АМГ-ын хуульч М.Батмагнай гурван цүнх мөнгөөр хоёр лиценз сэргээж өгчээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

Ашигт малтмалын газар гэж нэг мөнгөний уурхай байна аа. Төрийн байгууллага, агентлаг нэртэй боловч тэндхийн Геологи уул уурхай, кадастрын хэлтэс хавиар ажилд орсон хүн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл зарж, хөлждөг нь нууц биш. АМГ-ын эрх мэдэл бүхий хэлтэст дархлагдсан ахлах мэргэжилтнүүд нь газрын даргынхаа хэмжээний ашиг орлого олдог.

Иймээс ч АМГ-ын Геологи уул уурхай, кадастрын хэлтэст ажилд орох гэж ёстой «дайралдаан» болдог байгаа. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн наймаа ил цагаандаа гарсан учраас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тусгай зөвшөөрөл олгох асуудлыг түр зогсоосон.

Ингэлээ гээд АМГ-ынхны ашиг орлого буурсангүй. Харин ч арга нь улам нарийсч цуцлагдсан зөвшөөрлүүдийг шүүхээр сэргээлгэх, нөөцгүй нь тогтоогдсон лицензийн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэх, гадны хөрөнгө оруулагчдад зарах гэх мэтээр тун ч зүтгэлтэй «ажилладаг» болжээ. Тодруулбал, АМГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн Эрх зүй хуулийн тасгийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан М.Батмагнайд холбогдох ийм нэгэн хэрэг өнгөрсөн долоо хоногт АТГ-т иржээ. Тэрбээр дээр өгүүлсэнчлэн албан тушаалаа ашиглаж, өмнө нь цуцлагдсан тусгай зөвшөөрлийг сэргээсэн хэрэгт холбогдсон байна.

Албан тушаалаа урвуулан ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлсэн М.Батмагнай АМГТХЭГ-ын Геологи уул уурхай, кадастрын албаны даргын тусгай зөвшөөрлийн эрхийг цуцлах тухай 2006 оны 427, 1137 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, 2006 онд цуцлагдсан 2162X дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл, 10542A дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг дахин сэргээж, «Ордгео» ХХК-д олгоод тус компанийн захирал Б.Саранхүүтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Хамгийн гол нь энэ асуудал цаанаа асар их авилга, хээл хахууль дагуулсан сурагтай. «Ордгео» ХХК-ийн захирал Б.Саранхүү ашигт малтмалын тусгай зөвшөөрөл сэргээлгэж авахын тулд ахлах мэргэжилтэн М.Батмагнайд авлига өгсөн гэх асуудал яригдаж байгаа юм. Хуулийн албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар тусгай зөвшөөрлийн наймаачид мөнгөн дүн дээр тохирохдоо хэдэн төгрөг гэж бус хэдэн цүнх мөнгө төлөх тухай ярьдаг аж. Харин М.Батмагнай «Ордгео» ХХК- ийн тусгай зөвшөөрлийг сэргээхийн тулд 2-3 цүнх дүүрэн мөнгө авсан гэх асуудал яригдаж байгаа юм байна.

Нэг тусгай тусгай зөвшөөрлийн үнэ 100 сая төгрөгөөс эхэлдэг гээд бодохоор М.Батмагнайгийн гаргаж өгсөн хоёр тусгай зөвшөөрөл 2-3 цүнх дүүрэн мөнгөөр үнэлэгдсэн ч тодорхой. Тэрхүү цүнх доторх мөнгө хэдэн зуун саяар яригдах нь ч ойлгомжтой. Иймээс цагдаагийн байгууллага М.Батмагнайг улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 264 дүгээр зүйлийн, 264.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Одоогоор энэ хэргийг АТГ-т шалгаж байна.

М.Батмагнай АТГ-ын хэлтсийн дарга Э.Амарбат нар «ангижав»
Тусгай зөвшөөрөл сэргээх асуудлыг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх шийдвэрлэдэг. Албаны хүмүүсийн мэдээлснээр Захиргааны хэргийн шүүх 2012 онд гэхэд л АМГ-тай холбоотой тусгай зөвшөөрөл сэргээлгэх тухай 100 орчим хэргийг шийдвэрлэжээ. Хачирхалтай нь шүүхийн шийдвэрийн дийлэнх нь АМГ-ын тусгай зөвшөөрөл цуцлах тухай өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгосон байх юм. Нэг ёсондоо АМГ-ынхан Захиргааны хэргийн шүүхэд ирсэн гомдол бүрт ялагддаг аж.

Уг нь ийм гомдол шүүхэд ирсэн тохиолдол бүрт АМГ- аас заавал нэг хүн төлөөлж оролцдог. Гэвч АМГ-ын төлөөлөгч нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчтэй хамтран төрийн байгууллагыг ялаг- далд оруулж, аж ахуйн нэгжийн талд шийдвэр гаргадаг гэх шум амнаас ам дамжин яригдаж байна. Иймээс ч гомдлыг хүлээж авсан шүүгчийн нэр тодорсны дараа АМГ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр тодордог гэнэ.

Тухайлбал, М.Батмагнайд холбогдох хэрэг нь дээрх санаатай ялагдлуудын нэг жишээ юм. М.Батмагнайгийн хувьд «Ордгео» ХХК-ийн шүүхэд гомдол гаргасан асуудлын дагуу АМГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болж шүүх хуралд оролцсон байна. Харин шүүгчээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч Э.Лхагвасүрэн оржээ. Хамгийн сонирхолтой нь М.Батмагнай, Э.Лхагвасүрэн нар нэг сургуульд хамт сурч байсан дотны найзууд гэсэн. Энэ нь тэдний хоорондын ашиг сонирхлыг илэрхийлээд өгч байгаа юм. Ингэхээр АМГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батмагнай, шүүгч Э.Лхагвасүрэн нар үгсэн тохирч, 2162X, 10542A дугаартай зөвшөөрлүүдийг сэргээж, «Ордгео» ХХК- д өгсөн юм шиг дүр зураг харагдаж байна.

Одоогоор М.Батмагнай ёс зүйн алдаа гаргасан гэдэг шалтгаанаар ажлаасаа халагдчихаад байгаа аж. Хэдийгээр М.Батмагнайд холбогдох хэрэг АТГ-т шилжсэн ч хэрхэн шийдэгдэх нь мөн л тодорхойгүй байна. Учир нь М.Батмагнай АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга Э.Амарбатын хамт МУИС-ийн хуулийн ангийг төгсчээ.

Нэг ёсондоо шүүгч найзтайгаа хуйвалдаж үйлдсэн М.Батмагнайгийн хэрэг их сургуулийн найзад нь шилжээд байна. Тэгэхээр М.Батмагнай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хэргээр буруутгагдана гэхэд бас л эргэлзээтэй.

М.Батмагнай МУИС-ийг төгссөнийхөө дараа Баянгол дүүргийн прокурорын газарт ажиллаж байгаад Иргэний бүртгэлийн төвөөс ёс зүйн алдаа гарган халагдсан аж. Улмаар АМГ-т ирээд мөн л ёс зүйн алдаа гаргасан гэдэг шалтгаанаар ажлаасаа халагдчихаад байгаа юм. Энэ түүний хийдгээ хийчихээд хариуцлагаас мултрах гэсэн нэг заль ч байж болох юм.

Түүнд 264.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ
М.Батмагнайгийн тусгай зөвшөөрөл зарсан, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон гэх асуудал ганцаар тогтохгүй. Тухайлбал, өнгөрсөн оны зургаадугаар сард Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд манай уул уурхайн томоохон компанийн нэхэмжлэлтэй нэгэн хэрэг иржээ. 11016X дугаартай хайгуулын зөвшөөрлийг сэргээх тухай энэ хэргийг шүүгчид компанийн талд шийдсэн байна. Гэвч энэ асуудал эцэстээ нэхэмжлэл гаргасан компанийн бичиг баримтыг Б.Баатар гэгч этгээд хуурамчаар бүрдүүлж, шүүхэд гомдол гаргасан болж таарчээ.

11016X дугаартай хайгуулын зөвшөөрөл эзэмшиж байсан компани тус бүсэд хайгуулын ажлаа хийж үзээд «нөөцгүй» гэсэн үндэслэлээр хаясан байж. Гэтэл иргэн Б.Баатар гэгч тус компанийн нэрийг ашиглан хүчингүй болгосон тусгай зөвшөөрлийг сэргээн залилан хийхийг завдсан байжээ. Залилангийн шинжтэй энэ хэргийг шүүх шийдэх үед АМГ-ыг төлөөлж өнөөх М.Батмагнай оролцсон байдаг нь ихээхэн анхаарал татдаг юм. Улмаар хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн ч төдөлгүй сураг алдарчээ.

Хэрэв хэрэг илрээгүй байсан бол компанийн нэр барьж, хуурамч баримт бүрдүүлсэн Б.Баатар гэгч «нөөцгүй» тусгай зөвшөөрлийг сэргээж, бусдад зарах байсан нь тодорхой. Хэдийгээр энд Б.Баатар гэдэг хүний нэр яригдаж байгаа ч жирийн иргэн залилан хийсэн юм уу, АМГ-ынхан өөрсдөө залилан хийх гэж байсан юм уу гэдэг нь бас л эргэлзээтэй. Энэ хэрэгт яагаад заавал М.Батмагнай гэгч АМГ-ыг төлөөлсөн юм бол гэсэн бодол ч төрдөг юм. Тохиолдол байсан уу, санаатай үйлдэл үү. АМГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэргийн шүүгчтэйгээ үгсэн тохирдог байж болзошгүй гэж бодохоор М.Батмагнайгийн хийсэн хэрэг ч байж мэднэ.

Гэхдээ бид үүнийг батлах албагүй, хардах эрхтэй. гэдгийг онцлох хэрэгтэй байх. Үнэндээ ийм аргаар хэчнээн тусгай зөвшөөрөл сэргээснийг одоогоор хэлж мэдэхгүй. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн наймаа ийм л ноцтой, далд хэлбэрт шилжээд байна.

М.Батмагнайд 264.2- т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн гэхээр тэрбээр удаа дараа ийм хэрэгт холбогдсон байх магадлалтай. Учир нь Эрүүгийн хуулийн 264.2-т «Энэ хэргийг давтан, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил, хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51- 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ» гэсэн байдаг аж.

Ямартай ч ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн наймаанд гаршсан гэх М.Батмагнайд холбогдох хэрэг АТГ-т шилжээд 10-аад хонож байна.

Өглөөний сонин   Б.Даваахүү

Нийтэлсэн: 2012-10-17 09:50:32

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.