УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Өршөөлийн хуулийн талаар өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж шийдвэрлэсэн. Нийт хоригдлын 80 гаруй хувь нь суллагдана гэсэн яриа байна. Хэдэн хоригдол Өршөөлийн хуульд хамрагдах вэ?
-Хууль зүйн байнгын хорооны дэргэд хэдэн хоригдол суллагдах вэ гэдгийг тогтоох комисс байгуулагдаж байгаа. Энэ комисс нь хэд хэдэн дэд комисстой ажиллана. Хэрэгтэн нэг бүрийн хэргийн материалтай танилцаж, эцсийн тоог гаргана. Хууль зүйн яамнаас урьдчилсан судалгаа гаргасан. УИХ-ын ажлын хэсгийн судалгаа бас гарсан. Энэ хоёр судалгаа ойролцоо тоотой гарсан байгаа. Хурал дээр танилцуулснаар өлөвтэй байгаа.
-Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын мөнгө шамшигдуулсан нь шүүхээр тогтоогдсон хүмүүс өршөөгдөх нь гэдэг асуудал яригдаж байгаа. Хууль зүйн яамнаас энэ талаар гаргасан судалгаа байсан уу?
-Хуулийн хэлэлцүүлэг хаалттай явагдсан учраас бүх тоо баримтыг дэлгэх боломжгүй байна. Гэхдээ арав хүрэхгүй тооны хэргийн талаар танилцуулсан. Хуулийг хэрэгжүүлэх комисс нэг бүрчлэн аваад үзэхээр ямар зүйл ангитай, хэдэн хүн гарсан бэ гэдэг нь тодорхой болно.
-Шалгагдаж буй хэргийн дундаас Л.Гансүх, Г.Дэнзэн нар суллагдана гэсэн яриа иргэдийн дунд байна. Мөнхбаярын хэрэг зандалчлах гэдгээр өршөөлд хамрагдахгүй юу?
-Урд нь Өршөөлийн хуулийг гаргахдаа хүнд, онц хүнд хэргүүдийг хамруулахгүй гээд бөөнд нь хаачихдаг байсан. Энэ удаад тэгж хаалгүй, зүйлчлэлээр нь, зүйлчлэл дотор нь хүндрүүлсэн зүйл ангиар нь хаасан байгаа. Тодруулбал, зандалчлах гэдэг зүйлчлэл нь хаагдсан. Гэхдээ анх удаа үйлдсэн гэдэг ч юм уу, хөнгөрүүлэх бололцоотой зүйл анги нь өршөөлд хамрагдаж байгаа. Энэ утгаараа Мөнхбаяр өршөөлд хамрагдаж байгаа.
-Эмэгтэйчүүдийн хорих ангид судалгаа хийгдсэн байсан. Залилангийн хэрэгтэй гэх мэт зүйлчлэлтэй хоригдлууд хамрагдах уу?
-Өмнө нь хамрагдаж байгаагүй зүйл, ангиуд энэ удаагийн өршөөлд хамрагдаж байгаа. Тэр утгаараа эмэгтэйчүүдийн хорихоос олон хүн өршөөлд хамрагдана. Нэг харамсалтай зүйл нь, олон жилийн турш гэр бүлийн хүчирхийлэл, дарамтад байсны улмаас хүн амины хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд хамрагдахгүй. Энэ асуудлыг ажлын хэсэг, байнгын хорооны хуралдаан дээр нэлээд ярилцсан ч хууль зүйн гаргалгаа утгаараа болон одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиараа боломжгүй гэдэг хариултыг мэргэжлийн хүмүүс өгсөн. Гэр бүлийн хүчирхийлэл нь өш хонзонгийн сэдэл гэдэг утгаараа урд нь ял нь хүндэрч ногддог байсан. Энэ нь Өршөөлийн гэхээсээ илүү Эрүүгийн хуулийн “гажиг”. Эмэгтэй гишүүд цаашид Эрүүгийн шинэ хуулийг хэлэлцэхдээ гэр бүлийн хүчирхийллийг онцгойлон нарийвчилж оруулна, ял эдэлж буй эмэгтэйчүүдийн байдал дээрдэнэ гэдэг хүлээлтийн үүднээс энэ хуулийг дэмжсэн.
-Шалгагдаж байгаа хэргүүд өршөөлд хамрагдах уу, өмнөх хуулиудад ийм жишиг байсан юм уу?
-Өмнө нь гарсан бүх өршөөлийн хуульд шалгагдаж буй хэргүүдийг өршөөсөн байдаг. Зүйл ангиараа нийцэж байвал шалгагдаж байгаа болон шүүхийн шатанд байгаа, шүүхийн шийдвэр гарсан эсэхээс үл хамааран хэрэгждэг уламжлалаа үргэлжүүлж хуульчилсан.
-Шалгагдаж буй хичнээн хэргээс хэд нь өршөөгдөх вэ?
-Шалгагдаж буй хэргийн статистик бидэнд байхгүй. Ямар байгууллага дээр ямар хэрэг шалгагдаж байна гэж авч үзээгүй. Ерөнхийд нь хэргийн зүйл заалтаар авч үзсэн байгаа. Тэгэхээр авлига, албан тушаалын зүйл заалт нь өршөөлд хамрагдаж байгаа учраас өршөөлд хамрагдана гэж үзэж байгаа.
-УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн тохиролцоогоор Өршөөлийн хуулийг баталлаа гэх хардлага байна. Та үүнтэй санал нийлж байна уу?
-Энэ удаагийн Өршөөлийн хууль байнгын ажиллагаатай парламенттай болсны 25 жилийн ойн дээр батлагдаж байгаа. Энэ 25 жилийн хугацаанд парламентаар баталсан хуулиуд дотроос хамгийн гол хууль нь Үндсэн хууль. Үндсэн хуульд цоо шинээр орсон хуулийн гол зарчим нь хүний эрхийг хамгаалах зарчим байдаг. Хүний эрхийг хамгаалах үүднээс хүний эрхийн зөрчил хамгийн их гарч байгаа зүйл заалтууд дээр онцгой анхаарсан зүйлүүд бий. Гаднаас нь харахад албан тушаалтнууд бие биеэ өршөөж байгаа мэт харагдаж байгаа боловч Хүний эрхийн үндэсний комиссын тайлангуудыг аваад үзвэл яг энэ чиглэлээр хүний эрх хамгийн ихээр зөрчигдсөн байдаг.
Хоригдож, шалгагдаж буй хүмүүс нь онож цохсон улс төрийн зорилготой баривчилгаан дээр гомдлууд гаргадаг. Жишээлбэл, сүүлийн үед өмгөөлөгч үйлчлүүлэгчээсээ татгалзах явдал гарч байна. Ийм зүйл аль ч ардчилсан оронд байх ёсгүй. Хэрэв өмгөөлөгч мөрдөн байцаах байгууллагын дарамтад ороод үйлчлүүлэгчээсээ татгалзаж байгаа бол тэр мөрдөн байцаалт хуудуутай явагдаж байгаагийн тод жишээ. Мөрдөн байцаах үйл ажиллагааны явцад гарч буй хүний эрхийн зөрчлийг багасгах үүдээс зөвшилцөлд хүрсэн.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.