Өөрийгөө хөгжүүл

Үнэлэх
(0 үнэлгээ)

Та ихэнх тохиолдолд байрныхаа хөлсийг хугацаанд нь төлж амждаггүй, бас гэрээс гарахдаа хувийн бүх нууцаа бичиж буулгасан тэмдэглэлийн дэвтрээ мартчихдаг байж болох юм. Хэн нэгэнтэй уулзсаныхаа дараа “Би ямар тэнэг юм бэ? Юунд тэгж хэлэв ээ” гэх зэргээр харамсах тохиолдол бидэнд олонтаа гардаг. Тэгвэл бид энэ бүх алдаагаа өөрийн мэдэлгүй гаргачихаад өөрийгөө зүхдэг биз дээ. Дараагийн удаа яасан ч энэ алдааг гаргахгүй гэж боддог хүн бүхэнд доорх зөвлөгөөг зориулж байна.
1. Хийсэн үйлдэл бүрээ сайн хянаж бай. Хийсэн алдаагаа бус, хожим тэр алдаагаа дахин давтахгүй, харин ч хэрхэн засах талаар бод. Өөрийн тань хийсэн алдааны урхаг, дараагийн ажилд ямар байдлаар туссаныг олж хар. Гэхдээ нэг хийсэн алдаагаа цаг ямагт бодоод байлгүй, ажилдаа анхаар. Жишээ нь, та нөхрөөсөө саллаа гэж бодъё. Хүний шаар, адгийн амьтантай хайран таван жилийг барлаа гэж цаг үргэлж бодох нь тийм ч таатай биш. Нэгэнт муу хүнтэй ханилан амьдралаа сайн сайхан байлгаж чадаагүйгээс хойш урьдынхаа алдааг давтахгүй байх нь чухал.
2. Бүх зүйл бүтэлгүй, хүн бүхэн дургүй хүргээд байгаа юм шиг үе заримдаа тохиолддог. Гэхдээ энэ бүхнийг бас сайн талаас нь олж харж болно. Яавал сайн талаас нь олж харах вэ?
“Би дэлгүүрээс хүнсээ аваад гэртээ иртэл үүргэвчний маань уяа тайлагдаад дотор нь байсан миний косметик алга болчихсон байлаа. Тухайн агшинд би маш их сэтгэлээр унасан. Гэвч хэсэг хугацааны дараа миний инээд хүрч билээ. Миний косметикийг хулгайлсан хулгайч олзоо хараад ямар их гутрах бол. Эмэгтэй хүний хэрэглэсэн будагнууд. Нэг ч шинэ юм байхгүй. Косметикаа алдсан нь надад харамсмаар байсан ч, 14 хоног будалгүй явсан нь арьсанд тустай байсан юм” Тиймээ энэ тохиолдол шиг муугийн хажуугаар сайныг зэрэгцүүлэн бодох нь танд тустай байх болно.
3. Хийх хэрэгтэй, шаардлагатай болон маргааш, дараагийн долоо хоногт, ирэх сард хийж гүйцэтгэх ёстой ажил үүргийнхээ жагсаалтыг гаргах хэрэгтэй. Ингэж бичиж төлөвлөх нь болзошгүй алдаанаас урьдчилан сэргийлдэг болохыг сэтгэлзүйчид тогтоосон байна. Түүнчлэн иймэрхүү жагсаалтыг нүдэндээ ил харагдахуйц газар маш хөнгөн маягаар бичих нь ашиг тустай байдаг. Жишээ нь, “Хонгор минь цэвэрлэгээгээ хийх болсон. Ээж рүү утасдахаа мартав аа” гэх мэтчилэн.
4. Та цагийг үр ашиггүй өнгөрөөх ёсгүй. Ажлын цагаар найзтайгаа утсаар чалчсанаар юу хожих вэ? Ажлаа алдана, алдсан цаг мөч бүхэн алдаж буй ашиг гэдгийг яс махандаа шингэтэл ойлго. Гэр бүлийн хүрээнд ч үүнийгээ нэвтрүүл. Хэрэв та хоолны дараа бүх хүний идсэн уусан аяга тавгийг угаадаг бол энэ мөчөөс эхлэн зогсоо. Идэж уусан аяга тавгаа өөрсдөөр нь цэвэрлүүлсэнээр танд өөр ашигтай зүйлс хийх цаг гарна.
5. Шийдсэн бол гүйцэтгэж сур. Долоо хоногийн сүүлийн өдөр гэртээ их цэвэрлэгээ хийнэ гэж төлөвлөсөн л бол хойшлуулж хэрхэвч болохгүй.
6. Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж бүү хойш тавь. Аар саархан мэт санагддаг тэр л зүйлээс амьдрал бүтдэг юм шүү. Хийхэд уйтгартай санагддаг тэр ажил чинь ч гэсэн. Амьдралд зайлшгүй байх ёстой зүйл болохоор та залхууралгүй хийж сурах ёстой.
7. Ирээдүйнхээ талаар өөдрөг төсөөлөлтэй бай. Жишээ нь, оройд амарч байхдаа өөрийгөө хөгжүүлэх. Ингэх нь таны амьдрал илүү сонирхолтой болно. Англи хэлний сургалтад явж, жолооны дамжаанд сууснаараа та эрин үетэйгээ хөл нийлүүлж, цаг хугацаагаа хэмнэж, амьдрал ахуй тань сайжирна хэмээн төсөөл. Та өөдрөг байх болно.
8. Хуудас цаас аваад амьдралдаа хийж, хэрэгжүүлэхийг хүсч буй зорилтуудаа бичиж бай. Ямар ч зорилгогүй хүн гэдэг сэлүүргүй завьтай адил байдгийг санаж яв. Өмнөө зорилт тавьж, тавьсан зорилгодоо тэмүүлэх нь амттай байдаг юм. Тиймээс та хөгжинө, амжилт ойртоно. Гагцхүү чин сэтгэлээсээ.
9. Амжилт жижгээс том руу байдаг гэдгийг хэн хүнгүй мэддэг. Таны хувьд мөн адил. Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур. Жишээ нь, найз залуу чинь эрхэлдэг ажилд тань тоомжиргүй, үл хүндэтгэсэн байдлаар “Чиний хийж байгаа ажил хэнд хэрэгтэй юм бэ?” гэж ярьвал энэ яриаг тэр дор нь тас цохь. Энэ цаг мөчөөс эхлэн миний ажилд хошуу дүрэхийг, цаашлаад ажлын минь талаар илүү дутуу үнэлгээ өгөхийг тэвчихгүй гэдгээ хэл. Өөрийн бодол өөртөө зөв байдаг юм. Мэдээж, ажилдаа сонирхолтой бол шүү дээ.
10. Үр ашиггүй зүйлд азаа бүү үз. Эцсийн үр дүнг нь урьдчилан тооцоол. Долоо хэмжээд нэг огтол гэдэг дээ. Энэ нь хувцас худалдаж авахаас эхлээд амьдралынхаа ханийг сонгох хүртэл бүх л зүйлд хамаатай. Аливаа зүйлийг хийхээсээ өмнө би үүнийг хийхгүй бол яах вэ? Хийвэл хэзээ, яаж, ямар нөхцөлд хийх ёстой вэ гэдгээ бодолц.
11. Та ажил хайж байгаа бол цөхөрч болохгүй. Идэвхтэй байгаарай. Таны аз жаргал, хувь заяа ганцхан таны гарт л байгаа. Өөрийнхөө гараар өөрийнхөө аз жаргалыг бүтээ, бий болго.
12. Ойрын үед хийх зүйлийнхээ төлөвлөгөөг гаргахдаа дээрх зөвлөгөөг бодож, амьдралдаа нягт нямбай хандаарай.
 

Нийтэлсэн: 2016-06-07 16:00:14

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.