Маргаашийн сайхан бүхний төлөө чамайг би орхилоо

Үнэлэх
(0 үнэлгээ)
 
 

Учрал

 

22 жилийн өмнө би дөнгөж дунд сургуулийн наймдугаар ангиа төгсөөд байхдаа чамтай анх учирсан юм. Зуны нэгэн орой зуслангийн найзуудтайгаа элдвийг ярилцан зогсох үеэр нэг маань анх чамайг надтай танилцуулсан. Чи надад тэр үед маш их таалагдсан ч зарим хүмүүс чамд үнэхээр дургүй, таагүй ханддагийг анзаарсан. Тиймээс аав ээж, ах эгчээсээ нуугдаж, миний цорын ганц нууц хэмээн хүний нүднээс далдхан уулздаг байлаа.

g

Хэдэн жилийн дараа олны нүднээс нуугдах шаардлагагүй хэн нэгэнд гэм хийсэн биш, би дотны андтайгаа уулзаж байхад хэнд хамаатай юм гэж боддог болов.  Сүүлдээ чамтай хамт хотын гудамжаар хэнэггүйхэн алхаж, гайхсан, дургүйцсэн нэгний нүүр рүү цоо ширтэн хэрэгт дуртайг нь гайхдаг байлаа.

h

Нэг л мэдэхэд хорвоогийн жамаар гэр бүл зохиож, хүүхдийн эх болох гэж буйгаа мэдрэх тэр үед чамайг орхих ёстойг ухаарсан. Би эх хүний зөн совиндоо итгэн өөрийн хүслээр чамайг орхиж чадсан. Хүү минь төрж, чамайг санах ч сөхөөгүй хоёр жилийн ардаа үдсэн байв. Удалгүй оюутан болж, хичээлийн завсарлагаанаар сургуулийн гадаа нөхөдтэйгээ зогсох үеэр чамтай дахин учирсан. Чамайг ямар их санаснаа гайхан ярьж, анх учирсан түүхээ хачир нэмэн инээж зогссон цаг саяхан мэт. Хааяа нэг найзуудтайгаа үдшийн цэнгээний газар хөнгөн хөгжмийн аянд уусан, шар айраг шимэн суух тэр л цагт чамд би улам ихээр шунан дурлаж, үнэхээр жаргал гэж энэ ажээ хэмээн сэтгэж суув.

h

Нэг л мэдэхэд оюутны ширээ, албан тасалгааны ширээгээр солигдлоо. Хэдэн жилийн дараа чи миний найз нөхдөөс ч илүү дотно нэгэн болсон байв. Удалгүй хэвлийд минь дахин шинэ хүн өсөн торниж байгааг мэдэх үед чамайг би зүгээр л орхиж чадахааргүй болсоноо мэдэрсэн. Яг л энэ үед хэвлий дэх үр минь “Ээжээ битгий л дээ. Таны найз намайг өвтгөөд байна” гэж шивнэх шиг болж би үрийнхээ төлөө тэвчсэн. Тэвчээр алдрахад ойрхон байсан ч би чадсан. Охиноо төрүүлсэн, өсгөсөн.

h

Хоёр жилийн дараа ажилдаа эргэн орж, чамтай дахиад л учирсан. Энэ удаад дахин хэзээ ч хагацахгүйгээр эргэн уулзсан гэж болохоор байв. Өглөө, өдөр, орой, ажлын завсарлагаагаар хаана эвтэйхэн байж болохоор газар харагдана тэр бүрт нь чамтай уулзаж, уулзсандаа маш их аз жаргал, таашаалыг мэдрэх шиг болдог байв.

h

Ухаарал

 

Би чамтай уулзахын тулд өөрт байгаа бүхнээ зориулж ирсэн. Автобус, унааныхаа мөнгийг чамдаа зориулж, чамтайгаа уулзаж аваад 10 буудал газрыг ч үл тоон хэнэггүй алхдаг байлаа. Хоолыг биш чамайг л сонгож, бүтэн өдөр ходоод хоосон өнжих ч энүүхэнд байв. Чамтай уулзах боломж гарахгүй бол маш их ууртай, уцаартай болж, байж ядан бухимдах үе ч цөөнгүй тохиолдсон. Гэхдээ би чамтай найзалсан ч, “хорлогчин” муу занг ч маш ихээр судалж явлаа. Учир нь би чамтай дотно нөхөрлөөд хэдийнээ 17 жил болсон байжээ.

а

Нэг л өдөр чиний муу талууд надад нөлөөлж эхэлсэнийг гэнэт анзаарсан. Шүд минь хэврэгшин, амны хөндий шархалж, нүдний хараа муудан, уушиг зүрхээр хатгуулж, хөгшин хүн шиг ханиалгадаг болсон байв. Би шийдвэр гаргах цаг болсныг ухаарсан. Тиймээс ганцаардаж, уйтгарлахад минь тайвшруулж, наргиж цэнгэж явахад хань болсон хамгийн дотны анд нөхөр чамдаа би баяртай гэж хэлэхээр шийдсэн юм. Энэ бол миний тамхитай хэзээ ч дахин нөхөрлөхгүй гэсэн шийдвэр.

а

Урам зориг

 

Боломж бүхэн нэг дэх, хоёр дахь удаа гэж ирдэг. Харин гурав дахь боломж ховорхон тохиодог. Тиймээс би энэ удаагийн гаргасан шийдвэрээ эцсийн боломж гэж итгэн эзэн нь болсон. Юуны өмнө өөрийгөө зоригжуулж, тамхинаас хамааралгүй амьдарч чадна гэдгээ өөртөө итгүүлсэн. Нэгдүгээрт, "Би үнсний сав биш. Надаас дахин тамхины муухай үнэр үнэртэх ёсгүй" гэж өөртөө шивнэсэн. Хоёрдугаарт, өдөр бүр нэг хайрцаг тамхины мөнгийг түрийвчин дотроо тусгайлан хадгаллаа. “Энэ мөнгө надад байхгүй мөнгө. Хэрвээ би энэ мөнгөөр хайрцаг тамхи худалдаж авсан бол надад байхгүй байх байсан” гэж нэг өдөр, хоёр өдөр гэж хадгалсаар.

о

Арав хоногийн дараа амралтын өдөр тохиож, өөрөөсөө ч нуусан мөнгөөрөө өглөөний цай бэлдлээ. Өглөөний цайгаа амтархан идэж байгаа нөхөр, хүүхдүүдээ хараад би тамхийг мартах шалтгааныг илүү ихээр ойлгосон. Учир нь би тэднийхээ төлөө илүү ихийг хийж чадна. Мөн хайрцагаар нь, ширхэгээр нь тамхинд зориулдаг мөнгөөр амьдралдаа хэрэгтэй зүйлийг худалдан авч болохоо ухаарсан.  Энэ бол эдийн засгийн тооцоо байлаа.

х

Амьдрал

 

“Тамхи таван насны дайсан” хэмээх эрүүл мэндийн сурталчилгаа хаа сайгүй л харагддаг. Тамхины хор хөнөөлийг олон нийтэд таниулах үүрэгтэй сэтгүүлч бидэнд зориулсан сургалтаар энэ тухай зааж байсныг ч маш тодорхой санаж байлаа. Тиймдээ ч өмнө нь дээрх сурталчилгааг харах бүр “Хорогдох бол хорогдоно л биз. Тэртэй тэргүй хүн бүхэн л энэ орчлонгоос явдаг. Сүртэй юм” гэж тамхи татдаг хэнээс ч сонсож болох тэр л үгийг хэлдэг байв.

а

Харин тамхи татахаа больсон гурав дахь сардаа энэ сурталчилгааны утгыг нөгөө талаас нь олж харсан. Юу гэвэл өөрийнхөө биеийг сайн дураараа хордуулж, тамхи татаж амьдрах наснаасаа хором мөчөөр “хумсалсан” тэр л  цаг хугацаа хэн нэгний хувьд энэ хорвоод жаахан ч гэсэн байхыг хүссэн эцсийн гуйлт байсныг ухаарсан.

а

Өглөө бүр биднийг ав адил гэрэлтүүлэх алтан нарыг харж, зөөлөн сэвшээ салхинд илбүүлэх хичнээн таатай билээ. Байгаль дэлхийг сайхныг бахдаж, сэтгэл уужрам цэнгэг агаараар амьсгалах шиг жаргал гэж үгүй. Хайр дурлал, гэр бүл, үр хүүхэд, элгэн садан, анд нөхөд цөм миний энэ амьдралд хорогдох учир шалтгаан минь юм.

х

Итгэл

 

Арав хоногийн өмнө зүрхэн тушаа хатгуулж өвдөн амралтын өдөр таарсан тул тэсэж өнгөрүүлэв. Нэг дэх өдөр эмнэлгээр явтал зүрх биш уушгинд асуудал үүссэн болохыг мэдлээ. Уушигний усаа авахуулах эмчилгээ хийлгэж, яагаад усжсаныг асуув. Гэтэл тамхи татсанаас болсон гэнэ. Тамхиа хаясанаа хэлтэл дахин татвал уушигний хорт хавдраар өвчилнө гэж сануулсан. Эмчийн сануулгыг би маш сайн ойлгож байгаа. Учир нь дэлхий дээр жил бүр сая сая хүмүүс хорт хавдрын уршгаар энэ амьдралыг орхидог бөгөөд нэг гол шалтгаан нь мэдээж-Тамхи.

р

Тамхи татсанаар хүн төрөлхтөн өөртөө улаан хоолой, мөгөөрсөн хоолой, бөөр, давсаг, ходоод, нойр булчирхай, савны хорт хавдрыг “бэлэглэдэг”. Тамхи татахад хүний амны хөндий эхэлж гэмтэн, судаснууд нарийсч,  цус өтгөрсөнөөс эрхтэн системүүдэд өөрчлөлт ордог. Энэ бүх хэв шинж надад илрээд эхэлсэн байсан. Хэрвээ би тамхиа үргэлжлүүлэн татсан бол уушигний хорт хавдраар өвчлөх нь гарцаагүй.

х

Тамхичны гэр бүлд амьдарч байгаа хэн ч гэсэн идэвхигүй, дам тамхидалтад өртөж байгаа. Энэ бол хамгаас хайртай хүмүүсээ хордуулж, далдуур өвчлүүлж байгаа хэрэг. Түүнчлэн хүмүүс тамхийг ихэвчлэн ОО-ийн өрөөндөө татдаг. Гэтэл энэ нь хамгийн буруу сонголт аж. Учир нь тамхины утаан дахь найрлаганд байх 450 гаруй хорт бодис нь шээсний хүчилтэй нэгдсэнээр хавдар үүсгэх чадвар эрс нэмэгддэг байна. Ингэж тамхины утаатай исэлдсэн хорт бодисыг өөрөө үнэрлэж, таны дараагаар орсон хүн мөн үнэртсэнээр хорт хавдартай болох магадлал илүү өсдөг аж.

а

ХСҮТ-д уушигний хавдраар өвчилж ирэгсэд нь 100 хувь архаг тамхичин байдаг бол сүүлийн жилүүдэд өвчлөгсөд залуужиж, 19-25 насныхан ирэх нь нэмэгджээ. Түүнчлэн өсвөр насныхан тамхинд дурлаж байгаа нь эмч мэргэжилтнүүдийн сэтгэлийг зовоосон нэгэн асуудал болоод буй. Харамсалтай нь уушигны хавдараар өвчлөгсөд III-IV шатандаа орсон хойноо эмнэлэгт ханддаг аж. Гэтэл энэ үедээ орсон бол эдгэрэх магадлал 20 хувь, амьдрах нас дээд тал нь таван жил.

а

Монголчууд бид цөөхүүлээ. Хамгийн гол нь хүмүүс бидний нас тоотой. Энэ орчлонгоос хэзээ буцахыг хэн ч мэдэхгүй. Тийм болохоор миний хувьд үлдсэн бүх амьдралаа утга учиртай болгож, хорвоогийн сайн сайханд дурлан, маргааш хэмээх ирээдүйн төлөө тамхиа орхисон. Би тамхиа хаяж чадсанаар уушигний хорт хавдраас 90 хувь сэргийлж чадсан.

х

Хүмүүс ихэвчлэн тамхинаас гарах гэж байгаа, багасгаж байж гарахгүй бол чадахгүй нь гэдэг. Хэрэв та тамхинаас гарахаар шийдсэн бол шууд гар гэж зөвлөмөөр байна. Та чадна. Хамгийн гол нь Та бүхнээс илүү хайрладаг хүмүүсийнхээ дунд илүү олон жилийг аз жаргалтай өнгөрүүлэх боломжоор өөрийгөө “шагнаж” байгаа гэдгийг битгий мартаарай.

 

П.Нарандэлгэр

х

Эх сурвалж: www.shuud.mn

Нийтэлсэн: 2015-08-07 14:49:19

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.