БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк улсын Үндэсний Их хурлын дарга Мустафа Шентоп энэ сарын 29-ни өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэмсэг ноён Мустафа Шентоп болон Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд иж бүрэн түншлэлийн харилцаа бүхий Турк улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. Мөн улс төр, батлан хамгаалах, соёл, боловсрол зэрэг олон салбарт идэвхтэй хамтран ажилладаг ч худалдаа, эдийн засгийн харилцааг цаашид өргөжүүлэхэд ач холбогдол өгч, хоёр талаасаа анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн юм. Тэр дундаа Турк улстай арьс шир боловсруулах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой гэдгээ илэрхийллээ. Эрхэмсэг ноён Мустафа Шентоп Турк улс ноос, ноолуур, арьс шир боловсруулах, даавуун эдлэлийн үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлээр туршлага хуваалцахаас гадна Европын зах зээлд хамтран бүтээгдэхүүн гаргах боломжтой тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг талархан хүлээн авч буйгаа мөн илэрхийлсэн юм. Уулзалтын төгсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ажил хэрэгч, бодит ажлууд хийж тэмдэглэн өнгөрүүлэх нь чухал гээд Бүгд Найрамдах Турк улсын Үндэсний Их хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчдийн албан ёсны айлчлалд амжилт хүсэв. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алб

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлахаар эх орноосоо мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Америкийн Нэгдсэн Улсад айлчлахаар өнөөдөр эх орноосоо мордлоо. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцах юм. Айлчлалын үеэр Стратеги, олон улс судлалын хүрээлэнд Монгол-АНУ-ын харилцааны асуудлаар илтгэл тавьсныхаа дараа тус улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдтэй уулзахаар төлөвлөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын албан ёсны төлөөлөгчид явж байна. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мустафа Шентоп: Турк, Монголын эдийн засгийн харилцаа нь бусад салбарын харилцааг түүчээлнэ хэмээн найдаж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, хүндэт зочин Мустафа Шентоп нар албан ёсны уулзалт хэлэлцээ хийсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп энэ сарын 29-31-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж буйг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэдээллийнхээ эхэнд хэлэв. Монгол Улсын Их Хурал,Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга нарын уулзалтын үеэр хоёр орны парламентын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийгэм эдийн засаг, иргэний нисэх, аялал жуулчлал тэргүүтэй олон салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцсон байна. Тодруулбал, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг дэмжих, Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхэд хоёр орны парламентын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахаар тогтсон гэдгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд дуулгав. Үүний зэрэгцээ Турк Улсын туршлага, ноу-хау, ололт амжилтаас Монголд нэвтрүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр санал солилцсон байна. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн шугамаар Монгол Улсад олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж ирснийг Монгол Улсын Их Хурлын дарга тэмдэглээд энэхүү хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэхийн төлөө буйгаа уулзалтын үеэр илэрхийлсэн гэдгээ дурдлаа. Г.Занданшатар дарга үргэлжлүүлэн Турк, Монгол хоёр улс санаачилж Урал-Алтайн хэлний бүлгийн улс орнуудын парламентын хамтын ажиллагааны санаачилгыг дэвшүүлж ажиллахаар тохиролцсон нь манай хоёр орны хэл, соёл, түүх, угсаа гарлын язгуур ойролцоо байдагт тулгуурлаж байгаа юм гэлээ. Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын даргын энэхүү айлчлал нь хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, аюулгүй байдал, манай хоёр улсын хөгжил цэцэглэлт цаашид өргөжин дэлгэрэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэг итгэлтэй байгаагаа мэдээллийнхээ төгсгөлд Монгол Улсын Их Хурлын дарга онцлов. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буйдаа баяртай байгаагаа Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп илэрхийллээ. Олон мянганы улбаатай түүх, соёлын уламжлалт харилцаанд тулгуурлан Бүгд Найрамдах Турк Улс болон Монгол Улсын харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт хамгийн дээд түвшинд хүргэх чин хүсэлтэй буй бөгөөд хоёр орны төрийн дээд байгууллагууд, Засгийн газрууд эв санаа нэгтэй байгаад баяртай байна гэлээ. Монгол Улсын Их Хурлын даргын дурдсан Урал-Алтайн хэлний бүлгийн улс орнуудын парламентын хамтын ажиллагааны санаачилгыг ойрын хугацаанд эхлүүлнэ хэмээн найдаж буйгаа Эрхэмсэг ноён Мустафа Шентоп илэрхийлэв. Үргэлжлүүлэн тэрбээр Хоёр улсын харилцаанд эдийн засгийн салбарын харилцаа чухал нөлөөтэй. Одоогоор хоёр улс эдийн засгийн харилцааны бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байгаа хэмээн үзэж байна. Цаашид худалдааны эргэлтийг олон зуун сая ам.долларт хүргэх зорилт тавиад байгаа гэв. Эдийн засгийн харилцаа нь бусад салбарын харилцааг түүчээлэгч байгаасай хэмээн хүсэж буйгаа ноён Мустафа Шентоп илэрхийлээд хоёр орны холбогдох байгууллагууд энэ чиглэлээр идэвх санаачилгатай ажиллана гэдэгт найдаж буйгаа хэлсэн юм. Турк, Монголын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх гол гарц бол Туркиш-Эйрлайнс компанийн өдөр тутмын шууд нислэгүүд байх бөгөөд Туркийн хөрөнгө оруулагчид Монгол Улсын газар тариалан, мал аж ахуй, уул уурхай, эрүүл мэнд, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахад бэлэн байгааг тэрбээр дуулгав. Тиймээс парламентын удирдлагуудын түвшинд Туркиш-Эйрлайнс компанийн тээвэрлэж буй зорчигчдын тоог нэмэгдүүлэх талаарсанал солилцсон бөгөөд байр суурь нэг байгаа тул ойрын хугацаанд бодит ажил хэрэг болно гэдэгт итгэж буйгаа ноён Мустафа Шентоп илэрхийллээ. Түүнчлэн боловсролын салбарын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх бөгөөд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Монгол Улсад 600 гаруй төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд байгаа Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх болно гэдгийг мөн тэрбээр тэмдэглэв. Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп айлчлалынхаа хүрээнд тус байгууллагаас хэрэгжүүлж буй хоёр төслийн нээлтэд оролцох юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон албаны бусад хүмүүстэй ФЕТО террорист байгууллагын талаар мэдээлэл солилцсон талаараа ноён Мустафа Шентоп дурдаад, талууд байр суурь нэг байгаад баяртай байна гэв. Төгсгөлд нь тэрбээр Монгол Улс нь газар зүйн байрлал болон улс төрийн хувьд өрнө, дорныг холбогч гүүр хэмээн үздэг болохоо илэрхийлээд халуун дотноор угтан авсандталархал илэрхийллээ. Айлчлалын хүрээнд ноён Мустафа Шентоп Монгол Улс, БНТУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан дурсгалын маркны нээлтийн ажиллагаанд оролцоно. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслүүдийн нээлтэд оролцох юмхэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

”Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэхээр боллоо

а Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт өнгөрсөн баасан гарагт Монгол, Хятадын гарын үсэг зурж, төслийн бэлтгэл ажлыг эхлүүллээ. Барилга, хот байгуулалтын яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БНХАУ-ыг төлөөлж Буцалтгүй тусламжийн албаны дарга Ли Юу Жан нар хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. БНХАУ-аас Монгол улсад олгож буй 350 сая юаны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах Сүхбаатар дүүргийн Ногоон нуур орчмын 1008 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрийг ийнхүү үзэглэснээр төсөл хэрэгжих эрхзүйн нөхцөл бүрэн бүрдлээ. Хэлэлцээрийг байгуулснаар Монголын тал өөрийн хариуцсан газар чөлөөлөх, зураг төслийг бэлэн болгох, шаардлагатай дэд бүтцийг бүрэн гүйцэтгэх зэрэг үүрэг хүлээж байгаа юм. Ирэх оны дөрөвдүгээр сард төслийн шавыг тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Эх сурвалж: Барилга, хот байгуулалтын яам

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ЖОН ЖЭ НАМ-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам-ыг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан 7 дугаар сарын 29-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав. Элчин сайд Жон Жэ Нам-ыг манай улсад ажиллах хугацаандаа Монгол Улс, БНСУ-ын Иж бүрэн түншлэл-ийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, дээд, өндөр хэмжээний айлчлалыг хэрэгжүүлэх, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, хүч чармайлт тавьж ажилласанд Сайд Д.Цогтбаатар талархал илэрхийлж, цаашдын ажилд амжилт хүсэв. Элчин сайд Жон Жэ Нам Монгол Улсад ажиллах хугацаанд нь Гадаад харилцааны яамны удирдлага болон холбогдох газруудын зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэнд талархаж, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх чиглэлээр цаашид ч өөрийн хувь нэмрийг оруулахаа илэрхийлэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.