МОНГОЛЫН БИЧИЛ УУРХАЙН НЭГДСЭН ДЭЭВЭР ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Л.ДЭЛГЭРБАЯР: БИЧИЛ УУРХАЙ БОЛ ОРОН НУТГИЙН ИРГЭД БАЙГАЛИЙН БАЯЛГААСАА ХҮРТЭЖ БУЙ ХАМГИЙН БОДИТ ХЭЛБЭР ЮМ

Үнэлэх
(0 үнэлгээ)

 

Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбооны Тэргүүн Л.Дэлгэрбаяртай бичил уурхайн салбарын талаар ярилцлаа.


-Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбооны үйл ажиллагаа, үүрэг чиглэлийн талаарх товч мэдээллээр ярилцлагаа эхэлье.

-МБУНДХолбооны үндсэн зорилго нь гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдгээрийг тогтвортой ажлын байртай, орлоготой, байгаль орчны болон нийгмийн хариуцлагатай бичил уурхайчин, бизнес эрхлэгч болгон төлөвшүүлэх, улмаар амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршдог. Энэхүү зорилгынхоо хүрээнд гишүүн байгууллагуудаа чадавхжуулах, эрдэс баялаг, уул уурхайн бодлого, үзэл баримтлалыг иргэний нийгмийн байр сууринаас боловсруулан төрийн байгууллагад нөлөөлөх, гишүүдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, аж ахуй эрхлэлтийг дэмжих, гишүүдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнес эрхлэлтийг дэмжих. Гадаад, дотоодын эх сурвалжтай холбон зуучлах зэрэг үндсэн чиглэлүүдээр ажиллаж байна. Өнөөдөр Монголын 15 аймагт бичил уурхай бүхий сум орон нутаг бий. Үүнээс 13 аймаг нь өөрсдийн бичил уурхайн холбоогоо байгуулж манай Дээвэр холбооны гишүүнчлэлтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

-Дээвэр холбоо байгуулагдсанаасаа хойш бичил уурхайн салбарт ямар томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн бэ. Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийнхээ талаар мэдээлэл өгнө үү?

-Дээвэр холбоо байгуулагдсан цагаасаа бичил уурхайчдынхаа эрх ашгийг хамгаалах, төр засгийн бодлогод тэдний дуу хоолойг хүргэхийг зорьж ажилласан. Үүний нэг томоохон жишээ нь Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” юм. Бичил уурхайн сайн муу бүхий л асуудлыг хамгийн сайн мэдэх хүмүүс бол хувиараа ашигт малтмал олборлогч иргэд, бичил уурхайчид бид. Иймээс манай холбооны зүгээс энэ журам гарах үйл явцад оролцоо өндөртэй ажиллаж бичил уурхайчдын ажиллах нөхцөлийг хангах олон заалтуудыг оруулж, тусгуулж чадсан.

Одоо ч төрийн бодлого, хууль журмын өөрчлөлт зэрэгт өөрсдийн санал санаачилгаа гарган идэвхтэй ажиллаж байна. Гадаад дотоодын байгууллагуудтай хамтарч олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн.

2013 оноос хойш одоог хүртэл Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай төсөл”-өөс хэрэгжүүлсэн ажил, төслүүдэд хамтрагч, гүйцэтгэгчээр ажиллаж байна. 2014 он Дэлхийн зөн ОУБ-тай хамтарч “Бичил уурхайн салбар дахь хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөтөлбөр”, 2014-2015 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамтай хамтран “Бичил уурхайчдын эрүүл мэндийн үзлэг, оношилгоо”, 2016-2017 онд АНУ-ын “Азийн сан”-тай хамтран “Нөхөн сэргээлтийн төсөл”, 2018 онд “Канад сан”-тай хамтран “Өрх толгойлсон бичил уурхайчин эмэгтэйчүүдийг уул уурхайн бус ажлын байранд шилжихэд нь дэмжлэг үзүүлэх төсөл” гээд бичил уурхайчид, тэдний ар гэр, сум орон нутагт нь чиглэсэн олон ажил, төслийг хийж хэрэгжүүлсэн байна. Энэ жил гэхэд Трафигура олон улсын байгууллагатай хамтран эмэгтэйчүүд хүүхдийн хөгжлийн аян, нөхөн сэргээлт, гэр цэцэрлэгийн төслүүдийг хэрэгжүүлээд явж байна даа.

-Танайх Төр, бичил уурхайчин хоёрын дунд гүүр болж буй байгууллага. Юунд илүү ач холбогдол өгөн ажиллаж байна?

-Ер нь энэ салбарт эрх зүйн орчин нь тогтвортой байх их чухал. Шийдвэр гаргагчид, бодлого хэрэгжүүлэгчдийн зарим нь судалгаа шинжилгээ сайн хийлгүйгээр бичил уурхайчдыг зөвхөн хэвшмэл сөрөг дүрээр харж бодлогын өөрчлөлт хийх сонирхол, хандлага ажиглагддаг. Том уул уурхайн нөлөөлөл ч ордог биз. Ширээний ард суугаад хааж хорих шийдвэр гаргах нь асуудлыг шийдэх амархан арга гэж шийдвэр гаргах түвшний хүмүүс үздэг. Гэхдээ хааж хорих нь хэзээ ч энэ асуудлын шийдэл болж байгаагүй. Бичил уурхай бол зөвхөн Монголд байгаа цоо шинэ үзэгдэл, үйл явц биш. 100, 200 жилээр тоологдох, уул уурхай бичил уурхайн түүхтэй орнууд ч бий. Тэд ч өнөөдрийн манайд байгаатай адил нөхцөл байдлыг ухаалгаар, албажуулах, зөөлөн бодлого барих замаар зохицуулсан нь амжилт олсон байдаг. Харин эсрэгээрээ шууд хааж боох алхамуудыг хийснээр хүний эрхийн болон байгаль орчны нөхцөл байдлыг улам их эсрдэлд оруулсан харамсалтай жишээнүүд ч бий. Одоогийн байдлаар дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй 70 гаруй оронд бичил уурхай идэвхтэй ажиллаж байна.Бидний зүгээс ийм оновчгүй, сөрөг үр дагавартай шийдвэр гарахаас сэргийлэх, бичил уурхайн эрх зүйн орчныг тогтвортой байлгах, шинэчлэн сайжруулах талаар тасралтгүй ажиллаж байна. Мөн бичил уурхайчдын эрхийг хамгаалахаас гадна тэднийг өөрсдөө эрхээ хамгаалах чадавхтай болгох шаардлагатай байна. Мэдлэг мэдээлэл сайтай, чадвартай хүн эрхээ хамгаалж, үүргээ ухамсарлан биелүүлж чаддаг тул бичил уурхайчдынхаа мэдлэг чадварыг нэмэгдүүлэх тал дээр өндөр ач холбогдол өгч, олон төрлийн сургалтуудыг зохион байгуулж байна.

-Хүндрэл бэрхшээлтэй ямар асуудлууд байна?

-Асуудал бэрхшээл гэвэл олон байна. Хамгийн эхэнд гэхэд нийгэм, олон нийтийн зүгээс бичил уурхайчдын талаар хэвшмэл буруу ойлголт, мэдээлэлтэй байгаагаас сөрөг хандлага гаргаж байна. Нөгөө талаас тэгж харагдуулах сонирхол ч томоохон уул уурхайн компаниуд, төр, орон нутгийн зарим байгууллагуудад байгаа юм шиг. Бичил уурхайчин гэдэг маань зохион байгуулалтад орсон, хариуцлагатай, хууль журмын дагуу, зөвшөөрөгдсөн газар талбай дээр үйл ажиллагаа явуулдаг, нөхөн сэргээлт хийдэг, татвар, нийгмийн даатгал төлдөг гээд нинжа гэдгээс шал өөр түвшний ойлголт юм шүү дээ. Гэтэл ХАМО буюу хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн хууль бус үйл ажиллагаа, орон нутгийн удирдлагуудын ашиг сонирхлын зөрчил зэрэг нь бичил уурхайн салбарыг хууль бус, зөрчилтэй мэт харагдуулаад байгаа юм. Учир нь орон нутгийн удирдлагуудтай ашиг сонирхлоор холбогдсон этгээдүүд дураар аашлан журам зөрчиж, хариуцлага хүлээдэггүй, нөхөн сэргээлт хийдэггүй, татвар, нийгмийн даатгалаас зугтдаг үзэгдэл нийтлэг байна. Бид ХАМО иргэдийг албажуулах, зохион байгуулалтад оруулан хууль журмын дагуу ажиллуулах тал дээр ажиллаж байхад нөгөө талаас төрийн зүгээс албажсан, хууль, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөл, хоршоодод тодорхой дэмжлэг үзүүлэхгүй, харин ч хяналт шалгалт, дарамт ихтэй байгаагаас ХАМО иргэд албажих сонирхол бага байна. Төрийн зүгээс бичил уурхайн талаар баримталж буй бодлого, баримт бичигт туссан байдал болон түүний хэрэгжилт хоёрын хооронд асар их зөрүүтэй байдаг бөгөөд тогтворгүй байгаа нь энэ чиглэлээр хөрөнгө оруулалт хийгдэх боломжгүй болгож байна гэх мэт хүндрэл бэрхшээлүүд байна.

-Бичил уурхайчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр цаашид юу хийх ёстой вэ?

-Үндсэндээ бичил уурхай эрхлэхдээ өндөр дүнтэй ашиг орлого олох гэхээсээ илүү ажлын байртай болох, амьжиргаагаа залгуулах, хөдөлмөрийн харилцаанд орох, нийгмийн даатгалд хамрагдах зэрэг наад захын хэрэгцээ шаардлагаа хангах л сонирхол, зорилго давамгайлж байна. Энэ л эрх ашиг, сонирхлыг хангах, хамгаалах нь манай холбооны үндсэн зорилгын нэг бөгөөд бид үүнд чиглэсэн үйл ажиллагаануудыг эрчимжүүлэн ажиллаж байгаа. Бичил уурхайчдын орлогыг тогтвортой байлгах, орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, өөрөөр хэлбэл бичил уурхайгаас бусад орлогын эх үүсвэртэй болгох чиглэлээр ажиллаж, бичил бизнесүүдийг дэмжиж, хөгжүүлэх чиглэлээр нилээд ажлыг хийж байна. Мөн тэдэнд нийгмийн даатгалд хамрагдахын ашиг тусын талаар тодорхой мэдээллийг байнга өгч нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэхээр зорьж хичээж байна даа. Нийгмийн асуудал гэхээр нийгмийн даатгалд хамрагдаж төрөөс халамж үйлчилгээг бүрэн авах боломжтой болохоос л эхэлнэ шүү дээ.

-Орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ. Та бүхний үйл ажиллагааг хэр дэмждэг вэ?

-Манай байгууллага аймаг, сумдын Засаг даргын тамгын газартай Хамтран ажиллах санамж бичиг байгуулан бичил уурхайчдыг ажлын байраар хангах, орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, тэдгээрийн эрүүл мэнд, нийгмийн асуудлыг анхааран, шийдвэрлэх зэрэг чиглэлээр хамтран ажилладаг. Гэхдээ олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой гэдэг шиг л орон нутгийн удирдлагууд янз бүр л байдаг. Зарим нь үнэхээр нутгийн иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй, шударга удирдлагууд байна. Зарим нэг нь ч зөвхөн өөрийн ашиг сонирхлын дагуу томоохон компаниудтай хамжин, хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулъя гэж байгаа иргэдээ хавчих, шахах нь ч бас бий.

-Тусгай зөвшөөрөлтэй компани, орон нутаг, бичил уурхайн ТББ-ын гурвалсан гэрээ өнөөдөр ямар түвшинд байгуулагдаж байгаа вэ. Цаашид энэ тал дээр юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Гурвалсан гэрээ бол Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын нэгэн онцгой заалт бөгөөд боломж юм. Гэвч хэрэгжих түвшинд гурвалсан гэрээ тийм ч олон байгуулагддаггүй. Ашиглалтын лицензтэй компаниуд энэ гэрээнд их хойрго ханддаг учир байгуулагдахад тийм ч амархан байдаггүй. Манай гишүүдээс хуруу дарам цөөхөн байгууллага л гурвалсан гэрээгээр амжилттай ажиллаж байна. Ер нь сум орон нутгийн удирдлагуудаас компанид шахалт үзүүлэн ажиллаж чадвал иргэдээ ажлын байртай болгож, хууль журмын дагуу ажиллуулах бас нэг боломж юм байгаа юм л даа.

-Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, нөхөн сэргээлтийн талаар?

-Манай холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг нь ХАБЭА, нөхөн сэргээлтийн сэдэв байдаг. Бид байгуулагдсан цагаасаа л хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах ангитай хамтран нийтдээ 6500 орчим хүнд ХАБЭА-н сургалтыг зохион байгуулсан байна. Нэг талаасаа хуулийн хүрээнд албажсан нөгөө талаасаа ХАБЭА-н мэдлэг, мэдээлэлтэй болсноор бичил уурхайд гарч байсан ослын тоо 70 хүртэл хувиар буурсан талаар 2016 оны судалгаа байдаг. Одоо ч ослын тоо улам цөөрч бичил уурхайн нөхөрлөл бүр ХАБЭА хариуцдаг ажилтантай болон хөгжиж байна. Өнгөрсөн сард гэхэд ХАБЭА-н чиглэлээр заах чадвартай 10 сургагч багш бэлтгэсэн. Тэд маань мөн өөрсдийн орон нутагтаа бичил уурхайчдыг энэ чиглэлээр сургах юм.

Нөхөн сэргээлтийн хувьд уул уурхай бүхий бүх аймагт олон жилийн өмнө ХАМО иргэдийн гараар эвдэгдэж орхигдсон талбайнууд багагүй байдаг. Эдгээрийг бичил уурхайчид нөхөн сэргээж байна. Техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг жишиг болохуйц түвшинд хийж байгаа олон нөхөрлөл бий. Холбооноос Төв аймгийн Заамар сум дахь МСҮТ-д бичил уурхайчдаа сургадаг. Сургалтад хамрагдаж байгаа хоёр бичил уурхайчин маань дадлагын ажлаа Монголдоо томоохонд тооцогдох уул уурхайн компанид хийсэн юм. Тэдний ажиллахыг хараад тус компанийнхан нөхөн сэргээлтийг ингэж утгаар нь хийх ёстой юм байна гэж шогшроод үлдсэн гэж байгаа юм. Бичил уурхайчид харьцангуй бага зардлаар сайн нөхөн сэргээлт хийдэг л дээ. Манай гишүүд 2013 оноос хойш нийтдээ 450 орчим га газрыг нөхөн сэргээсэн байдаг. Энэ жил гэхэд Трафигура олон улсын байгууллагын санхүүжилтээр дөрвөн аймагт 50 орчим га газрыг нөхөн сэргээх төсөл хэрэгжүүлэхээр байна.

-Бичил уурхайчид нэгдсэн зохион байгуулалтад орсноороо гарч буй сайн үр дагавар, нөлөө гэвэл та юу хэлэх вэ?

-Хамгийн эхэнд гэвэл дураараа хувь хувьдаа металл хайгч, ногоон түмпэн бариад замбараагүй газар ухдаг байдлыг эрс багасган, нөхөрлөлийн зохион байгуулалтад орж, хууль журмын дагуу ажиллаж байгаа нь байгаль орчин сүйдэх эрсдэлийг бууруулж байгаа. Хүний амь эрстэх, бүхий л төрлийн хүчирхийлэл, гэмт хэрэг зөрчил эрс буурсан. Орон нутгийн төр захиргааны байгууллагууд ч гэсэн хяналт тавьж ажиллахад амар болсон. Цаашлаад ингээд зохион байгуулалтад ороод ирсэн хүмүүс чинь сум орон нутагтаа нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон байгууламж байгуулах, булаг ус хашиж янзлан орон нутгийн иргэд малчдын сайн сайханд чиглэсэн олон үр нөлөөтэй ажлыг хийж хэрэгжүүлээд эхэлж байгаа юм. Томоохон нөхөрлөлүүд согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийг ажиллуулахгүй гээд шахчихаар архидан согтуурах нь ч багасаад ирэх жишээтэй. Нөхөрлөлүүд зохион байгуулалттайгаар тодорхой хүмүүст алтаа борлуулж тэд нь Монголбанкны салбаруудад тушаахаар алтны гарал үүсэл тодорхой болж байгаа зэргээр сайн жишээ, үр нөлөө их л дээ.

-Орон нутгийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийн талаар тодруулаач?

-Монгол Улсын Үндсэн хуульд …газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна… гэж заасан байдаг. Бичил уурхай бол ард түмэн байгалийн баялгаасаа шууд хүртэж буй хамгийн бодит хэлбэр юм. Байгалийн баялаг бүхий тухайн орон нутгийн иргэд тэрхүү баялгаасаа өөрсдөө хууль журмын дагуу олборлон амьжиргаагаа залгуулж, ажлын байр нэмэгдүүлж байгаа юм. Энэ ч утгаараа бичил уурхайчдын олсон бүхий л орлого цэвэр тухайн орон нутгийнхаа эдийн засагт томоохон хувь нэмэр болж байдаг. Бичил уурхайчид идэвхтэй ажиллаж байгаа газрын зах, худалдааны төв, шатахуун түгээх станцууд, үйлчилгээний газрууд орлоготой эргэлттэй байдаг. Өөрөөр хэлбэл нэг ч гэсэн хүүхдийн уух сүү, идэх талх, сургалтын төлбөр болж тухайн орон нутагтаа, иргэддээ шингэж байдаг. Татвар, нийгмийн даатгал, бусад хураамжууд нь ч тухайн орон нутгийн төсвийн бүрдэлд онцгой нөлөөтэй байдаг.

Ер нь бол орон нутгийн бичил уурхай эрхлэгчдийн олборлож буй багахан хэмжээний баялаг хэн нэгэн Ли, хэн нэгэн Петр эсвэл аль нэг авилгач түшмэлийн халаасанд ордоггүй. Харин ч 100 хувь эх орон, ард иргэддээ шингэж үлддэг. Тийм ч учраас би БИЧИЛ УУРХАЙ БОЛ ОРОН НУТГИЙН ИРГЭД БАЙГАЛИЙН БАЯЛГААСАА ХҮРТЭЖ БУЙ ХАМГИЙН БОДИТ ХЭЛБЭР гэж дахин хэлмээр байна.

-Бичил уурхайн салбарын ирээдүйг та хэрхэн харж байна?

-Яг өнөөдрийн байдлаар дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй 70 гаруй оронд бичил уурхай идэвхтэй ажиллаж байна. Олон улсын байгууллагууд, энэ салбарын мэргэжилтнүүдийн зүгээс Монголын бичил уурхайн салбарын хөгжлийг тун сайн түвшинд явна гэсэн үнэлгээ өгч байна. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахын аргагүй түвшинд очсоныг нийтээрээ мэдэж байгаа л даа. Энэ нь нэг талаасаа төрийн зүгээс зөв бодлого явуулж, сайн хууль, журам гаргасан, нөгөө талаасаа Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн 14 жилийн зөв бөгөөд идэвхтэй үйл ажиллагаа, манай холбоо байгуулагдаж бичил уурхайчдаа нэгдмэл санаа зорилготой болгож зохион байгуулалттай ажилласны хамтарсан үр дүн юм. Тэгэхээр энэ хүрсэн үр дүн, амжилтаа хадгалж, улам сайжруулах нь бидний гол зорилго болоод байна. Эрх зүйн орчныг тогтвортой байлгаж улам боловсронгуй болгох, хууль журмыг гажуудалгүй, зөв хэрэгжүүлэх нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаагаа чиглүүлэх гол зүйл. Ингэж тал талаасаа зөв харж, идэвхтэй ажиллаж чадвал Монголын бичил уурхайн салбар дэлхийд жишиг болох цаг холгүй байна гэж би хардаг юм.

-Ярилцсанд баярлалаа.

Э.ОЮУНБОЛД

Нийтэлсэн: 2019-08-22 19:13:32

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.