Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо

Үнэлэх
(0 үнэлгээ)

 

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдөрт зориулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион явуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр (2022.01.08-09) үргэлжилж аваргуудаа шалгарууллаа.

Тэмцээний нээлтэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг тэмцээнд оролцогчдод уламжлаад “Арван жилийн өмнө миний бие Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа тухайн үеийн УИХ-ын даргын ивээл дор Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг санаачлан зохион байгуулж байлаа. Жилээс жилд энэ тэмцээний нэр хүнд өсөж, оролцогчдын хүрээ тэлж байгаад баяртай байдаг. Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаад арав дахь жил болжээ. Найман настай балчраас наян настай буурал хүртэл тоглож болдгоороо оюун спорт давуу талтай” гэв.

 

 

 

Тэрбээр мөн 1992 онд баталсан ардчилсан, шинэ Үндсэн хууль бол монголчуудын шинэ ирээдүйн замыг тодорхойлсон, ардчилсан засаглалыг тогтоон, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох эрхэм зорилгыг илэрхийлсэн эрх зүйн эрхэм дээд эх сурвалж. Тиймээс Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх талаар Улсын Их Хурлаас тогтоол гаргасан. Ойг тэмдэглэх үйл ажиллагааны гол зорилго нь Үндсэн хуулиа танин мэдэх, тайлбарлан таниулах, иргэд, хүүхэд залууст Үндсэн хуулийн мэдлэг олгохыг илүү чухалчилж буйг онцлон тэмдэглэсэн юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хамгийн ахмад шатарчин болох Ардчилсан Үндсэн хууль тогтоогч, АИХ-ын депутат, 83 настай буурал Д.Найдан нар тэмцээний нээлтийн өргийг нүүж, тэмцээнийг эхлүүллээ. 

Энэ удаагийн тэмцээн сум, дүүргийн хэмжээнд “анхан шат”, аймаг, нийслэлийн хэмжээнд “хагас шигшээ”, улсын хэмжээнд “шигшээ” гэсэн гурван үе шаттай явагдсан. Энэ жилийн анхан шатны тэмцээнд 331 сум, нийслэлийн 9 дүүрэгт 5272 шатарчин оролцжээ. Оролцогчдын тоо өнгөрсөн жилийнхээс 8 хувь өссөн байна. Харин хагас шигшээ тэмцээн 21 аймаг, нийслэлд болж, 645 шатарчин оролцсон байна. Анхан шатны тэмцээнд түүхэн дээд амжилт тогтоож Увс аймагт 509, Баянхонгорт 449, Завханд 408 шатарчин хамрагджээ.

Нийт давхардсан тоогоор улсын хэмжээнд 6037 шатар сонирхогч оролцсон бөгөөд шувтаргын шигшээ тэмцээнд эрэгтэй 80, эмэгтэй 32 шатарчин шалгарчээ.

Монгол Улсын Үндсэн хууль баталсан өдөрт зориулсан энэхүү тэмцээнийг  Швейцар системээр 8 өрөг явуулж, медальт байранд шалгарсан шатарчдад шатрын спортын дэд мастер цолыг гардуулсан юм.

Эрэгтэй ангилалд Говьсүмбэр аймгийн оролцогч Энхтунгалагийн Түвшинтөгс (20 нас) 7.0 оноогоор тэргүүн байр, нийслэлийн Сүхбаатар дүүргийн оролцогч Самандын Санждорж (72 нас) 6.5 оноогоор хоёрдугаар байр, Архангай аймгийн оролцогч Батболдын Доржсүрэн (21 нас) 6.5 оноогоор гуравдугаар байрт тус тус шалгарав.

Эмэгтэйчүүдийн төрөлд нийслэлийн Хан-Уул дүүргийн оролцогч Ганболдын Санчирдулам (18 нас) 6.5 оноогоор тэмцээнийг тэргүүлж алтан медаль хүртлээ. Хоёрдугаар байрт Өвөрхангай аймгийн оролцогч Галсандоржийн Батчимэг (23 нас) 6.5  оноогоор шалгарсан бол Орхон аймгийн оролцогч Ганзоригтын Хулан (25 нас) 6.0  оноогоор гуравдугаар байр эзэллээ. Хоёр өдрийн турш оролцогчид Швейцар системээр 8 өрөг тоглосон бөгөөд эхний гурван байранд шалгарсан дээрх оролцогчид спортын дэд мастер цолын болзол хангаад байна.

Эрэгтэй ангиллын IV, V, VI байранд Г.Эрдэнэбаяр (6.5 оноо), С.Жаргалсайхан (6.0 оноо), А.Дөлгөөн (6.0 оноо), эмэгтэй ангиллын мөн IV, V, VI байранд Э.Батсувд (6.0 оноо), Т.Түмэн-Энх (6.0 оноо), Т.Мандах (5.0 оноо) нар тус тус шалгарав.Мөн шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор Дүгэрсүрэнгийн Энхжаргал (50+), Улсын Их Хурлын гишүүн асан Цэрэндашийн Оюунбаатар (65+), шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор Доосүрэнгийн Мөнхзаяа (50+), Марусягийн Жаргалсайхан (65+) нарыг тодруулсан юм.Түүнчлэн эрэгтэй ангилалд М.Нямлхагва (1800-аас доош), Г.Чинзориг (рейтинггүй), эмэгтэй ангилалд Э.Болор-Эрдэнэ (1600-аас доош), Ё.Болормаа (рейтинггүй) нар тусгай шагналын эзэд боллоо. Шагналыг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Баттулга, Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан нар гардуулав.

Нийтэлсэн: 2022-01-10 09:00:22

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.