Засгийн газарт тусалъя л гэж бодож ирсэн

Үнэлэх
(0 үнэлгээ)

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ сарын 12-ны 23.30 минутад буюу өчигдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардаж, эх орондоо ирлээ. Тэрбээр Өршөөлийн тухай хуульд хамрагдсан тул УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөж, албан тушаал хаших эрх нь нээгдэж, улс төрд эргэн ирэх боломж бүрдээд байгаа аж. Түүнийг эх орондоо ирэх үеэр сэтгүүлчид сонирхсон асуултандаа хариулт авсан юм.

 

-Сайн явж ирэв үү. Таны бие сайн уу, эмчилгээгээ хийлгэж байгаа юу?

-Сайн явж ирлээ. Бие сайн, гайгүйдээ.

 

-Эх орондоо хэд хоногоор ирсэн бэ?

-Одоогоор тэд хоногоор ирлээ гэж хэлж чадахааргүй байна. Та бүхэн өөрсдөө сайн мэдэж байгаа байх. Төр засгийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр өөрчлөлт орж байна. Ардын нам, Ардчилсан нам хамтарч ажиллаж байгаад Ардын нам энэ Засгийн газраас гарсан байгаа. Тэгэхээр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Ардчилсан намтай хамтраад Засгийн газрын суларсан орон тоон дээр нь боловсон хүчний бодлогоо хэрэгжүүлэх шаардлага гарч ирж байна. Энэ ажилд бид аль болохоор тус дэмжлэг үзүүлэх юмсан гэж бодож байна.

 

Ер нь “Шударга ёс” эвсэл 2012 оноос хойш л төр засгийг тогтвортой байлгах, үүнд нь ямар нэг байдлаар гацаа гарвал түүнийг нь арилгах үүргийг гүйцэтгэж ирсэн. Нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн учир эвслийн тэргүүний хувьд энэ асуудлыг ярилцаж, хэлэлцэхэд ирэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, намайг ирээч ээ гэсэн. Миний хувьд энэ асуудлыг ерөнхийд нь мэдэж байгаа. Улс оронд өнөөдөр амаргүй нөхцөл байдал, мөчлөг бий болсон байна. Үүнд миний тус хэрэг байдаг юм бол тусалъя. Төр засгийг ч тогтвортой, ирээдүйгээ харсан болгох гэж л ирж байна даа. Ард түмнийхээ дуу хоолойг сонсоё, монголоор ярья, Монголынхоо агаарыг амьсгалж, усаа уух гэж ирлээ.

 

-Таныг эх орондоо ирэхээс өмнө УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг баталсан. Уг хуулийн дагуу та өршөөлд хамрагдахаар байгаа шүү дээ?

-Их хурлаар хаалттай хэлэлцсэн асуудал гэж би ойлгож байгаа. Тийм учраас дотор нь нарийн ширийн юу болсон, юу яригдсан гэдгийг мэдэхгүй шүү дээ. Энэ талаар та нар сайн мэдэхгүй байхад, хол Солонгост эмчлүүлж байгаа би амархан мэдчихэж чадахгүй. Гэхдээ ямар ч байсан Өршөөлийн тухай хуулийг хаалттай хэлэлцэж, баталсан гэж ойлгосон. Хамгийн гол нь төр өөрөө өршөөх, суллах эрхийг эдэлдэг. Энэ анх удаа хийж байгаа ч ажил биш. Намайг Ерөнхийлөгчөөр, УИХ-ын дарга, Засгийн газарт ажиллаж байхад ийм хуулиудыг нэг бус удаа өргөн барьж байсан. Төр хийх ёстой ажлаа хийж байгаа болов уу гэж бодож байна.

 

-Засгийн газрын шинэ сайд нарын асуудлыг ярьж байгаатай зэрэгцэн таныг Шадар сайд болох нь гэсэн мэдээлэл байна?

-Надад ямар нэгэн албан тушаал огт сонин биш. Би албан тушаал хөөцөлдөж байсан бол тэр чиглэлээр санаа бодлоо илэрхийлчих байсан. Тиймээс надад албан тушаал хэрэггүй. Харин хүнд хэцүү нөхцөлд орчихсон байгаа жирийн иргэн ч бай, Засгийн газар ч бай түүнд тусалъя л гэж бодож ирсэн. Туршлагаасаа хуваалцая, дэмжиж тусалъя л гэж бодсон. Миний санал үнэтэй цэнтэй байх юм бол авч хэрэгжүүлэх байх аа л гэж бодож байна.

 

-Шинэ сайд нарын асуудлыг нам дотроо ярилцаж тохиролцсон уу?

-Сайд нарын асуудал тодорхой болоогүй байна. Энэ асуудлаар сайн ярилцаж чадаагүй учир манай нөхөд “та ирээч” гэсэн. Хэлснийх нь дагуу би энэ ажилд нь туслахаар ирсэн. Засгийн газрын шинэ томилгооны асуудал шахуу хугацаанд яригдаж байгаа учир ямар туслалцаа шаардлага байна тэр талаар л ажиллана гэж бодож байна.             

 

-Таныг өмнө нь эх орондоо ирээд явсны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газар унасан. Үүнийг тантай холбон тайлбарлах нь бий. Дараа нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болж, Ардын намтай хамтарч Засгийн газар байгуулсан ч, үр дүнгээ өгсөнгүй. Улс төрийн энэ байдлыг та юу гэж дүгнэж байна вэ?

-Би вэб сайтаар орж, зарим хүнтэй утсаар ярьж мэдээлэл авсан. Тэгэхдээ хэн нэгэн хүнийг муулаад, тэрнээс болоод гэх зэргээр ярих хүсэлгүй байна. Н.Энхбаяраас болоод Засгийн газар унадаг гэж ярих нь өрөөсгөл байх. Ардын нам Засгийн газарт ороод ирчихэж гэж бодоогүй, гараад явсныг нь ч гараад явчихлаа гэж бодоогүй. Тийм учраас надаас шалтгаалж хэн нэгэн Засгийн газарт орж, гарч байгаа асуудал байхгүй. Манай эвсэл 2012 онд л орсон. Тэр үерхэлдээ л үнэнч хэвээрээ байгаа. Мэдээж гол ачааг Ардчилсан нам үүрч байгаа. Гэсэн хэдий ч өнцөг булангаас нь барьж яваа бид  барьсан шиг барихгүй бол ачаа үүрч яваа хүнд хэцүү л дээ. Тиймээс Засгийн газар тэрнээс болж уначихлаа гэж ярихын оронд Монгол Улсаа яаж Солонгос, Хятад, Оросоос дутуугүй хөгжүүлэх вэ гэдгийг бодож байна.

 

-Өршөөлийн тухай хуульд та хамрагдаж, өршөөгдвөл эх орондоо амьдрах уу?

-Эмчилгээнээс шалтгаалж байгаа. Мэдээж хэрэг эмнэлгийн хяналтад байгаа учир очиж үзүүлэх цаг хугацааны график гарчихсан байгаа. Эмч нартайгаа холбогдоод л эмчилгээгээ үргэлжлүүлнэ. Ус, агаар, дуу хуур, Монгол хүний нүүр царай миний хувьд их тус болно гэж бодож байна. 

 

-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, манай улс руу гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирэх боломж хомс байгаа. Ийм учраас төсвөө танах бодлогыг Засгийн газрын зүгээс явуулж байна. Эдийн засаг хүндрэлтэй байдлаас гарах гарцыг та хэрхэн харж байна вэ?

-Гарц мэдээж бий. Хамт сууж байгаад эрж хайвал гарц гарна. Үүнд миний санаа бодол хэрэг болбол би баярлана. Түүнээс биш саад болох юм бол би түүнийгээ зүтгүүлээд хүмүүсийн ажил төрөлд саад болох хүсэлгүй. Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд өөрийн эрхгүй зовдог юм билээ. Их юм бодогддог юм билээ. Хэлэх юм их байна. Гэхдээ хийх хүмүүс нь үүнийг хүлээж аваад миний санаа бодол зөв гэж үзэх юм бол ард түмнийг амар амгалан сайхан амьдруулах бололцоо төр засагт байгаа гэдэгт эргэлзэхгүй байгаа.

 

-Олон нийтийн сонирхдог нэг асуултыг асуух гэсэн юм. МАХН, МАН-тай хамтрах уу. Хэрэв ийм асуудал яригдвал та хэрхэн хүлээж авах вэ?

-Тэр талаар ярилцсан.  Гэхдээ тэр ажиллаж чадаагүй, энэ хийж чадаагүй гэхчлэн бусдыг хэлмээргүй байна. Бас намайг ирээд явахаар уначихдаг Засгийн газар гэж хаа байсан юм бэ. Ардын нам Засгийн газарт орохыг  ч би мэдээгүй. Тийм учраас надаас шалтгаалж хэн нэгэн унадаг, огцордог гэвэл худал. Манай “Шударга ёс” эвсэл 2012 онд засагт хамтарсан, өнөөдөр ч тэр үерхэлдээ үнэнч хэвээр байгаа. Цаашид ажиллана. Мэдээж хамтарсны хувьд бас нэг гол ачааг үүрч байгаа. Гэхдээ жолоогоо дутуу бариад байвал үүрсэн ачаагаа даахад амаргүй. Бид тэрнээс болж  Засгийн газар уначихлаа, үүнээс болж ингэчихлээ гэж ярихаас илүү  ард түмнээ  яаж сайхан амьдруулах вэ, улс орноо яаж хөгжүүлэх вэ гэж бодох ёстой, тэрийгээ хамтраад ярьдаг байх ёстой, нэгдээд зүтгэдэг байх хэрэгтэй.

 

Хятад, Орос болон бусад улс орнууд  ард түмнээ яаж сайхан амьдруулж, улс орноо хэрхэн  хөгжүүлж байна гэдгийг харах хэрэгтэй. Казахстан улсын жишээ гэхэд л сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж нэг хүнд ногдох ДНБ нь   24 000 ам.доллар болж,  дэлхийн шилдэг 45 орны жагсаалтад орж өндөр хөгжилтэй баян чинээлэг улсын нэг боллоо. Монголд ч гэсэн өөрийн зам байгаа байх. Улс орноо, хүн ардаа хөгжүүлэхийн төлөө би сүүлийн жилүүдэд гурван 15-ын бодлого гэж ярьж байсныг та бүхэн санаж байгаа байх. Жил бүр эдийн засгаа 15 хувь өсгөөд байвал бид 15 жилийн дараа нэг хүнд  15 мянган ам.доллар ногддог улс орон болох нь ээ гэж би тухайн үед хэлж байсан.

 

Бодоод байхад би тэр үед хэтэрхий даруу, хэтэрхий болгоомжтой хэлж байж. Түүнээс биш хурдан хөгжих бололцоо байгаа. Үүнийг би тийм ажил авчихсан гэдэг утгаар хэлж байгаа юм биш. Тийм бололцоо бий шүү, нөхдүүд ээ. Бүгдээрээ хамтаръя, зөвлөлдөе. Энэ зөвлөгөөнөөс гарсан үр дүнг та нар маань авч хэрэгжүүлээд яваач ээ. Улс орноо хүнд нөхцөл байдлаас гаргаж ажилла гэж хэлж байгаа юм. Миний зөвлөгөөг сонсох аваас би татгалзахгүй, зөвлөөд зогсохгүй хамтарч ажиллана. АН-ынхан маань манай “Шударга ёс” эвсэлтэй хамтарч ажиллаж байгаа учраас тэр нөхдүүдэд бас бодож, сэдэж байгаа зүйлүүд байж таарна.



-Нууц биш бол маргааш /өнөөдөр/  та ямар ажлууд төлөвлөв?

-Намынхантайгаа уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцоно.



-Одоо  асуултаа өөрчилж,  таны сэтгэгдлийг сонсъё. Онгоцноос буугаад бороон дундуур алхахад, эх орондоо хөл тавихад танд  ямар санагдаж байх юм?

-Сайхан байлгүй яахав. Маш сайхан байна. Бороо орж, чийг үнэртээд. Нүүр тулаад уулзаж байгаа энэ монгол царайнууд, монголоороо ярьж байгаа маань гээд бүгд сайхан. Ер нь бол монгол хүний нүүр царай дандаа баяр баясгалантай, монгол хүн монгол хүнээ хүндэлсэн, бие биедээ талархсан, хэн хэнээ тэвэрч аваад сайн сайхныг хүсч баяр талархал, хүндлэлийг дэвшүүлсэн байгаасай гэж боддог. Энэ мөчид Монгол Улс Олимпийн аваргатай болчихоод бүгд хөгжилдөн хөөрч байсан, таних танихгүй хамаагүй бие биеэ тэвэрч аваад баяр хүргэж, хөөрч баясч  байсан мөч  яагаад ч юм бэ санаанд орж   байна. Миний бие монголчуудыгаа дандаа тийм байгаасай гэж хүсдэг. 

 

Нийтэлсэн: 2015-08-13 10:54:20

Нийт сэтгэгдэл: 1

  • Зочин

    We were at school together https://gist.github.com/2dcc2b8651e78bd88d90 hem p***ace buy levitra ireland profession*** hedgehog The move will bring the U.S. Open into line with Wimbledon and the Austr***ian Open which both have retractable roofs on their centre courts. The French Open has announced plans to cover its main court.

    Gabrielle 2016-09-02 19:12:06     188.143.232.62          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.