“Авзага трейд”-ын захирал П.Мэндбаярын 15 давхар байшинг нураах шийдвэр гарлаа

Үнэлэх
(0 үнэлгээ)

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл зөвшөөрөлгүй хууль зөрчин барьсан барилгуудыг эхнээс нь нураахаар болж, үүнд хамгийн түрүүнд Сүхбаатар дүүргийн зургадугаар сургуулийн хажууханд байрлах “Авзага трейд”, Сонгинохайрхан дүүргийн Таван шард байрлах “Тэмүүлэнбаатар” ХХК-ийн орон сууцны барилга өртсөн. Гэвч тэд нийслэлийн Засаг даргын гаргасан энэхүү шийдвэрийг хүндэтгэж наашаа харж инээж, цаашаа харж уйлан барилгаа нураалгах уу. Эсвэл олон зуун сая төгрөгийнхөө хөрөнгийг хамгаалж эсэргүүцэн босох уу. Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжтай холбоотойгоор зөвшөөрөлгүй газарт барьсан хоёр барилгыг буулгахаар болсон билээ. Үүний нэг нь Сүхбаатар дүүргийн V хороо зургадугаар сургуулийн хажууханд барьж байгаа “Авзага трейд” компанийн барилга юм. Манайдаа л нэр хүндтэй, барилгын салбартаа тэргүүлэгч гэгддэг тус компанийнхан гоомой юм хийж, зөвшөөрөлгүйгээр дуртай газраа байшин сүндэрлүүлнэ гэж байхгүй мэт. Гэвч холбогдох албаныхан бүгдийг нягталж, энэ бүгдийг тогтоосноор нураах шийдвэрийг гаргасан биз. Аль эсвэл хэн нэгний “шургуу” оров уу, хэн мэдлээ. Өнгөрсөн мягмар гаригт УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн барилгын компаниудад хийсэн дүгнэлтээ танилцуулах үеэр олон ноцтой баримтыг дэлгэсэн. Тухайлбал, барилгын компаниудтай дайн зарлаад байгаа хотын захирагч Э.Бат-Үүл маань явж явж зөвшөөрөлгүй, хэл амтай байранд амьдардаг, УИХ дахь цөөн эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон “Монос”-ын гэх Эрдэнэчимэг ч зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар барьсан барилгад нэр нь холбогдсоныг гишүүд илчилж орхисон. Мөн энэ үеэр АТГ-ын дэд дарга Б.Хурцын эхнэрийн ОХУ-ын ЭСЯ-ны орчим байрлах Сарнайх гоо сайхны салоныг буулгаж чадвал хотын мээр Э.Бат-Үүлийг жинхэнээсээ тэмцэл өрнүүлжээ гэж итгэе гэсэн мессеж нийгэмд тарж эхэлсэн. Тиймээс энэ удаад хэл ам татлаад өнөө маргаашгүй нураагдахдаа тулаад байгаа дээрх хоёр компанийн барьсан барилгыг зорьж, газар дээрээ байдал ямар байгааг үзлээ.
 “Авзага трейд” компанийн барьж буй барилга дээр очлоо. Эрж хайж очсон ч манаачийг эс тооцвол тэнд “амьд” хүн алга, барилгын ажлыг хэдийнэ зогсоожээ. Тэр хавийн хүмүүсээс асуухад барилга угсралтын ажлыг зогсоогоод арав гаруй хонож байна гэж байлаа. Блокон хашааны завсраар доторхийг ажиглахад барилгын суурийг л цутгаад зөнгөөр нь орхижээ. Харин хүмүүсийг нь ажлаа хийж байхад албадан хүчээр зогсоосон гэлтэй хаа сайгүй арматур төмөр хөглөрч, эмх замбараагүй байдал харагдаж байлаа.Төлөвлөлтөөрөө энд 15 давхар орон сууцны барилга барих байсан ч угсралтын ажлыг зогсоосноос хойш “Авзага трейд” компанийнхан барилгаа эргэж тойроогүй юм гэлтэй. V хорооны иргэдийн хэлж буйгаар барилгын суурийг 2004 онд тавьсан ч ажлаа хийлгүй байсаар өдийг хүрчээ. Харин энэ жилээс үргэлжүүлэн барьсан ч мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөлгүй угсралтын ажлаа эхлүүлсэн хэмээн ажиллагааг нь ийнхүү зогсоосон гэж байх юм. Манаачаас барилгыг нураана гэсэн шүү дээ. Тэгвэл яах вэ гэхэд “За, гайгүй байлгүй дээ. Зөвшөөрөлтэй болоод л барилга барьж байгаа шүү дээ. Дуртайдаа хийгээд байгаа юм биш гэж хэгжүүрхэх аж. Тэгснээ “Авзага трейд” компанийнхан зүгээр харж байгаад барилгаа нураалгачихгүй, хийсэн ажлаа орхихгүй байлгүй дээ” гэв. Ингээд тус барилгын үйл ажиллагааг зогсоосонд “Авзага трейд” компанийнхан ямар байр суурьтай байгаа талаар тодруулахаар “Их дэлгүүр”-ийн ард байрлалтай оффисийг нь зорив. Очиход оффисийн ажилтан нь “П.Мэндбаяр захирал хөдөө томилолтоор явсан хэд хоногтоо ирэхгүй. Тиймээс захирлын өмнөөс дур мэдэж яриа өгөхгүй. Манай компаниас асууж байхаар зогсоох шийдвэр гаргасан хүмүүсээс нь асуу” гээд халгаасангүй. Харин Нийслэлийн газрын албаны ерөнхий инженер Эрдэнэтуяагийн хэлж буйгаар “Авзага трейд” компанийнхан 2004 онд газрын зөвшөөрлөө авсан юм бол газрын захирамж нь гарсан байх ёстой. Учир нь, газрын захирамж хоёр хувь хэвлэгддэг. Тус компанийн захирал газрын захирамжийн эх хувиа аваад ирвэл бид архиваас шүүгээд олоод өгч болно. Хэрвээ архиваас шүүгээд захирамж нь гараад ирвэл барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэх талаар нь ярилцана. Харин гарч ирээгүй тохиолдолд зохих ном журмын дагуу хариуцлага тооцно гэлээ.

“Авзага трейд” компанийн захирал П.Мэндбаяр:
ЭНЭ БАЙШИНГ НУРААВАЛ МАНАЙД ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРНА
-Танай компанийн барилгыг нураах шийдвэрийг Хотын мээр гаргалаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ. Шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа юу?
-Хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани 2004 онд тухайн барилгыг барих газрын зөвшөөрлөө авчихсан. Харин Нийслэлийн газрын албанаас захирамж гаргахгүй удсаар өнөөдрийг хүрлээ. Ямар учиртайг нь асуутал, тухайн үед одоогийн манай барилга барьж байгаа газрыг өөр хүний нэр дээр гаргасан байна лээ. Үүнээс үүдээд газрын маргааны асуудал үүссэн хэрэг. Тэгэхээр үүнийг залруулахын тулд жаахан хугацаа хэрэгтэй гэсэн.
-Анх энэ барилгыг эхлүүлэхдээ энэ тухай мэдээгүй юм уу?
-Хэн гэдэг хүний нэр дээр байсныг нь үнэхээр хэлж мэдэхгүй байна.
-Уг барилгыг эхлүүлээд удаж байгаа юм уу. Ойр хавийн оршин суугчид аль эрт 2004 онд сууриа тавьсан. Тэгээд орхигдуулж байснаа саяхнаас ажлаа эхлүүллээ гэх юм. Энэ нь өчнөөн барилга барьчихаар хугацаа биз дээ?
-Одоо цагт барилга барина үнэхээр хүндрэлтэй. Тэгээд ч барилгын салбарын хүнд суртал хэрээс хэтэрлээ. Та нар мэдэх үү, бид барилга барих зөвшөөрөл авахын тулд 172 албан тушаалтны гарын үсгийг цуглуулдаг.  Үүний тулд 2-3 жил шаарддагддаг гээд бод доо.
-Хэрвээ барилгыг нураавал яах вэ. Угаасаа шийдвэр нь гарчихсан шүү дээ?
-Манай энэ барилгын суурийг 1.6 метр битүү бетоноор цутгаж хийсэн. Нэг давхартаа олон мянган арматурын төмөр орсон байгаа. Хэрвээ барилгыг нураавал манай компани ойролцоогоор нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол амсах болоод байна. Гэхдээ нийслэлийн удирдлагуудын энэ асуудалд нухацтай хандах байлгүй дээ.

Нийтэлсэн: 2012-10-10 10:53:17

Нийт сэтгэгдэл: 5

  • Зочин

    ENE baishing zaav*** nuraah heregtei. NURAA, NAAD MENDBAYAR CHIN LUIVARCHIN SHYY DEE.

    Зочин 2012-10-10 13:14:14     124.158.109.78          (0)       (0)
  • Зочин

    Ene hyn dandaa ASHIG olj baih estoi yum baih daa.

    Зочин 2012-10-10 13:18:10     124.158.109.78          (0)       (0)
  • Зочин

    Harin ch aztai 15 dabhar bolgood nura***gab*** iluu ih***irol amsah baisan shuu dee. Nuraa nuraa

    Зочин 2012-10-10 15:51:45     109.74.55.7          (0)       (0)
  • Зочин

    Mendee teneg***

    Зочин 2012-10-10 21:47:29     182.160.48.142          (0)       (0)
  • Зочин

    өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр

    Зочин 2012-10-12 23:19:13     122.201.18.192          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.