Өнгөрсөн долоо хоногт спортын ертөнцөд

Үнэлэх
(0 үнэлгээ)


Өнгөрсөн долоо хоногт спортын ертөнцөд болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.

03 сарын 04

-Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын волейболын шигшээ тэмцээн Спортын төв ордонд эхэлж, 8-нд өндөрлөлөө.

-“AFC Challenge Cup 2014” тэмцээний урьдчилсан шалгаруулалтад оролцож буй Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид хоёр дахь тоглолтоо Афганистаны багтай хийж, тоглолт 1:0-ийн харьцаагаар Афганистаны багийн ялалтаар өндөрлөв.

-Тайландын нийслэл Бангкок хотноо туялзуур сэлэмний Ази тивийн өсвөр, залуучуудын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ үеэр Азийн туялзуур сэлэмний холбооноос 2015 оны залуучуудын ААШТ-ийг Улаанбаатарт зохион байгуулах шийдвэр гаргав.

-ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн чөлөөт бөхийг олимпийн төрлөөс хасах тухай яригдаж эхэлсэнтэй холбогдуулан илгээсэн албан бичигт хариу ирүүлж, МҮОХ-ны байр суурийг тодорхойлсонд талархал илэрхийлжээ.

-Монголын үндэсний мөсний шагайн холбооноос УАШТ-ээ зохион байгууллаа. Тэмцээний багийн төрөлд 40, цуваа харваанд мөн 40 тамирчин сум тавихад Улаанбаатар хотын Р.Алтанхуяг, Б.Угтахбаяр нар түрүүлж, Архангайн шагайчид удаалжээ.

03 сарын 05

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор долоо дахь удаагаа зохион байгуулж буй “Дуулиан-2020” тэмцээний хэсгийн тоглолтууд эхэллээ. 54 сургуулийн 202 баг найман насны ангилалд өрсөлдөж буй тус тэмцээн тавдугаар сарын 16-нд өндөрлөнө.

03 сарын 06

-FILA-гийн ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэж буй Ненад Лалович олимпийн хөтөлбөрөөс бөхийн спортыг хасах зөвлөмж гарсантай холбогдуулан Лозанн хотноо ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Роггетой ажил хэргийн уулзалт хийв.

-Герман улсад “Химийн цом” боксын олон улсын 40 дэх удаагийн тэмцээн нээлтээ хийлээ. Тэмцээнд Г.Ган-Эрдэнэ /49кг/ Ж.Еркин /52кг/, Н.Төгсцогт /56кг/, Д.Отгондалай /60кг/, З.Энхзориг /64кг/, Б.Түвшинбат /69кг/ нарын тамирчид өрсөлдөж байна.

-Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн шатанд учраа таарсан Испанийн "Реал Мадрид" болон Английн "Манчестер Юнайтед" багийн тоглолт "Олд Траффорд" цэнгэлдэхэд болж, 1:2 харьцаатай талбайн зочин "Реал Мадрид" ялалт байгууллаа.

-Чөлөөт бөхийг олимпийн төрлөөс хасахыг эсэргүүцэн Польшийн сонгомол барилдааны нэрт тамирчин Анжей Супрон “Москва-1980” олимпийн мөнгөн медалиа ОУОХ-нд илгээжээ.

-“Бодь Интернэшнл” компани өнгөрсөн сард Азийн марафон гүйлтийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээнээс алтан медаль хүртсэн Гавьяат тамирчин Б.Сэр-Одтой хамтран ажиллах гэрээгээ сунгалаа.

-“AFC Challenge cup” тэмцээний урьчилсан шатнаас Монголын хөлбөмбөгийн шигшээ баг хожил авч чадсангүй. Энэ өдөр Монголын баг гурав дахь тоглолтоо Шри Ланкын эсрэг хийж, 3:0 харьцаагаар ялагдал хүлээлээ.

03 сарын 07

-FILA-гийн ээлжит бус конгрессийг тавдугаар сарын 18-нд Москвад хуралдуулахаар шийдвэрлэсэн талаар FILA-г түр тэргүүлж байгаа Ненад Лалович зарлав.

-Оросын алдарт бөх Бувайсар Сайтиев “Хэрвээ ОУОХ бөхийн спортыг олимпийн наадамд эргүүлэн авбал би өөрийн алтан медалиараа тэднийг шагнана” хэмээн мэдэгдэл хийв. Тэрээр олимпийн наадамд гурван удаа, ДАШТ-д долоон удаа түрүүлсэн, домогт тамирчин билээ.

-Монголын байт харваан шигшээ багийн тамирчид ирэх тавдугаар сард Шанхай хотноо болох гранпри тэмцээний бэлтгэлээ базаахаар урд хөршийг зорилоо.

03 сарын 08

-Гүйлтийн цанын улсын аварга шалгаруулах тэмцээн “Sky resort” цанын баазад эхэллээ.

03 сарын 09

-“Тэмээн поло-2013” өвлийн фестиваль Төв аймгийн Эрдэнэ суман дах “Чингисийн хөшөө” цогцолборт боллоо.

-Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр Францын жүдочид өчигдөр Монголд хөл тавилаа. Ирэх дөрөвдүгээр сард таван тивийн аварга шалгаруулах тэмцээн болох тул Францын жүдочид Европын аварга, цаашлаад ирэх тавдугаар сард болох “World Masters”-ын бэлтгэлээ базаахаар ийнхүү Монголд ирсэн байна.

-Монголын залуу боксчид Филиппин улсын Замбалес хотноо ирэх даваа гаригт эхлэх Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өчигдөр хилийн дээс алхлаа.

-Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт Германы Халле хотноо болсон “Химийн цом”-ын тэмцээнд анх удаа түрүүлж, аварга боллоо. Тэрбээр 56 кг-ын жингийн аваргын алтан медалийн төлөө Францын боксчин Энтони Бретийг ялжээ.

03 сарын 10

-Японы мэргэжлийн сумо бөхийн хару башё Осака хотноо эхэллээ.

Нийтэлсэн: 2013-03-11 10:44:21

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.