УИХ-ын Байгаль орчин, хүнс, ХАА-н байнгын хороо гурван ажлын хэсэг байгуулахаар тогтов

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2021.11.16) хуралдаан 14 цаг 48 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван ажлын хэсэг байгуулахаар тогтов. Хуралдааны эхэнд Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт, хангамжийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудал хэлэлцлээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудал хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан хүнсний тухай хуулийн хэрэгжилт тэр дундаа стратегийн бүтээгдэхүүн болох улаан буудайн асуудлыг яаралтай оруулж ирж байгаа нь сайшаалтай хэмээгээд Ажлын хэсгийн гишүүд хөдөө орон нутагт газар дээр нь ажиллах тухай санал хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун гишүүний саналыг дэмжиж буйгаа илэрхийлж, тус Байнгын хорооноос орон нутагт ажиллах ажлыг зохион байгуулах болно гэлээ. Ингээд Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Ж.Батжаргал, Н.Ганибал, Г.Дамдинням нар ажиллах тухай Байнгын хорооны тогтоол хуралдаанд оролцсон гишүүдийн 63.3 хувийн саналаар дэмжигдлээ. Үргэлжлүүлэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, Б.Саранчимэг, Г.Дамдинням, Н.Ганибал, Ж.Бат-Эрдэнэ нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Н.Ганибал, Г.Тэмүүлэн, Г.Мөнхцэцэг нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувийн саналаар дэмжигдлээ. Дараа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудал хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Г.Мөнхцэцэг, Б.Бейсен, Т.Аубакир нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Г.Дамдинням, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувийн саналаар дэмжигдсэнээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөөгэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АЙМАГ, ОРОН НУТГИЙН ТӨСӨВ ҮРЭЛГЭН БИШ, ҮРЖҮҮЛЭХИЙН ХҮРД ШИГ БАЙХ ЁСТОЙ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Төрийн ордонд аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар уулзаж, цар тахлын үеийн улс, орон нутгийн хэмжээний асуудлаар санал солилцож, үүрэг даалгавар өглөө. Ерөнхий сайд уулзалтын эхэнд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, тулгарч буй хүндрэлийг товч танилцуулаад -5,3 хувьд хүрч унаад байсан эдийн засаг сэргэж байгааг онцлов. Эдийн засгаа сэргээх арга зам болоод байгаа дархлаажуулалтын нэмэлт тунд хүн амын 50-иас дээш хувийг идэвхтэй хамруулахад аймаг бүр онцгой анхаарах нь чухал гэдгийг хэллээ. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүндрэл салбар бүхэнд хүндээр тусаж эдийн засаг бүхэлдээ амаргүй сорилттой тулгарсан тухай жишээ баримтыг ч дурьдсан юм. Засгийн газраас иргэдээ вакцинжуулж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй бол нөхцөл байдал үүнээс ч дордох байсан. Ирэх онд ч цар тахал үргэлжлэх дэлхий нийтийн төсөөлөл байна. Сэргийлэх гол арга нь вакцинжуулалт гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Аймгийн удирдлагууд Алсын хараа 2050 Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийн хүрээнд эхний 10 жил буюу 2020-2030 онд орон нутгийнхаа нийгэм, эдийн засагт орлого оруулах боломжууд, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсээ дор бүрнээ тодорхойлох шаардлагатай байгааг чухалчлав. Орон нутгийнхаа онцлогт тохирсон хөгжлийн загвар, төлөвлөлт хийх, ирэх оны төсвөө батлахдаа нээлттэй боомт, хараат бус эрчим хүч, боловсруулах аж үйлдвэр, түгжрэл, төрийн бүтээмж, байгалийн нөөц гэсэн зургаан хүчин зүйлд онцгой анхаарахыг чиглэл болголоо. Мөн төрийн захиргааны байгууллага зөвхөн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж, Засгийн газартай нягт хамтарч ажиллан, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэж, иргэдийг хөдөө, орон нутагт ажилллаж, амьдрах орчныг нэмэгдүүлж, дэмжих ёстой гэлээ. Цахим шилжилтийг эрчимжүүлж, зөвшөөрөл олгох, гарын үсгийн тоог багасгахыг даалгалаа. 2022 оны улсын төсвийн онцлог, давуу талыг Ерөнхий сайд танилцуулаад орон нутгийн төсөв үрэлгэн биш үржүүлэхийн хүрд шиг байх ёстойг анхаарууллаа. Аймаг, орон нутгийн хөгжилтэй холбоотой асуудал бүрт Засгийн газар анхаарч, тулгамдсан асуудлын санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгуулахыг зорьж ажиллана гэлээ. Ажил хийе гэсэн зөв санаачилгыг дэмжихээ илэрхийллээ. Цар тахлын энэ хүнд хэцүү цаг үед эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх бодлогыг эрчимжүүлэх нь Засгийн газрын нэн тэргүүний зорилго гэдгийг Засгийн газрын тэргүүн онцлоод ирэх 2022 онд, ковид-19 халдварын эсрэг гуравдугаар тунг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангах, ажлын шалгуур үзүүлэлтэд нэмсэн гурван заалтыг хэрэгжүүлэх, эдийн засгийн шийдэл, алсын харааг тодорхойлох, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов. Аймаг, нийслэлийн удирдлагуудын ажлын шалгуур үзүүлэлтэд төрийн үйлчилгээнд цахим шилжилтийг эрчимжүүлэх, мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, экологийн тэнцвэрийг хангах, хог хаягдлыг бууруулж, амьдрах орчныг сайжруулах гэсэн гурван заалтыг нэмж тусгажээ.

ЕРӨНХИЙ САЙД НҮБ-ЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишраг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсад НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны баримт бичгийн талаар санал солилцлоо. Монгол Улсын бүрэн вакцинжуулалт үндэсний хэмжээнд 66 хувьтай байна. Бүүстер тунд нийт хүн амын 16 хувь хамрагдсан байна. Вакцинжуулалтын хувь бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байгааг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглээд КОВАКС-ын шугамаар манай улсад Пфайзер вакцины нэг сая гаруй тун хандивласанд талархал илэрхийлэв. Мөн манай улс хүүхдийн вакцинжуулалтын асуудлаар зөвлөмж хүссэн захидлыг БиоНТек/Пфайзер компани руу хүргүүлсэн, КОВАКС-ын шугамаар дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайд хүслээ. Ард иргэд ковидын эсрэг вакцинд идэвхтэй хамрагдсаны дүнд Монгол Улс энгийн амьдралд шилжин орж буйг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Монгол Улс НҮБ-тай хамтын ажиллагааны цар хүрээгээ улам өргөжүүлэх, дэлхийн улс орнуудын хамтын их үйлсэд оруулах хувь нэмрээ улам нэмэгдүүлэхийг зорьж байгааг Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тэрбумаар тоологдох мод ургуулах санаачилгыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганы үеэр тунхаглан зарласан нь цөлжилт, газрын доройтол, ой мод, ойн сан, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах төдийгүй уур амьсгалын нөлөөллийг бууруулах, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний үйлсэд монголчууд бидний оруулж хувь нэмэр юм гэдгийг тэмдэглэв. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар хөгжлийн стратеги зорилго, үйл ажиллагаандаа ногоон шийдлүүдийг эрхэмлэсэн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлж ажиллана гэлээ. Мөн сайн засаглалыг бэхжүүлэх, авлигын эсрэг ажиллагаа, шинэ сэргэлтийн бодлогын талаар Ерөнхий сайд товч танилцууллаа. Монгол Улсад НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ баримт бичиг боловсруулах ажлын явцын талаар НҮБ-ын суурин төлөөлөгч, ноён Тапан Мишра дэлгэрнгүй мэдээлэл өглөө. Энэхүү баримт бичиг нь Монгол Улсын Засгийн газрын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэдэгт талууд санал нэгдлээ.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын сонсгол боллоо

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн (2021.11.15) хуралдаан эхэлж, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол хийхээр төлөвлөснийг тус Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Тэрбээр мөн 2021 оны гуравдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах бүрэн эрх бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах журмыг тогтоосон талаар, мөн Улсын Их Хурлаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж, томилохоор заасны дагуу сонсгол хийж буй талаар танилцууллаа. Хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгох бол шүүгч бус таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилох юм. Үндсэн хуулийн байгууллага болох Шүүхийн сахилгын хороо нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинээр байгуулагдаж буй бөгөөд хуульд зааснаар шүүхийн төсвөөс санхүүжих, бие даасан байгууллага юм. Тус Хороо нь орон тооны есөн гишүүнээс бүрдэх ба гишүүд нь зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар зөвхөн нэг удаа сонгогдож, томилогдоно. Үүнд, хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгох бол шүүгч бус таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилох юм. Байнгын хорооны өнөөдрийн (2021.11.15) хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол хийсэн бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсголыг маргаашийн (2021.11.16) хуралдаанаараа хийхээр төлөвлөжээ. Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсголд Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүдийн олонхийн санал авсан таван нэр дэвшигч болон Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүд, мөн оролцогч, ажиглагчид хүрэлцэн ирсэн байв. Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэрээ дэвшүүлснээс сонгон шалгаруулалтын явцад нэг хүн нэрээ татсан тул 23 хүнийг сонгон шалгаруулалтад оролцуулжээ. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2021 оны 10 дугаар сарын 19-нд хуралдаж Монгол Улсын Их Хуралд санал болгох нэр дэвшигчдийг тодруулсан бөгөөд ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдийг олон нийтэд танилцуулсан байна. Байнгын хорооны хуралдаанд нэр дэвшигчдийг Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүдээс авсан саналын дарааллаар буюу Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун, Х.Хашбаатар гэсэн дарааллаар танилцуулахдаа Байнгын хорооны дарга С.Бямбацогт нэр дэвшигчдийг ямар мэдлэг чадвартай, томилогдвол ажлын чадвар чадамж нь хэр хүн бэ гэдэг талаар олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой томилгооны сонсгол хийж буйг хэллээ. Нэр дэвшигч Ц.Давхарбаяр нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, нэр дэвшигч Д.Ариунтуяа нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга, нэр дэвшигч Д.Мягмарцэрэн нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ахлах референт, нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун нь Монголын олон улсын арбитрт арбитрч, нэр дэвшигч Х.Хашбаатар нь Авлигатай тэмцэх газарт Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргаар ажилладаг аж. Томилгооны сонсголын дэгийн дагуу томилогдохоор хэлэлцэгдэж буй нэр дэвшигчид тухайн албан тушаалд томилогдох хүсэлт гаргасан шалтгаан, зорилго, эзэмшсэн боловсрол, ажлын туршлага, хэрвээ томилогдвол хэрхэн ажиллах талаараа мэдээлэл өглөө. Та бүхнийг УИХ-д нэр дэвшүүлээгүй. Өөрсдөө та бүхэн хараат бус, шударга ажиллаж чадна гэж нэрээ дэвшүүлж орж ирсэн. Шүүгчдийг шүүх гэж буй учир шүүгчээс илүү мэдлэг, ур чадварыг та бүхнээс шаардана. Та бүхэн олиггүй байвал бидний хийсэн шүүхийн реформ нурж унана, сайн ажиллавал эерэг өөрчлөлтүүд гарна Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Х.Нямбаатар, Н.Алтанхуяг, Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Д.Ганбат, Ц.Мөнх-Оргил, Б.Энхбаяр, Ц.Сандаг-Очир нар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигчдээс ашиг сонирхлын зөрчил болон гэр бүлийн эрхэлдэг бизнес, ажлын дадлага туршлага, мэдлэг чадвар, шүүхийн шинэчлэл, томилогдвол хийх ажилтай нь холбогдуулан асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Байнгын хорооны дарга С.Бямбацогтоос Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн ахлагчийнх нь хувьд асуулт асууж, хариулт авав. Ш.Адьшаа гишүүний асуултад нэр дэвшүүлсэн болон шалгаруулалтын явц, Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүний талаар хариулт өглөө. Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа сонсголд хүрэлцэн ирсэн оролцогчид мөн нэр дэвшигчдээс асуулт асууж, саналаа илэрхийлсэн бол хүрэлцэн ирсэн ажиглагчид томилгооны сонсгол хуулийн дагуу явагдаж буй эсэхэд хяналтаа тавив. Оролцогч П.Бадамрагчаа (Нээлттэй нийгэм форумын Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийн менежер), Т.Амарзаяа (Бодлогод залуусын хяналт ТББ-ын тэргүүн), Н.Ганболд (MonPass компанийн захирал), Г.Баасан, Е.Өлзийбат нарын асуусан асуултад болон иргэдээс бичгээр ирүүлсэн асуултад нэр дэвшигчид хариулт өглөө. Үргэлжлүүлэн томилгооны сонсголын дэгийн дагуу Улсын Их Хурын гишүүд үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Та бүхнийг Улсын Их Хурал нэр дэвшүүлээгүй. Өөрсдөө та бүхэн хараат бус, шударга ажиллаж чадна гэж нэрээ дэвшүүлж орж ирсэн. Шүүгчдийг шүүх гэж буй учир шүүгчээс илүү мэдлэг, ур чадварыг та бүхнээс шаардана. Та бүхэн олиггүй байвал бидний хийсэн шүүхийн реформ нурж унана, сайн ажиллавал эерэг өөрчлөлтүүд гарна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Томилгооны сонсголд оролцож буй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдөд шүүхийн шинэчлэлийг дэмжиж гар бие оролцож буйд баярлалаа. Сэтгэлээ зориулж буй энд ирээгүй хүмүүс ч бий гээд иргэдийн оролцооны талаар байр сууриа илэрхийллээ. Төгсгөлд нь Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт үг хэлж, сонсголыг өндөрлүүлэв гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.