-ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ШИВЭЭГОВЬ СУМАНД ЖИЛДЭЭ 1.5 САЯ ТОНН ТҮҮХИЙ НҮҮРС БАЯЖУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО-
Хөдөө нутгийн буйдхан суманд их бүтээн байгуулалтын өрнүүлж залуучууд, ахмадуудыг хөдөлмөрийн амтанд оруулсан “СТРАТО” компанийн нүүрс боловсруулах үйлдвэрийн нээлт долдугаар сарын 2-ны өдөр боллоо. Монгол Улсын нүүрс гуравдагч орны зах зээлд гарах боломжийг нэг алхам урагшлуулсан үйлдвэрийн нээлтэд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, сум орон нутгийн удирдлагууд оролцсон юм.
Жилдээ 1.5 сая тонн түүхий нүүрс баяжуулах хүчин чадалтай тус үйлдвэр нь дэд бүтэц орсон анхны үйлдвэр гэдгээрээ онцлогтой. Томоохон бүтээн байгуулалтын түүчээ болсон нүүрс боловсруулах үйлдвэр нь Улаанбаатар хотоос 250 км зайтай Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар багийн нутагт байршилтай. Сум орон нутгийн 50 гаруй хүнийг ажлын байраар хангажээ. Мөн ашигт малтмалын түүхий эдийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг орчин үеийн технологиор үйлдвэрлэж, дотоодынхоо болон Ази, Европын орныг бүтээгдэхүүнээр хангах зорилготой аж.
Бид “СТРАТО” компанийн гүйцэтгэх захирал А.Баттүшигээс үйлдвэрийн бүтээн байгуулалт болон цаашид хийгдэх төсөл хөтөлбөрийнх нь талаар тодруулга авсан юм.
-“СТРАТО” компани хэдэн онд байгуулагдсан бэ. Жилд нийт хэчнээн тонн түүхий нүүрсийг боловсруулах хүчнн чадалтай вэ?
-Манай “СТРАТО” компани 2015 онд байгуулагдсан. Монгол, Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай компани байгаа юм. Өнгөрсөн жилээс Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт нүүрс баяжуулах төслөө эхлүүлэн үйлдвэрээ амжилттай барьж дуусган өнөөдөр ийнхүү нээлтээ хий байна. Манай үйлдвэр нь жилд 1.5 сая тонн түүхий нүүрс баяжуулах хүчин чадалтай. Бид баяжуулсан нүүрсээ Хятад болон Европийн зах зээлд гаргах зорилготой ажиллаж байгаа. Туршилтын журмаар БНХАУ руу 30 мянган тонн нүүрс экспортолсон. Бид үйлдвэрийн төсөл гурван үе шаттай байхаар төлөвлөгдсөн.
Нэгдүгээр шатанд: 1.5 сая тонн коксжих нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барьж ашиглалтад орууллаа.
Хоёрдугаар шатанд:Хүчин чадлаа 4.5 сая тонн хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Гуравдугаар шатанд: Шинээр 2.7 сая тонн кокс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барих төлөвлөж байгаа. Эхний ээлжид 600 мянган тонны хүчин чадалтай коксын үйлдвэрийг 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Кокс үйлдвэрлэснээрээ бид гангын үйлдвэр хөгжихөд суурь бүтээгдэхүүн болдог коксыг дотоодоосоо хангах бүрэн боломжтой болох юм.
–Түүхий нүүрсээ “Тавантолгой” компаниас зөөвөрлөдөг юм байна. Замынхаа асуудлыг яаж шийдэж байгаа вэ?
-Манайх “Тавантолгой” компаниас нүүрсээ зөөдөг. Одоохондоо Цогтцэций сумаас энэ хүртэл ердийн хөрсөн замаар тээвэрлэж байна. Тээврийг хариуцсан түнш компани маань Зам тээврийн яамтай гэрээ байгуулахаар ажиллаж байна. Хэрвээ гарын үсэг зурагдвал Цогтцэций сумаас энэ хүртэл хатуу хучилттай зам тавигдах юм.
-Түүхий нүүрсийг усаар баяжуулж байна. Усны асуудлаа хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Одоогийн байдлаар эхний ээлжид гүний ус ашиглаж байна. Бид манай үйлдвэрээс 5 км-ийн зайд байрладаг хүрэн нүүрсний уурхай “Шивээ-Овоо” ХК-иас гарч буй хаягдал усыг худалдаж авахаар санамж бичигт гарын үсэг зурсан. Тус компаниас жилдээ хоёр сая тонн хаягдал ус худалдаж авахад манай компани бүх усныхаа хэрэгцээгээ хангах боломжтой.Хүрэн нүүрс олборлоход их хэмжээний шүүрнэл ус гардаг. Тиймээс хаягдал усыг нь худалдаж авахаар төлөвлөсөн юм.
-Усыг дахин боловсруулдаг гэсэн. Та бидэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Манай үйлдвэрийн нэг онцлог нь шинэ технологиор нүүрсийг угааж баяжуулж байгаа усыг дахин боловсруулдаг. Түүхийг нүүрсийг боловсруулахад хаягдал ус гарахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл эргэлтэнд саарал усаа ашиглаж, нүүрсээ боловсруулдаг.
-Баяжуулсан нүүрснийхээ хэдэн хувийг экспортод гаргаж байна. Мөн хичнээн хүнийг тогтвортой ажлын байраар хангаж байгаа вэ?
-Эхний ээлжид бид 100 хувь экспортолно. Коксны үйлдвэр барьсны дараа аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, ажлын байр бий болгохоор зорьж байна. Одоогийн байдлаар манай үйлдвэр 80 ажилчидтай, үүнээс 60 нь орон нутгийн ажилчид ажиллаж байна. Бид бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлээгүй байна. Хоёр ээлжээр ажиллаж байгаа. Бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэхээр ажиллагсдын тоо мөн нэмэгдэнэ.
С.БАТБОЛД: “СТРАТО” КОМПАНИ ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨРӨӨ ЦОГТЦЭЦИЙГЭЭС ЧОЙР ХҮРТЭЛ 405 КМ ЗАМД ХАТУУ ХУЧИЛТТАЙ ХАР ЗАМ ТАВИНА
Монголчууд бид зам дагаж хөгжил ирдэг гэж ярьцгаадаг. “СТРАТО” компанийн нүүрс боловсруулах үйлдвэр нь БНХАУ-ын Эрээн хотоос 425 км бөгөөд нүүрс тээвэрлэх дэд бүтэцтэйгээ ойр буюу Орос, Хятадыг холбосон авто зам, төмөр замаас 400 метрийн зайтай оршдог. Тус үйлдвэр нь 22,5 га талбайтай, хоёр км-ийн урттай салаа төмөр замтай учраас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд саадгүй гаргах дэд бүтэцтэй. Тус компани “Тавантолгой” компаниас нүүрс тээвэрлэдэг шороон замаа хоёр жилийн хугацаанд хатуу хучилттай хар зам болгох юм байна.. Энэ талаар үйлдвэрийн нээлтэд оролцсон Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд ярихдаа “Цогтцэцийгээс Чойр хүртэл 405 км зам байгаа. Энэ замыг “СТРАТО” компани өөрийн хөрөнгөөрөө хоёр жилийн хугацаатайгаар хүнд даацын хатуу хучилттай авто замыг барьж байгуулахаар Зам тээврийн хөгжлийн яамтай гэрээ байгуулсан. Хоёр жилийн дараа 18 тоннын хүнд даацын авто машин явдаг хар зам ашиглалтад орно. “СТРАТО”компанийн баяжуулсан нүүрсийг Замын-Үүдийн төмөр замын боомтоор гаргахад хүчин чадал нь хүрэлцэхгүй байна. Эрээн өртөөний хүчин чадал нэмэгдүүлэх ажил ирэх жилээс эхэлнэ. Ингэснээр экспортод гаргах хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байна” гэв
Г.НАНДИНЖАРГАЛ: ГАНГЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖИХӨД ИХЭЭХЭН ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ
Нүүрсний импортоос Монгол Улсад орж байгаа орлого хэдийн нэг их наяд төгрөгийг давсан. Энэ хэрээрээ төсөвт төвлөрөх орлогын багагүй хэсгийг хар алтны экспортоосоо оруулдаг. БНХАУ-ын хувьд одоогоор манай нүүрсний цорын ганц зах зээл бөгөөд түүхий нүүрсээ баяжуулсан тохиолдол ОХУ-ын зах зээлээр дамжуулан Европийн орнууд руу гаргах үүд хаалга нээгдэнэ гэдгийг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал үйлдвэрийн нээлтэд оролцох үеэрээ хэлж байлаа. Тэрээр цааш нь ярихдаа “Уул уурхайн экспортын 72 хувийг түүхий нүүрс эзэлж байна. Түүхий нүүрсийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн нэмэгдсэнээр Монгол Улсын эдийн засагт ихээхэн нөлөөтэй. Нэн тэргүүнд гангын үйлдвэрлэл хөгжихөд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж байв.
Г.ТЭГШЖАРГАЛ: НҮҮДЛИЙН ШУВУУ МЭТ НУТГААСАА “ДАЙЖСАН” ЗАЛУУЧУУД МААНЬ МАНАЙ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАХААР ЭРГЭН ИРЖ БАЙГААГ ХАРАХ САЙХАН БАЙНА
“Сум орон нутагтаа цалин хангамж сайтай, тогтвортой ажлын байртай байна гэдэг хэн бүхэнд олдоод байх сайхан боломж биш. Би ажилдаа хайртай, хамт олонтой болсондоо маш их баяртай байна” хэмээн яриагаа эхлүүлсэн түүнийг Б.Тэгшбаяр гэдэг. Тэрбээр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар багийн иргэн эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэр хоёр сарын өмнө Монгол, Хятадын хамтарсан “СТРАТО” компанийн Нүүрс боловсрох үйлдвэрийн ажилтан болж амьдрал ахуйгаа дээшлүүлэх сайхан боломж нээгджээ. “Өмнө нь сумаасаа ажлын байр олно гэдэг өвсөн дундаас зүү хайхтай ижилхэн байлаа. Орон гэрээсээ хол явж ажил хийнэ гэдэг амаргүй. Нүүдлийн шувуу мэт нутгаасаа “дайжсан” залуучууд маань манай үйлдвэрт ажиллахаар эргэн ирж буйг харах сайхан байна” гэх тэрээр “СТРАТО” компанийн үйлдвэрт ээлжийн инженерийн ажилтай.
Б.БАЯРСАЙХАН: НҮҮРС БАЯЖУУЛАХ ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ДЭМЖИЖ ТОГТВОРЖУУЛАХ ГЭРЧИЛГЭЭГ ОЛГОЛОО
Аливаа томоохон бүтээн байгуулалтыг босгосны дараа татвар хууль эрх зүйн орчин маш чухал байдаг. Манай улсын хувьд татварын орчин нь тогтвортой биш савалгаатай байдаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тиймээс Үндэсний хөгжлийн газраас гадна, дотны хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтад тогтворжуулах гэрчилгээг олгодог. Энэ талаар Засгийн газрын тохируулагч агентлаг, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан: Манай агентлаг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг ижил түвшинд хамгаалан ажилладаг. Томоохон бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллахын тулд тогтворжуулах гэрчилгээг олгодог. Энэ гэрчилгээг олгохдоо тухайн салбар хөрөнгө оруулалтын нөхцөлөөсөө шалтгаалаад 5-24 жилийн хугацаанд
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар
- Нэмэгдсэн өртгийн албан татвар
- Гаалийн албан татвар
- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтвортой байлгахын тулд “СТРАТО” компанид есөн жилийн гэрчилгээг олгож байна. Товчоор хэлбэл энэ хугацаанд татвар нэмэгдэхгүй есөн жилийн хугацаанд хадгална гэсэн үг.
“СТРАТО” компанийн нүүрс боловсруулах үйлдвэр Шивээговь суманд баригдсан том бүтээн байгуулалтын нэг. Тэр ч утгаараа ажлын байр хомс тус сумын 50 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангажээ. Цаашид олон, олон ажлын байрыг шинээр бий болгож залуучуудыг нутагтаа ажиллаж амьдрах боломжийг нэмэгдүүлсэн гэдгийг Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Эрдэнэбат хэлж байлаа. Тэрбээр цааш нь ярихдаа “Үйлдвэр бүрэн ашиглалтад орвол манай сумын 400-450 хүн ажлын байртай болно. Манай сумын хувьд томоохон хөрөнгө оруулалт, мөн малчдын амьжиргааны түвшнийг дээшлүүлэхэд олон арга хэмжээ хамтран зохион байгуулна гэж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд оюутан залуучууд спортын амжилт гаргасан тамирчдад дэмжлэг үзүүлнэ гэж хэллээ. Энэ бол аймаг орон нутагт үзүүлж буй томоохон хөрөнгө оруулалт.
Манай сум мал аж ахуй, уул уурхай, үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлж буй. Тэр тусмаа хүнд үйлдвэр буюу нүүрс боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор эхний ээлжид манай сумаас 50 гаруй хүнийг ажлаар байраар хангалаа. Үүнийгээ дагаад сумын нийгэм, эдийн засгийн байдал нэмэгдэнэ. Үйлдвэрийг дагасан дараачийн бүтээн байгуулалтад ТЭЗҮ төслийн хүрээнд сумын дэд бүтцийн асуудлыг шийдэхээр компанийн удирдлагуудтай сумын удирдлагын зүгээс тохиролцож хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.
Бид энэ үйлдвэрийг бариулахдаа байгаль орчинд хэр сөрөг нөлөөтэй вэ гэдгийг нэлээд сайн судалсан, судалгаа хийсэн. Одоогоор энэ үйлдвэр байгаль орчинд хамгийн эерэг нөлөөтэй, усыг 98.2 хувь ашиглаж хаягдал ус гаргадаггүй гэдэг нь говь нутагт хамгийн их тулгамддаг усны асуудалд онцгой анхаарсан байна. Эхний ээлжид сум орон нутгаар дамжин өнгөрдөг шороон замыг хатуу хучилттай хар зам болгохоор гэрээ хийж байгаа нь бэлчээр тахлахгүй, газрын доройтолд хүргэхгүй байх хамгийн том бүтээн байгуулалт гэж харж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.