Хар батгандаа "Баяртай" гэж хэлье!

Үнэлэх
(0 үнэлгээ)

 Арьс нь эр, эм гэлтгүй ямар ч хүний нэрийн хуудас болсон. Арьсаар нь тухайн хүнийг өөртөө хэр их анхаарал тавьдаг гэдгийг хараад мэдчих боломжтой учраас арьсныхаа эрүүл мэндэд зайлшгүй анхаарахгүй бол болохгүй цаг үе иржээ. Цаг үеэ дагаад ч тэр юм уу эр, эм гэлтгүй бүгд арьсандаа анхаарал их хандуулдаг болсон байна. Харин арьсандаа санаа тавьж, хар батгатайгаа хэрхэн тэмцэх аргаа олохгүй, олон арга туршиж үзсэн ч үр дүнд хүрэхгүй яваа бол гарын доорх органик материал ашиглан, гэрийн нөхцөлд хэрхэн түүнээс ангижрах аргыг санал болгох байна. Туршаад үзээрэй, байгалийн органик хүнс хар батгыг тань хашрааж өгнө. Дашрамд хэлэхэд, хар батга нь буруу, дутуу цэвэрлэгээнээс болж үүсдэг гэнэ. Арьсны нүхэнд бохирдол орж, түүнийг нь гүн цэвэрлэхгүй явсаар тэр бохирдсон нүхэнд улам их тоос, шороо орж нүхийг томруулсаар нүдэнд тод харагдахуйц хар батга үүсдэг ажээ. Энд зөвлөсөн аргаар хар батгаа арилгасны дараа арьсаа өдөр бүр маш сайн гүн цэвэрлэж байхыг зөвлөж байна.

ӨНДӨГНИЙ ЦАГААНЫ МАСК

Өндөг нь арьсанд шим тэжээл өгөхөөс гадна энэхүү маскыг хийж тавьснаар хар батгыг цэвэрлэж, нүхийг нь агшааж өгөх гол үйлчилгээ үзүүлнэ.

1 ш өндөг

00 цаас, эсвэл сальфетка

Жижиг сав

Цэвэр алчуур

Эхлээд өндөгнөөсөө шарыг нь салгаж, цагааныг нь аяганд хийж тавих бөгөөд үүний дараа нүүрээ сайн угааж цэвэрлэнэ. Ингээд өндөгний цагаанаасаа нүүрэндээ жигд түрхэж, маск тавина. Үүн дээрээ сальфетка, эсвэл 00 цаасаа жигд тавих төдийгүй хаттал нь нүүрэн дээрээ байлгана. Сальфетка бүрэн хатсаны дараа хуулан авч, дахин өндөгний цагаанаа түрхэн дээр нь сальфеткаа тавих маягаар энэ үйлдлээ 2-3 удаа нэг дор давтана. Энэхүү маскыг долоо хоногтоо 1-2 удаа тавих хэрэгтэй. Нэг, хоёр удаагийн оролдлогоор үр дүн мэдрэгдэж эхэлнэ.

ЗӨГИЙН БАЛ, СҮҮТЭЙ ХАМРЫН МАСК

Энэ хоёр орц нь хоёулаа арьсны эрүүл мэндэд чухал үр нөлөөтэй. Зөгийн бал нь бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг бол сүүнд агуулагдах сүүний хүчил нь арьсны уян хатан чанарыг дэмжиж, зөөлөн булбарай болгоход чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс энэ хоёрыг хооронд нь хольж хэрэглэвэл олон төрлийн үйлчилгээ үзүүлэх буюу үр дүн нь илүү нэмэгдэнэ гэсэн үг.

 

1 х/х органик зөгийн бал

1 ц/х сүү

Цэвэрлэх хөвөн

Зөгийн балаа сүүтэйгээ сайн нийлүүлж холиод, аягатайгаа печинд хийн 5-10 секунд халаана. Гаргаж ирээд дахин сайтар хутгах бөгөөд энэ үед бүлээн болсон байна. Үүнийгээ нүүрнийхээ зөвхөн хар батгатай хэсгүүд дээрээ түрхэж хатаах (хатаахын тулд дор хаяж 20 минут хүлээнэ) бөгөөд бүрэн хатсаны дараа нэг таталтаар чанга хуулан авна. Хуулж авсны дараа хөвөнгөөр үлдэгдлийг нь цэвэрлэнэ. Ингээд хүйтэн усаар дахин угааж цэвэрлэж, чийгшүүлэгч түрхээрэй.

СИННАМОН, ЗӨГИЙН БАЛТАЙ ХАМРЫН МАСК

            Синнамон бол нэг төрлийн чихэр гэсэн үг. Гэхдээ чихэрлэг, амттай синнамон зөгийн балтай нэгдэхээрээ хар батганы эсрэг гайхалтай тэмцэгч болж хувирдаг. Мэдээж зөгийн бал бактерийн эсрэг тэмцэгчээрээ алдартай, гол үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ хар батгыг цэвэрлэж, нүхийг тань агшаах бол синнамон нь цусны эргэлтийг сайжруулж, арьсыг эрүүл, тунгалаг, гэрэлтэж туяарахад чухал нөлөө үзүүлнэ.

1 ц/х нунтаг синнамон

1 ц/х органик зөгийн бал

Цэвэрлэх хөвөн

Зөгийн бал, синнамоноо аяганд хийж, сайн холиод хар батгатай хэсгүүд дээрээ нимгэн түрхэнэ. Маскаа хаттал буюу 3-5 минут хүлээж, хатсаны дараа хуулан авна. Дараа нь хөвөнгөөр цэвэрлэж, хүйтэн усаар угаан чийгшүүлэгч сайн түрхээрэй.

ӨДӨР ТУТМЫН УСАН ЭМЧИЛГЭЭ

            Хамрын татлага болон нүүрний маск нь үр дүнтэй хэдий ч эдгээрийг долоо хоногтоо цөөхөн удаа л тавихгүй бол арьсыг хуурайшуулах сөрөг талтай байдаг. Тиймээс өдөр тутамдаа хар батганаас арьсаа хамгаалахыг хүсвэл өглөө, оройдоо нүүрээ угаахдаа анхаарахад л хангалттай. Усаар сайн нүүрээ үрж угаах нь арьсны нүхийг цэвэрлэж, үхэжсэн эд эсийг арилгах зэрэг үр дүнг үзүүлнэ.

Цэвэр ус

Цэвэр алчуур

Чийгшүүлэгч

Өдөрт хоёр удаа цэвэр усаа нүүрээ сайн үрж, цэвэрлэж угаана. Үүний дараа алчуураа арчаад чийгшүүлэгчээ түрхэнэ. Энгийн мэт сонсогдож байвч, туршаад үзээрэй. Крантны хатуулаг, зэвтэй ус арьсыг гэмтээдэг учраас заавал цэвэр усаар угааж байж, үр дүнг мэдрэх болно.   

Нийтэлсэн: 2019-04-23 13:43:17

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.