ЖАЙКА-гийн төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд татварын орчин сайжирч, төсвийн орлого нэмэгджээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

 

Япон Улс болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой 2022 онд тохиож байна. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ой, Монгол Улсад сайн дурын гишүүн илгээсний 30 жилийн ой энэ онд тохиож байна.

Ойн хүрээнд ЖАЙКА-гийн Монголд гүйцэтгэсэн төсөл хөтөлбөрүүдийн талаар цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад тус байгууллага болон хамтран ажиллагч байгууллагын зүгээс засаглалын салбарт хэрэгжиж буй хамтын ажиллагааны талаар танилцууллаа.

ЖАЙКА-гийн Төлөөлөгчийн Газрын Засаглалын Салбар Хариуцсан Суурин төлөөлөгч, Хүний Нөөцийн Менежер А.Сайхантуяа:

Миний бие ЖАЙКА-гийн Төлөөлөгчийн газарт Засаглалын салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг хариуцаж ажиллаад 20-иод жил болжээ.Уг салбарт хамтран ажиллаж ирсэн Монгол Япон талын бүх хүмүүc, хамтран ажиллагсдадаа талархал илэрхийлье!

“Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оноос хойш засаглалын салбарт зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай  xүний нөөцийг хөгжүүлэх, тогтолцоог бий болгож бэхжүүлэхэд чиглэсэн  хамтын ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлж ирсэн түүхтэй. Уг салбарын хамтын ажиллагаа нь тухайн үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, дунд урт хугацаанд тууштай хамтран ажиллаж байж үр дүн нь гардаг бөгөөд төсөл дууссаны дараа ч тогтолцоо нь тогтвортой, бие даан хөгжихөд чиглэсэн Япон мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дамжуулах оюуны хөрөнгө оруулалт  зонхилдгоорoo онцлогтой.

Тухайлбал 90-ээд оны дунд үеэс хойш Макро эдийн засгийн зөвлөх илгээх, татвар хураалтын тогтолцоог бэхжүүлэх, Монгол Улсын хууль эрх зүйн орчны тогтолцоог сайжруулахад чиглэсэн хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн.

2010 оноос хойш тухайн үед Монгол Улсад Хөгжлийн банк байгуулахад чиглэсэн зөвлөгөө өгч ажиллах, Монгол банкны хяналт шалгалтын чадавхыг бэхжүүлэх, Сангийн яамтай хамтран дотоод аудитын чадавхыг бэхжүүлэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлж ирсэн. Дотоод аудитын чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд Улсын салбарт Дотоод аудитын олон улсын мэргэжлийн практик хүрээг монгол улсад амжилттай нэвтрүүлж мөн Монгол Улс Олон Улсын дотоод аудитын холбооны албан ёсны гишүүн болох үйл ажиллагааг дэмжиж ажилласан бөгөөд уг төслийн үр дүн одоо ч гэсэн үр нөлөөгөө үзүүлж байна.

Түүнээс гадна Монгол Улсад шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн төслийг мөн амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд төслийн хүрээнд бэлтгэгдсэн 45 эвлэрүүлэн зуучлагч анхан шатны шүүхүүдэд ажиллаж иргэний хэрэг маргаан шийдвэрлэх шүүхийн ачааллыг буруулахад зохих хувь нэмэр оруулж байна.

Монгол Улсад 2008, 2016 онуудад нүүрлэсэн эдийн засаг, төсөв, санхүүгийн хямралыг даван туулахад ЖАЙКА-гаас төсвийн санхүүгийн дэмжлэгийг бусад хөгжлийн түнш байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2020 онд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээг дэмжих үүднээс шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчний хямралын эсрэг яаралтай тусламжийн 25 тэрбум иений зээлийн дэмжлэг олгосон.

Монголын эдийн засаг уул уурхайн салбараас хамааралтай байдаг тул эрдэс баялгийн үнэ, гадаадын шууд хөрөнгө оруулалтын чиг хандлага зэргийн нөлөөнд автамтгай нөхцөл байдалд байна. Ийм учраас Монгол улсын хувьд эдийн засгийн тогтвортой өсөлт, макро эдийн засгийн зохистой менежментийг хангах нь нэн чухал бөгөөд 2017 оноос өнөөдрийг хүртэл ЖАЙКА нь төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, бизнесийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хамтын ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид ч засаглалын салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй үргэлжилнэ гэдэгт итгэл төгс байна” гэв.

Мөн тэрээр Засаглалын багийн хамт олон бид 2022 оны ойн жилээ угтан Монгол Улсын Их Хурлын Дарга Г.Занданшатарын  санаачилгын дор  “ЯПОН ЛУГАА АДИЛ ХӨГЖЬЕ - ЯПОНТОЙ ХАМТ СУРАЛЦАХУЙ ХӨГЖЛИЙН ҮЙЛ ЯВЦ” цуврал хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын тамгын газар болон Парламентын судалгааны  хүрээлэнтэй хамтран амжилттай зохион байгуулаад байгааг онцлов.

Татварын шинэ багц хуулийн хэрэгжилтийг хангах Монгол Улсын татварын байгууллагын чадавхыг бэхжүүлэх төсөл

Уг төслөөр олон улсын татварын салбарт боловсон хүчин бэлтгэх, татварын улсын байцаагчийн хуулийг хэрэгжүүлэх, чадварыг нэмэгдүүлэх, татвар хураалтын үйл ажиллагааг сайжруулах, татварын улсын байцаагч нарт зориулсан алсын зайн сургалтыг нэвтрүүлэх зэрэг Монгол Улсын татварын албаны чадавхыг бэхжүүлж, Монгол Улсад тэгш шударга, зохистой татварын удирдлагыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэн хэрэгжүүлж байна.

Татварын Ерөнхий Газрын Дарга Б.Заяабал:

“Монголын татварын албанд 1998 онд ЖАЙКА байгууллагаар анх төсөл хэрэгжиж эхэлсэн. Түүнээс хойш 20 гаруй жилийн хугацаанд нийт 8 төсөл, арга хэмжээг хамтдаа хэрэгжүүлж ирсэн.

Анх 1998 онд Монголын төсөвт 500 орчим тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлдэг байсан бол өнөөдөр 8 их наяд төгрөгийн орлогыг бүрдүүлдэг том үүргийг улс эх орныхоо өмнө хүлээж байна. Үүний цаана татварын хуулийг биелүүлдэг иргэн,  татвар төлөгч ААН-үүдийг бэлтгэж байгаа нь эргээд Монгол Улсад ардчилал, зах зээлийн нийгэм гүн бат хэвшсэний илрэл гэж үзэж байна” гэлээ.

1998 оноос хойш ТЕГ-тай хамтран хэрэгжүүлж ирсэн төслүүдийн үр дүнг уншигч та бүхэнд толилуулж байна. 20 гаруй жилийн хугацаанд дотоодын сургалтад нийт 1300 гаруй татварын улсын байцаагч, Япон дахь сургалтад 180 орчим  татварын улсын байцаагч нар хамрагдаж, ур чадвараа дээшлүүлсэн.

<ТЕГ болон ЖАЙКА-гийн хамтын ажиллагаа>

~1998 оноос өнөөг хүртэл~

Он тоолол

Төслийн нэр

Онцлох үр дүнгүүд

1998-2001

Зах зээлийн эдийн засгийн шилжилтийг дэмжих судалгаа (1,2-р шат )

 

Үл хөдлөх хөрөнгийн татварын тухай хууль болон тусгай тэмдэгтийн хураамжийн  тухай хууль шинээр бий болгосон.

Татварын багц хуулиудын төсөлд зөвлөмж өгч, шинэ хууль УИХ-аар батлагдсан.

2001-2003

 

Татвар хураалтыг бэхжүүлэх төсөл

 

Хөндлөнгийн мэдээллийн системийн  мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлсэн.

2003-2005

 

Татварын албаны сургалтын тогтолцоог бүрдүүлэх

 

Татварын байцаагчдыг бүсчлэн сургах сургалтын төвүүдийг байгуулсан /Ховд, Өвөрхангай, Дархан-Уул аймгууд/

2005-2008

 

Татварын удирдлагыг бэхжүүлэх төсөл

 

 

Татвар төлөгчдөд утсаар зөвлөгөө өгөх төв байгуулсан,

Татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх загвар нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлсэн

2008-2011

Татварын байцаагчдын Япон дахь сургалт

Татварын хяналт шалгалтын ур чадвар эзэмшүүлэхээр Японд сургалтад хамруулсан.

2009-2010

 

Ерөнхий боловсролын сургуулийн татварын боловсрол

 

Татварын боловсрол олгох хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгасан.

2013-2020

 

Монголын Татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь (1,2-р шат)

 

Татвар ногдуулалт, өр дуудах төвийн үйл ажиллагааг эхлүүлэв

Татварын шинэ багц  хуулийн oлон улсын татвар , татварын  бие даасан эрхтэй холбоотой зүйл заалтуудыг г боловсруулахад хамтран ажилласан.

2020 оны 1-р сараас татварын шинэ багц хууль хэрэгжиж эхэлсэн.

2020〜 2023

Татварын шинэ багц хуулийн хэрэгжилтийг хангах Монгол улсын татварын байгууллагын чадавхыг бэхжүүлэх төсөл

 Татварын байцаагчдын цахим сургалтын  системийг нэвтрүүлж байна.

Улсын хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн чадавхыг бэхжүүлэх төсөл

ЖАЙКА нь Монгол улсын төсвийн зарлагын удирдлагын салбарт хөгжлийн бодлого, төсвийн эх үүсвэртэй уялдсан улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулж, хяналт тавих тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Хөрөнгө Оруулалтын Төлөвлөлтийн Чадавхыг Бэхжүүлэх Төслийн Багийн Ахлагч Нагаяма Кацүхидэ /Ph.D/:

“Монголын иргэдийн амьдралын чанар дээшлэхэд ямар зүйл хийх хэрэгтэй вэ гэдгийг тодорхойлоход ЖАЙКА-гийн зүгээс хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.

Мөн эдийн засаг, нийгмийн дэд бүтцийг төлөвлөлттэй, үр ашигтайгаар бүтээн байгуулах урт хугацааны хөгжлийн бодлого, алсын хараанд нийцүүлсэн төслүүдийг хэрэгжүүлэх тогтолцоог бий болгох зорилготойгоор Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах, чадавхыг сайжруулах төслийг хэрэгжүүлж байна. Бид энэ тал дээр Үндэсний хөгжлийн газар болон Сангийн яамтай хамтран ажиллаж байна” гэлээ.

Эдийн Засаг, Хөгжлийн Яамны Төрийн Нарийн Бичгийн Даргын үүрэг гүйцэтгэгч Х.Батжаргал:

“Энэ төслийн гол үр дүн нь хөгжлийн бодлого төлөвлөлт, төсвийн төлөвлөлтийг уялдуулах, олон төслөөс эн тэргүүнд аль нь хэрэгжихийг эрэмбэлэх зэрэг мэдлэг туршлагыг хуримтлуулсан явдал юм.

Үүний үр дүнд хөгжлийн бодлого төлөвлөлт хийх мэргэжлийн боловсон хүчин чадавхжиж хөгжсөн нь Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтөд ЖАЙКА-гийн оруулж байгаа үр дүн, хүчин чармайлт юм. Үүнийг өндрөөр үнэлж хэлэхэд таатай байна” гэлээ.

Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх төсөл /1, 2-р шат/

Монгол Улсын санхүүгийн зах зээлд банк голлосон шууд бус санхүүжилт давамгайлж ирсэн бөгөөд ЖАЙКА нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, зах зээлд итгэх итгэлийг дээшлүүлэх үүднээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх болон зохицуулалтын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр 2014 оноос хамтын ажиллагаагаа хэрэгжүүлж байна. ЖАЙКА-гийн  төслийн эхний үе шатанд  монголын хувьцааны зах зээлийг  хөгжүүлэхэд чиглэсэн бол 2-р үе шатны хамтын ажиллагааны хүрээнд компанийн бондын зах зээлийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч байна. Мөн Хөрөнгийн зах зээлийн сурах бичгийг боловсруулан  ашиглахад СЗХ, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоотой хамтран ажиллалаа.

Санхүүгийн Зохицуулах Хорооны Дарга Д.Баярсайхан:

“Санхүүгийн зохицуулах хороо ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газартай 2014 оноос эхлэн анх ажиллаж эхэлсэн. 2021 оны долоодугаар сарын байдлаар Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ түүхэн дээд буюу 5.2 их наяд төгрөгт хүрлээ. Олон улсын бирж хооронд хувьцаа чөлөөтэй хөрвөдөг болсон, давхар бүртгэлийн журмаар компаниуд бүртгэлээ хийдэг болсон зэрэг олон амжилт дурдахад  таатай байна” гэлээ.

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Гүйцэтгэх Захирал Ц.Хуяг:

“Хөрөнгийн зах зээлийг өргөжүүлэх, чадавхыг сайжруулах 1-р  шатны төслийн хүрээнд Монголын хөрөнгийн зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллагын эрх зүйн орчныг бүрдүүлснээр манай холбоо 2015 онд анхны өөрийгөө зохицуулах байгууллага болж бүртгэгдсэн. Уг төсөл амжилттай явагдсаны дагуу хоёрдугаар шатны хүрээнд манай холбоо, ЖАЙКА болон тухайн зөвлөхүүдтэй нягт хамтарч, 2021 онд хүлээгдэж байсан мэргэжлийн оролцогчийн биржийн бус зах зээл буюу OTC market-ыг амжилттай нэвтрүүлсэн” гэлээ.

Монгол Улсын шударга өрсөлдөөний орчныг сайжруулах төсөл 1, 2-р шат

ЖАЙКА нь Монгол Улсын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтийн үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх замаар Монгол Улсын шударга өрсөлдөөний зах зээлийн орчныг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийн эрүүл хөгжлийг дэмжих зорилгоор шударга өрсөлдөөний орчныг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчдийн Төлөөх Газрын Дарга асан Б.Бат-Эрдэнэ:

“Энэ төслийн хүрээнд ШӨХТГ нь ЖАЙКА-тай Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хийж байна. Тус шинэчилсэн найруулгын хүрээнд Монгол Улсын өрсөлдөөний эрх зүйн орчныг сайжруулах, өрсөлдөөний байгууллагын үйл ажиллагааг нарийвчлахын дээр олон улсын түвшинд Монголын ААН-үүдийг өрсөлдөх чадвартай болгох зэрэг ажлуудыг цогцоор нь хийлээ.

Цаашдаа шударга өрсөлдөөний орчныг илүү эрх зүйн зохицуулалттай болгох, жижиг дунд, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, өрсөлдөөнийг шударга болгох тал дээр ШӨХТГ болон ЖАЙКА-гийн хамтын ажиллагаа ихээхэн үр дүнд хүрнэ гэж найдаж байна” гэв.

Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр

Энэ хөтөлбөр нь Монгол Улсын ирээдүйг авч явах төрийн залуу албан хаагч нарыг чадавхжуулах зорилготойгоор 2001 оноос өнөөг хүртэл хэрэгжжээ. Өнөөг хүртэл төрийн 380 орчим залуу албан хаагч хамрагдан, Япон улсад суралцаж, төгсөж ирээд төр захиргааны байгууллага болоод техникийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.

JDS Хөтөлбөрийн Төгсөгч М.Уламбадрах:

“Япон Улсын засгийн газрын буцалтгүй тусламж, хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр Монгол Улсад 2001 онд эхэлснээс хойш 20 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хөтөлбөрөөр нийт 380 хүн Япон руу явж, зарим нь суралцаж байна. Дийлэнх нь Монгол Улсдаа ирээд олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа юм.

Хоёр орны харилцаанд энэ хүмүүсийн оруулж байгаа хувь нэмэр багагүй гэж бодож байна. Жишээ нь, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах ажилд олон хүн гар бие оролцсон. Цаашдаа ч энэ хөтөлбөр үргэлжилж, олон хүн Японд суралцаж, буцаж ирээд улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулаасай гэж хүсэж байна” гэлээ.

 

Нийтэлсэн: 2022-02-25 09:47:34

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.