УИХ-аас өнгөрсөн жил УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяа Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороог байгуулах шийдвэрийг гаргаж, анхны даргаар нь өнөөгийн УИХ-ын дарга З.Энхболдыг томилон ажиллуулсан билээ. Тэгвэл тус дэд хорооны хоёр дахь даргаар нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан томилогдсон юм. Уг дэд хороо нь сонгогчийн нэрсийн жагсаалтыг цэгцтэй болгож, сонгуулийг шударга зохион байгуулахад холбогдох газруудын үйл ажиллагааг зангидаж, бодлогын төвшинд УИХ-аас ямар шийдвэр гаргах шаардлагатай зэрэг олон ажлыг гүйцэтгэхэд том үүрэг хүлээж буй. Энэ удаад дээрх хорооноос нээлттэй сонсгол зохион байгуулж буй нь ирэх арваннэгдүгээр сарын 21-нд болох орон нутгийн сонгуулийг зохион байгуулахад холбогдох байгууллагуудад ямар бэрхшээл тулж байгаа, түүнийг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар гарц хайж буй нь энэ юм.
Нээлттэй сонсголд оролцсон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвдоржийн мэдээллээр бол Монгол Улсын хэмжээнд 2012 оны есдүгээр сарын 21-ний байдлаар 1.9 сая гаруй иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагджээ. Үүнд гадаад орнуудад амьдарч байгаа монгол иргэд ч хамаарна. Харин цахим үнэмлэх хэвлэлтийн ажил нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хувьд үндсэндээ дууссан, тараах ажлыг хийж байгаа бол Хан-Уул дүүргийн тухайд иргэдийн цахим үнэмлэх хэвлэх ажил удахгүй дуусах аж. Түүний дараагаар хүн ам цөөтэй Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэж эхлэх юм байна. Орон нутагт ч цахим үнэмлэхийг иргэдэд тараах ажлыг зохион байгуулж байгаа. Нэг үгээр хэлбэл, орон нутгийн сонгууль болоход 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт иргэдийн цахим үнэмлэх эзэндээ очсон байхаар ажлаа шахуу гүйцэтгэж байна гэсэн мэдээлэл өглөө. Гэхдээ гол анхаарал татах асуудал нь сонгогчийн хаягийн зөрчил болохыг сануулж байна. Наад захын жишээ татахад нийслэлчүүдийн хувьд орон сууц, хашаа байшингаа зарж, өөр дүүрэг рүү шилжчихээд шилжилт хөдөлгөөнөө хийлгэдэггүй жишиг тогтжээ. Сонгууль тулахад л шилжилт хөдөлгөөний зөрчилтэй болох нь илэрдэг. Сонгогчийн хувьд өөрийгөө буруутгахаас илүүтэй “Та нар хэргээр сонгох эрхэнд минь халдаж байна” гэж иргэний бүртгэлийнхэнг буруутгадаг. Энэ үед шилжилт хөдөлгөөнийг нь хийгээд зөрчлийг нь арилгая гэхнээ хуулиараа шилжилт хөдөлгөөн хийхийг хаачихсан байдаг аж. Тухайлбал, орон нутгийн сонгуулийн тухай хуульд зааснаар улсын хэмжээнд иргэний хаягийн шилжилт хөдөлгөөнийг есдүгээр сарын 23-наас эхлэн зогсоогоод байна. Нийт 60 хоногийн хугацаанд шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тул ирэх арваннэгдүгээр сарын 21-н хүртэл энэ хязгаарлалт үйлчлэхээр болжээ.
Хоёр дахь хүндрэл нь дэд бүтэц хөгжөөгүй аймагт автомат системээр сонгууль зохион байгуулах үед хүндрэл гарах талтай гэнэ. Хэдийгээр УИХ-ын 2012 оны сонгуулиар энэ талын бэрхшээл харьцангуй бага байсан ч орон нутгийн сонгуулиар цахим үнэмлэх ашиглахаар гарч болзошгүйг сануулж байна. Ийм үед гар аргад шилжиж санал хураалтын ажлыг хийхээс аргагүйд хүрч болзошгүй. Гурав дахь хүндрэл нь сонгууль тулсан үед баг, хороог нэмнэ, хасна гэх ажил ундрах нь бий. Түүний дагуулаад сонгогчоо хуваарилах шаардлагатай болж тэр хэрээр хүндрэл үүсгэдэг байна. Тиймээс сонгууль тулсан үед ийм тушаал буулгахгүй байх нь чухал аж.
Тэгвэл УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн тайлбарласнаар сонгогчийн тоог үнэн зөв гаргах нь чухал байгаа. Учир нь 2004 онд сонгогчийн нэрсийн жасгаалт 130 мянгаар зөрж байсан бол 2008 онд 236 мянгад хүрч байжээ. УИХ болоод орон нутгийн сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчдийн тухайд өрсөлдөгч нартаа нэг, хоёрхон саналын зөрүүгээр ялагдах тохиолдлууд бий. Үүнд хуурамч сонгогчийн нэрсийн жагсаалт гол нөлөө үзүүлдэг. Нөгөө талдаа сонгогчийн нэрсийн жагсаалт үнэн зөв гарч байж сонгууль шударга зохион байгуулагдах зарчим хангагдах тул энэ талд анхаарлаа хандуулахыг санууллаа.
Харин УИХ-ын даргын зүгээс 2012 оны УИХ-ын сонгуулиас өмнө сонгогчийн нэрсийн жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хороо хариуцдаг байсан бол шинэчлэн баталсан хуулийн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газарт харьяалагдах болсон тухай онцоллоо. Хэрвээ сонгогчийн нэрийн жагсаалтыг санаатайгаар буруу гаргасан байх юм бол тухайн төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэнэ. Ингэхдээ энэ хэрэг нь төрийн эсрэг гэмт хэрэгт тооцогдож бүр Эрүүгийн хуульд зааснаар 25 хүртэлх жил ял сонсохоор хууль эрх зүйн хүрээнд хатуу хуульчлаад байгааг анхааруулсан юм. Бас нэг мэдээлэл дуулгасан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Л.Амарсанааг сонгогчийн нэрсийн жагсаалтыг будилаантуулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хууль хяналтынхан шалгаж эхэлжээ. 2012 оны УИХ-ын сонгууль болохын өмнө Ардчилсан намын сонгуулийн штабынхан бүртгэлийн газрынхан 1200 иргэний нэрсийн жагсаалтыг гаргахдаа хаягийг нь буруу бичсэн зөрчил байгааг олж харан, энэ үндэслэлээр Л.Амарсанааг буруутган хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан нь ийнхүү шалгуулахад хүргэжээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.