадсан нь үүний тод жишээ юм. Түүнчлэн Гуравдагч хөрш орнуудтай найрсаг харилцааг хөгжүүлэхийн сацуу олон улсын хамтын нийгэмлэгт эзлэх байр сууриа бэхжүүлэх замаар 1990-ээд оны шилжилтийн үеийн их хямралыг амжилттай даван туулахад манай дипломатууд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Эдүгээ манай улс бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлоготой, дэлхийн бараг бүх улстай дипломат харилцаатай, тэдгээрийн ихэнхтэй нь худалдаа, эдийн засаг, соёлын харилцаа тогтоосон, олон улсын нэр хүнд бүхий 70 гаруй байгууллагын гишүүн, ардчилсан улс болжээ. Туулж ирсэн 110 жил маань дардан байгаагүйтэй адил туулж буй эдүгээ цагт ч мөн адил сорилт бэрхшээлээр дүүрэн байна. Дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахлын өмнө хүн төрөлхтөн хүчин мөхөстөж байгаа энэ цаг үед бид бүхий л чадал, ур ухаан, нөөц бололцоогоо дайчилж, хамтран ажиллах шаардлагатай байна. Энэхүү цаг мөчид бид гадаад бодлогынхоо үндсэн зарчмууддаа тулгуурлан дэлхийн бүх улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, олон талт болон бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох замаар улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж, тусгаар тогтнол, аюулгүй байдлаа улам бүр бататган бэхжүүлэхийг зорьж ажиллах явдал юу юунаас чухлаар тавигдаж байна. Бидний өвөг дээдэс олон зууны тэртээгээс гадаад бодлого, дипломат ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, Монголын Эзэнт Гүрний үед гадаад улстай харилцах асуудлыг төрийн алтан аргамж хэмээн нэрийдэж ирсэн байдаг. Энэхүү төрийн дипломат албаныхаа баялаг түүх, өв уламжлалыг ямагт санаж, алтан аргамжааныхаа цаглашгүй өвийг хойч үедээ хүргэж, хадгалж явах нь Та бидний ариун нандин үүрэг болохыг онцлон тэмдэглэж байна. Ингээд Монгол Улсад орчин цагийн дипломат алба байгуулагдсаны 110 жилийн ойн баярын мэндийг хүргэж, нийт ард түмэндээ хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе! ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ

Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж байна
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй