Төрийн өмч ТББ-ын өмч болсон нь буюу Техник спортын төв-1

Үнэлэх
(0 үнэлгээ)

Одоогоос 4 жилийн өмнө 2012 оны 7-р сарын 5-ны өдөр тухайн үеийн статусаар ТӨХ  Техник спортын төвийг төрийн өмчид бүртгэж авах тухай 323 тоот тогтоол гаргаснаар БХТН-ийн төв зөвлөл нэртэй ТББ, ТӨХ-ны дунд ТСТ-ийн тухай маргаан үүсжээ.1997, 2001 оны Төрийн өмчийн үзлэг тооллогоор ТСТ-ийг БХТН-ийн төв зөвлөл ТББ өөрийн өмчлөлд давхардуулан бүртгүүлсэн нь илэрч төрийн өмчийн маргаантай хөрөнгийн бүртгэлд ороод байж. Өөрөөр хэлбэл төр өмчөө тоолох үед ТББ-ын нэр дээр давхар бүртгэгдсэн, улмаар тухайн үеийн удирдлагууд нь өмчийг тоолуулахаас татгалзаж байж. Тухайн үед дан ганц ТСТ ч биш нам, олон нийтийн гэх статустай 40 гаруй байгууллага энэхүү маргаантай өмчийн бүртгэлд орсон байдаг. Улмаар 2001 онд эдгээр олон нийтийн  байгууллагуудын хөрөнгөд төсвийн хөрөнгө оруулалт хийгдсэн эсэхийг нягталж, өмчлөгчийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх Засгийн газрын 127-р тогтоол гарч ТӨХ-ны дарга Л.Пүрэвдорж, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Санхүү эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасан хэдий ч өнөөдрийг хүртэл эдгээр байгуулагуудын өмчлөгчийн асуудлыг бүгдийг нь шийдвэрлэж дуусаагүй юм байна. 2011 онд Төрийн өмчийн хороо, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын тушаалаар хамтарсан комисс томилогдож ТСТ-ийн хөрөнгийг төрийн өмч мөн эсэхийг шалгаж дүгнэлт гаргасаны дагуу дээрх 323-р тогтоол гарсан юм байна.БХТН-ийн төв зөвлөл ТББ захиргааны хэргийн шүүхэд  “ТСТ-ийг БНАГУ-ын Спорт техникийн нийгэмлэгээс манай БХТН-т 1980 онд 740 мянган маркийн өртөг бүхий буудлагын спортын иж бүрэн байгууламжийг эв санаа, хамтын нөхөрлөлийн билэг тэмдэг болгож, үнэ төлбөргүй барьж өгсөн. Энэ төвийн барилга байгууламж нь Монголчууд бид өөрсдийн хөрөнгөөр болон Герман Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр барьж байгуулсан обьект биш юм” гэх үндэслэлээр тухайн тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг батлуулах нэхэмжлэл гаргасаныг хангаж тус  тогтоолыг илт хүчин төгөлдөр бус болохыг зөвшөөрсөн шийдвэрийг шүүхээс  гаргажээ. БХТН-ийн төв зөвлөл ТББ шүүхэд одоо ч ТСТ-ийн хананд өлгөөтэй байдаг “БНАГУ-ын Техник спортын нийгэмлэгийн төв захиргаанаас БНАГУ-ын БХЯ-ны даалгавараар Улаанбаатар хотод барьж байгуулсан буудлагын сургалт спортын иж бүрэн барилга байгууламжид зарцуулагдсан нийт 740 мянган маркийн үнэ бүхий хүн хүч, барилга, материал, техник болон тоног төхөөрөмжийг эв санааны нэгдлийн бэлэг болгон хүлээлгэж өглөө” гэсэн дурсгалын самбар дахь протоколыг нотлох баримт болгон гаргажөгсөн байдаг. Захиргааны хэргийн шүүх БХТН-ийн төв зөвлөл ТББ-ын гаргасан нэхэмжлэлд тухайн обьектийг 1980 онд БНАГУ-аас манай байгууллагад иж бүрнээр нь барьж байгуулж өгсөн гэдэг нь дээрх протоколоор батлагдаж байна гэж тусгасан байдаг. Гэтэл уг протоколийг мэргэжлийн байгууллагаар орчуулуулахад агуулгын ялгаа гарч болзошгүйг нягталж үзээгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн протоколд баталгаат орчуулга хийлгэхэд агуулгын хувьд зөрүүтэй гарч байгаа юм. Тухайлбал “ БНАГУ-ын Спорт, техникийн нийгэмлэгийн төв захиргаа, Улаанбаатар хотноо Спортын буудлагын сургалтын цогцолбор байгуулж тоноглоход боловсон хүчин, барилга байгууламж болон материал техникийн хангамжид зориулан БНАГУ-ын талаас зарцуулсан 740 мянган маркийн хөрөнгийг Үндэсний Батлан хамгаалах яамны даалгавараар БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлд эв нэгдлийн бэлэг болгон өгөв”  гэж орчуулагдаж байна. Аль ч орчуулгаараа энэ байгууламжийг 100 хувь БНАГУ-ын хөрөнгөөр барьсаныг нотлоход хэцүү харагдаж байна. Гэтэл захиргааны хэргийн шүүх уг протоколийн орчуулгыг мэргэжлийн байгууллагаар хянуулалгүйгээр ашиглаж.  Нөгөө талаас 1978-1980 онд Буудлагын төв клубын барилга байгууламжийг барихад улсын төсвөөс ямар ямар зардал гарч байсныг Монгол банкны тухайн онуудын хөрөнгө оруулалтын тайланг аваад харахад л хайгуул шинжилгээнээс авахуулаад, зураг төсөв, барилгын материал, ажиллах хүчний зардлууд гээд бүгд нарийвчлан тусгагдсан байна. Хэрвээ захиргааны хэргийн шүүх өмчийн асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй гэж үзвэл яагаад дурсгалын самбар, ТББ-ын үүсч хөгжсөн түүх, дүрэм зэргийг нотлох баримтандаа авсан атлаа Монгол банкны энэхүү нотлох баримтыг эрх, үүргийнхээ хүрээнд татаж шалгасангүй вэ. Нөгөө талаас “дээрх баримтуудаар ТСТ-ийн барилга байгууламж нь анхнаасаа төрийн өмчид байгаагүй байна” гэдэг дүгнэлтийг гаргасан нь  энэхүү эцэс төгсгөлгүй маргааныг дагуулахад хүргэж. Захиргааны хэргийн шүүх 323-р тогтоолыг  “Захиргааны хэргийн акт гаргах үндэслэл байгаагүй” гэсэн үндэслэлээр илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ хэмээн шийдвэр гаргасан  учраас ТӨХ ТСТ-ийг төрийн өмчид бүртгэх тухай 2 дахь тогтоол гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүхэд БХТН нэхэмжлэл гаргахдаа тухайн актыг хүчингүй болгох гомдол гаргаснаас бус өмчийн маргааныг шийдвэрлэх нэхэмжлэл гаргаагүй, хэрвээ өмчийн маргааныг шийдвэрлүүлэхийг хүссэн бол анхнаасаа иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах учиртай. ТӨХ-ны 435 тоот тогтоол гарсны дараа тухайн үеийн ТСТ-ийн дарга Д.Ганбат бүх өмч хөрөнгийг төрийн өмчид хүлээлгэж өгсөн байдаг. Нэгэнт төр бүх эд хөрөнгийг хүлээж авсан учраас харьяалалын дагуу ЭМС яаманд шилжүүлж улмаар 2015 онд Засгийн газрын 55-р тогтоолоор ТСТ-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилсөн байна. Гэтэл БХТН-ийн төв зөвлөл ТББ ТСТ-ийндарга Д.Ганбат нь манай байгууллагыг төлөөлж дангаараа шийдвэр гаргах эрхгүй этгээд хэмээн үзэж сүүлд гарсан 435-р тогтоолыг өмнөх 323-р тогтоолтой ижил агуулга бүхий, нэгэнт шүүхээр шийдвэрлэгдсэн нөхцөл байдал гэж үзэн мөн л захиргааны хэргийн шүүхэд уг тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ мэтчилэн ТСТ-ийн төвийн хувь заяа тун бүрхэг байдалд хүрээд буй юм. Анхан шатны шүүх өмнө нь шийдвэрлэгдсэн нөхцөл байдал гэж үзэн 435 тоот тогтоолыг хүчингүйд тооцсон бол давж заалдах шатны шүүх БХТН-ийн нэхэмжлэлийг хүчингүй гэж үзсэн байдаг. Харин хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзсэнээр ТСТ-ийн тухай маргаан, өмчлөгчийн тухай асуудал гацаанд орж. 

 

Word.mn

Нийтэлсэн: 2016-05-16 13:28:21

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.