​ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг Цэцийн гишүүнд нэр дэвшүүллээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

 УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдахдаанаар гурван асуудал хэлэлцсэн байна. Ерөнхийлөгчийн хориг, Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ерөниийлөгчийн Захиргааны ерөнхий хуульд тавьсан хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Мөн Цэцийн гишүүн Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дууссан учраас ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг Цэцийн гишүүнээр нэр дэвшүүлэхээр УИХ-ын дарга санал болгосон. Үүнийг бүлгээр хэлэлцээд гишүүд дэмжсэн" гэсэн юм. 

Мөн МАН-ын бүлгийн хурлаар Сонгуулийн хуулийн төслийг дэмжсэн байна. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ажилласан юм. 

Хуулийн төслийн талаар ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрээр “Сонгуулийн тухай гурван хуулийг санаачилж өргөн барих ажлын хэсгийг өнгөрсөн онд байгуулсан. Ажлын хэсэгт УИХ-д суудалтай улс төрийн нам, бие даагчийн төлөөллийг оруулж  УИХ-ын 12 гишүүн болон бусад хуульч, судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. 2015 онд УИХ, нийслэл, дүүрэг, Ерөнхийлөгчийн сонгуулийг нэг хуулиар зохион байгуулах  хуулийг баталсан байсан. Энэ хуулийн дагуу 2016 оны шат шатны сонгуулиудыг зохион байгуулсан. Цаашид гурван өөр сонгуулийг нэг хуулиар явуулах эрхзүйн боломжгүй байна гэдэг сургамж авсан. Үүний дагуу нэмэлт өөрчлөлтөөр УИХ, нийслэл, дүүрэг, Ерөнхийлөгчийн сонгуулийг тус бүрийнх нь хуулиар явуулах зайлшгүй шаардлага  бий болсон гэж үзэн өөрчлөлт оруулж байна. Өмнө нь манай улс долоон удаа сонгууль явуулахдаа дөрөвд нь жижиг мажоритараар явуулсан бол гурван удаад нь том мажоритар болон холимог тогтолцоогоор явуулсан байна. Тиймээс Сонгуулийн хуулийг батлахдаа улсын эрх ашгийг тооцож, ард түмэнд ашигтай тогтолцоогоор явуулах нь зөв гэж үзсэн. Өнөөдрийг хүртэл Сонгуулийн хуулийг батлахдаа эрх барьж буй намын талд баталдаг байсан. Цаашид ард түмэнд ашигтай байх талаас Сонгуулийн хуулиа өөрчлөх  нь зөв гэж ажлын хэсэг үзээд  дөрвөн хувилбар дээр ярилцсан.

Том мажоритар, бүс нэг буюу бүсчилсэн тойрог, жижиг мажоритар, улс нэг тойрог байх хувилбар оруулж ирсэн. Эдгээр дөрвөн хувилбараас Монгол улс нэг тойрог байх нь зүйтэй гэдэг шийдвэрт хүрсэн. Өнгөрсөн хугацаанд жижиг тойргоор явуулсан сонгуулийн үр дүн  улс орны эдийн засгийн чадавхыг сулруулж байсан. Тойргийн, жалгын систем дээр үндэслэж хөрөнгө оруулалтыг хэдэн хэсэг хуваадаг байсан. Иймээс цаашид тогтвортой хөгжихийн тулд 76 гишүүн нэг тойргийн системээр ажиллах нь зүйтэй гэдэг үүднээс дээрх шийдвэрт хүрсэн. Хууль  тогтоомжийн тухай хуулиудын дагуу хэлэлцүүлэг, үнэлгээг хэдэнтээ зохион байгуулж Засгийн газраас л санал авах үлдсэн. Улс төрийн нам хамгийн дээд тал нь 76 хүнийг нэр дэвшүүлэх боломжтой бөгөөд сонгогч зөвхөн нэг хүнийг дугуйлах юм байна. Тухайлбал,  700 хүн нэр дэвшинэ гэж тооцоход хамгийн олон санал авсан эхний 76 хүн  УИХ-д сонгогдох юм" гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-Сонгуулийн тухай хуульд цахим орчинтой холбоотой ямар заалт орох вэ?

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Нэг л зарчмыг баримтална. Сонгуулийн үеэр тухайн иргэний  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэд халдахгүй. Бүртгэгдээгүй цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглох гэх мэт бусад улс орнуудад сонгуулийн үеэр ашигладаг зохицуулалтыг хэрэглэнэ. Фейсбүүк компани манай улсад гурван удаа ирж ажиллахдаа бусад улстай сонгуулийн үеэр яаж хамтарч ажилладаг болох талаарх туршлагаа хуваалцсан. Энэ хүрээнд Фейсбүүк компани нэлээд хэдэн санал өгсөн. Улс орнууд сонгуулиа тусгаар тогтносон хэлбэрээр хийж чадаж байгаа эсэх өнөөдөр ч гэсэн эргэлзээтэй байгаа. Гаднын нөлөөлөл буюу троллиудыг яаж зохицуулах уу гэдэг асуудал. Сонгуулийн үеэр улс орнуудтай Фейсбүүк компани маш ойр ажиллаж байгаа юм билээ. Тус компани дотроо улс орнуудын сонгууль хариуцсан бүтэцтэй болж, үүгээрээ дамжуулж сонгуулийн үеэр хамтарч ажиллах боломжтой гэдэг саналаа хэлсэн.

Нийтэлсэн: 2019-06-06 11:37:38

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.