Үс арчлах ЗӨВ АРЧИЛГАА

Үнэлэх
(0 үнэлгээ)

 Нүүрээ хэчнээн гоё будсан ч үсээ янзлаагүй бол тийм ч сайхан харагддаггүйн утга учир нь юу вэ? Мэдээж үс нь царай төрхийг илэрхийлэх нэгэн чухал хэсэг шүү дээ. “Үс сайхан бол зүс сайхан” гэх үг зүгээр ч нэг гараагүй биз ээ. Технологийн хөгжлийн тусламжтайгаар сэнс, индүү, хүссэн өнгөө гаргах үсний будагнууд гээд яаж бол яаж л үсээ гоё болгох боломжтой болсон нь сайхан. Гэвч химийн гаралтай, эсвэл механик аргаар үс янзлах энэ мэт аргууд нь эргээд үсэнд сөргөөр нөлөөлж, улмаар илүү их арчилгааг шаардах болжээ. Арчилгаа хийхгүй явсаар байвал хэчнээн арьс гоё байгаад ч сайхан харагдаж чадахгүй л болов уу. Тиймээс энэ удаагийн “Гоо сайхан”-аар үсний маск болон тэжээлийн тос хоёрын ялгааг танилцуулахын хамт үсээ хэрхэн зөв арчлах талаар зөвлөж байна.

Үсний ТЭЖЭЭЛИЙН ТОС, МАСК хоёрын ялгаа

Маск, тэжээлийн тос хоёр нь хоёулаа үс арчилгааны чухал үр нөлөөтэй бүтээгдэхүүнүүд юм. Маск нь илүү эрчимтэй үйлчилгээг үзүүлэх ч хугацааны хувьд богино байдаг. Харинтэжээлийн тосны хувьд, агуулагдаж байгаа найрлага нь маскнаас ялгаатай. Тэжээлийн тосонд жожоба болон какаоны тос ордог бөгөөд жожобатос нь хүний биеэс ялгардаг тостой хамгийн ойр найрлагатай, байгаль дээр шингэн хэлбэрээрээ оршдог цорын ганц тос юм. Хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн болохоор байгалийн гаралтай зүйл хэрэглэх нь илүү тохиромжтой, амархан шингэнэ, уусна, элдэв гаж нөлөөгүй. Харин какаоны тос нь үс, хуйхны чийгийг тогтоон барьж байдаг гайхалтай шинж чанартай буюу үсийг удаан хугацаанд чийглэг байлгадаг. Тиймээс маск болон тэжээлийн тос хоёрыг хослуулан хэрэглэвэл илүү тохиромжтой.

МАСК.Маскыг заавал угааж, цэвэрлэсэн, чийгтэй үсэнд түрхэнэ. Үснийхээ угнаас үзүүр хүртэл түрхсэний дараа халуун усанд базсан алчуураар толгойгоо боогоод 15-20 минут болгоод бүлээн усаар сайтар зайлах хэрэгтэй. Нэмж шампуниар угаах шаардлагагүй.

Үсний маскыг сүүлийн үед охид, бүсгүйчүүд түлхүү сонгох болсон. Маскнуудын ихэнх хувь нь ижил бүтэц буюу богино хугацаанд үр дүн үзүүлэх, түргэвчилсэн үйлчилгээтэй байдаг.

ТЭЖЭЭЛИЙН ТОС. Үүнийг угаасан болон угаагаагүй хуурай үсэндээ дээрх дарааллын дагуу түрхэж болно. Гэхдээ тэжээлийн тосон дахь тосны агууламж өндөр учир төгсгөлд нь заавал шампуниар угааж тосыг арилгана.Бүлээн ус гэдэг нь 40 орчим хэмтэй усыг хэлнэ. Түүнээс халуун усаар үсийг угаахаар гэмтлийг сэдрээхийн зэрэгцээ үс арчилгааны бүтээгдэхүүний үйлчлэлийг сааруулдаг.

ЭКО ҮСНИЙ МАСК

Химийн найрлагатай бүтээгдэхүүнүүд нь үсэнд маш халтай болохыг судлаачид тогтоосон байдаг. Тиймээс аль болох байгалийн гаралтай бүтээгдэхүүн сонгож, өдөр тутамдаа хэрэглэж байх нь эрүүл байх нэгэн үндэс юм. Үсний маскаа ч гэсэн гар доорх байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр гэрийн нөхцөлд хийх бүрэн боломжтой.

Гадилтай маск. Гадил нь А, C, E амин дэмүүд болон калигаар баялаг учраас хуйхыг эрүүлжүүлж, тослогийг нь тэнцвэржүүлж өгдөг. Маскаа бэлтгэхийн тулд хоёр ширхэг гадил дээр нэг цайны халбага коконатын болон оливын тос, зөгийн балыг тус тус нэмж миксердэнэ. Маскаа хуйхандаа түрхэж таван минут байлгасны дараа бүлээн усаар зайлах хэрэгтэй. Үүний дараа үс урьдынхаасаа эрүүл, зөөлөн болсныг мэдрэх болно.

Өндөгтэй маск.Өндөгний маск бол өртөг багатай бөгөөд бэлтгэхэд хамгийн хялбар билээ. Өндөгний шарыг хоёр цайны халбага оливын тос, нэг аяга сүүтэй хольж дээр нь бага зэрэг нимбэгний шүүс нэмээд сайтар хутгаснаар маск бэлэн болно. Маскаа үс, хуйхандаа түрхэж 15-20 минутын дараа бага зэрэг хүйтэн усаар угаана. Өндөг нь уургаар баялаг учир хуйханд тэжээл өгнө. Мөн А амин дэм ба кали нь гэмтсэн үсийг сэргээдэг бол B амин дэм нь үсний ургалтыг маш сайн дэмждэг.

Овьёостой маск. Овьёосны маск нь хуурайшиж хагтсан хуйхыг эрүүлжүүлжүүлэх ач холбогдолтой. Мөн бэлтгэхэд маш хялбархан гэдгээрээ давуу талтай. Нэг цайны халбага овьёосыг нэг халбага сүү, нэг халбага алмондын тос юмуу, оливын тостой хольсноор маск бэлэн болох юм. Тэгээд хуйх, үсэндээ түрхэж 20-25 минут байлгаад шампуниар угаагаарай.

Тарагны маск. Хэрэв үс тань химийн гаралтай бүтээгдэхүүн болон орчны бохирдлоос болж гундаж өнгөө алдсан бол тарагны маск хамгийн тустай. Үсэндээ цэвэр тараг түрхэж 15-20 минут массаж хийсний дараа усаар зайлж, шампуниар угаагаарай. Ингэснээр үсний тань байгалийн өнгө сэргэж, гялалзан намирах болно.

Үс арчлах ЗӨВ АРЧИЛГАА

Үсээ зөв арчлах нь самнах болон зөв угаахаас эхлэлтэй. Үсээ өглөө, оройдоо нэг самначихдаг байх хэрэгтэй. Бодисын солилцоо муу явагдсанаас болж хүний биеийн захын мэдрэлийн эсүүд хангалттай хэмжээний цусан хангамж авч чаддаггүй. Тэдгээр эсүүдийн бодисын солилцоог идэвхжүүлэхэд туслах наад захийн үйлдэл бол самнах юм. Түүнчлэн хими, будаг хийлгэсний дараа бус, хийлгэхийн өмнө үсээ бас арчилж байх шаардлагатай. Энэ нь дараа нь үсийг элдэв химийн бодисоор бөмбөгдөхөд гаж нөлөөг саармагжуулдаг.

Гоо сайхны бараа бүтээгдэхүүн гэдэг нэг талаар арьсаараа, шампунь бол хуйхаараа хүртэж байгаа хүнс юм. Арьсан дээр түрхэж байгаа бүх төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн арьсан дор байгаа хялгасан судсуудаар дамжиж, хүний цусанд нэвчиж орж байдаг. Түүгээр арьс нь боловсруулдаг, амьсгалдаг эрхтэн болох нь батлагдаж байгаа юм. Сүүлийн үед их дуулдах болсон төрөл бүрийн харшлууд нь химийн гаралтай бараа бүтээгдэхүүн удаан хэрэглэсний хор уршиг юм.

Бүсгүйчүүлийн хими хийлгэдэг гол шалтгаан бол үсээ хөвсгөр, өтгөн, их харагдуулах шүү дээ. Гэхдээ үсний амин сүнс, араг яс, бүтцийг тэрчигээр нь эвдэж, өөрчилж байж тийм үр дүнд хүрдэг. Олон бүсгүйчүүл гоё, сайхан харагдахын тулд эрүүл мэндээ зольж байгаагаа тэр бүр мэддэггүй.

Индүү, сэнсийг охид, бүсгүйчүүд өдөр тутамдаа байнга хэрэглэдэг. Энэ нь үсний гадна талын давхаргыг “идэж”, нимгэрүүлж байдаг буюу хүний биеэр бол арьсыг нь шалбалаад, гэмтээгээд байна гэсэн үг. Улмаар үсний ширхэгүүд нарийсч, чийгийн гүн дутагдалд орсны улмаас хугарч салаалахад хүргэдэг. Үсээ хатаахдаа индүү, сэнсний оронд сэврээж хатаах хэрэгтэй. Яарч байгаа аргагүй үед сэнсээ хүйтнээр үлээлгэж хатааж болно. Ер нь, мөрнөөсөө хэтэрсэн урт үстэй бүсгүйчүүлийн үс үзүүр хэсгээрээ их салаалсан байх нь элбэг. Энэ бол үсний арчилгаа муу байгаагийн илрэл. Үс хангалттай хэмжээний шим тэжээлийг авч чадахгүй байгаа буюу урт үсэнд хийвэл зохих арчилгааг бүрэн зөв хийхгүй байгаагаас бодисын солилцоонд доголдол үүсч, урт үсний үзүүр хэсэгт шим тэжээл дутагдан гадна талын давхаргаасаа эхлэн хуурч, хугардаг.Үсээ индүүдүүлсэн тохиолдолд орой гэртээ ирээд маск тавих хэрэгтэй. Эсвэл тэжээлийн тос түрхэж болно.

Үсний лакны хувьд, эл бүтээгдэхүүн нь гелин шинж чанартай бөгөөд гель үүсгэгч нь 100 хувь химийн гаралтай. Лак хэрэглэсэн тохиолдолд болж өгвөл даруй салгах хэрэгтэй. Тиймээс угаагаад, маск тавих нь үсийг эрүүлжүүлэхэд тустай.

Шампуний сонголт

Хэрэв үс унаж, хугарч, хуурайшиж, тослогтож, хагтдаг бол энэ нь химийн гаралтай шампунь хэрэглэснээс болж гэмтсэн байна гэсэн үг. Ер нь, химийн гаралтай бүтээгдэхүүнийг хагас жил хэрэглэхэд үс ямар нэгэн байдлаар гэмтдэг болохыг судлаачид нотлоод байгаа юм. Тиймээс аль болох байгалийн гаралтай үс арчилгааны бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэж, үсээ гэмтэхээс сэргийлэх хэрэгтэй.

 

Нийтэлсэн: 2019-05-02 17:14:04

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.