Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны есдүгээр сарын 07-ноос 11-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгалаа
Эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд, салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 77,5 хувийн гүйцэтгэлтэй байна. Өсөн нэмэгдэж буй цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор эх үүсвэрүүдийг өргөтгөх ,говийн болон баруун бүсийн импортын цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулахаар “Тавантолгойн цахилгаан станц” “Эрдэнбүрэн”-ийн усан станц, системийн горимын тохируулга хийх цахилгаан цэнэгт хуримтлуурын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр зорьж байгааг салбарын сайд онцоллоо. Тэрбээр хүн амын өсөлттэй холбоотойгоор эрчим хүчний шинэ эх үүсвэр яаралтай бий болгох шаардлагатай байгааг Ерөнхий сайдад хэлсэн юм.
Энэ жил эрчим хүчний салбарт 15 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгагджээ.Үүнээс гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 10 төсөл хөтөлбөрт хэрэгжиж буй аж.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ хүрээнд “Тавантолгой түлш” компанийн түлшний үйлдвэрүүдэд ажиллав. Тавдугаар сараас наймдугаар сар хүртэлх хугацаанд нийт 98,115 мянган тонн түлш үйлдвэрлэж, 24 мянган тонн түлш борлуулжээ.Ирэх арваннэгдүгээр сарын 01-ны өдөр хүртэл нийт 120,000 мянган тонн түлш нөөцлөх төлөвлөгөөтэй байгааг захирал М.Ганбаатар мэдээллээ. Налайх дүүрэгт сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэр баригдаж буй. Энэ оны 11 дүгээр сард ашиглалтад орох бөгөөд үйлдвэрийн барилгын явц 45 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнгөрсөн оны хувьд түлш борлуулах 400 цэг ажиллаж, 500 өрхийн дунд нэг цэг ажиллаж байсан бол түлшний хоёрдахь үйлдвэр ашиглалтад орсноор түлш борлуулах 1000 цэг ажиллах юм. Ингэснээр 200 өрхийн дунд нэг түлш борлуулах цэг ажиллах бөгөөд иргэдэд түлш тасралтгүй хүрэх аж. Энэ оны хувьд нийт 900,000 мянган тонн түлш тээвэрлэхээр төлөвлөгөөнд тусгагджээ.
Намууд нэр дэвшигчдийн баримт бичгээ сонгуулийн хороонд ирүүллээ
НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хороонд нэр дэвшигчдийн баримт бичгээ ирүүллээ. Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэх ёстой. Хуульд заасны дагуу МАН, АН, МАХН, Шинэ намын эвсэл, ХҮН зэрэг улс төрийн нам, эвсэл нэр дэвшигчдийн баримт бичгээ нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболдод хүлээлгэн өгсөн юм. Нийслэлийн Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.
Дэд төвүүдэд тулгуурлан гарааны бизнесийг хөгжүүлнэ
Гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх боломж, гарц шийдэл-хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгуулагдлаа.
Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, БШУ-ны яамны Инновац, технологийн газрын дарга Д.Одгэрэл, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, гарааны бизнес эрхэлж буй компани болон хамтын оффисын /share office/ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлагууд оролцлоо. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд менежментийг хэрхэн зохион байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх вэ, дэд төвүүдэд тулгуурлан хувийн хэвшлийг хэрхэн дэмжих талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Нийслэлийн хэмжээнд зургаан дэд төвтэй байхаар төлөвлөн ажиллаж байгаа. Эхний ээлжинд Баянхошуу дэд төв ашиглалтад орж, Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний нэгдсэн төв, Иргэдийн мэдээллийн төв, Номын сан, Азийн сан-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв, инкубаторын өрөө, дундын оффис зэрэг иргэдэд зориулсан үйлчилгээг хүргэж байна.
Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэн дурсдаг юм. Энэхүү өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүд, Нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, улс төрийн намын төлөөллүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэдийн төлөөлөл хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орж байгаа хороодод угаарын хий мэдрэгч суурилуулж байна
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Тарваган тахал өвчний улмаас долоодугаар сарын 14-нөөс хойш баруун аймгуудад гурван хүний амь нас эрстсэн. Нийслэлийн долоон авто тээврийн шалган бүртгэх товчоонд холбогдох албаныхан 24 цагаар үзлэг шалгалт хийж зөрчлийг арилгуулан ажиллаж байна. Тарваган тахлын сэжигтэй тохиолдол нийслэлийн нутагт бүртгэгдээгүй. Бид зургаадугаар сарын 1-наас хойш усны ослоос урьдчилан сэргийлэх завьтай эргүүл ажиллуулж байна. Энэ хугацаанд нийт 27 мянга гаруй иргэнд сэрэмжлүүлэг мэдээллийг тарааж, голын эрэг дагуу байрласан 7000 машиныг ногоон бүсээс 50-100 метр зайд гаргаж, усны түвшин их, ард иргэд их цуглардаг 25 байршилд самбар байрлуулсан. Үүний үр дүнд 37 удаагийн ослын дуудлагаар 66 иргэнийг аварсан. Манай байгууллага дараа жилийн зуны улиралд мөн эргүүл хийж ажиллана” гэсэн мэдээллийг өгөв. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Дулааны улирал эхэлж байгаа тул наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл аян зарлаж угаарын хийнээс сэрэмжлүүлэх, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг гүйцэтгэж байна. Энэ хүрээнд 204 мянга орчим хэвлэмэл хуудсыг айлуудад тарааж, айлуудын зуух яндангийн битүүмжлэлийг шалган ажиллалаа. Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орж байгаа алслагдсан таван хороонд угаарын хий мэдрэгч суурилуулж байна. Сайжруулсан түлш худалдан авахад ашиглах 9857 ширхэг "сайн" картыг шинээр түгээлээ” гэлээ.
Налайх дүүргийн “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-т ажиллалаа
УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон хотын удирдлагууд Налайх дүүргийн “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-т ажиллалаа. Налайхын “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн үйл ажиллагаа, паркад хийгдсэн бүтээн байгуулалтууд, цаашид хийгдэхээр төлөвлөгдсөн ажил болон нэн тулгамдаад буй хөрөнгө оруулалтуудын талаар паркийн дарга С.Батжаргал танилцуулга хүргэв. Тэрбээр “Үйлдвэрлэл, технологийн парктай 2014-2020 онд гэрээ байгуулсан 43 аж ахуйн нэгж байна. 121 аж ахуйн нэгж хамтарч ажиллах хүсэлтээ өгсөн. Одоогийн байдлаар ашиглалтад бүрэн орсон хоёр үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж, 140 хүнийг ажлын байраар хангаж байна. 2014-2016 онд 120 га талбайд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах бэлтгэл ажлууд хийгдсэн. 2016-2020 онд энэ га талбайд үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд явж байна. Цаашлаад 2020-2024 онуудад 130 га талбайд тус паркийн өргөтгөл байгуулах ажлууд үе шаттайгаар хийгдэнэ” гэв.Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Парк бүрэн ашиглалтад орсноор улсын хэмжээний барилгын материалын үйлдвэрлэл 1.78 дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин нэмэгдэнэ. Үүнийг дагаад ажлын байр бий болно. Ингэснээр барилгын өртөг буурч, хотын төвлөрөл саарахад нөлөө үзүүлэх олон талын өндөр ач холбогдолтой” гээд Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн төлөвлөлт, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, өргөтгөлийн ажил амжилттай урагшлахад салбарын яамны дэмжлэг хэрэгтэй байгаа гэдгийг Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт уламжлаад, энэ чиглэлд хамтарч ажиллах талаар санал солилцсон юм
“Боловсролын салбарын хөрөнгө оруулалт” иргэдэд зориулсан эмхэтгэлийг гаргалаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй, ойлгомжтой байдлаар боловсруулсан “Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 2016-2019” гарын авлагыг танилцуулах арга хэмжээ Хангарди ордонд боллоо. Уг арга хэмжээний нээлтэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан болон Швейцарын Хөгжлийн агентлагийн захирал, Ерөнхий консул Стефани Бурри нар оролцов.
“Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 2016-2019” эмхэтгэлийг боловсруулахад БСШСУЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Боловсролын газар, Барилгын хөгжил төв хамтран ажиллаж, Германы Олон Улсын Хамтын ажиллагшааны нийгэмлэг (GIZ) техникийн туслалцаа үзүүлжээ. ус эмхэтгэл нь боловсролын салбарын хөрөнгө оруулалтын мэдээллийг анх удаа иргэдэд ойлгомжтой ил тод байдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын үр ашгийг үнэлэх, судалгааны мэдээллийн баазыг бий болгож буйгаараа онцлог болж байгааг албаны хүмүүс хэлж байна.
“Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 2016-2019” эмхэтгэл нь нийслэлийн боловсролын салбарт хийгдэж бүрэн дууссан нийт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг иргэд олон нийтэд хүргэж, хөрөнгө оруулалтын үр ашгийг үнэлэх, судалгааны мэдээллийн баазыг бий болгох зорилготой аж.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.