Цорын ганц халамжийн цэцэрлэг “Ивээл”

Үнэлэх
(0 үнэлгээ)

 

 
Монголын үндэсний олон нийтийн радиа телевизийн дэргэдүүр өгсөөд Баянхошуу орох замд буюу хүмүүсийн хэлж заншсанаар Телевизийн шинэ эцсийн буудлын наахна “Зочид буудал”, “баар”, “ресторон” гэсэн таван давхар саарал байшин хэн хүний нүдэнд туссаар хоёр жилийг үдсэн. Хажуугаар нь өнгөрсөн нэгний нүдэнд согтуу хөлчүү хүмүүс холхилдож, засмал замтай ойрхон болохоор заримдаа тэд дайруулчих шахам замын хөдөлгөөнд саад учруулдаг байлаа. Гэтэл өнгөрсөн есдүгээр сарын нэгнээс эхлэн өнгө зүс нэмж “Ивээл” хүүхдийн халамжийн цэцэрлэг болгон хаягаа өөрчилсөн байв. Хажуугаар нь өнгөрөх бүрийд хүүхдийн дуу цангинаж, урьдын сэтгэлд хоногшсон дүр төрх “түүх” болон үлджээ. Хэн хүний ямар учраас, хэн гэгч буянтны санаачилгаар байгуулагдсан халамжийн цэцэрлэг юм бол гэх бодлыг тайлахаар манай сурвалжлах хэсэг тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн юм.

Өөдлөх айлын өнгө үүднээсээ

Өгөх нь авахаас илүү ерөөлтэй… Яг л энэ үгээр сурвалжилгаа нэрлэмээр санагдсан юм. Учир нь өөдлөх айлын өнгө төрх үүднээсээ гэгчээр “Ивээл” халамжийн цэцэрлэгээр орсон хэн бүхэнд цэвэр тохилог орчин, “Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй” хэмээх үг угтана. Тэдний үйл ажиллагаа ч, энэ зарчмаар явдаг нь сайхан санагдаж байлаа. Тус төв нь Монголын Үндэсний Хүмүүнлэгийн сангийн  санаачлагаар өнгөрсөн есдүгээр сард байгуулагджээ. Одоо 12 бүлэгтэй 300 гаруй хүүхэдтэй 54 багш ажилчинтай үйл ажиллагаа явуулдаг юм байна.

“Ивээл” цэцэрлэг цорын ганц

Тус халамжийн цэцэрлэг Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн амжиргааны түвшин доогуур айл өрхийн хүүхдүүдийг авдаг, Монгол Улсдаа цорын ганц гэж хэлж болно. Учир нь улсын цэцэрлэгүүд асрамжийн, сувиллын, энгийн, ердийн гэсэн дөрвөн бүлэгт хуваагдаж үйл ажиллагаа явуулдаг бол халамжийн цэцэрлэг цорын ганц нээгдсэн нь “Ивээл” юм. Одоогоор тус цэцэрлэгт хагас өнчин хэсэг бүлэг хүүхэд байдаг бол бүтэн өнчин хүүхэд байхгүй. Цэцэрлэгийн үйл ажиллагаа дан ганц хүүхдүүдэд чиглэдэггүй, тэдний эцэг, эхэд чиглэсэн амжиргаагаа хэрхэн дээшлүүлэх сургалт явуулж ар гэрт нь дэмжлэг туслалцаа үзүүлдэг гэж дэд захирал Ц.Инъяахүү  нь онцолж байлаа.

Чанартай хоол хүнс “Ивээл” цэцэрлэгийн баталгаа

Бяцхан үрсээ эрүүл аюулгүй орчинд хүмүүжүүлэхийн тулд тус төвийн багш, албан хаагчид нэн түрүүнд анхаардаг юм байна. Үүний нэгэн жишээ гэхэд улсын цэцэрлэгт нэг хүүхдэд өгөх өдрийн хоолны мөнгийг 1100 төгрөгөөр төсөвлөсөн байдаг бол энэ цэцэрлэгийн үрс өдөрт 2800 төгрөгийн хоол хүнс хэрэглэдэг байна. Мөн бид ердийн цэцэрлэгийн хүүхдүүдийг ажаад байхад өдөр 16 цагаас аягахан цай, зүсэм талх юм уу, нэг ширхэг боорцог иддэгийг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл “Ивээл” цэцэрлэг үдээс хойш дахин хоёрдугаар хоолоор хүүхүүдээ хооллож гэртээ харихад нь “тэднийг хуурах” чихэр, жимс, ундаа өгч явуулдаг нь хэвшил болжээ. Тэдний эцэг эхчүүд ч гэсэн “Манай хүүхэд ирээд хоол идэхгүй юм. Өлсөөгүй байна аа гээд ундууцах юм. Хүүхдийг минь ая тухтай байлгадаг та бүхэнд баярладаг шүү” гэсэн халуун дулаан үгээ багш нарт олонтаа хэлж байжээ.

“Өндгөн цэцэг”

“Ивээл” цэцэрлэгийн анги танхимаар ороод явж байхад бяцхан үрс маань өндгөн хэлбэртэй саванд цэцэг ургуулсан нь харагдсан. Түүнийгээ “минийх ийм гоё ургаж байгаа юм чинь” гээд л ам уралдан шулганах нь өхөөрдмөөр. Багшаас нь энэ талаар сонсвол Монголын Үндэсний Хүмүүнлэгийн сангийн санаачлагаар “Өндгөн цэцэг ” төслийг тус цэцэрлэгт хэрэгжүүлж байгаа нь энэ гэнэ. Зориулалтын баглаатай өндгөн савтай цэцгийг ургуулахын тулд дээх нь хэсгийг нь хагалж хөрсөнд нь үрийг нь суулгаж, тайлбарын дагуу арчилсаар шар, цэнхэр, цагаан дэлбээтэй цэцэг ургадаг байна. Арчилгаа нь ч бас тийм амар биш ээ. Учир нь хүүхдүүд маань өглөө бүр өөрсдийн цэцгээ “Би чамд хайртай” хэмээх үгээр урамшуулж, усалж торддог гэсэн. Тиймдээ ч, хамгийн сайн цэцгээ хайрлаж, энхрийлдэг хүүхүүдийн цэцэг хамгийн гоёоор “ургасан” байна билээ. Үүнийг багш нар “ Бид хүүхдүүдийг зүгээр нэг гаргасан стандартын дагуу сургаж хүмүүжүүлэхээсээ илүүтэй, эх дэлхийгээ, эцэг эхээ, найз нөхдөө хайрлах ухаанд өдөр бүр сургаж хүмүүжүүлдэг “ хэмээн ярьж байлаа. Өө тийм. Хүүхдүүд маань өглөө цэцэрлэгтээ ирээд хамгийн түрүүнд өөртөө хайртай гэдэг үгийг хэлдэг гэсэн. Учир нь байгууллагын дэд ерөнхийлөгч  С.Пүрэвсүрэн эгч маань “Хүн өөрийгөө хайрлаж, өөрөө зөв сэтгэж эерэг бодолтой байж бүхнийг хийж бүтээнэ” хэмээн байнга захьдаг юм билээ. Сурвалжилга хийгээд явж буй бидэнд ч энэ үг сайхан санагдаж, сэтгэл өөдрөг байх нь хамгийн чухал юм аа гэсэн бодолтой гарсан шүү.

Сахилгагүй… Гэхдээ хамгийн мундаг хүүхдүүд

Цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж яваад хамгийн ихээр дуу хадаасан ангийн үүдэнд очлоо. Энэ нь Д. Тунгалаг багштай хөвгүүдийн дөрвөн настны бүлэг гэнэ. Учир нь тус цэцэрлэг хүүхдүүдээ эмэгтэй, эрэгтэйгээр нь мөн нас насаар нь анги болгон хуваажээ. Энэ ангид ороход хөвгүүд л хойно ноцолдох нь ноцолдож, тоглох нь тоглож байгаа харагдсан. Харин Д.Тунгалаг багш “ Миний хүүхдүүд чинь сахилгагүй ч гэсэн хамгийн мундаг шүү” гэсэн үгээр тэднийг “өмөөрч” байсан юм. Цаашлаад охидын өрөөнд ороход тэд их эмх цэгцтэй байсан бол хоёр, гурван настнуудын зарим нь аав, ээжийгээ санасан уу, бишүүрхэнгүй сэтгэлээ дийлж ядан уйлж байгаа харагдсан.

О.Анужин: Цэцгэндээ өдөр бүр хайртай гэж хэлдэг

Гурван настнуудын ангийн сурагч О.Анужинтай цөөн хором ярилцлаа.

-Анужингийн цэ­­цэг хамгийн гоё урга­сан байна. Цэц­гээ өдөр бүр усалдаг уу?

-Тийм ээ. Би бас цэцгэндээ өдөр бүр хайртай гэж хэлдэг. Тэгээд л гоё, хурдан ургаад байгаа байх.

-Ямар мундаг хүүхэд вэ. Цэцэрлэгт явах гоё байна уу?

-Гоё байгаа. Зөндөө олон найзтай болсон. Бас олон шүлэг, дуу мэддэг болсон. /Дуулж үзүүлэв/

-Чи гэрийнхээ хоолонд дуртай юу. Цэцэрлэгийнхээ хоолонд дуртай юу?

-Цэцэрлэгийн хоолонд. Манай багш бас орой явахад гоё алим, ундаа өгдөг.

-Миний дүү багшдаа хайртай юу?

-Хайртай. / Багшаа би танд хайртай/ гэж хэлэв.

Жишиг цэцэрлэг болох тэдний зорилго

С.Пүрэвсүрэн  эгч юмны нарийн учрыг олж юмхнаар юм хийчихдэг сэргэ­лэн, адтай бүс­гүй юм билээ. Улсын болон ямар нэгэн байгууллагын хараа хяналт дор сан­­хүү­жилтээ зохи­цуул­даг­гүйн атлаа энэ айлыг нуруун дээрээ үүрч яваа “ганц” хүн. Халамжийн цэцэрлэгээ анх бай­гуул­чихаад олны хэл аманд өртөж зөндөө саад бэрхшээлтэй тулгарснаа ч тэр нуугаагүй. Гэтэл тэр энэ бүгдэд шантрахгүй 2014 он гэхэд жишиг цэцэрлэг болох зорилго тавин аймаг, сум, дүүрэг болгонд “Ивээл” халамжийн цэцэрлэг байгуулна гэж ярьж байна. Тиймдээ ч СХД-ийн 28 дугаар хороонд, Сүхбаатар дүүрэгт салбараа нээж цэцэрлэгийн засвараа эхлээд дуусах шатандаа яваа гэсэн. Мөн биднийг улсаас та бүхэнд дэмжлэг туслалцаа үзүүлдэг үү гэхэд “Бид хүүхдүүдийнхээ ядаж хоол хүнсний зардлыг төсөвтөө тусгаж өгөхийг уламжилж л байгаа. Мөн улсын их хурлын шинээр томилогдсон эмэгтэй гишүүд хүүхдийн цэцэрлэг, сургуулийг нэмэх асуудлаар их ярих юм. Хийж байгаа зүйл нэг ч алга. Манай цэцэрлэг Чингэлтэй дүүрэгт харьяалагддаг. УИХ-гишүүн Г.Уянгатай энэ асуудлаар олон дахин уулзах гэтэл ганц ч, эерэг хариу өгөөгүй” гэв. “Баяртай, дараа ирээрэй“ гээд ам амандаа шулганан гараараа даллах хүүхдүүдийн ээжийг орлож яваа сайхан сэтгэлтэй эмэгтэйд туслах хүн Монголын маань тал шигээ уудам сэтгэлтэй олон дунд нэгээр тогтохгүй байгаа гэдэгт итгэсээр “Ивээл“ цэцэрлэгээс гарлаа.  Монгол улсын халамж үйлчилгээний бодлогын шинжтэй асуудлыг ганцхан энэ эмэгтэй бодит утгаар нь хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байга юм шиг санагдсан. Энэ талаар холбогдох яам , төрийн байгууллагын ажилчид анхаарлаа хандуулах нь зүйтэй байхаа. Монголын үрс маш олон болох болтугай.

 

Нийтэлсэн: 2013-01-14 16:03:14

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.