Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор Богд хааны ордон музейн газрыг 5.7 га байхаар баталжээ.
Өөрөөр хэлбэл, тус музейн газраас гурван компани хумслаад байгаа бөгөөд нийт газрынх нь дийлэнх хувийг “АПУ” компани эзэмших болсоор олон жил өнгөрчээ. Харин өдгөө уг музейд нийт газрынх нь нэг хүрэхгүй хувь ногдож байгаа аж. “Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүс” сэдэвт хэлэлцүүлгийг ССАЖЯнаас өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр музейн газар хэрхэн хумигдаж байгаа талаар албаныхан танилцуулсан юм. Богдын музейн газарт хууль бусаар газар аван, үйл ажиллагаа явуулж буй компаниудад Хан-Уул дүүрэг болон Нийслэлийн газрын албанаас зохих шаардлагыг тавьж, газар чөлөөлөхийг шаарддаг ч тэдний шаардлагыг үл тоосоор өдий хүрчээ. Энэ талаар Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхантай ярилцлаа.
-Танай музей үндсэн газрынхаа нэг хүрэхгүй хувийг л эзэмшдэг гэж байна. Чухам хэний буруутай үйлдлээс болоод ийм байдалд хүрчихэв?
-Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор манай музейн газрыг 5.7 га байхаар хамгаалалтын бүс тогтоосон байдаг. Бид энэ дагуу газраа баталгаажуулж, гэрээ гэрчилгээ олгож өгөхийг Нийслэлийн газрын алба болон холбогдох газруудад удаа дараа тавьсаар ирсэн. Гэвч харамсалтай нь манайд биш өөр байгууллагуудад манай музейн газраас тасдаж өгсөөр одоо ийм байдалд хүрчихээд байна. Манай музей Монголын XX зууны эхэн үеийн түүх дурсгалыг тэр чигээр нь хадгалдаг учраас музейн үйл ажиллагаа явуулах болон сурталчилгаа хийх шаардлагатай байдаг. Гэтэл зай талбай, газрын асуудлаас болоод энэ чиглэлийн арга хэмжээ бараг зогссон.
Тодруулбал, “АПУ” компанийн охин компани болох “Ван трейд” музейн 1.6 га газрыг эзэмшиж байна. Тэд музейн цэцэрлэгжүүлсэн талбайгаас таслан авч, дотор нь хашаа барин, зам тавьж, зуны цагт шар айраг худалдаалдаг болоод арваад жилийн нүүр үзэж байна. Өнгөрсөн хугацаанд тус компанийн хэтийдсэн үйлдэлд Нийслэлийн газрын албанаас хориг тавьж, газар чөлөөлөхийг шаардсан ч “Гурван тэрбум төгрөгийн тохижилт хийсэн. Энэ мөнгөө гаргуулж авахаас нааш газар чөлөөлөх боломжгүй” гэж хэлдэг гэсэн.
Гэтэл газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан Хан-Уул дүүргийн газрын алба мөнгө төлөх боломжгүй гэснийг үндэслэн “эвлэрлийн гэрээгээр” гэсэн тайлбар хийн, тус компанийн эзэмшиж буй 1.6 га газрыг буцаагаад үлдээчихсэн. Ингээд зогсохгүй уг компани өнгөр сөн онд түр хугацаагаар эзэмшиж буй газраасаа “Интернэшнл мэдикал центр” ХХК-д талыг нь худалдчихаад байгаа. Мөн “Номуун гэрэл” төв 2008 оноос эхлэн музейн газраас 500 метр квадратыг эзэмших болсон. Энэ мэтээр хөрөнгө мөнгө, танил талтай компаниуд түүх соёлын дурсгал болсон музейн газраас хороосоор манайд 650 ам.метр газар л үлдээд байна.
-Өнгөрсөн долдугаар сард мөн л “АПУ”-ийн охин компани танай музейн газар дээр барилга барихаар зэхсэн асуудал гарсан. Энэ асуудал юу болсон бэ. Зохих газруудад нь хандсан гэж байсан?
-Энэ компани гэнэтхэн л цэцэрлэгжүүлэлт хийж өгөх нэрийдлээр манай газарт хашаа барьж будаад тохижилтын ажил хийж эхэлсэн л дээ. Тэд энэ ажлаа эхлэхдээ бидэнд огт мэдэгдээгүй. Тэдний ажил эхлэнгүүт бид учрыг лавласан. Гэтэл “АПУ” компанийн охин компани болох “Грийн эйр гарден” Нийслэлийн газрын албанаас зөвшөөрөл аваад зуны цагт ажиллуулах задгай асар барихаар зэхэж байсан нь ил болсон. Ер нь “АПУ” компани манай музейн хойд талд фитнесс ажиллуулдаг. Үүний хажуугаар пивоны асар барьж ажиллуулдаг болоод олон жил болж байгаа. Гэтэл дахин ийм үйл ажиллагаа явуулахаар зэхэж байсан. Бид энэ асуудлыг эрс эсэргүүцэж, зохих газруудад хандсаны дүнд энэ компанийн зөвшөөрлийг цуцлуулаад байна.
-Ер нь олон жил айлссан гэдэг утгаараа “АПУ” компани танай газрын тодорхой хувьд үйл ажиллагаа явуулдаг болсоор удлаа. Энэ компанийн эзэмшиж байгаа газрыг буцаагаад өөрийн нэр дээр авах боломж хэр зэрэг байна вэ?
-Бид өнгөрсөн хугацаанд хангалт тай ярьж, хэлж тэмцсэн боловч бидний эрх мэдэл үнэхээр хүрээгүй. Өөрөөр хэлбэл, бид хэчнээн тэмцээд ч “АПУ”- г дийлдэггүй. Дүүрэг болон нийслэлийн газрын албанаас албан ёсны зөвшөөрөл авчихсан байдаг. Ийм тохиолдолд бидний хоорондын маргааныг шийдвэрлэх хууль зүйн орчин хомс учраас бид яаж ч чаддаггүй гэсэн үг. Ер нь зохих байгууллагууд дэмжлэг үзүүлж байж л бид музейнхээ үндсэн газрыг эргүүлж авах боломжтой болох юм. Нэг үгээр хэлбэл, мөнгө, эрх мэдэл л өнгөрсөн хугацаанд дийлсээр ирлээ шүү дээ. Ер нь Нийслэлийн газрын албанд маш их асуудал байна. Музейн эзэмшлийн газруудад давхар газар олгож байгаа нь асуудал үүсгэдэг.
Тухайлбал, саяхнаас манай музейн ойролцоо автозамын өргөтгөл хийж эхэлсэн. Гэтэл тус замын гүйцэтгэгч компаниас газар чөлөөл гэсэн бичиг манайд ирж байх жишээтэй. Учрыг лавлатал замын өргөтгөл хийхдээ манай музейн газраас замын өргөтгөлд оруулчихсан байгаа юм. Ингээд бас л хэл ам хийгээд явсан чинь Нийслэлийн газрын албанаас ийм шийдвэр гаргачихсан юм билээ. Бид мөн л энэ асуудлаар хөөцөлдөж байж уг шийдвэрийг хүчингүй болгосон. Ийм хариуцлагагүй байдал байдал байнга л давтагддаг. Шат шатандаа шийдвэр гаргахдаа үнэхээр хайнга ханддаг. Эсвэл албаар л манай музейн газрыг л илүү хараад газар олгоод байдаг юм уу.
- “АПУ” компанийг хуулийн дагуу шүүхэд өгөөд ч юм уу тууштай тэмцэх боломж байдаггүй юм уу?
-Бидэнд тийм эрх зүйн орчин бүрдээгүй байгаад л гол асуудал байгаа юм. Хэдийгээр хамгаалалтын бүс тогтоосон боловч үүнийгээ хуульчлаад албан ёсоор гаргаад өгсөн зүйл байхгүй учраас бидэнд тэдэнтэй тэмцэл хийх боломж нь хомс байгаа юм. Хэрвээ музейн үндсэн газар болох 5.7 га газрыг батлаад өгчихвөл мэдээж эдгээр байгууллагатай хуулийн хүрээнд ярих болно.
-Музейн эзэмшил газарт эдгээр гурван байгууллага цаашид үйл ажиллагаагаа явуулсаар байх уу. Газраа чөлөөлүүлэх талаар танайхаас тодорхой арга хэмжээ авах уу?
-Мэдээж бид энэ асуудлыг нэг мөр болгох талаар тодорхой арга хэмжээ авах болно. Зохих газруудад хандаад байгаа. Уг асуудал өөрөө жижиг биш учраас нэг мөр шийдвэрлэхэд багагүй цаг хугацаа орохоор юм билээ. Тэглээ гээд бид асуудлыг орхихгүй. Нэг мөр болтол нь тэмцэх болно.
М.ӨНӨРЖАРГАЛ
Эх сурвалж: unen.mn
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.