Вакцин тариулчихав уу бактерлогийн зэвсгийн туршилт болчихов уу?

Үнэлэх
(0 үнэлгээ)

20 ГАРУЙ САЯ МАЛД ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ТАРИЛГА ХИЙЖ, БРУЦЕЛЛЁЗЫН ВАКЦИН ХИЙЛГЭСЭН 120 ГАРУЙ МЯНГАН ТОЛГОЙ МАЛ ХЭЭЛ ХАЯСНЫГ НУУЦЛАЖ БАЙНА

Өнгөрсөн жил орон нутагт цас зудгүй, малчид отор нүүдэл багатай, өвлийг өнтэй сайхан давсан. Малчид магнай тэнэгэр, мал сүрэг ч тарга хүч сайтай хаврын улиралтай золгож байтал гэнэтхэн олон мал хээл хаяж эхэлжээ. Шалтгаангүйгээр мал хээл хаяж байна гэсэн  мэдээлэл хаа сайгүй тарж эхэлжээ. Тэр ч байтугай  Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт нийт төллөх малын 60 гаруй хувь нь хээл хаясан гэдэг тооцоо хүртэл гарчээ. Өмнөх жилүүдэд ийм олон мал хээл хаяж байгаагүй учраас малчид сандарч, түүний шалтгааныг олохоор хаа хаанаа л эрвийх дэрвийхээрээ зүтгэж эхэлжээ.  Тус аймгуудад өнгөрсөн 2011 оны арваннэгдүгээр сараас бруцеллёзын вакциныг бүх малд хийжээ.  Үүнээс гадна уг вакцин тариагүй мал хээл хаяахгүй байгаа нь тодорхой болж, энэ талаар багагүй судалгаа хийсэн ч харамсалтай нь үр дүнг нь ор тас нуучихсэн байх юм. Бруцеллёзын вакциныг манай улсын Био эмийн үйлдвэр хийдэг. Ер нь эл вакцин чанаргүй байдаг хэмээн малчид шүүмжилж, төл алдсандаа олон хүн харамсаад л өнгөрсөн байх юм.  Тухайн үед төл алдсан, 120 гаруй мянган мал хээл хаясны бурууг малчдад тохож, мэргэжлийн эмч нар нь “Вакцин хийснээр мал хээл хаях шалтгаан байхгүй. Учир нь, манай улс олон жилийн турш бруцеллёзын эсрэг вакциныг үйлдвэрлэж, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг өвчин гарсан голомтот газруудад жил бүр хийсээр ирсэн. Энэ хугацаанд ийм зүйл гараагүй. Ер нь вакцин хийснээр малын өвчин бүрэн эдгэрнэ гэж байхгүй. Зөвхөн дархлаа суудаг. Харин сүүлийн жилүүдэд бруцеллёз өвчин орон нутгийн малд ихээхэн илрэх боллоо. Энэ нь малчдын өөрсдийнх нь буруугаас буюу бууц хороонд ариутгал хийдэггүйтэй холбоотой. Бруцеллёз өвчний нян хөрс, бууцанд удаан хугацаанд амьдрах чадвартай байдаг.  Ялангуяа, хавар дулааны улиралд, мал төллөх үеэр халдварын дэгдэлт ихэсдэг. Бруцеллёзтой мал хээлтэх үед эхсийн шингэнд тухайн нян эрчимтэй үржиж малын хээлийг хордуулж төл амьгүй, дутуу гардаг” гэж тэднийг тас загнаад өнгөрчээ. Гэвч энэ хэргийн цаана албан тушаалтнуудын наймаа, эрх мэдэлтнүүдийн асар том эрх ашиг нуугдаж байсан бололтой.

Биокомбинат дахь улс төржилт буюу даргын төлөөх дайн

Дээрхи асуудал Монголчуудын Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртэл яригдахаар ноцтой асуудал. Монголын мал сүрэг эрүүл байх нь монгол хүн эрүүл бай хын нэг үндэс. Тиймээс ч төрөөс “Монгол мал” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, мал сүргээ эрүүлжүүлэх арга хэмжээ авч эхлээд байна. Харамсалтай нь энэ их хөрөнгө мөнгө, Монголчуудын эрүүл мэнд, малын удмын санд хүртэл нөлөөлж байгаа асуудал ердөө л Биокомбинат хэмээх жижигхэн үйлдвэрийн даргын суудлаас л үүдэж гарчээ. Тэр ч бүү хэл энэ хэрэгт Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагвыг буруутгах хүмүүс ч гарч ирээд байна.  Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагва    2000-аад оны үеэс эхлэн ХХАА-н дэд сайд, ХХАА-н сайд, УИХ-ын гишүүн зэрэг улс төрийн  албан тушаалууд хашиж ирсэн нэгэн. Гэвч түүнтэй холбоотой асар их мөнгөний асуудал гарч ирээд байна.   Д.Тэрбишдагва сайд ХХАА-н сайдаар ажиллаж байхдаа Б.Бямбаа, Б.Баттогтох нарын хувийн эзэмшлийн “Цагаан залаа агвет” ХХК-д үйлдвэрлэгддэг хуурамч,  дуураймал, чанаргүй эмийг  их хэмжээгээр худалдан авч малын эмч, малчдад үнэ төлбөргүйгээр “шахаж”  байсан гэнэ . Б.Бямбаа нь төрсөн дүү Б.Баттогтох ын хамт 1998 оноос  2011 он хүртэл “Цагаан залаа агвет” ХХК-ийн  захирлаар ажиллаж байсан  бөгөөд 2011 онд Д.Тэрбишдагва  гишүүний дэмжлэгтэйгээр Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлаар томилогджээ.

Анх Б.Баттогтохыг “Био комбинат”- ын даргаар томилогдоход л “Хүний эмч мэргэжилтэй хүн малын вакцин, ийлдэс, оношлуур үйлдвэрлэдэг үйлдвэрийг удирдаж таарахгүй” гэж “Био комбинат”- ынхан үзэж байлаа. “Төрийн өмчит компани, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын гүй цэтгэх захирлыг сонгон шалгаруулах, ажилд томилох, чөлөөлөх журам”-д заасан шиг төрийн албанд ажиллаагүй, вакцин, биобэлдмэлийн үйлдвэрлэлийн чиглэлээр ямар ч мэргэжил, туршлагагүй. Түүний хувийн “Цагаан залаа агвет” компани нь мал эмчлэхэд хэрэглэдэг химийн гаралтай эм үйлдвэрлэдэг, ийм үйлдвэр нь “Биокомбинат” шиг биологийн үйлдвэрээс эрс өөр учраас адилтгах боломжгүй. Түүнээс гадна Б.Баттогтох “Биокомбинат”-тай ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж эсэргүүцэж байлаа. эрбээр 2008 онд ХХААЯ-наас зарласан малын шимэгч хорхой устгах эмийн тендерт оролцохдоо өрсөлдөгч “Биокомбинат”-ыг унагах зорилгоор шүүхэд зарга үүсгэжээ. Үүний дараа жил буюу 2009 онд “Биокомбинат” үйлдвэрийн Чанарын хяналт шинжилгээний лабораторийн эрхлэгч Б.Дуламсүрэнгээр дамжуулан вакцин үйлдвэрлэлийн технологийн холбогдолтой баримт хулгайлсан байна. Үүнийг нь тус үйлдвэрийнхэн өөрсдөө илрүүлж, Б.Дуламсүрэнг 2009 оны есд үгээр сарын 10-нд үйлдвэрийн захирлын зөвлөлийн хурлаар ажлаас халсан аж. Түүгээр ч зогсолгүй “Биокомбинат” үйлдвэрийг шинэчлэх зориулалтаар Унгараас авч буй зээл тусламжаас хувь хүртэх зорилгоор 2010 оны хоёрдугаар сарын 28-нд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод захидал илгээж байжээ.  Тэрбээр уг захидалдаа “Зээлээр сайхан үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж ”Биокомбинат”-д бий болох хэдий ч дэлхийн биотехнологийн үсрэнгүй хурд, хөгжлийг ажил хэрэг болгох, монгол хөрсөнд суулгах чадварлаг боловсон хү- чин, мэргэжилтэн тус үйлдвэрт байхгүй гэдгийг таны сонорт энэ ялдамд хүргэж байна. Засгийн газар БНУУ-аас “Биокомбинат”- ын шинэчлэлд зориулж 25 сая ам.долларын зээл авч байгааг бид буруу гэж үзэхгүй. Гэхдээ энэ зээлийг нэгэнт хөгжихөө больсон монополь үйлдвэрт өгч, зээлийн үр ашгийг хэт бууруулснаас, биологийн 2-3 үйлдвэр байгуулахад зээлийн зохих хувийг зарцуулах нь хамгийн оновчтой шийдэл болох төдийгүй, улс орны үндэсний аюулгүй байдалд чухал хэрэгтэй. Оюуны бүтээлд суурилсан үндэсний үйлдвэрлэгчийг дэмжсэн зээл “Биокомбинат”-д ч, мөн хувийн хэвшлийн манай үйлд вэрт ч ус, агаар мэт хэрэгтэй байна. Иймд мал сүргийн эрүүл мэндийг сахин хамгаалах, улмаар хүнсний аюулгүй байдлыг хангах нэг зорилготой биологийн хоёр үйлдвэрийг өмчийн хэлбэрээр нь ялгахгүйгээр, шударга өрсөлдөх бо ломж олгон, Засгийн газрын зүгээс бодитой тусалж, ухаалгаар дэмжин дотоод, гадаадын аль нэг эх үүсвэрээс 3-4 сая ам.долларын урт хугацааны, бага хүүтэй зээлийг манай үйлдвэрт олгож өгөхийг хичээнгүйлэн хүсье”  хэмээн бичиж байсан байх юм. Ийм л ашиг сонирхолын зөрчилтэй хүнийг Д.Тэрбишдагва гишүүн дэмжиж, Биокомбинат ТӨААТҮГ-ын  дарга болгожээ.  Б.Баттогтох  Биокомбинат ТӨААТҮГ-ын  дарга болонгуутаа  тус үйлдвэрийн 20 гаруй мэргэжилтэнг хууль бусаар ажлаас халж, бөөн будлиан хутгах нь тэр. Үүнээс гадна  нэг  тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий вакциныг стандарт зөрчиж, чанаргүй үйлдвэрлэж, устгалд оруулжээ. Тэрбээр  нэг  жил гаруй хугацаанд Биокомбинатын захирлын суудалд суухдаа 300 гаруй сая төгрөг хууль бусаар захиран зарцуулсан,   үйлдвэрийн цалингийн фондыг 100 гаруй сая төгрөгөөр хэтрүүлсэн хэрэгт унаад байгаа юм.  Түүнтэй холбоотой энэ олон асуудлаас хамгийн ноцтой нь дээр дурьдсан вакцины асуудал. Өнөөдөр тус үйлдвэрийн талаар сайн мэдэх мэргэжилтнүүд “2011 онд 13 сая гаруй  тун вакциныг технологи зөрчин оройтуулж нийлүүлсэн бөгөөд хэрэглэгчдэд уг вакциныг хэрэглэх мэргэжлийн  зөвлөмж, зааврыг өгч чадаагүйн уршгаар баруун аймгуудад 120 гаруй мянган толгой мал хээл хаясан” хэмээн ярьж байна.  Хамгийн ноцтой тэрхүү вакцинаар дамжуулан халдварт өвчин тарааж,   яг өнөөдрийн байдлаар 20 гаруй сая толгой хонь, ямааг буруу тунгаар үйлдвэрлэсэн бруцеллёзын вакцинаар вакцинжуулан мал амьтдыг өвчлүүлэх, халдвар тараах онц аюултай  байдал үүсгээд байгаа гэж тэд мэдэгдэж эхэллээ. Үүнээс үүдэн малчид “Вакцин тариулчихав уу бактерлогийн  зэвсгийн туршилт болчихов уу?” хэмээн гайхшаа барж сууна. Буруу тунгаар үйлдвэрлэсэн вакцинаар тарьсан 20 сая толгой мал дараа нь ямар хор уршиг авчирах вэ гэдэг асуулт өнөөдрийг хүртэл нууц байна. Энэ талаархи мэдээллийг Хүнс хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай л сайн мэдэж байсан ч өөрийнх нь нэр нүүртэй холбоотой асуудал учраас нууцалж, малчдыг ч иргэдийг ч хохироож байгаа тухай олон хүн ярьж байсан юм.

 

Энэ талаар манай сэтгүүлч УИХ-ын гишүүн Бакейгаас тодруулсан юм.

 

УИХ-ЫН ГИШҮҮН БАКЕЙ:

ЭРХ БАРИГЧИД СОНГУУЛИЙН ҮР ДҮНД НӨЛӨӨЛНӨ ГЭЖ АЙГААД ЭНЭ МЭДЭЭЛЛИЙН НУУЦГААСАН


-Вакцин хийлгэсэн мал хээл хаяж байгаа гэдэг мэдээллийг анх та хаанаас авсан юм бэ?

-Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн салбарт тэр дундаа мал аж ахуйн салбарт багагүй хэмжээний мөнгө төгрөг төсөвлөж байгаа. Энэ нь зөв. Малаа эрүүлжүүлж, хүн амыг эрүүл найдвартай хүнсээр хангах ёстой. Гэхдээ төр татвар төлөгч нарын мөнгийг үр ашигтай зарцуулж чадаж байна уу үгүй юу гэдэг асуудал өөрөө маргаантай байгаа юм. Би бол асар их хэмжээний мөнгийг үр ашиггүй зарцуулж байна гэж боддог хүн. Өнгөрсөн оны намар баруун гурван аймагт бруцеллёз өвчний эсрэг вакцин нь малыг эрүүлжүүлэх биш харин ч эсэргээрээ  мал хээл хаях үндсэн шалтгаан болсныг малчид маань баримт нотолгоотойгоор ярьцгааж байгаа. Баруун гурван аймагт тэр дундаа Баян-Өлгий аймагт өнгөрсөн өвөл тун таатай, сайхан өвөл болсон. Гэвч хавар мал төллөх үед маш олон мал хээл хаясан. Малчид маань өөрсдөө нэг хотонд байгаа малаас вакцин хийлгээгүй нь төллөөд вакцин хийлгэсэн нь хээл хаяж байгааг мэдсэн юм билээ.

-Энэ асуудлыг яагаад олон нийтэд дэлгээгүй юм бол? 120 гаруй мянган толгой мал хээл хаяна гэдэг энэ хэрээр төл алдаж, малчид л хохирч байгаа шүү дээ?


-Тухайн үед малчид УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандсан юм билээ. Гэвч тэд шалгаж байна, нягтлаж байна гэдэг нэрээр хаацайлаад өнгөрсөн. Эцсийн дүндээ малчид л хохироод үлдсэн. Эцсийн эцэст төрийн буруугаар малчид өөрсдөө хохирч байна гэдэг маань ноцтой асуудал шүү дээ. Малчдын гомдлын мөрөөр хоёр гурван ч удаа шалгалтынхан очсон. Гэхдээ бодитой дүгнэлт хийгээгүй. “Мал хээл авсны дараа хугацаа хожимдож вакцин хийсэн байна гэдэг дүгнэлт гаргаад өнгөрсөн юм билээ. Уг нь энэ вакциныг хэзээ яаж хийх, ямар малд хийх гээд цаг хугацаа тун хэмжээг тун нарийн тааруулах ёстой байсан шүү дээ. Гэвч тэгээгүй.  Нөгөө талаар УИХ-ын сонгууль дөхчихсөн байсан учраас эрх баригчид сонгуулийн үр дүнд нөлөөлнө гэж айсан байх л даа. Ийм байж болохгүй шүү дээ. Төрийн буруугаас үүдсэн хохирлыг төр хариуцах ёстой. Нөгөө талаар энэ вакцины талаархи мэдээлэл тун бага байгаа. Өмнө нь малын вакциныг тарьдаг байсан. Энэ удаа нүдэнд нь дусаасан юм билээ. Жил бүр малын  халдварт өвчний эсрэг тарилга туулга хийхээр Улсын төсвөөс багагүй хэмжээний мөнгө  гаргадаг. Гэвч ийм байдлаар асуудалд хандаад байх юм бол эрүүлжүүлдэх биш малаа өвчлүүлээд л дуусна гэсэн үг.


-Үүнээс гадна 20 гаруй сая мал вирусын гаралтай  өвчин туссан байж магадгүй гэсэн таамаглал байгаа шүү дээ?


-Яг нарийн тодорхой мэдээлэл алга байна. Хичнээн малд яг ямар вакцин хийсэн, хаанаас хэн нийлүүлсэн бэ гэдэг нь нууц байдалд байгаад байна. Үүний цаана хэсэг бүлэг хүмүүсийн бизнес л байгаа байх.

-Вакцин бус, бактерлогийн зэвсэг туршчихлаа. Төр хариуцлага хүлээх ёстой. Энэ вакциныг хийсэн, нийлүүлсэн хүмүүс ч бас хариуцах ёстой. Хамгийн гол нь  малчдад төр нөхөн олговор олгох ёстой гэдэг яриа бий. Та үүнтэй санал нийлэх үү?


-Санал нийлэлгүй яахав.

Shudarga.mn

Нийтэлсэн: 2012-10-17 09:59:35

Нийт сэтгэгдэл: 1

  • Зочин

    бадамжунайг шалгах хэрэгтэй холбогдох бүх хүмүүсийг шалгааяч төр хяналтаа тавь холбогдох байгууллагууд яагаад дуугарахгүй абйгаа юум бэ

    Зочин 2012-10-17 12:03:46     49.0.155.228          (1)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.