Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Палеонтологи, геологийн хүрээлэнгээс зохион байгуулж буй Азийн динозаврын холбооны ээлжит IV их хурал долдугаар сарын 24-нд Улаанбаатар хотод эхэллээ. Их хуралд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Тайланд, Малайз, зэрэг 12 орны 80 орчим эрдэмтэн судлаач оролцож, шинэлэг судалгааны дүнгээ танилцуулж, мэдлэг, мэдээлэл, санал бодлоо хуваалцаж байна. Тухайлбал, Монгол Улс үлэг гүрвэлийн өлгий нутаг учраас цаашид геопарк байгуулах хангалттай боломжтой гэдгийг Азийн Динозаврын холбооны Ерөнхийлөгч Варавудх Сититхорн онцоллоо.
Их хурлын нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл нар оролцож, хэлсэн үгэндээ “Манай улс үлэг гүрвэлийн олдвор, тэдгээрийн судалгаагаар Төв Азидаа төдийгүй дэлхийд тэргүүлэх орнуудын тоонд орж, XXI зууны шинжлэх ухааны салбарт томоохон амжилт гаргаж ирлээ. Монгол Улсын Засгийн газраас судалгаа шинжилгээний үр дүнд бий болгосон мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, эх дэлхийнхээ шим ертөнцийн түүхийг танин мэдэх орчин нөхцлийг бүрдүүлэх, монгол бахархлыг дэлгэрүүлэх ажлын хүрээнд Байгалийн болон Палентологи, тухайлбал Үлэг гүрвэлийн музейг шинээр байгуулахаар ажиллаж байгаа”-г төлөөлөгчдөд сонордууллаа.
Олон улсын үлэг гүрвэл, эртний шим ертөнцийн судалгааны ээлжит их хурал пүрэв гарагт МУИС-ын номын санд болж өндөрлөнө. Хурлын дараа буюу энэ сарын 26-29-нд Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь хожуу цэрдийн олдворт газар болох Баянзаг, Төгрөгийн ширээд хээрийн сургалт зохион байгуулан, хамтарсан судалгаа хийх юм.
Үлэг гүрвэл судлал 150-иад жилийн түүхтэйгээс сүүлийн 80-аад жил нь Ази тивд нэлээд эрчимтэй хөгжжээ. Азийн Динозаврын Холбоо (Asian Dinosaur Association)-ноос энэхүү их хурлыг анх 2014 онд Японд, II хурлыг Тайланд, III хурлыг БНХАУ-д зохион байгуулжээ. Хурлын төлөөлөгчид Монгол Улсын хурлын төгсгөлд дараагийн хурлыг зохион байгуулах орныг товлоно.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.