Засгийн газрын ээлжит хуралдаанаар Концессын барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Эрдэнэт хотоос Овоотын уурхай чиглэлийн төмөр зам төсөл”-ийн гэрээг “Нортерн Рэйлвэйс” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.
Мөн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрөл, бусад шаардлагатай тусгай зөвшөөрөл болон нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгож батлахыг холбогдох сайд нарт даалгах шийдвэрийг гаргасан байна.
Шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг Улаанбаатар төмөр замтай холбох ажлыг зохион байгуулж, концесс эзэмшигч болон “Улаанбаатар төмөр зам” ХНН хооронд төмөр замын шугамын холболтын гэрээ байгуулах ажилд хяналт тавьж, дэмжлэг үзүүлэхийг Зам тээврийн сайдад, шаардлагатай мэргэжилтэй ажиллах хүчийг үе шаттайгаар бэлтгэн, мэргэшүүлж, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж ажиллахыг Хөдөлмөрийн сайдад үүрэг болголоо.
УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д баруун чиглэлийн төмөр замыг ирээдүйд ашиглах ордууд болон байгалийн тогтцыг нь бүс нутгийн хөгжлийн бодлого, хүн амын суурьшилтай уялдуулан авч үзэж нэн даруй төлөвлөх, 2014 оны 53 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжлүүлэх үндсэн чиглэл”-д “Могойн гол-Эрдэнэт 500 км” төмөр замын ажлыг төсвийн бус эх үүсвэр, концессоор хэрэгжүүлэх, 2015 оны 41 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-т Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын барилгын ажлыг 2015 оны 2 дугаар хагаст эхлүүлэхээр тус тус заажээ.
“Эрдэнэт хотоос Овоотын уурхай чиглэлийн төмөр зам төсөл”-ийн концессын гэрээний төслийг Засгийн газрын 2015 оны 111 дүгээр тогтоолын дагуу боловсруулжээ. Концессын гэрээний төсөлд төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь урьдчилсан ТЭЗҮ-ээр 1.3 тэрбум ам.доллар байхаар гарсан ба нийт 547 км төмөр замын ажлыг концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор бий болгосон хөрөнгөөр 5 жилийн дотор барьж байгуулна.
Гэрээний хугацаа 30 жил байхаар төсөлд тусгасан бөгөөд энэ хугацаанд концесс эзэмшигч нь концессын зүйлийг 100 хувь эзэмшиж ашиглах бөгөөд ашиглалтын тодорхой хугацааны дараа, гэрээний хугацаа дуусгавар болсноор төмөр замын суурь бүтцийг төрийн өмчлөлд шилжүүлэх юм.
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт байрлах Овоотын коксжих нүүрсний ордын боломжит нөөц нь 255 сая тн, нөөцөөрөө Монгол улсад хоёрт бичигдэж байгаа бөгөөд цаашид хайгуулаар нөөц нь нэмэгдэх бүрэн боломжтой орд юм.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.