УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж Монгол Улсын 2012 оны төсвийн тодотгол, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон “Хүний хөгжил сан”-гаас ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох үлдэгдэл мөнгөний асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар тус бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат мэдээллээ.
Тэрээр “Төсвийн тодотголыг ирэх долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан Сангийн сайд Ч.Улаан 2012 оны төсвийн тодотголыг бүлэгт танилцуулсан. Бүлгийн гишүүд хэд хэдэн асуудлыг эргэж харах шаардлагатай гэсэн санал гаргасан. Тухайлбал, хүүхдэд олгох 20 мянган төгрөгийг ирэх аравдугаар сараас эхлэн олгохоор болсон. Улсын хэмжээнд 0-18 насны 968 мянган хүүхэд байдаг бөгөөд нийт 60 тэрбум төгрөг шаардлагатай. Тиймээс төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзлээ” гэсэн юм. Мөн манай эмэгтэй гишүүд ерөнхий боловсролын сургуулиудад сурах бичгийг үнэгүй тараах нь буруу. Ингэснээр боловсролыг үнэгүйдүүлж байна гэсэн санал гаргалаа. Учир нь, сурах бичгийг үнэгүй тараах болсноос хойш хэвлэлтийн чанар муудаж, хэн нэгний бизнес болон хувирчээ.
Өнгөрсөн жил 3,1 тэрбум төгрөгөөр сурах бичиг хэвлэн үнэгүй тараасан байна. Ийнхүү тарааснаар эцэг эхчүүд хүүхэддээ санаа тавих, анхаарал хандуулах нь суларч, сурлагад нь муугаар нөлөөлөх сөрөг зүйл гарч байгаа аж. Тиймээс 2013 оны төсөвт суулгахдаа анхаарлыг Сангийн сайдаас хүссэн байна. Үүнээс гадна цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө болох 1100 төгрөгийг улсаас дааж байгаа ч инфляц өссөн энэ үед хүүхдүүд чанаргүй хоол, хүнс хэрэглэх болжээ. Иймд уг асуудлыг анхаарч, нэмэх боломж хэр байгаа, эцэг эхчүүдээс хоолны мөнгөний 50 хувийг гаргуулж болохыг ч хөндөж, төсвийн тодотгол хэлэлцэх үед шийвэрлэх хэрэгтэй хэмээн үзсэн байна.
Харин Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг тус намын бүлэг дэмжиж байгаа байр сууриа өөрчлөөгүй хэмээлээ. Бусад намын зүгээс сумын ИТХ-ын сонгуулийг намын жагсаалтаар явуулах нь улстөржсөн асуудал гэх шүүмжлэх болсон. Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Орон нутгийн сонгуулийг Үндсэн хуульд заасан зарчмаар л явуулна. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар явахаас өөр арга байхгүй.
Хэрэв өөр зарчмаар явуулах бол зайлшгүй Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй болно. Манай намын хэсэг гишүүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан. Үүнийг бусад нам ч дэмжихийг хүсч байна. Уг хуулийн төсөлд Засаг даргыг орон нутгаас нь сонгох, нутгийн өөрөө удирдах байгууллагад нэр дэвших асуудал зэрэг заалтууд багтсан. Ер нь, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр асуудлыг шийдэх боломжгүй” гэлээ.
УИХ-ын сонгуулиас хойш өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн үлдэгдэл болох 340 мянган хүлээлт үүсчихээд буй. Сангийн яамныхан энэхүү үлдэгдэл мөнгийг иргэдэд олгохын тулд 2012 оны төсвийн тодотголд багтаажээ. Харин 21 мянган төгрөгөө авч чадаагүй хүмүүсийн мөнгийг өгөх боломж хомс, одоохондоо хөрөнгө бүрдүүлэхэд хүндрэлтэй байгаа аж. Тиймээс уг асуудлыг хэрхэх нь одоогоор тодорхойгүй гэсэн хариулт өгч байлаа.
Нийт сэтгэгдэл: 2
-
21 ìÿíãàà àâìààð ë áàéíà ø¿¿
Зочин 2012-09-04 09:33:59 202.179.19.99 (0) (0) -
Сүүлийн жилүүдэд сурах бичгийн чанар ч муудаж байна. Сурах бичгийг зохиосоны дараа маш сайн эксперт хийлгэж, сайжруулсаны дараа хэвлэж байхгүй бол сурах бичгийн чанар сайжрахгүй.
Зочин 2012-10-29 08:55:41 182.160.33.50 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.