Энэ дугаарын “Онцлох зочин”-той бид нөхөн үржихүйн эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн шинэ технологийн онцлог, гэр бүлийн сэргээн засах эмчилгээ үйлчилгээний талаар ярилцана гэж төсөөлсөн боловч бидний ярилцлага маш өргөн хүрээг хамарч, хүн бүр анхааран уншиж, тусгаж ойлгох сэдэв болох гэр бүлийн эрүүл харилцаа, ихэнхдээ хаалттай хаалганы цаана ярилцдаг бэлгийн амьдрал, түүнийг тойрсон асуудлын хүрээнд өрнөсөн юм. Хэдийгээр ярилцахад ичиж улайдаг, зөвхөн найз нөхдийн хүрээнд л нээлттэй ярилцдаг мэт сэтгэдэг ч үнэн хэрэгтээ энэ сэдэв бидэнд ямар ач холбогдолтой, үнэн зөв мэдлэг, мэдээлэлтэй байснаар нийгмийг бүрдүүлэгч бат бөх эрүүл гэр бүлийг бий болгоход чухам ямар нөлөөтэй болохыг магад энэ ярилцлагаас олж хараасай гэж хүслээ.
Ингээд “La Sante” эмнэлгийн ерөнхий захирал З.Болормаатай ярилцсанаа хүргэе.
Онцлох эшлэлүүд
- Хүн хэдий зүрхээр амьдардаг ч хүний амьдралын зүрх нь аарцаг ёроолын булчин юм.
- Эцэг эхчүүд бид үр хүүхдээ эрүүл мэндийн боловсролтой зөв хэвшилтэй өсгөж хүмүүжүүлснээр эх орныхоо удмын санд оруулж үнэт хөрөнгө оруулалт юм
- Аарцаг ёроолын булчингийн үйл ажиллагаа алдагдвал хүний амьдралын чанар үгүй болно.
- Хүн 60 насандаа хань төвтэй, хайр төвтэй жаргаж амьдарч байх учиртай шүү дээ.
- Эмэгтэй хүн хярзангаа хайчлуулна гэдэг нь амьдралын аз жаргалаа хайчлуулсантай ижил зүйл. Франц улсад эмэгтэйчүүдийн хярзан хайчлахыг эмэгтэйчүүдийн эрүүл, элэг бүтэн, аз жаргалтай амьдрах эрхийг зөрчиж байна гэж үздэг.
- Өчнөөн жил ханилсан ч шүргээд л дур тавьдаг гэр бүлүүд ч байдаг. Гарт нь хүрээд л цахилгаан гүйх мэт гоё мэдрэмж авдаг хосууд ч байдаг.
-“La Sante” эмнэлгийг үүсгэн байгуулсан түүхээсээ хуваалцаач. Хэрхэн юунаас үүдэж, энэ салбарт бизнесээ эхлэх санаа төрсөн бэ?
-Хэдийгээр би хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ч эмнэлгээ бизнес гэж харж ажиллаж байгаагүй. Яагаад гэхээр энэ салбарт би өөрийгөө маш их бэлдэж олон судалгаа хийж өөр зорилготойгоор хөл тавьсан. Би сайхан монгол эр хүний хань, хоёр хөөрхөн үрийн ээж. Зургаан хүүхэдтэй айлын ганц отгон охин. Манай аав, ээж хоёр багш. Багшийн гэр бүлд өсч, хүмүүжин багаасаа л их ном уншдаг, сониуч зантай, бүхнийг өөрийнхөөрөө хийдэг, өөртөө итгэлтэй охин байлаа. Уншиж, сурсан зүйлээ илүү их мэдэхийн тулд судалж, “Яагаад, яагаад” гэдэг асуултад хариулт олохын төлөө их ч туршилт хийдэг байв. Бас бясалгал, энерги, далд ухамсар, үйлийн үр гэдэг зүйлийг нэлээд сонирхдог хүүхэд байлаа. Багын хүмүүжил ийм. Гэхдээ эмэгтэй хүний хувьд хоёр зурааснаас л амьдрал нь эхэлж, хорвоог өөрөөр хардаг болдог юм билээ. Жирэмсэн болсноо мэдээд ээж болохдоо юуг бэлдэх ёстой юм, хүүхдээ хэрхэн яаж эрүүл, зөв тээх ёстой вэ гэх зэргээр дэлхийн хэмжээний олон орны ном зохиол уншиж туршилт судалгаанууд хийж эхэлсэн. Хүний анатомийн бүтцийн тухай олон судалгаа, ном, товхимлууд ч уншиж, мөн төрсний дараа яах ёстой вэ гэдгийг ч нэлээд судалсан. Хүүхдийн хувьд хоёр нас хүртэлх хүмүүжил нь цаашдын хэн байхыг нь тодорхойлдог гэдэг. Энэ мэтчилэн сэтгэлзүйн шинжлэх ухааны номууд ихээр уншдаг байв. Би хүний нөөц, систем хамгаалал мэргэжлүүдийг эзэмшсэнээс гадна оюутан болоод арьс, гоо заслын талаар нэлээд сонирхож суралцаж нэгдүгээр курст сурч байхдаа салон нээж байв. Улмаар арьс, гоо заслын чиглэлээр суралцаж, мэргэжлийн зэрэглэлээ ахиулж, нэгдүгээр зэрэглэл ч эзэмшсэн. Ер нь өөрийгөө цаг ямагт хөгжүүлж, олон зүйлд сорьж, туршиж үзэхийг хүсдэг зантай. Энэ бүх зан чанар болон уншиж, судалсан зүйлс маань намайг энэ салбартай ойртуулсан. Бас нэг зүйл нь, миний хувьд ажлын талбар дээр гараад 10 орчим жил ажиллахдаа эмэгтэйчүүдтэй илүү их ажиллаж, тэднийг сонссон явдал байв. Ингэж эмэгтэйчүүдтэй ажиллаж байх үедээ би ихэнх эмэгтэйчүүдэд байдаг сөрөг бодол буюу эрэгтэйчүүд угаасаа араар тавьдаг, тэд тийм гэх миний боддогоос эсрэгээр маш сөрөг, гутранги байдлыг өөрчлөхийг хүссэн. Угтаа эмэгтэй хүн бүр гуравдагч харилцааг бий болгохгүй, нөхөртэйгөө аз жаргалтай амьдрахыг хүсдэг шүү дээ. Эндээс тэгэхийн тулд бид яах ёстой вэ гэдэг асуулт гарч ирсэн. Ингэж л миний ажлын эхлэл тавигдсан гэж ойлгож болно. Яг ажил хэрэг болоод эмнэлгээ байгуулсан түүх гэвэл, 2016 онд манай “хуурай” эгч надад аарцаг ёроолын булчин сэргээн заслын дэлхийд хамгийн шилдэг төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа оруулж ирэх санал тавьснаас эхэлсэн. Ингээд манай “Ла Сантэ” эмнэлэг маань шилдэг эмч баг хамт олноо бүрдүүлэн Монгол Улсдаа анх удаа европын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан эмэгтэйчүүдийн эрүүл элэг бүтэн аз жаргалтай амьдрах эрхийг бий болгоход туслах дэлхийн стандартын төхөөрөмжөө эмнэлэгтээ суурилуулсан юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид дөчин жил ажилласан мэт туршлага олж авсан бөгөөд 2018 онд дэлхийн хэмжээний доктор профессорууд маань манай эмнэлэгт зочлоход Франц улсын “Вивалтис” факультетын захирал Жорж Биллиард гарыг минь атгаад баярлаад уйлж байсан юм. Энэ хугацаанд би ашиг, бизнес гэхээс илүүтэй нэг ч гэсэн эмэгтэйд нөхөн үржихүйн зөв хэвшил, бэлгийн боловсрол олгож алдахаас нь өмнө урьдчилан сэргийлж, сэргээн засах эмчилгээг амжилттай хийж, гэр бүлд нь аз жаргал авч ирэх юмсан гэсэн сэтгэлээр л ажиллаж ирсэн дээ. Хэдийгээр би үр хүүхдээ сайн сайхан эрүүл өсгөж хүмүүжүүллээ ч үрсийн минь ажиллаж амьдрах нийгэм өөрөө эрүүл бус байвал миний амьдралын утга учир, хийсэн бүтээсэн өөрөө хий хоосон болно шүү дээ.
-Таны энэ үзэл хандлага танай эмнэлгийн зорилго, чиглэл гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Ер нь удирдагчийн философи, үзэл хандлага тухайн байгууллагын зарчим болдог шүү дээ. “Эрүүл монгол эмэгтэй Элэг бүтэн гэр бүл” гэсэн зорилттой манай эмнэлгийн бүх эмч, хамт олон зорилго хүсэл нэгтэй нэг гэр бүл болж ажилладаг. Бид өглөө, орой бүр үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндийг тэргүүнд тавьж эмнэлгийнхээ зорилгыг бодит болгож багаараа өсөн дэвжиж, “Итгэл дүүрэн угтаж сэтгэл хангалуун үдье” гэсэн уриагаар ажлаа эхлүүлдэг. Мөн бид Монгол улсдаа эмэгтэйчүүдийн хувийн хэвшлийн хамгийн анхны Францын “Афнор” группын чанарын менежментийн стандарт ISO 9001:2015 нэвтрүүлсэн эмнэлэг болсондоо маш их баяртай байгаа. Ингэснээр дэлхийн стандартын эмчилгээг дэлхийн стандартын дагуу жинхэнэ чанар, баталгаатайгаар монгол гэр бүлүүддээ хүргэх боломж бүрдсэн.
-Дээр та цухас дурдаад өнгөрлөө. Эмэгтэйчүүдийн аарцаг ёроолын булчин сулралын сэргээн засах эмчилгээний төхөөрөмжийн талаар. Манайхан үүнийг үтрээ чангалах эмчилгээ гэдгээр нь илүүтэй мэднэ. Тийм үү?
-Тийм ээ. Эмэгтэйчүүдийн бага аарцаг ёроолын булчингийн сэргээн заслын “Phenix” аппаратын тухайд 1985 онд Францын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан, Европын бүх л эрүүл мэндийн байгууллагын стандарт, шаардлагыг хангасан аюулгүй ажиллагаа, эмчилгээний үр дүнгээр клиник туршилтууд нь олон сая хүнд нотлогдсон дэлхийн шилдэг тоног төхөөрөмж байгаа. Манай эмнэлэг 2016 оны зунаас эхлэн Улаанбаатар хот дахь эмчилгээндээ нэвтрүүлсэн. 2018 оноос бид орон нутгаар салбар эмнэлгээ нээж төхөөрөмжүүдээ тухайн орон нутгийн хамгийн туршлагатай, ёс зүйтэй шилдэг эмч ажилчидтай, магадлан итгэмжлэгдсэн эмнэлгүүдэд байрлуулаад эмчилгээгээ хийж байгаа.Одоогоор Өмнөговь, Дорнод, Дархан, Эрдэнэт хотод эмчилгээгээ нэвтрүүлсэн. Мөн энэ сард /2019 оны 12 дугаар сар/ Ховд аймагт салбар эмнэлгээ нээхээр ажиллаж байна. Манай Эрдэнэт хотын салбарын хувьд Улаанбаатар хотоос очсон туршлагатай эмч, мэргэжилтнүүдээс 100 хувь бүрдсэн баг. Тэд маань эмчилгээ, үйлчилгээгээ мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэдэг учраас маш богино хугацаанд Эрдэнэт хотын жишиг эмнэлэг болж чадсан байгаа. Бид 2016 оноос хойш жил бүр эмч ажилчдаа Франц улсад мэргэжил дээшлүүлэн сурах боломжоор ханган “Сор Глобал” компанитай хамтран Франц эмч докторуудыг ч Монгол улсдаа урьж, авчран нийт Монголын эх барих эмэгтэйчүүдийн болон сэргээн заслын эмч нарт дэлхийн хэмжээний кредиттэй, сертификаттай сургалтуудыг амжилттай зохион байгуулсан. Чадварлаг багийг удирдаж байгаа удирдагч бол улам л өөрийнхөө мэдлэг чадварыг нэмэгдүүлж, өөрөөрөө үлгэрлэдэг манлайлагч байх ёстой гэж боддог. Тиймдээ өөрийгөө маш их дайчилж, өөртөө илүү өндөр босго тавьж өөртэйгөө ажилладаг. Өнгөрсөн жилүүдэд олон улсын чанартай нэлээд олон хурал, зөвлөгөөн, сургалтад сууж, Итали, Франц, Японы нэр хүнд бүхий сертификаттай сургалтаар өөрийгөө шагнасан
-Аливаа зүйлийн анхдагч болж, шинээр нэвтрүүлэхэд хэрэглэгчдэд таниулах гэсэн том ажил байдаг. Монголчуудын хувьд бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн сэдэвт нэлээд хаалттай ханддаг шүү дээ. Хэрхэн яаж таниулсан бэ?
-Эхэндээ маш хүндрэлтэй байсан. Таны хэлсэнчлэн Монголчуудын дунд нөхөн үржихүйн болон эрүүл мэндийн боловсролын талаарх ойлголт, мэдлэг дутмаг байдаг. Монголд энэ төрлийн мэдээлэл хаалттай, дутмаг байснаар иргэдийн эмчилгээ, үйлчилгээгээ зөв сонгох эрх нь зөрчигдөж байгаа юм. Бид өөрсдийн биеийн анатоми бүтэц болон эмчилгээний төрлүүдийн талаар мэдлэгтэй байснаар мэс ажилбар, лазер, филлер тарилгуудын эрсдэл сөрөг нөлөөний талаар ч мэддэг, хэзээ хэрхэн яаж хийлгэвэл зохистой вэ гэдгийг ялгах боломжтой болно. Мөн өөрийнхөө биеийн онцлогийг мэдэрч, аль нь надад илүү тохирох вэ гэдгийг ч мэдэж, сонголт зөв хийх эрхээ эдэлж, эрүүл мэндээ ч хамгаална.
2016 онд анх эмэгтэйчүүдийн бага аарцаг ёроолын булчингийн сэргээн заслын эмчилгээ гэхэд хэн ч ойлгодоггүй байсан. Эмч нар ч зарим нь ойлгодоггүй байсан. Дараа нь бид хүмүүсийн арай илүү мэдэх болов уу гэдэг нэрийдлээр үтрээний булчингийн сэргээн засал гэж таниулахыг зорьсон. Гэтэл бас л сэргээн засал гэдэг ухагдахууныг төдийлөн мэдэхгүй байсан. Үтрээ гэхээр мэдээд байгаа боловч үтрээнд тарьж хийх юм уу яах юм гээд л мөн л мэдэхгүй. Ингээд сүүлд нь “Үтрээний булчин чангалах эмчилгээ” гэдгээр нь таниулсан. Энэ нь зэрэглэл багатай нэршил хэдий ч хүмүүс ойлгож, маш ихээр хандаж эхэлсэн. Эндээс л хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол ямар байгаа нь харагдсан. Аарцаг ёроолын булчин гэж хаана байдаг, энэ булчин нь хүнд ямар үүрэгтэй гэдгийг тэр бүр мэдэхгүй байна гэсэн үг. Мөн үтрээний булчин бариудаа эрүүл биш уян хатан, агшилт, базалт хүчтэй цусан хангамж хангалттай, халуухан, эрүүл орчинтой эмэгтэйчүүд бидэнд бүрэн удирдагддаг чанараараа эрүүл бөгөөд сэрэл мэдрэмж өндөр байна гэдгийг ч мэдэхгүй байна гэсэн үг.
-Тэгвэл аарцаг ёроолын булчин гэж юу юм бэ, чухам ямар үүрэгтэй юм бэ гэдэг талаар ярилцъя л даа. Та үүнийг хэрхэн томьёолох вэ?
-Бололгүй яахав. Хүний хэвлийн хөндийд хөндлөн байрлаж умдаг яснаас ахар сүүлтэй холбогддог цагариг булчингуудыг аарцаг ёроолын булчин гэдэг. Хүний хэвлийд байрлах маш олон эрхтнүүд болон давсаг умай шулуун гэдсийг доош урвуулахгүй дээш сойж өгдөг тулгуур булчин юм. Би энэ салбарт ажиллаж эхэлснээс хойш миний тархинд бат суусан нэр томьёо, ухагдахуун бол хүн хэдийгээр зүрхээр амьдардаг ч хүний амьдралын зүрх нь аарцаг, ёроолын булчин юм гэж. Магадгүй бид эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, гэр бүлийн харилцаанд тулгамддаг асуудал болон бага аарцаг ёроолын булчинтай холбоотой судалгаа, шинжилгээ их хийж, олон кейстэй тулгарч олон сайхан үр дүнг нүдээр үзсэнтэй ч холбоотой тэгж бодож байж болно. Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар аарцгийн булчин суларснаас үүдсэн өвчлөлтүүд хүний амьдралын чанарыг устгадаг өвлөлүүдийн хамгийн дээгүүр ордог болохыг баталсан. Өөрөөр хэлбэл, аз жаргалгүй, сэтгэл хангалуун бус бие болоод сэтгэлийн зовуурьтай амьдрал бий болчихож байгаа юм. Хайр гэж юу юм бэ, амьдрал гэж юу вэ, хүн ер нь юуны төлөө амьдраад байна вэ гэх мэт олон асуултад хариулт хайж, тэр чиглэлд хүмүүстэй ярилцаж, олон бүсгүйн асуудал, түүхийг сонсож, хамтдаа шийдээд ирэхээр үзэл баримтлал, амьдралыг харах өнцөг бүхэлдээ өөрчлөгддөг юм билээ. Дөрвөн жилийн өмнөх Болормаа, одоогийн Болормаа хоёр тэс өөр болсон гэх үү дээ. Мэдээж аарцаг ёроолын булчин суларснаар үхэлд хүрэхгүй. Гэтэл эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд тулгардаг зөвхөн шээс задгайрал, шээхэд өвддөг, дүлж шээдэг, шөнө унтаж чадахгүй олон шээх, шээж чадахгүй болох, цагаан мах эргэх, бэлгийн харилцаанаас таашаал авахгүй байх зэрэг асуудал гэхэд л сэтгэл зүйд нөлөөлж, улмаар амьдралын чанар, аз жаргалын индексийг бууруулж биднийг өвчлүүлдэг. Тэгэхээр хүн аз жаргалтай амьдрах нь чухал уу эсвэл 60,70,80 насалсан ч гунигтай, бэрхшээл зовлонтой амьдрах уу гэдгийг бодож үзэх л хэрэгтэй болж байгаа юм.
-Мэдээж сэтгэл хангалуун, өөртөө кайфтай амьдрах нь илүү чухал байх...
-Яг үнэн. Хэвтрийн 60 настай эмэгтэй бэрээрээ шээсээ зөөлгөөд ингэж амьдрахаас залхаж байна хэмээн үхлийг мөрөөдөн уйлж байсан. Уг нь бидний давсгийн хэвийн үйл ажиллагаа насжилт, төрөлттэй тийм ч их хамааралтай биш шүү дээ. Бидний буруу хэвшил, эрүүл мэндийн боловсролгүй байдал л аарцгийн булчингийн сулралтай хамгийн их хамааралтай байгаа юм. 70 жил амьдарсан ч сэтгэл ханамжтай, аз жаргалтай, харамсахааргүй байх нь л чухал шүү дээ. Урт амьдрахдаа бус утга учиртай амьдрахдаа чухал гэдэг шиг. Хүний амьдрал 40 наснаас жинхэнэ утгаараа цэцэглэж эхэлдэг. Гэтэл Монголчууд яг энэ ид насандаа өөрсдийгөө өтөлчихлөө гэж боддог. Чухам яагаад ийм бодолтой болдог вэ гэхээр өнөөх л сэтгэл хангалуун бус амьдралаас үүдэлтэй байдаг. 40-өөс дээш насны Монголчуудын дунд аарцаг ёроолын булчингийн үйл ажиллагааны алдагдал болоод үүнтэй холбоотой үүссэн өвчлөлтүүд маш их байдаг. Европын ч юм уу өндөр хөгжилтэй, эрүүл мэндийн боловсрол сайн олгодог орны иргэдийн хувьд 40 насанд ийм өвчин ярьж суухгүй ш дээ. Эсрэгээрээ амьдрал нь ид дэлгэрч, жинхэнэ утгаараа аз жаргалтай амьдарч байхад Монголчуудын амьдрал 40 наснаасаа эхлээд “үхэж” байх жишээтэй. Бүр хэзээний өөрсдийгөө эмээ, өвөө болчихлоо гээд л зөнд нь хаячих тал байдаг. Ингэж явсаар 60 хүрээд хүний асаргаанд орж, шээс дусагнах өвчинд нэрвэгдчихнэ. Гэтэл үүнийг аль эрт сэргээн засаж, эмчлээд, урьдчилан сэргийлээд хань төвтэй, хайр төвтэй, аз жаргал төвтэй сайхан амьдрах боломж байна шүү дээ. Энэ насанд уг нь тийм л байх ёстой юм. Үүнийг л мэдэхгүй байна.
-Аарцаг ёроолын булчин сулралаас урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ. Зөвхөн эмэгтэйчүүдэд тохиолддог асуудал гэвэл хэтэрхий өрөөсгөл байх. Тийм үү?
-Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст аль алинд маш чухал үүрэгтэй булчин. Тиймээс аарцаг ёроолын булчин ямар үүрэгтэй юм бэ гэдгийг хүн бүр өнөөдөр мэддэг байх ёстой. Ээжүүд бид ирээдүйд өсөх хүүхдэдээ багаас нь ойлгуулж, өсгөж хүмүүжүүлэхдээ анхаарах хэрэгтэй. Тухайлбал, аарцаг ёроолын булчингийн сулралд хүргэж болзошгүй хүчин зүйлийг мэддэг байснаар гэрийнхээ бие засах өрөөний суултуурыг хүртэл ямар стандарттай байлгах, хүүхдээ хэрхэн зөв суулгаж сургах, цаашлаад оффис сандал ямар стандарттай, хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй байх вэ гэдгийг тооцоолж, эхнээс нь зохицуулдаг байх хэрэгтэй. Аарцаг ёроолын булчин дан ганц хүүхэд тээлт, өтгөн хаталт, хэвлийн таргалалт хэт их ханиалга зэргээс үүдэлтэй сулардаг булчин биш. Саяны хэлсэнчлэн амьдралын дадал хэвшлүүд, орчин тойрны хүчин зүйлийн нөлөөгөөр хэвийн ажиллагаа нь алдагддаг. Эрэгтэйчүүдийн хувьд мөн л дан ганц бэлгийн сулралын болон шээс дусагнах асуудал биш юм. Тэгэхээр урьдчилан сэргийлэлт, амьдралын зөв хэвшил маш чухал байгаа биз. Бидний нэг алдаа нь хүүхдийг хүүхдээр нь л хараад байдаг явдал. Охин хүүхэд бол ирээдүйд ээж болж, хүү бол аав болох нь тодорхой. Тиймээс тэгж харж эрүүл мэндэд нь анхаарч, аливаа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж, амьдралын зөв хэвшилтэй болгож хүмүүжүүлэх хэрэгтэй. Наад зах нь бага насны хүүхдээ орондоо шээхэд тоохгүй, өтгөн нь хатаж байхад хүртэл түүнийг нь эмчлэхгүй орхиж болохгүй. Өнөөдөр хүүхдээ олон хэлтэй, мундаг боловсролтой болгож бэлдэж байгаа нь дан ганц хийх ёстой ажил биш болчихоод байна. Хамгийн чухал нь эрүүл мэндийн зөв боловсрол, дадал хандлагатай болгож сургах нь ирээдүйд нь оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Эрүүл мэндийн зөв дадлыг эмчээр зөвлүүлж ойлгодог ч эцсийн эцэст эцэг эх л үлгэрлэн хэвшүүлнэ. Энэ нь таны баталгаатай, чанартай Монгол үр удмаа үлдээх эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлага юм.
-Танай эмнэлэг ирж буй үйлчлүүлэгчдээ эмчилгээнээс гадна сэтгэлзүйн зөвлөгөө, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт үйлчилгээ үзүүлдэг үү?
-Манайх чиглэл чиглэлдээ манлайлал болсон маш олон зөвлөх эмч сэтгэл засалч гэр бүл судлаач мэргэжилтнүүдтэй. Бүх төрлийн эмнэлзүйн шинжилгээ, оношилгоог хийхийн зэрэгцээ олон төрлийн сургалтыг зохион байгуулж, зөвлөгөө ч бас өгдөг. Дан ганц биеийг нь эмчлээд нэмэргүй шүү дээ. Сэтгэлийг ч бас эмчлэх хэрэгтэй. Биеийн эрүүл мэнд, сэтгэлийн эрүүл мэнд, тэгээд дараа нь нийгмийн эрүүл мэнд гэж ярина. Хүний бие өвдөхөд сэтгэл өвчилдөг. Хүн өөрөө гэр бүлийг үүсгэж, гэр бүл өөрөө нийгмийг бүрдүүлдэг. Нэгж гэр бүлийн эрүүл мэндийн асуудлаас үүдэж нийгэм ямар байх эсэх нь тодорхойлогддог. Тиймээс бид илүү хүн төвтэй, үйлчлүүлэгч төвтэй ажиллахыг эрхэм зорилгоо болгож, эмчилгээ, үйлчилгээгээ үзүүлдэг. Манай эмнэлгийн хувьд эмэгтэйчүүддээ аарцаг ёроолын булчин нөхөн сэргээх эмчилгээгээ л дагнаж, төгс хийхийг эрмэлздэг. Манайд маш их стресстэй, нөхөр араар тавиад байна гэж бухимдсан эмэгтэйчүүд их ирдэг. Мэдээж энэ үед сэтгэлзүйн гэмтэл авчихсан байна гэсэн үг. Эрүүл мэндийн байгууллагын үндсэн чиг үүрэг тул нийгмийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулж, нэг ч гэсэн иргэнийг эрүүл мэндийн боловсролтой, эрүүл зөв дадалтай болгох юмсан гэж сэтгэл зүрхээ зориулан, цаг гаргаж ажилладаг. Нэг хүний цаана нэг гэр бүл эдгэрсээр нэлээд олон гэр бүлд энэ мэтчилэн гэрэл гэгээ авч ирж, нийгмийг өөрчлөхөд хувь нэмрээ оруулж байгаа гэдэгтээ ч итгэж байгаа.
-Аарцаг ёроолын булчингийн сулралд хүргэдэг гол хүчин зүйл нь юу вэ. Эмэгтэйчүүдийн хувьд төрсний дараа энэ асуудал үүсдэг гэж ойлгодог?
-Хоёр жишээ яръя. Эхлээд өөрөөрөө төрж буй анхны төрөлт дээр жишээ авъя. Нэлээд том биетэй, аарцаг яс томтой нэг эмэгтэй төржээ. Гэтэл тэр эмэгтэй маш жижигхэн хүүхдээ төрүүлэхдээ хярзангаа хайчлуулж төрсөн. Эмэгтэй хүн хярзангаа хайчлуулна гэдэг бол амьдралын аз жаргалаа хайчлуулчихаж байгаатай ижил зүйл юм. Олон улсад хярзан хайчлахыг бүр эцсийн шатанд л хийдэг. Яагаад гэвэл эмэгтэй хүний сэтгэл хангалуун, аз жаргалтай элэг бүтэн эрүүл амьдрах эрхийг зөрчиж байна гэж үздэг. Гэтэл нөгөө талд маш жижигхэн аарцаг ястай, жижиг биетэй эмэгтэй их том хүүхдийг эрсдэлгүй эрүүл өөрөөрөө төрүүлж байх жишээтэй. Ингээд бид хярзангаа хайчлуулж төрсөн олон эмэгтэйчүүдээс яагаад хярзангаа хайчлуулсан талаар нь асуумж авсан. Тэгэхэд “Эмч л өөрөөрөө төрөх байтал хайчилчихсан” гэж хариулсан. Бараг 90 хувь нь. Тэгэхээр нь бид та багадаа өтгөн хатаж байсан уу, харшил ханиад, астомтай байсан уу, багадаа хүнд юм их өргөдөг байсан уу зэргээр аарцгийн булчингийн тэлэх чадварыг бууруулдаг буруу хэвшлийн талаар асуухад “Бүгд тийм” гэж хэлдэг. Нэг талаараа эмчийн алдаа байж болох ч нөгөө талаараа бидний өөрсдийн амьдралын буруу хэвшил, зан үйлээс шалтгаалаад тухайн эмэгтэйн булчингийн тэлэх чадвар багассанаас бас хамаарч байгаа юм. Дээр үед өвөө, эмээ нар хэлдэг байсан шүү дээ. Эмэгтэй хүүхдээр хүнд юм битгий өргүүл гэж. Орондоо шээгээд байвал давсаг дээр нь бүлээн жин тавь гэх зэргээр ардын уламжлалт анагаах ухаан, зан үйлээр эмчилдэг байсан. Одоо энэ уламжлал алдагдахын зэрэгцээ хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол муугаас үүдэж эмэгтэйчүүдийн анхны төрөлтөд хүндрэл үүсээд байгаа юм. Мөн ээжүүд төрөлтдөө бэлдэхгүйн улмаас хярзангийн урагдал, хайчлах зэрэг хүндрэлтэй тулгардаг.Ингээд тасраад гэмтсэн булчин яаж буцаад агших вэ? Тэгэхээр өөрөөрөө урагдал хярзан хайчилбаргүй төрөх хамгийн чухал. Бас нэг өөр зүйл нь, аарцаг ёроолын булчин сулрахад үр хөндөлт ч нөлөөлнө. Нэг удаа үр хөндүүлчхээд зогсохгүй бүр тав ба түүнээс дээш үр хөндүүлсэн эмэгтэйчүүд байдаг. Үр хөндөлт өөрөө маш олон эрсдэлийг дагуулдаг. Үүнийг эмч нар тухайн эмэгтэйд танилцуулж, ойлгуулаад гарын үсгийг нь зуруулж байж хийх ёстой. Тэгээгүйн улмаас эмэгтэйчүүд хор уршиг, сөрөг үр дагаврыг нь тоохгүй байдаг л зүйл шиг хандаад байгаа юм. Өөрсдийгөө хамгаалахгүй байгаа ээжүүд эргээд охин үрээ яаж үр хөндөлтөөс хамгаалах юм бэ. Ханиаж найтаах, хүнд юм өргөхдөө, дасгал хөдөлгөөнөөр хичээллэхдээ хүртэл доош дүлж булчингаа сулладаг. Хүн их сонин. Машин байсан бол доголдож байгаа зүйлийг нь чагнаад л мэдчихдэг. Тэгээд засуулна.Урьдчилан сэргийлж тос маслаа цагт нь солиулна. Гэтэл бие эрхтэн нь доголдоод дохио өгөөд байхад тоохгүй шүү дээ. Эцсийн шатанд оруулж байж л эмнэлэг бараадна. Энэ хандлагаа л өөрчилмөөр байгаа юм. Бид энэ хандлагыг өөрчлөхийн төлөө эрүүл мэндийн зөв дадал, боловсрол олгох сургалтуудыг хийж байна. Зарим бизнесийн байгууллагууд хувь хүмүүс сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд сурталчилж, иргэдийн тархийг нь угаагаад, буруу мэдээллээр цэнэглэж, элдэв косметик оёдол хийж байна. Бас зарим эмч нар, үтрээний булчин гэмтээдэг лазер аппаратынхан, филлер дүүргэлт хийдэг гоо сайхны газрууд, эмийн зарим компаниуд мэдлэг мэдээллээ гаднын эрүүл мэндийн салбар өндөр хөгжсөн орнууд руу явж хөгжүүлмээр байна. Хаа хаанаа хүн чанартай үйлчилгээ үзүүлдэг болмоор байгаа юм.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.