НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNIMISS” ажиллагаанд БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн мотобуудлагын батальон хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хүний амь аварчээ. Бэнтью хот дахь НҮБ-ын баазын шалган нэвтрүүлэх цэгийн гадна зэвсэглэcэн орон нутгийн долоон иргэн “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын ажилтныг барьцаалах оролдлого хийснийг ажиллагааны ахлах, ахмад Б.Цээноровоор ахлуулсан манай цэргийн албан хаагчид таслан зогсоосон байна. Хүчирхэг дээдсийн морин туурай, хүрч амжаагүй алс хязгаарт, хүний нутгийн амгаланг сахиулахаар үүрэг гүйцэтгэж буй монгол цэргүүдийн төлөөлөл Батсүхийн Цээноровтой ярилцлаа.
-Тухайн үед яг юу болсон бэ?
-Судан Улсын Бэнтью, Парин хотыг холбосон төв зам дээр Монгол Улсын эргүүлийн бүлэг үүрэг гүйцэтгэдэг. Тухайн үед НҮБ-ын баазын зэвсэггүй бүсэд үүрэг гүйцэтгэж байсан “Зүчи” эргүүлийн бүлгээс хүч нэмэгдүүлэх шаардлагатай байгаа мэдээ хүлээж авсан юм. Орон нутгийн зэвсэглэсэн иргэд хүмүүнлэгийн байгууллагын ажилтныг хүч хэрэглэн авч явах гэсэн үйлдлийг таслан зогсоож, саатуулаад байгааг удирдлагын төвд илтгэсэн юм билээ. Үүссэн нөхцөл байдлыг үнэлж, батальоны ажиллагааны удирдлагын төвөөс надаар ахлуулсан шуурхай бүлэг томилсон. Тухайн газарт очиход нөхцөл байдал нэлээн хурцадсан байсан. Зэвсэглэсэн этгээдүүдтэй ярилцаж, тохиролцоо хийх боломжгүй байдал үүссэн нь илт. Тэдэнтэй эв зүйгээр ойлголцохыг оролдож, сөргөлдөгч хүчний удирдагчтай ярилцсан. Гэтэл бидэн рүү орон нутгийн хэлээр орилж, буу тулган сүрдүүлэн заналхийлж, хүмүүнлэгийн ажилтныг хүч хэрэглэн мотоцикл дээр суулган авч явах оролдлого хэд хэдэн удаа гаргасан. Бид цагийн байдлыг үнэлж, хүмүүнлэгийн ажилтныг хамгаалахын тулд зэвсэглэсэн этгээдүүдийн эсрэг “Хүч хэрэглэх дүрэм”-ийн дагуу НҮБ-ын цэргийн сүр хүчийг үзүүлэн анхааруулах, буу цэнэглэх, зэвсэг хэрэглэхэд бэлэн байгааг хэлсэн. Гэсэн хэдий ч зэвсэглэсэн этгээдүүд шаардлагыг үл тоож, эмнэлгийн ажилтныг мотоциклд суулган зугтах оролдлого гаргасаар байлаа.
-Хүмүүнлэнгийн ажилтныг яаж аварсан бэ?
-Бужигнаан дунд зэвсэгт этгээдүүдийн толгойлогч нь ярилцаж, үймээнээ зогсоож, эв зүйгээр учраа олох тохиролцоонд хүрсэн юм. Гэтэл зэвсэгт этгээдүүд толгойлогчийнхоо үгийг сонсохгүйгээс болоод үймээн үргэлжилсэн. Барьцаалсан хүнээ авч явах оролдлого удаа дараа гаргасан учраас тэдний замыг хаах үүрэг өглөө. “Зүчи” эргүүлийн бүлэг дөрвөн машинаар давхар хаалт тавьж, хөдөлгөөнийг нь хязгаарласан. Гэтэл тэд эсэргүүцэж, агаар руу хий буудаж, сүрийг үзүүлсэн юм. Замыг нь хаасан ч мотоциклтой учраас нарийхан замаар зугтах оролдлого гаргалаа. Энэ үед манай цэргийн багийн залуучууд барьцаалагдсан эрэгтэйд машинд суух чиглэл өгсөн юм билээ. Тэгээд манай нэг машин мотоциклтой этгээдийн урдуур хөндсөлөж зогсоход, барьцаалагдсан эрэгтэй машинд зугтаж суусан. Тэгээд л аюулгүй газар руу явж, бүрэлдэхүүнээ татах үүрэг өгч, ажиллагаагаа амжилттай дуусгасан. Буун дуу тачигнаж байсан ч манай багийнхан барьцаанд байсан хүнийг аварч чадсан. Энэ бол хамтын ажиллагаа. Зэвсэглэсэн этгээдүүд барьцаалагдсан хүнийг суулгасан машины урд хэсэг рүү хэд хэдэн удааг буудсан ч бид аюулгүй газарт очсон.
-Тухайн үед барьцаалагдсан хүний сэтгэл санаа ямар байсан бэ?
-Ажиллагаа дууссаны дараа энэ талаар асуухад, “Намайг яагаад ингэж байгаа юм бол” гээд маш гомдолтой, сэтгэл санаа нь тогтворгүй байсан. Тэгээд аюулгүй газар очоод тайвширсан байх. Мэдээж түүний оронд хэн ч байсан айх байсан болов уу.
-Аврах ажиллагааг явуулж байхад өөрт тань юу бодогдож байв?
-Яаж ийж байгаад барьцаалагдсан хүнийг аврах юм сан гэж бодож байлаа. НҮБ-ын мандатаар заасан үүргээ биелүүлэх ёстой гэж бодож, бид хамтдаа тэмцсэн. Дүрэмд гал нээх нь хамгийн сүүлийн арга байдаг. Тэрнээс өмнө шаардлагатай бүх арга хэмжээг авсан байх ёстой. Шат дараалсан арга хэмжээ авч, гал нээлгүйгээр барьцаалагдсан хүнээ аварсандаа баяртай байна. Тэнд ажилласан залуус ч үүргээ мэдэж байсан учраас аврах ажиллагаагаа амжилттай гүйцэтгэсэн.
-Одоо нөхцөл байдал ямар байна вэ?
-Манай холын эргүүлийн багийн үүрэг гүйцэтгэж буй газарт нөхцөл байдал хүнд байгаа. Судан Улсын зарим газарт цагийн байдал хүндэвтэр байна. Гэхдээ бидний гүйцэтгэсэн аврах ажиллагаа бол байдаг л зүйл. Иймэрхүү ажиллагаа тохиолддог. Бид хүлээсэн үүргийнхээ мандатын дагуу л ажиллаж байгаа. Энд үүрэг гүйцэтгэж байгаа монгол цэргүүдийн тухайд хангалттай сайн ажиллаж байна.

-Яагаад цэргийн хүн болсон юм бэ?
-Би Монгол цэргийн өдөр буюу гуравдугаар сарын 18-нд төрсөн. Арван жилээ төгсөөд, Батлан хамгаалахын их сургуульд суралцахаар элсэж, үүнээс хойш цэргийн амьдралтай холбогдсон. Яагаад ч юм, арми миний бүхий л амьдрал юм шиг санагддаг. Төрсөн өдрөө бодохоор ч тэр юм уу, энэ л миний орон зай шиг санагдаж, албандаа зүтгэж байна.Жижиг гэлтгүй бүх зүйлд хариуцлагатай хандах юмсан гэж боддог. Удирдаж байгаа хүмүүстэйгээ чин сэтгэлээсээ ойлголцож,ажлаа хийхийг хичээдэг.
-Монголд байгаа гэр бүлийнхэндээ энэ тухайгаа хэлээгүй юм билээ?
-Бид чинь үүрэг хүлээсэн цэргийн хүмүүс шүү дээ. Цагийн байдал, болж байгаа үйл явдал бүрийг гэр бүлийнхэндээ шаардлагагүй. Гэрийнхэн маань ч үүнийг мэддэг болохоор тэр бүр асуудаггүй.
-Манай сониноор дамжуулаад гэрийнхэндээ юу хэлэх вэ?
-Охин маань өнгөрсөн жилийн хоёрдугаар сард төрсөн юм. Охиноо төрснөөс хойш бараг цуг байж чадаагүй. Хамт байсан өдрүүдээ тоолоод үзсэн чинь дөнгөж 20 хоног хамт байсан байна лээ. Хаврын марш тактикийн тэмцээн, ажиллагааны бэлтгэл, бусад тэмцээн гээд гэртээ орох завгүй байсаар энд ирсэн. Одоо охиныхоо зураг, бичлэгийг үзэхээр сонин мэдрэмж төрөөд байдаг юм. Охинтойгоо тоглохыг, “Аав аа” гэж дуудахыг нь сонсохыг маш их хүсэж байна. “Эхнэр, охин хоёртоо маш их хайртай шүү” гэж хэлмээр байна. Монгол цэргүүд үүргээ нэр төртэй биелүүлж байгаа. Удахгүй уулзахын ерөөл өргөе.
Д.Чанцалдулам
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ