Монгол орныг хамарсан “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” Үндэсний хэлэлцүүлэг үр дүнгээ хэлэлцэж байна
2019 оны есдүгээр сараас эхэлж орон даяар үргэлжилсэн “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн хэлэлцэх чуулган өнөөдөр /2019.12.18/ Төрийн ордонд болж байна.
“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-аас хамтран зохион байгуулж буй “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний чуулганыг Шадар сайд Ө.Энхтүвшин нээж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат илтгэл тавив. Чуулганы Үндсэн илтгэлийг “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр тавьж, 21 аймагт зохион байгуулсан хэлэлцүүлгийн тайлан, үр дүнг танилцууллаа.
Сануулахад, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” зэрэг төрийн бус байгууллагууд, сэтгүүлчдийн хамтын тэмцлийн үр дүнд Тост, Тосон бумбын нурууг бүтэн авч үлдэж чадсан. Хоёр гаруй жил үргэлжилсэн тэмцлийг үргэлжлүүлж, 2019 оны наймдугаар сарын 9-ний өдөр “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлгийг Төрийн ордны Иргэний танхимд болсон билээ. Хэлэлцүүлгээс томоохон үр дүн гарч, таван зүйл бүхий санаачилга, шаардлага боловсруулан ҮАБЗ, Засгийн газарт хүргүүлсэн.
Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Д.Оюун-Эрдэнээр ахлуулсан шударга, олон талт, хараат бус ажлын хэсгийг байгуулж, урт хугацаатай ажиллаж, 22 булаг шандад нэг бүрчлэн судалгаа явуулж, нэгдсэн дүгнэлт гарган, акт тогтоож ажиллах шаардлага гаргасан.
Хэлэлцүүлгийг зохион байгуулагчдын хүсэлт, шаардлага Засгийн газарт хүрч, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулсан Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, ЗГХЭГ-ын дарга нарын багтсан Ажлын хэсэг Монгол Улсад олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн олголтод дахин хяналт тавих, бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, лиценз олгохдоо хууль зөрчсөн байх магадлалыг шалгах үүргийг нийгмийн өмнө хүлээн, ажиллаж байгаа юм.
Түүнчлэн “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулах санал санаачилгыг өнгөрсөн наймдугаар сарын 9-ний өдөр болсон “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлгээс гарсан. Санаачилга ажил хэрэг болж, Хэнтий аймгаас эхлүүлэн дөрвөн сарын хугацаанд нийт 21 аймагт зохион байгуулсан “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр үр дүнгээ нэгтгэж байна.
Хэлэлцүүлгийг зохион байгуулагчид Тост, Тосон бумбын төлөө тэмцсэн жишгээр Монгол орноо тойрч, иргэдээ сонсож, хууль зөрчсөн зүйлс байгаа бол төрийн сонорт хүргэх, байгаль хамгаалах үзлийг, эх оронч үзлийг дэлгэрүүлэх зорилготой юм.
“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг 2019 оны есдүгээр сарын 24-нд Хэнтий аймгийн Чингис хотоос эхэлж, зүүн гурван аймагт үргэлжлэхдээ уул уурхайг хариуцлагатайгаар эрхлэх шаардлага тулгарсныг ил тод болгон гаргаж ирж байсан билээ.
Тухайлбал, Хэнтий аймаг дахь Гутайн давааны орчимд байрлах Гутайн бүлэг ордтой холбоотой асуудал юм. Гутайн давааны бүлэг ордыг ашиглахын тулд Батширээт сумын нутаг дэвсгэрт урсах Шургадагийн болон Гутайн голуудыг кадастрын зураглал болон газрын зураг дээр байхгүй болгосон зэрэг анхаарал татсан асуудлууд “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгээр нийгмийн сонорт хүрсэн.
Үндэсний хэлэлцүүлэг Дорнод аймагт болоход дорнодчууд Мэнэнгийн талаа төрийн хамгаалалтад авах саналыг төрийн чихэнд хүргэж өгөхийг хүсэж байсан бол Сүхбаатар аймгийн иргэд хариуцлагатай уул уурхайн төлөө нэгдэж буйгаа илэрхийлсэн.
Говь-Сүмбэр аймагт болсон хэлэлцүүлгийн үеэр 17 000 хүн амтай Чойр нүүх үү, эндэхийг эзэгнэсэн уул уурхай нүүх үү гэдэгтээ тултлаа ноцтой байдал үүссэн нь ил болж байсан. Нутгийн иргэд “Эйкүсора” нүүрсний уурхайд шүүмжлэлтэй хандаж байв. Аймгийнх нь төвөөс 6 километрт нүүрсний уурхай нээгдсэн нь хариуцлагагүй уул уурхайн жишээ гэж байлаа.
Өмнөговь аймгийн тухайд улсын хэмжээний уул уурхайн 80 хувь нь энэ нутагт бий. Өмнөговьчууд уурхай бүхнийг эсэргүүцнэ гээгүй. Тавантолгойгоо ашигла. Оюутолгойгоо ашигтай болго гэж буй. Гэхдээ нэмж олон уурхай хэрэггүй гэдгийг дуу нэгтэй хэлж байсан. Үндэсний хэлэлцүүгийн үеэр олон чухал асуудал яригдсан. Тус аймгийн нутаг дэвсгэрт ачаа тээврийн байнгын ажиллагаатай авто замын Цагаан дэл уул боомт баригдахаар болж буйг нутгийн иргэд эсэргүүцэж байсан. Гашуунсухайт, Шивээхүрэн гээд хоёр боомтоор автотээврээр нүүрс тээвэрлэхэд эдийн засагт мөнгө дагуулж буй ч байгаль орчинд, нийгмийн талаасаа ихээхэн сөрөг дагавартай байгаа. Тэгэхээр дахиад нэмж боомт бидэнд хэрэггүй гэж Өмнөговьчууд үзэж байна. “Хилийн шинэ боомт хөгжил бус гамшиг дагуулна” гэж Хүрмэн сумынхан үгээ хэлсэн.
Цогт-Овоо сумаас Цогтцэций хүртэлх замд нүүрс ачсан машинууд олон салаа замаар давхиж, үргэлжилсэн цагаан тоос манарч буй нь хүн, малын эрүүл мэндэд олон жил заналхийлж буй дүр зураг.
Өмнөговь аймгийн Манлай сумын иргэд хэлэхдээ аргаль, янгир, хулан, хар сүүлт гээд ховор зэрлэг амьтадтай нутагт нь төмөр замын зураг төсөл хийхдээ ард түмэнтэй огт уулзаагүй. Төмөр замын трассыг хаагуур явуулахыг нарийвчилж шийдэх ёстой гэдгийг хэлцгээж байсан.
Оюутолгойн уурхайг дэрлэн оршдог Ханбогд суманд хамгийн их хомсдож буй зүйл нь ус болохыг сумын Засаг дарга болон нутгийн малчид, иргэд хэлж байв. Тэгвэл Үндэсний хэлэлцүүлгийн багийнхан Мандал-Овоо суманд Олон овоотын алтны уурхайн сүйтгэж хаяад орхисон газар, “Зөв зүг” компанийн жонш олборлох уурхайн байдалтай танилцсан юм. “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр Олон овоотын уурхай нээж, алт ухаж байгаад “Алтжин” компанийн Г.Алтанд шилжүүлж, лиценз нь одоо банкны барьцаанд бий. Алтыг нь аваад авдрыг нь хаясан нөхцөл байдал буюу хариуцлагагүй уул уурхайн тод жишээ эндээс харагдаж байсан. Алдарт Ханын хэц уулыг сүйтгэж энд тэндгүй нүх, овоолго үлдээсэн нь уул уурхай эрхлэгчид дэндүү хариуцлагагүй байгааг илтгэж байлаа.
Тэгвэл Сэлэнгэ аймгийн 13 суманд хайгуулын болон ашиглалтын 180 лиценз хүчин төгөлдөр байгаагаас 21 нь л хууль, журмыг дагаж, мөрдсөн үйл ажиллагаа явуулж буй тухай нутаг орны удирдлагууд хэлж байсан.
Товч тодорхойлон хэлэхэд “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийн баг өнгөрсөн хугацаанд 12 000 км зам туулан, 35 хэлэлцүүлгийг 21 аймагт зохион байгуулахдаа Монголын нийт ард иргэдийн үгийг, байр суурийг төрд хүргэх гүүр боллоо. Монголын ард түмэн уул уурхайн салбараас ХАРИУЦЛАГА нэхэж буйг 35 удаагийн хэлэлцүүлэг харуулж байна.
Өнөөдөр болж буй “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг орон даяар үргэлжилсэн хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн, Төрийн ордонд хэлэлцэж буй нь уул уурхайн хариуцлагыг ШИНЭ ТҮВШИНД гаргах зорилготой юм.
Дашрамд тэмдэглэхэд, эхэнд дурдсан ТББ-уудын эхлүүлсэн Тост, Тосон бумбын төлөөх тэмцэл өмнө нь Монгол Улсад шударга ёс тогтоох, хууль сахиулах, уул уурхай хариуцлагатай байх, хэвлэл мэдээлэл хараат бус ажиллах, байгаль эхийг хамгаалах жишиг тэмцэл болж байсныг дурьдах нь зүйтэй. Үүнээс үндэслэн хууль бус, хариуцлагагүй уул уурхайн талаарх мэдээллийг төр, түмэнд нээлттэй, ил тод болгож хуулийн дагуу үнэн, зөвөөр шийдвэрлүүлэхийн төлөө ийнхүү “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийг орон нутагт цувралаар зохион байгуулсан юм.
Чуулган “Уул уурхайн салбарт орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийг сайжруулахад авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний тухай” БОАЖЯ-ны мэдээлэл, “Ашигт малтмал, газрын тосны салбарын мэдээлэл сэдвээр УУХҮЯ-ны мэдээллээр үргэлжилж байна.
Мөн чуулганд “Уул уурхайн салбарын тулгамдсан асуудал” сэдвээр “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Д.Энхбат, “Эх дэлхий, хүн төрөлхтөн, Монгол Улс, бодлогын шинэчлэл” сэдвээр “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Долгор, “Лиценз олгоход нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагын хооронд үүсч буй зарим асуудлууд” сэдвээр Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг дарга Б.Батболд, “Эх орон, газар шорооныхоо эзэн нь байцгаая” сэдвээр “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг, “Боомтын хөгжил ба байгаль экологийн асуудал” сэдвээр эрдэмтэн судлаач Х.Түмэнгэрэл, “Уул уурхайд тавих хяналтыг өндөржүүлэх нь” сэдвээр Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа нар илтгэл тавих юм.
Чуулган 18.00 цаг хүртэл үргэлжилж, төгсгөлд нь зөвлөмж, шаардлага гаргана.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.