ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо: "Оюутолгой" компани хоёр удаа зардлаа хэтрүүлсэн
2021-09-01 08:36:37 Нийтлэгдсэн: Улс төр
Анх ил уурхайд зардлаа хэтрүүлэхэд манай тал хүлээн зөвшөөрсөн. Харин гүний уурхайн зардал нэг тэрбум 450 сая ам.доллараар нэмэгдсэн. Үүний шалтгааныг хөндлөнгийн шинжээчдээр шалгуулахад 157 хуудас, дэлгэрэнгүй дүгнэлт бидэнд өгcөн. Дүгнэлтэд санхүүгийн аудит хийлгэхийг зөвлөсөн. Бид цаашдаа Оюутолгой компанид хяналт тавьж ажиллах ёстой. Оюутолгой компанийн байгуулсан Тусгай хороо маш сайн ажиллалаа.
Х.НЯМБААТАР: “РИО ТИНТО” ГРУПП ГҮНИЙ УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АШИГЛАЛТАД ОРОХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛСАНДАА УУЧЛАЛ ГУЙСАН
2021-09-01 08:29:50 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Рио Тинто компаниас ирүүлсэн албан захидлыг Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо нар мэдээлэл өгсөн юм. Мэдээллийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Захидалд дурдсанаар Рио Тинто групп гүний уурхайн бүтээн байгуулалтын ашиглалтад орох хугацааг хойшлуулсандаа уучлал гуйсан. Үүнтэй холбогдуулж Засгийн газарт Оюутолгой компанийн одоо төлж буй татварын орлогоос гадна, нэг их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх боломжтой гэсэн байна лээ. Мөн Монгол Улсын Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд Оюутолгойгоос Эрдэнэс Оюутолгойд төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдож хуримтлагдахаар байсан өрийн хэмжээг бууруулах шийдэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, бидний 34 хувьд ногдох өр буюу 2.3 орчим тэрбум ам.долларыг хөрөнгө оруулагч талаас бичилт хийж, бууруулах, энэ талаар хэлэцээр хийхэд бэлэн байгаагаа дурьдаад, цаашид хэлэлцээрийг бүх талаар үргэлжлүүлэхэд бэлэн байгааг онцолжээ. Засгийн газрын эзэмшиж байгаа Оюу толгой компанийн 34 хувийн хувьцааг цаашид хэрхэх талаар бидэнтэй зөвлөж болно гэсэн санааг захидалд тусгасан. Оюу толгой компани урд хөршөөс цахилгаанаа худалдан авдаг. Дотоодоос урт хугацаанд цахилгаан эрчим хүчээ худалдан авах гэрээг эцэслэх саналаа Рио Тинто группийн талаас илэрхийлсэн гэлээ. Лондоны Арбитрийн шүүхэд Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлээ хойш тавиад, маргаанаа түр царцаахыг Засгийн газраас хөрөнгө оруулагчид хүсжээ. Иймд ойрын хугацаанд талууд хэлэлцээр эхэлнэ. Ажлын хэсэг хажуудаа гурван зөвлөх баг ажиллуулна, 2009 онд гаргасан алдаагаа бид давтах ёсгүй. Төслөөс хүртэх Засгийн газрын өгөөжийг 53 хувьд хүргэхээр ажиллана гэдгийг Х.Нямбаатар сайд мөн дурьдаж байсан юм. Харин ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо Оюутолгой компани хоёр удаа зардлаа хэтрүүлсэн. Анх ил уурхайд зардлаа хэтрүүлэхэд манай тал хүлээн зөвшөөрсөн. Харин гүний уурхайн зардал нэг тэрбум 450 сая ам.доллараар нэмэгдсэн. Үүний шалтгааныг хөндлөнгийн шинжээчдээр шалгуулахад 157 хуудас, дэлгэрэнгүй дүгнэлт бидэнд өгcөн. Дүгнэлтэд санхүүгийн аудит хийлгэхийг зөвлөсөн. Бид цаашдаа Оюутолгой компанид хяналт тавьж ажиллах ёстой. Оюутолгой компанийн байгуулсан Тусгай хороо маш сайн ажиллалаа. Үүнтэй адил төсөлд хяналт тавих чиг үүрэгтэй хороо ажиллах бүрэн боломжтой. Төслийн үйл явцад хяналт тавьж, өдөр тутам мэдээллээр хангадаг байх ёстой. Эрдэнэс Оюутолгой компанид Оюутолгой-гоос өгдөг мэдээлэл маш ерөнхий байна. Иймд нарийвчилсан мэдээлэл авдаг байх саналаа тус компанид гаргасан. Татварын хоёр акттай холбоотой маргаан Лондоны Арбитрын шүүхэд үргэлжилнэ. Энэ маргааныг бид биш Оюутолгой компани эхлүүлсэн. Рио Тинто групп 350 сая ам.доллар буюу нэг их наяд төгрөг төллөө гээд энэ маргааныг зогсоохгүй гэлээ. Гүний уурхайн ашиглалт хойшилсноор Монгол Улсын төсөвт сөргөөр нөлөөлсөн. Цар тахлын улмаас улсын төсөв буурсан учраас хөрөнгө оруулагчид манайд төлөх ногдол ашгийг урьдчилан төлөх санал тавьсан ч судлах шаардлагатай гэж манай тал үзэж байна. Ажлын хэсгээс захидлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн энэ захидал хэлэлцээрийн явцад чухал болохыг онцлоод ажлын хэсэг сайн судлаад, хэлэлцээрийн ширээний ард суухыг үүрэг болголоо.
З.Гантогоо: Бид цахим үндэстнээ цогцлоож буйгаа дотоод, гадаадад харуулна
2021-08-31 14:42:42 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас жил бүр зохион байгуулдаг байсан ICT Expo энэ жилээс цар хүрээгээ өргөжүүлэн Digital Nation нэрийн дор ирэх сарын 17-19-нд болох гэж байна. Монгол Улсын Засгийн газар Цахим үндэстэн санаачилгыг эхлүүлэн, мэдээллийн технологийн салбарыг тэргүүлэх чиглэлээр зарлаад буй энэ цаг үед төр, хувийн хэвшил хамтран энэхүү олон улсын чанартай арга хэмжээг зохион байгуулж байгаа нь онцлог юм. Digital Nation-2021 арга хэмжээ болон Цахим үндэстэн санаачилгын талаар Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоотой ярилцлаа. -Энэ жилийн арга хэмжээг Digital Nation буюу Цахим үндэстэн хэмээн нэрлэжээ. Бидний мэдэх ICT Expo ийн нэрээ сольсны учир юу вэ? -Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар энэ арга хэмжээг ICT Expo нэрээр 15 жил зохион байгуулаад, энэ жилээс Digital nation нэртэй болгоод байна. Энэ оны хоёрдугаар сарын гуравны өдөр Монгол Улсын Засгийн Газрын хуралдаанаар манай улс Цахим үндэстэн болох санаачилга гарган, стратегийн зорилтуудаа тодорхойлсон байгаа. Тус стратегийн зургаан зорилтыг хангаж ажилласнаар цахим үндэстэн болох зорилго биелнэ гэж үзэж буй юм. Үндсэндээ илүү том зургаар харж, төрийн санаачилга, бодлоготой уялдуулж, үндэсний хэмжээний арга хэмжээ зохион байгуулахаар зориод байна. -Цахим үндэстэн гэж чухам хэнийг хэлээд байна вэ? Биднээс хэр хол эсвэл ойр байгаа ирээдүй юм бэ? -Дээр дурдсан стратегийн зорилтуудыг товчхон тайлбайрлах хэрэгтэй болох нь. Цахим үндэстэн болохын тулд нэгдүгээрт дэд бүтцээ бэлдэж, цахим сүлжээгээ хөгжүүлэн, бүхий л сум суурин газруудыг интернэтэд холбосон байх шаардлагатай. Хоёрдугаарт, тухайн дэд бүтцийг ашиглах иргэд, олон нийтийн тоон бичиг үсгийн боловсрол буюу цахим үйлчилгээ авах ур чадварыг сайжруулах. Гуравт, төрийн бүхий л ажил, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, цаасан суурьтай үйл ажиллагааг халах. Үүний хүрээнд одоогоор төрийн 56 байгууллагын 540 үйлчилгээг e-Mongolia платформд төвлөрүүлээд байна. Дөрөвдүгээрт, эдгээр бүх үйл ажиллагааныхаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах. Үүний дагуу кибер аюулгүй байдлыг хангах хуулийн төсөл өргөн бариад байна. Мөн Үндэсний мэдээллийн аюулгүй байдлын төв, мэдээллийн аудит зэргийг байгуулах ажил бий. Тавдугаарт, инновац үйлдвэрлэл, гарааны бизнесийг дэмжих зорилтын хүрээнд гарааны бизнесийг эдийн засгийн чөлөөт бүс болгох, татвараас хөнгөлөх, технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих гэх мэт бодлого боловсруулах. Хамгийн сүүлд нь бүхий л салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг мэдээллийн технологи ашиглан нэмэгдүүлэх. Өөрөөр хэлбэл салбарууд хоорондоо уялдаатай, цогц төлөвлөлт бүхий нэгдсэн стратегитай ажиллаж, эдийн засгийн үр ашигтай байх. Эдгээрийг хэрэгжүүлснээр бид цахим үндэстэн болно гэж үзэж буй юм. -Хувийн хэвшлийнхэн эдгээр ажлуудын суурь хөрс хэдийнэ бэлэн болсон, бид цахим үндэстэн болоход бэлэн гэж байна. Төрийн зүгээс энэ ажил хэдэн хувьтай, ямар шатандаа яваа гэж үзэж байна? -Үүнийг хувиар хэлэх хэцүү л дээ. Хувийн хэвшлүүд бэлэн байна гэж үзэх нь зөв юм. Тэд үйлчилгээгээ өдөр тутам сайжруулж, биткойн, криптовальютаас авахуулаад санхүүгийн салбарт хувьсал хийж байна. Тэд бол харьцангуй бэлэн. Нөгөө талдаа үүнийг зохицуулах хууль эрх зүйн асуудал нь хоцрогдож байна. Төр илүү хурдтай ажиллах шаардлага гарч байна гэсэн үг. Энэ нь зөвхөн ХХМТГ-ын шийдэх асуудал биш, ЗГ-ын асуудал. Тэр ч утгаараа Цахим үндэстэн санаачилга гаргаж, үүнийг хэрэгжүүлэхэд хэрэгтэй хууль эрх зүйн орчныг бий болгохоор ажиллаж байна. Жишээ нь, виртуал хөрөнгөтэй холбоотой асуудал бол манай агентлагийн асуудал биш, Санхүүгийн зохицуулах хорооны асуудал л даа. Энэ асуудал манайх биш гэдгээс болоод төрийн үйл ажиллагаа жаахан удааширдаг. Тиймээс том зургаар нь харж, шаардлагатай хуулиудыг баталж явах хэрэгтэй. Хоёрдугаарт, хувийн хэвшил, төр хоёр аль аль нь цахим үйлчилгээ нэвтрүүлж байна. Энэ дунд иргэд бэлэн биш байгаа нэг асуудал бий. Өчнөөн олон цахим үйлчилгээ гараад л байдаг, алийг нь яаж хэрэглэх вэ гэдэг дээр хүмүүс төөрөлдөөд эхэлбэл энэ ажлууд үр дүнгүй болно. -Тиймээс эдгээр олон үйчилгээ хоорондоо уялдаа холбоотой байх нь мөн чухал байх? -Тийм. 2000-аад оноос эхлээд монголчууд сум суурингуудаа шилэн кабельд холбож, үйлчилгээнүүд цахимжиж, тал талд бужигнасан. Энэ ер нь бүх улс оронд тохиолддог асуудал л даа. Тус тусдаа хөрөнгө оруулалт хийгээд, дэд бүтэц угсраад, кабель татаад эхлэхээр тэр бүх үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоо алдагдаж эхэлдэг. Үүнийг хангах зүйл бол Засгийн газрын түвшинд хийх дижитал стратеги шүү дээ. Тэгэхээр энэ бол бидний одоо хийгээд буй цахим үндэстэн гэдэг нэгдсэн стратеги гэж ойлгож болно. -Digital Nation-2021 арга хэмжээний тухай ярья. Энэ жилийн хөтөлбөрийн онцлог юу вэ? -Өмнө нь ICT Expo-д зөвхөн мэдээлэл технологи, харилцаа холбооны компаниуд оролцдог, салбарын шинжтэй хязгаарлагдмал арга хэмжээ болдог байсан. Энэ жил бид илүү олон салбарын олон байгууллагыг хамруулах, ерөөсөө цахимаар амьсгалж буй бүхий л салбарын төлөөллийг оролцуулахаар зорьсон. Эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн гэчхлэн төрөл бүрийн салбарын 110 орчим байгууллага бүртгүүлээд байна. ХХМТГ энэхүү арга хэмжээг санаачлагч бөгөөд зохион байгуулагч. Энэ экспод улсын төсвөөс нэг ч төгрөг гардаггүй. Цэвэр спонсор болон хандивлагч, оролцогчдын ивээн тэтгэлэг, байршил худалдаж авах хөрөнгө зэргээр зохион байгуулдгийг дурдах нь зүй байх. Энэ жил Ард санхүүгийн нэгдэл, Анд глобал ХХК стратегийн түншээр, харилцаа холбооны байгууллагууд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Мөн цахим шилжилт хурдтай хийгдэж буй салбарын яамдтай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсний дагуу Соёлын бүтээлч салбар гэдэг цар хүрээгээрээ Соёлын яам хамтран оролцож байна. -Үндэсний соёл амралтын хүрээлэнд гурван өдрийн турш тун завгүй хөтөлбөртэй байх юм билээ. -Тийм, энэ жилийн арга хэмжээг гадаад дотоодын зочид төлөөлөгчидтэй, олон улсын чанартай зохион байгуулж буй нь онцлог. Онцлох хөтөлбөрүүд гэвэл старт-ап буюу технологийн чиглэлийн гарааны бизнесүүдийг дэмжих, олон улсын хөрөнгө оруулалт татах, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа гарааны бизнесийн чадавхийг сайжруулах зорилгоор старт-ап питч буюу найраа хийх тэмцээнийг дурдмаар байна. Энэ нь үндэсний болон олон улсын хоёр түвшинд явагдана. Үндэсний 120-150 старт-ап компани оролцож, мөнгөн шагналын төлөө өрсөлдөх юм. Мөн Сингапур, Хонгконгоос хөрөнгө оруулагчид ирэх ба шалгарсан старт- апууд гадны хөрөнгө оруулагчдад бизнес санаагаа танилцуулан, хөрөнгө татах тэмцээн болно. Мөн технологийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн форум хэлэлцүүлэг болох ба үүнд Эстонийн Дижитал шилжилтийн яамны дэд сайд тэргүүтэй гадаадын төлөөлөгчид оролцох юм. Номадик Мастерс нэртэй цахим спортын олон улсын тэмцээнд оролцохоор Украйн, Сингапур, Солонгос, Хятадын шилдэг багууд ирэхээр байна. Түүнчлэн салбарын сайд нарын хөтлөх дугуй ширээний ярилцлага, салбарын 100 жилийн ойг дүгнэж, ирээдүйг зураглах Цахим үндэстэн гол хэлэлцүүлэг зэрэг олон хөтөлбөр бий. -Арга хэмжээний ач холбогдлыг товчхон дүгнэн хэлбэл? -Цахим үндэстэн гэж юу вэ гэдгийг иргэдэд таниулах, үүнд оролцогч талууд, салбарын байгууллагууд юу хийж байгааг танилцуулах, зөвхөн дотооддоо ч биш олон улсад бид хэрхэн цахим үндэстнээ цогцлоон босгож буйгаа харуулах ийм л зорилго, ач холбогдолтой юм.

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлллээ. Өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай ажил, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж байна. Мөн Спортын наадам хойшлуулах тухай, Янжуур тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 10 асуудлыг хэлэлцэх аж.
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭТЭЙ УТСААР ЯРЬЖ, БАЯР ХҮРГЭЛЭЭ
2021-08-31 08:22:59 Нийтлэгдсэн: Улс төр
Токио-2020 паралимпын наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг өргөж, алтан медаль хүртлээ. Тэрбээр өөрийн тогтоосон рекордоо дахин шинэчилж, Токиогийн тэнгэрт Монгол Улсын төрийн далбааг мандууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээтэй утсаар ярьж, баяр хүргэлээ. Тэрбээр Түүхэн рекордыг эвдсэн Содномдоо баяр хүргэе. Манай улс 1961 онд НҮБ-д элсэж, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн. 1964 онд Токиогийн олимпод тусгаар улсынхаа ёсоор оролцсон. Үүнээс хойш 57 жилийн дараа Токиогийн тэнгэрт Монголын далбааг мандууллаа. Олимпийн наадамд явахаасаа өмнө манай өрөөнд уулзахдаа Алтан медаль авчирна гэсэн хэлсэн амандаа хүрлээ. Монголын ард түмэн Э.Содномпилжээгээрээ бахархаж байна. Паралимпын тамирчдыг эх орондоо ирэхээр хүлээж авч уулзана гэлээ. Харин гавьяат тамирчин Э.Содномпилжээ Бэлтгэл сургуулилалтаа хийхэд бүх талаар тусалж, дэмжсэн төр засгийнхандаа баярлалаа. Намайг дэмжиж байсан Монголынхоо ард түмэнд талархсанаа илэрхийлье гэсэн юм. Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо-г Ерөнхий сайд ахалж буй. Иргэдийн амьдралын чанар, тэдний зан үйл болоод соёлын өөрчлөлт, хүний хөгжлийн суурь үзүүлэлтийг дээшлүүлэхэд, олимпизмыг улс даяар хөгжүүлэхэд тус хороо анхаарал хандуулж ажиллана гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр хэлж байлаа. Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ нь Пауэрлифтингийн дэлхийн хошой аварга, 2016 онд 210 кг өргөж, Риогийн паралимпээс хүрэл медаль хүртэж байсан билээ. ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй