119 дугаарт 14 улсаас нийт 132 иргэн холбогдож, мэдээлэл авчээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Монгол Улсад ковид-19 халдварын анхны батлагдсан тохиолдол бүртгэгдсэн өдөр буюу 03 дугаар сарын 10-нас эхлэн 119 дугаарын утсыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр ажиллуулж эхэлсэн. 24 цагаар ажиллах дээрх тусгай дугаарт 47 хоногийн хугацаанд гадаадын 14 улсаас нийт 132 иргэн холбогдож, мэдээлэл зөвлөгөө авчээ.

Өнгөрсөн 7 хоногт зохион байгуулсан Коронавируст Ковид-19 халдварт цартахалтай тэмцэх бэлэн байдлын дадлага сургуулилтын хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр байрлах 119 тусгай дугаарын Шуурхай штабыг ч хамруулсан.

Энэ үеэр НЭМҮТ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Д.Нарантуяа “119 тусгай дугаарын ачааллыг яаж тэнцвэртэй ажиллуулах дадлага сургуулалтыг хийлээ.  Өмнө нь 10 оператор ажиллаж байсан бол өнөөдөр дадлага сургуулилтаар 20 болгож өргөжүүлсэн. Олон улсын түвшинд яаж ажиллах ёстой тэр тоног төхөөрөмж, бааз сууриар хангагдлаа.

Мөн “КоллПро” ХХК хамтран “Shuurkhai 119” мобайл аппликэйшнийг ашиглан гадаадад байгаа монголчуудад халдварын талаарх мэдээлэл, зөвлөгөөг өгч ажиллаж байна” гэсэн юм.

Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс иргэдийн дунд ковид-19 халдварын хандлага ямар байгааг судалгаа хийж, үнэлжээ. Үүнд

  • Амны хаалтаа тогтмол зүүнэ гэж 73 хувь нь хариулсан
  • Гар угаах давтамж ихэссэн үү гэхэд 99 хувь нь тийм гэж хариулсан
  • Спиртен суурьтай гар ариутгагч танд байна уу гэхэд 84 хувь нь байгаа гэж хариулсан байна.

Үүнээс үзэхэд иргэд коронавирусийн халдварын талаар хэрхэн урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болсон талаар Д.Нарантуяа захирал онцолсон.

Тусгай дугаарын 119 дугаартай 10 шугам дээр нийгмийн эрүүл мэндийн болон эрдэм шинжилгээний ажилтан гээд 30 хүний бүрэлдэхүүнтэй баг 3 ээлжээр 24 цагаар ажилладаг аж. Ээлжийн ахлагч нар өдөр бүрийн 08:00 цагт дуудлагын талаарх илтгэх хуудсыг боловсруулж ЭМЯ-нд илгээдэг. Улмаар Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар тус утсанд хэдэн хүн холбогдож, мэдээлэл зөвлөгөө авсаныг хүргэдэг билээ.

Өчигдөр л гэхэд тусгай дугаарт 156 дуудлага ирсэн. Ихэнх нь коронавирусийн  үед ямар дэглэм барих, дэлхийн улс орнуудын нөхцөл байдлын талаар лавлажээ. Гадаадад байгаа иргэддээ мэдээллийг шуурхай өгөх зорилгоор 119 апп ажиллуулж байгаа. Энэ апп-аар гадаадын 5 улсаас 13 иргэн холбогдсон. АНУ-аас 3, Швейдээс 4, ОХУ-аас 2, Австралиас 3, Японоос 1 иргэн холбогдож мэдээлэл зөвлөгөө авчээ.

Тусгай дугаарыг ажиллуулснаар:  

  • Коронавируст халдварын талаарх зөвлөгөө, мэдээллийг ард иргэдэд түргэн шуурхай хүргэж, нийгмийн сэтгэл зүйд гарсан айдас, түгшүүр, ойлгомжгүй байдал, сэтгэл зүйн дарамтыг бууруулах, хөнгөлөх, үнэн зөв бодит мэдээллийг хүсэлтийн дагуу өгөх;
  • Яаралтай тусламжийн 103, 100 дугаарын утсанд түргэн тусламжийн дуудлагатай зэрэгцэн Коронавируст халдварын шинж тэмдэг, эмчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл авах дуудлага багагүй ачаалал үүсгэж байсныг эрс бууруулсан
  • ЗГ, УОК, ЭМЯ-ны тогтоол, шийдвэрүүдийг цаг тухайд нь олон нийтэд хүргэх, үүний дотор гадаадад амьдарч байгаа иргэд мэдээллийг шуурхай авах зэрэг ач холбогдолтой юм.
Нийтэлсэн: 2020-05-10 15:14:02

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.