Цахим хэвлэл мэдээллийн хэрэгслийг тойрсон асуудлаар сэтгүүлч Д.Болдхуягтай цөөн хором ярилцлаа.
-Харилцаа холбооны зохицуулах газраас нэр бүхий сайтуудыг хаасан. Үүнийг зарим нэг хүмүүс хэвлэлийн эрх чөлөөг боомилсон, цахим хэвлэлийг барьсан Хятад шиг үйлдэл гэж хараад байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Тодорхой сайтуудыг ямар үндэслэлээр, яагаад хаагаад байгаа тухай надад эрх мэдэл нь байхгүй учраас яримааргүй байна. Гэхдээ Мэдээллийн сайтын ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүний хувьд, энэ салбарт зүтгэж байгаа хүний хувьд хэлж ярих юм бий. Оюуны өмчийн хулгайн асуудал бол зөвхөн сайтуудад ч байгаа асуудал биш. Сонин, телевиз, радио гээд хэвлэл мэдээллийн бүх л салбарт оюуны өмчийн хулгай, зохиогчийн эрхийн асуудал тулгамдаад байгаа. Энэ нь тухайн салбарыг өөдлөн дэвжих бүх л бололцоог нь боомилж байгаа оосор болж хувирсан. Өөрөөр хэлбэл, хэн нэгний оюуны бүтээлийг зөвшөөрөлгүйгээр хэрэглэхээр тухайн бүтээлийн үнэ цэнэ нь багасаад байгаа юм. Энэ бага зах зээл дээр худалдаж авдаг бүтээгдэхүүн нь хулгайн бүтээл байхаар эргээд худалддаг бүтээл нь үнэ цэнэгүй болчихоод байна.
Ямар ч хэвлэл мэдээллийн байгууллагад, тухайлбал, телевизэд секунд нь 5000 төгрөгөөс доошгүй байж л цалин хөлс тавих, маркетинг, менежментдээ зарцуулах мөнгөтэй болно биз дээ. Энэ байдал зөвхөн телевиз дээр ч яригддаг эд биш. Хэвлэл мэдээллийн бүх л салбарт яригдана. Үүгээр л зах зээлээ тэлж, энэ салбарт ажиллаж байгаа байгууллагууд шударгаар өрсөлдөж чадна. Оюуны өмчийн хулгай, зохиогчийн эрхийн зөрчил байгаа нөхцөлд энэ бүхэн ямар ч бололцоогүй болчихдог. Энгийнээр тайлбарлахад Кока-Колагийн ундааг Пепсигийн сүлжээ дэлгүүрээр зардаггүй л биз дээ. Иргэн Доржийн хийсэн шаахайг том дэлгүүр дээр зарчихаад Доржид мөнгө өгөхгүй бол энэ гэмт хэрэг гэж ойлгогдоно биз дээ. Үүнтэй л адилхан. Түүнээс биш “залуу” ком байна уу, “ахмад” ком байна уу, “бүсгүй” ком байна уу ямар ч хамаа байхгүй. Зүгээр л зохиогчийн эрхээ зөрчихгүй байхад л хангалттай. Хэвлэлийн эрх чөлөө гэдгийг зөвхөн нэг, хоёрхон сайтын эрх, эсвэл бусдын эрх чөлөөг булааж авж байгаа хүмүүсийн урдаа барьдаг туг, чанга хашхирдаг уриа, лоозон биш. Энэ бол бүх хүний эрх. Хэдэн сэтгүүлчдийн ч хувийн өмч биш. Энэ бол Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар заагдсан үндсэн эрхээ эдлэх тухай л санаа. Хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага, түүнд ажилладаг хүмүүсийн өмчлөх зүйл биш. Цаанаа мэдэх эрх, өөрийн бодолтой байх эрх, өөрийн бодлоо илэрхийлэх тийм л үндсэн эрх. Тийм ч учраас Монголын ардчиллын үнэ цэнэтэй нарийн холбогдож байдаг зүйл.
-Автортай нь тавьчихсан мөртлөө ашиг олоод байгааг юу гэж ойлгох вэ?
-Яг тийм. Тухайн сэтгүүлчийн бүтээлийг ямар ч зөвшөөрөлгүй нэг сайт дээр тавьчихдаг. Гэтэл нөгөө сайт нь баннер тавиад мөнгө олж байгаа л биз дээ. Энэ бол зөвхөн урлагийн болоод сэтгүүл зүйн салбарт л байгаа завхарсан тогтолцоо. Одоо жишээлбэл, ямар нэгэн компаниас авсан бүтээгдэхүүнийг дэлгүүрийнхээ лангуунд тавьсныхаа төлөө тухайн компанид мөнгө төлдөг биз дээ. Хэрвээ тухайн компанидаа ч мөнгө төлдөггүй, тэр компан нь ч төлдөггүй тийм тогтолцоо байвал энэ бизнес нэг их хол явахгүй шүү дээ.
Та бүхэн АПУ-гийн архийг “Монфреш”-ийн нэр дээр худалдаалж байсныг харсан уу. Пепсигийн шошготой мөртлөө Кока-Кола гэж бичсэн ундаа байхыг хараагүй л биз дээ. Энэ бол бизнес анх үүссэн эрт цагт ч байгаагүй зүйл. Хэрвээ тухайн сэтгүүлчийн бүтээлийг нийтэлж байгаа бол хуулж тавьсан сайт нь мөнгө төлөх хэрэгтэй. Их хүн уншаад, хандалт нь өндөр байвал тэр хэмжээгээрээ урамшуулал өгөх хэрэгтэй шүү дээ. Мэдээж тухайн сайт хуулж тавьсан мэдээлэл дундаа баннер байрлуулсан л байж таараа. Үүгээрээ ашиг олж байгаа нь тодорхой. Тэгвэл тухайн сэтгүүлчид нь мөнгө төлөх л ёстой шүү дээ. Нэгэнт л тухайн сайтаас бүтээлийг нь автортай нь хамт тавж байгаа бол олсон ашгаа ч бас хуваалцах үүрэгтэй. Энэ нь шударга ёсонд нийцнэ. Гэтэл өнөөдөр бүтээлийг нь нэртэй нь хамт хуулаад байгаа мөртлөө ашгаа хуваалцаж чадахгүй байна шүү дээ. Бид нар өнөөдөр глобальчлагдсан дэлхий ертөнц дээр амьдарч байна. Монгол Улс чинь дэлхийн улс биз дээ.
Манай улс олон улсын гэрээ, конвенциор оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар тэмцэнэ гэж энэ конвенцид нэгдэн ороод гарын үсэг зурчихсан. Алдагдсан боломжийн өртөг маш өндөр байдаг гэсэн үг байдаг шүү дээ. Би сая нэг кинон дээр продюсерээр ажиллаа. Энэ хүрээнд гадны продюсенгийн тухай судалж үзлээ л дээ. Оросын кино урлаг сүүлийн 20 жилд асар том уналтад орсон байна л даа. Дотоодын зах зээл дээрээ АНУ-ын кинонуудад зах зээлээ алдаж эхэлсэн. Үүний гол буруу нь АНУ-ыг Оросын бүх кинонууд даган дууриаж, хуулбарлаж байгаатай холбоотой болж таарсан. Хэрвээ оросууд сонгодог утга зохиолынхоо өв соёл дээр суурилсан, Оросын киноны школыг шинэ цаг үед ашигласан бол зах зээлээ АНУ-д алдахгүй байсан. Монголын хэвлэл мэдээллийн салбар яг үүнтэй л адилхан байна. Хэрвээ бид нэг, нэгнээсээ хуулсаар л байх юм бол Монголын хэвлэл мэдээллийн салбар уналтад орж, зах зээлээ алдаж, сэтгүүл зүйн үнэ цэнэгүй байсаар л байх болно.
-Тухайн сайтаас автортай нь хуулаад тавьчихдаг мөртлөө үүнийг зохиогчийн эрх зөрчөөгүй гэж ойлгодог нэг хэсэг хүмүүс бий?
-Мэдээг олж авахын тулд эхлээд мэдлэг боловсрол хэрэгтэй. Тухайн сэтгүүлчийн эх сурвалжийн сүлжээ хэрэгтэй. Жишээлбэл, нэг сэтгүүлч ганцхан мэдээ, сурвалжлага олж авахын тулд цаг хугацааны, тээврийн, бодит мөнгөний, оюун ухаан, ур чадварын гээд асар их хэмжээний хүч, хөрөнгө зарцуулж байдаг. Үүнийг чинь тухайн редакци, хэвлэл мэдээллийн байгууллага үнэлээд бичлэгийн урамшуулал, цалин өгдөг.
Мөн дээрээс нь тухайн байгууллага нийгмийн даатгалын шимтгэл, татвараа төлж байгаа. Ер нь хувь сэтгүүлчийн хийсэн бүх зүйл чинь өөрөө бүтээгдэхүүн юм. Бүтээгдэхүүн бүр өөрийн өртөгтэй байдаг. Гэтэл тухайн редакцийн, хувь сэтгүүлчийн зардал, зардал биш юм аа гэхэд цалингаа ч олгохгүйгээр бэлтгэсэн бүтээгдэхүүнийг нь зөвшөөрөлгүйгээр шууд булааж авчихаад, түүгээрээ ашиг олоод байгаа нь өөрөө маш буруу үйлдэл. Би дахин зүйрлүүлж хэлье л дээ. Таны унаж байсан машиныг найз чинь аваад зарчихаж. Тэгээд танд ямар ч мөнгө өгсөнгүй. Энэ бол хулгайд тооцогдоно биз дээ. Хичнээн Доржийн машиныг зарсан гэж хашхираад ашгаа хуваалцаагүй л бол энэ хулгай болно. Жижигхэн зах зээлд шударгаар өрсөлдөж амьдрахаас өөр арга байхгүй. Харин бусдаас ялгарахын тулд юугаар төрөлжиж байна вэ гэдэг бол өөр асуудал.
Өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн салбар нэг нэгнээсээ ялгарч чадахаа больсон. Яг л зохиолын дуучид нэг сэдвээр, адилхан аяар дуулдаг шиг. Харин ялгарч чадахын тулд юу хийх вэ гэдгээ бодож олдог, түүнийгээ хэрэгжүүлдэг байх ёстой. Зах зээл дээр оршин тогтнох ганц үндэс нь бусдаас ялгарах шүү дээ. Манайхаас том зах зээлд ч ийм зарчим мөрдөгддөг. Жижигхэн зах зээлд энэ асуудал бүр ч чухал байр суурийг эзэлнэ. Ялгарч чадаагүйгээс болж яаж дампуурсныг хамгийн түрүүнд богино долгионы радио станцуудын уналт харууллаа шүү дээ. Би худлаа санаагүй бол хамгийн анх фм радиогийн рекламны нэг секундын үнэ 5000 төгрөг байлаа. Гэтэл нэг нэгнээсээ ялгарахаа больсон олон фм-үүд байгуулагдсанаас болж рекламны үнэ аажмаар унасан. Унан, унасаар нэг секундын рекламны үнэ сүүлдээ бараг 50 төгрөг боллоо шүү дээ. Бүр сүүлдээ буузны гуанзтай хүртэл гэрээ байгуулаад бартераар реклам явуулдаг болсон. Ашиг орлого нь буураад ирэхээр өндөр цалин өгч чадахаа болино. Өндөр цалингүй болохоор тухайн сэтгүүлч өсөн дэвжих ямар ч боломжгүй болно. Нийгмээсээ түрүүлж явах ёстой хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийгмээсээ хэдэн алхмын цаана хоцорно. Энэ бол гашуун үнэн. Эхний шинж тэмдгүүд нь одоо сонин болоод телевиз дээр ажиглагдаад эхэллээ шүү дээ. Хэрвээ хуулбарлах, оюуны өмчийг хулгайлах асуудал байсаар л байвал сэтгүүл зүйд сэтгүүлчдийн ур чадварыг дээшлүүлэх капитал үлдээх боломжгүй болно. Үүнээс шалтгаалаад сэтгүүл зүй уналтад орно шүү дээ.
-Үүнд тэгээд хэн буруутай юм бэ?
-Ер нь аливаа нэг нийгмийн өөрчлөлт, шинэчлэлт хийхэд саад болдог нөлөө бүхий таван бүлэг хүмүүс байдаг гэнэ. Хууль шүүхийн салбарт шинэчлэл хийе гэвэл хуульчид, боловсролын салбарт шинэчлэлт хийхэд багш нар, анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт шинэчлэлт хийхэд эмч нар, улс төрийн салбарт шинэчлэлт хийхэд улстөрчид, хэвлэл мэдээллийн салбарт шинэчлэлт хийхэд сэтгүүлчид нь хамгийн их саад тотгор учруулдаг аж. Тэд хүсээгүй цагт өөрчлөлт шинэчлэлт хэзээ ч ирэхгүй. Тэгээд ч энэ таван бүлгийн хүмүүс болохгүй байгаа зүйлээ хамгаалаад үлдэх чадвар өндөртэйд тооцогддог юм байна. Адаглаад бид зохиогчийн эрхээ зөрчихгүйн тулд өөрсдөө хүний бүтээлийг хуулаад тавьчихдаггүй совесттой байх ёстой. Одоо зохиогчийн эрхийн төлөө хийж байгаа санал санаачилга гарч байгаад баярлаж байна. Түүнээс биш 16 сайт хаасан уу, 16 сайт нээгдсэн үү гэдэг нэг их ач холбогдолтой зүйл биш. Ер нь оюуны өмчийн хулгайн тухай урлагт ч хүчтэй яригддаг. Кино хийж байгаа хүмүүс өнөөдөр ганц л зүйлийн төлөө бурхандаа залбирдаг болсон. Кино театрт гарахаас өмнө хулгайд битгий алдагдчихаасай гэж. Гэтэл хөдөө орон нутагт үзүүлж байгаад хулгайд алдагдаад удалгүй интернетэд тавигдчихдаг. Энэ киног хийхийн тулд санааг нь олохоос авахуулаад, кинонд тоглож байгаа жүжигчдэд хөрөнгө мөнгө өгөх гээд асар их хөрөнгө, хүч, цаг хугацаа зарцуулдаггыг хэн ч мэдэхгүй. Хэрвээ хулгайд алдагдлаа гэхэд хэн хохирлыг барагдуулах юм бүү мэд. Үүнийг уг нь Соёлын яам нь хариуцах ёстой. Түүнээс биш ганцхан динозаврын яс яриад Монголын соёл дээшилчихгүй байх л даа. Оюуны өмчийн тухайд томоохон реформ үнэхээр хэрэгтэй байна.
-Оюуны өмчийг хамгаалах тухай хууль эрх зүйн орчин, үүнийг анхаардаг эрх мэдэл бүхий хүн байхгүй болохоор энэ асуудал шийдэгдэхгүй байна гэж харагддаг?
-Одоогоор оюуны өмчийн тухай хууль хэрэгжиж байна. Дээрээс нь Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенцууд байна. Энэ ажлыг хариуцсан нэг ч бүрэн эрх эдэлдэггүй, дан ганц үүрэг хүлээсэн агентлагууд бий. Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг гээд бүтэц байна. Сайн дурын болоод төрийн бус олон байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Ийм олон газар байна гээд сэтгүүлчид, уран бүтээлчид зүгээр сууж бас болохгүй. Хэвлэлийн мэдээллийн салбарт сэтгүүлчид нь, уран зохиолын салбарт зохиолч, яруу найрагчид нь, урлагын салбарт, дуучид, хөгжмийн зохиолчид, кино урлагын салбарт жүжигчид, найруулагч, зураглаач нар тэмцэх ёстой. Өөрсдийн эрх ашгийнхаа төлөө тэмцдэг байх учиртай. Оюуны өмчөө хулгайд алдсан гэдгээ мэддэг, түүнийгээ холбогдох төрийн байгууллагуудад мэдэгддэг мэдлэгтэй байх учиртай. Хэрвээ бид нар л нэгдэж, эрхийнхээ төлөө тэмцэж чадвал энэ асуудал цэгцрэх бүрэн боломжтой юм. Бид нар өөрсдөө үүнийгээ ойлгохгүй бол сайхан үгтэй олон хууль, тогтоомж байгаад ямар ч хэрэггүй шүү дээ.
-Хэрвээ мэргэжлийн байгууллага нь эрх мэдэлтэй, мэргэжлийн төвшинд ажиллаж чаддаг байсан бол төр хүртэл хэвлэл мэдээллийн дотоод асуудалд оролцохгүй байсан байх гэж боддог. Үүнийг та хэрхэн дүгнэдэг вэ?
-Хэвлэл мэдээллийн өөрийн механизм өнөөдөр үнэхээр үгүйлэгдэж байна. Хэрвээ үүнийг эхлүүлье гэвэл зөвшөөрөх нь хэд билээ гээд олон асуудал гарч ирнэ. Бид хэвлэлийн хараат бус байдлын тухай их ярьдаг. Гэхдээ хэвлэл нь, хэвлэлдээ халдаад байгааг юу гэж ойлгох вэ? Хууль, шүүхийн байгууллагаас, улстөрөөс бизнесээс, олон янзын бүлэглэлээс хараат бус байна гэдгийг хэвлэл нь, хэвлэлдээ халдаж байгаа энэ үед ярих ямар ч бололцоогүй болчихоод байна. Энэ тухай яриа хөөрөө, шүүмж, ажил хэрэг хэрэгжиж эхэлсэн нь сайн хэрэг. Өөрийн механизм үнэхээр хэрэгтэй.
-Яг яавал өөрийн механизм бий болох вэ?
-Оюуны өмчийн тухайд хэрэгжүүлэх олон агетлаг, хороод байгаа. Хууль эрх зүйн орчин ч байна. Энэ бол төрийн чиг үүрэг. Учир нь хууль дүрэм журам бүгд байна. Харин бид оюуны өмчөө хамгаалуулах тал дээр оролцох ёстой. Төрд даатгаад зүгээр суухын нэр биш. Өөрийн механизмын нэг шийдэл нь ёс зүй болоод мэргэжлийн ур чадвар, мэргэжлийн алдааны тал дээр өөрийгөө зохицуулах хэвлэлийн консул хэрэгтэй. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулинд энэ талаар тусгасан байгаа. Удахгүй өөрийн механизм бүрэлдэх байх. Оюуны өмчийн асуудал гэдэг бол зөвхөн оюун ухаанаар хязгаарлагдахгүй. Эдийн засгийн сонирхол цаана цухалжиж байгаа. Нэг ёсондоо гэмт хэргийн нэг хэлбэр. Тиймээс үүнийг төр чиглүүлэх ёстой.
-МУИС болоод томоохон сургуулиудын сэтгүүл зүйн багш нар энэ үйл явдлаас өмнө нь болон дараа нь цахим сэтгүүл зүйг, сэтгүүл зүйн салбар гэж нэрлэх үү үгүй юу гэж маргалддаг. Бүр нэрлээд хэрэггүй гэж ч нэрлэдэг нэг хэсэг хүмүүс бий. Энэ ер нь хэр зөв шийдэл юм бэ?
-Өнгөрсөн жил хэвлэлийн эрх чөлөөний өдрийг дэлхий даяар тэмдэглэхдээ би буруу санаагүй бол цахим медиа буюу шинэ төрлийн медиа хэрэгсэлд ач холбогдол өгч тэмдэглэсэн гэж ойлгож байгаа. Одоо бүр төрөлжөөд фейсбүүк, твиттер гээд олон нийтийн болж өөрчлөгдөж байна. Хүссэн ч, эс хүссэн ч маш олон давуу талуудыг нийгэмд авчирч байгааг бид бүхэн ойлгох хэрэгтэй. Цахим засаглалыг хөгжүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэглэгчийг шууд татан оролцуулах, эргэх холбоонд байх, цаг хугацаа орон зайн давагдашгүй хүчин зүйлээс зааглаж байна. Улаанбаатар хотод таван минутын өмнө орсон мэдээллийг Ховд аймгийн жирийн малчин хэдхэн минутын дараа уншиж байна. Энэ мэтчилэн маш олон давуу талыг нийгэмд бий болгож байгаа. Үүний зэрэгцээ сөрөг талууд байна. Сэтгэгдэл нэрээр хүний нэр төрд бүдүүлгээр халдаж байгаа. Эерэг болоод сөрөг зүйлсийг нь зохицуулж хөгжих юм бол цахим медиа гэдэг бол зүгээр л давуу хэлбэрийн л асуудал. Түүнээс биш агуулгын хувьд салангид зүйл огтоосоо биш. Сайтан дээр мэдээлэл, сурвалжлага, ярилцлага, нийтлэл, өгүүлэл, шар мэдээ гардаг. Сонин дээр ч энэ бүх зүйлс гардаг шүү дээ. Түүнээс биш сонин өөр агуулгатай мэдээлэл гардаг, сонин болоод бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр үүнээс өөр утга, агуулга бүхий мэдээлэл гардаггүй биз дээ. Энэ бол зүгээр л дамжуулж байгаа хэлбэрийн л асуудал. Тэр байтугай орчин үеийн техник технологийн хосгүй шийдэл болсон энэ хэрэгслийг ашиглаад хүргэж байгаа хэвлэл мэдээллийн нэг салбарыг үгүйсгэж байгаад би л лав итгэхгүй байна. Арай ч үгүй байлгүй дээ. Жалга довноосоо гарч чадахгүй энэ үзэл яг үнэндээ сэтгүүл зүйд хэрэгггүй. Харин монгол контентын агуулгыг яаж илүү олон болгох вэ, хүний эрхийг хэрхэн дээдэлдэг байх вэ, мэргэжлийн төвшинд хэрхэн нийцүүлэх вэ гэдэг бол өөр асуудал. Мөн хэрэглэгчдэд интернэт хэрэглэх соёл, зөв дадал хэрэгтэй. Яг л далай дотроос сувд шүүрхийн адил өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллийг олж авдаг чадвартай байх нь зүйд нийцнэ. Тэгээд ч ер нь бүх салбарт “Баянмөнх, Мөнхбат” шиг хүмүүс байх ёсгүй биз дээ. Тэр хүмүүс л зөвхөн үнэнийг хэлдэг байх ёсгүй.
-Цахим сэтгүүл зүй, бүр цаашлаад сэтгүүл зүйд эздийн эрх ашиг гэдэг зүйл байгаа учраас шинэчлэл тэр бүр амар хэрэгжихгүй гэж ярьдаг. Хуулдаг үйлдлийг ч эздийн ашиг сонирхол гэж хардаг хүмүүс бий?
-Тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн сандал, ширээ, компьюьер гээд эд юм байна аа даа. Тэр бол өмч. Тухайн байгууллагын хөдлөх болоод үл хөдлөх хөрөнгө бол өмч. Зүгээр л нэг хэсэг нь. Харин үнэ цэнэ яриад эхэлбэл огт өөр зүйл болоод хувирна. Тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэлийн бодлого, давуу тал, үнэ цэнэ, дизайн, редакцийн бүрэлдэхүүн, зах зээлд эзэлсэн байр суурь, тухайн редакцийн нэр хүнд бол үнэ цэнэ. Түүнээс биш хувь эзэмшиж байгаа хүмүүс нь гарч ирээд тэр сайтаас үүнийг хулгайл, тэр зургийг нь хуулаад тавь гэж хэлдэггүй л байх.
-Гэхдээ өрсөлдөөн гэдэг нь хэр шударга байгаа бол гэдэг нь хамгийн гол асуудал байх л даа?
-Өрсөлдөөн гэдэг бол сөргөлдөөн биш. Боксд жишээлбэл улаан, цэнхэр булангаас гарсан аль нэг тамирчин нь дандаа бүсэлхийнээс доогуур цохиод байдаггүй биз дээ. Хэрвээ тоглолтын явцад бүсэлхийнээс доогуур цохиод л байх юм бол шүүгч нар арга хэмжээгээ аваад улаан карт өгөөд хөөгөөд явуулдаг шүү дээ. Үүнтэй л адил. Гэхдээ бүсэлхийнээс цохиод байсан тамирчин засраад хэдэн жилийн дараа талбайд гарч болно. Түүнээс биш чи байнга бүсэлхийнээс доогуур цохьдог гээд карьерийг нь дуусгадаггүй биз дээ. Ийм л зүйл. Хаагдсан сайт нээгдэж болно. Шинээр олон сайт нээгдэж болно. Түүнээс биш ашгүй сайтууд хаагдаж байна хэзээ ч битгий нээгдээсэй, эсвэл манай сайт хэзээ ч битгий хаагдаасай гэсэн зүйл огт байхгүй гэж харж байгаа. Гэхдээ хаагдсан ч бай, нээгдсэн ч бай бусдын бүтээлийг зарж ашиг олсоныхоо төлөө, тухайн сэтгүүлчид ашгаасаа хуваалцдаг л байх ёстой. Өөр ямар ч салбарт ийм зүйл байдаггүй. Хүний юмаар хүүдэгнээд ашгаа өгөхгүй сууж байдаг нэг ч салбар байдаггүй. Яаж ч бодсон тухайн сэтгүүл зүйн бүтээл мэргэжлийн төвшинд хүрсэн л байх юм бол реклам түүн дээр цуварна биз дээ. Хувь сэтгүүлчийн бүтээл дээр реклам байршаад, хандалт нь нэмэгдээд эхэлбэл сэтгүүлчийн цалин ч биш дагаад нэмэгдэнэ. Энэ бол зах зээлийн шударга зарчим. Хэрвээ монголын зах зээлд тухайн үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүнийг авч байрлуулсан дэлгүүр, баар, ресторан үйлдвэрлэгчдэд ямар ч хувь, орлогынхоо тэдэн хувийг өгдөггүй тийм газар байх л юм бол бүгдээрээ хуулаад яв л даа. Нэг ёсондоо ямар ч зарлага байдаггүй ашиг олдог тийм газар байдаг бол хамаа алга. Даанч ийм тогтолцоотой нэг ч бизнесийн, зах зээлийн байгууллага байхгүй.
-Сүүлийн асуулт. Та бид хоёр зохиогчийн эрхийн тухай багагүй хугацаанд ярилцлаа. Болдхуяг өөрөө сайттай, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж яагаад ийм юм яриад байна гэж үзэж байгаа хүмүүс байгаа байх. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Надад өнөөдөр ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл алга. Нэг хувийн ч хувьцаа байхгүй. Би зүгээр л нэг нийтлэлч. Бусдын талбар дээр бичиж байгаа хүн. Ямар ч хүн өөрийн бичсэн зүйлээсээ ашгаа хүртэж чаддаг, хөдөлмөрөө үнэлүүлдэг л байх учиртай.
Б.Болорсүх
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.