НИТХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрог, Баянзүрх дүүргийн 1, 2, 3, 4, 7, 21, 27-р хороодод нэр дэвшиж буй Г.Ууганбаяр хэмээх залуутай блиц ярилцлага хийснээ та бүхэнд хүргэж байна. Тэр 2013-2020 онд СХД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга, Улаанбаатар хотын ЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга, Тавантолгой төмөр зам ХХК-ны Төсөл хөтөлбөр, хөгжил хариуцсан Дэд захирлаар ажиллаж байсан. Мөн “Жишиг хотын төлөө” ТББ-ыг санаачлан байгуулж, Тэргүүнээр нь ажилладаг юм.
Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Гантөмөрийн Ууганбаяр гэдэг. МУИС-ын Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Та Жишиг хотын талаар нэлээн ярьдаг. Жишиг хот гэж товчхоноор тодорхойлбол? Жишиг хот гэдэг ердөө л нийтийн эрх ашигт нийцсэн өндөр стандарттай, түүнийг мөрдөж хэрэгжүүлж чаддаг хотыг л хэлнэ гэж би боддог. Ингэж чадвал иргэдийн хүсээд байгаа эрүүл, аюулгүй, амьдрахад таатай хот аяндаа бий болно. Тэгэхээр бүх зүйл дээр жишиг стандартыг тогтоох хэрэгтэй. Барилга бүтээн байгуулалт, зам засвар, арчлалт /ус зайлуулах систем бүхий зэрэг/, тохижилт, ногоон байгууламж, үйлдвэрлэл үйлчилгээ гээд бүхий л зүйлд стандарт тогтоож түүнийг мөрдүүлэх шаардлагатай. Уг нь их энгийн ойлголт. Гэхдээ үүн дээр хийх зүйл маш их. Төр, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэдийн бүгдийнх нь оролцоо санаачилга чухал л даа.
Та өөрөө залуу хүн. Нийгэм, улс төр дэх залуучуудын үүрэг оролцоо харьцангуй сайн болж байх шиг?
Нийгмийн аливаа эрс шинэчлэл, өөрчлөлтөд залуучуудын үүрэг оролцоо асар өндөр байдаг. Өнөөдрийн залуучуудад өмнөх үеийнхнээ бодвол илүү боловсрол мэдлэг олж авах, харьцангуй залуудаа ажил, амьдралын туршлагатай болох боломжтой болсон. Ийм ч учраас тэр залуучуудын улс төрд, нийгэмд оролцох оролцоо өндөр байх учиртай. Миний хувьд ч гэсэн залуугаасаа төрийн албанд удирдах ажил хийх боломж гарсан. Үүнийгээ үүрэг хариуцлага гэж хүлээж аван хариуцсан ажлаа сэтгэлээсээ сайн хийж чадсан гэж боддог. Энэ хэрээрээ ч ажлын багагүй туршлагатай болсон. Мөн залуу хүнд санаачилгатай байх нь хамгийн чухал. 2017 онд Улаанбаатар хотын ЗАА-наас ГССҮТ-ийн гадаад орчныг тохижуулах ажлыг хийсэн. Энэ ажлыг ахалж ажиллаж байхдаа би энд нисдэг тэрэгний талбайтай хийж яагаад болохгүй гэж бодсон. Монгол Улс өргөн уудам газар нутагтай, Дорнодод, Баян-Өлгийд хүн осолд өртвөл хотод Гэмтлийн эмнэлэгт ирэхэд хэр хугацаа зарцуулах вэ? Амь насыг нь аварч чадах уу? гэдэг асуулт надад байсан юм. Ингээд ИНЕГ зэрэг холбогдох байгууллагуудтай нь ярилцаж тохироод нийт 3 эмнэлгийн гадна орчныг нисдэг тэрэгний зогсоолтойгоор тохижуулсан. Зөвийг санаачилж, зоригтой хийж чадвал олон хүний амь насыг ч аврах хэмжээний ажлыг хийж чадах юм байна гэсэн урам зориг орсон Энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН-аас боловсрол, мэдлэг, туршлагатай залуучуудаа дэмжиж нэр дэвшүүлсэн. Энэ итгэлийг бид бодлого боловсруулах түвшинд өөрсдийн мэдэх чадахаа шавхан, ажил хийх боломж гэж харах хэрэгтэй. Үр хүүхэд минь ирээдүйд амьдрах нийслэл хотоо жишиг сайхан хот болгож үлдээх боломж бололцоо гэж би харж байгаа.
Таны хувьд Иргэдийн төлөөлөгч хэн бэ?
Дэлхийн ихэнх орон Төлөөллийн ардчиллын зарчим хэрэгждэг. Улаанбаатар хотын 1,5 сая хүн бүгдээрээ бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллах боломжгүй учир өөрсдийгөө төлөөлүүлж 45 хүнийг бидний асуудлыг шийдвэрлээдэх гээд ИХТ-д илгээдэг. Иргэдийн төлөөлөгч хүн бол иргэдэд тулгамдаж байгаа асуудал бэрхшээлүүдийг маш сайн мэддэг, түүнийг шийдвэрлэх гарц гаргалгааг олдог, сэтгэл гарган зүтгэдэг л хүн байх хэрэгтэй. Би зөвхөн Ууганбаяр гэж хувь хүн биш би чинь Баянзүрх дүүргийн, манай тойргийн 110000 ИРГЭН гэж сэтгэж, тэдний мэдэрдгийг мэдэрч, хүсдэгийг хүсч, хэлж ярьдагийг нь ИТХ-дээр хэлж ярьж ажиллах ёстой гэж боддог.
Нэр дэвшиж буй Баянзүрх дүүрэгт чинь нөхцөл байдал ямар байна. Юу хийхээр байна даа?
Манай Баянзүрх дүүрэг 300 гаруй мянган хүн амтай Нийслэлийн хамгийн том дүүрэг. Газар нутгийн хувьд ч хамгийн том. Том тусмаа шийдвэрлэх асуудал олонтой, ажил ихтэй дүүрэг. Ер нь дүүрэг, нийслэлийн ажил улс төрийн гэхээсээ, аж ахуйн ажил байдаг. Дээд шатны байгууллагуудаас гарч байгаа шийдвэрүүдийг иргэдийн гэрт оруулж амьдралд хүргэдэг тогтолцоо. Гэтэл энэ түвшинд улс төржилт их байгаа нь иргэдийн амьдрал, дүүргийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Баянзүрх дүүрэгт сүүлийн 8 жил Ардчилсан нам засагласан. Нам дотроо болон, нөгөө намтайгаа толхилцож улстөржсөөр хайран 8 жилийг үр дүн муутай өнгөрөөсөн байна. 7 жилийн өмнө намайг СХД-т ажиллаж байхад Баянзүрх дүүрэг бүх үзүүлэлтээрээ Сонгинохайрханаас дээгүүр байсан. Өнөөдөр СХД-ийн нүдэнд харагдахуйцаар өөрчлөгдсөн. БЗД-ийн хөгжил шулуухан хэлэхэд Нийслэлийн төвийн 6 дүүрэг дотроо сүүл мушгиж байна. Дээд шатны байгууллагаас ирсэн чиглэл даалгаврыг улстөржүүлэн ,улдан чангаасны уршиг энэ. Гэр хорооллын иргэд инженерийн шугам сүлжээг хамгийн түрүүнд хүсэж байна. Дарь-Эх бол хотын төв цэгээс ердөө 3-4 км зайтай. Энэ олон жилд цэвэр бохир байтугайг татчихаж болно доо гэх харуусал төрсөн шүү. Хур хог хаягдал, зам засвар арчлалт, сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж гээд бүхий л салбарт эрс өөрчлөлт хийх шаардлагатай байна даа. Бүх шатандаа харилцан ойлголцолтой, ажлын уялдаа холбоотой ажиллаж байж дүүргийн хөгжлийг хурдасгана.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.