Анжелина Жоли: Хоёулхнаа байх боломж гаргахгүй бол гэр бүл оршин тогтнох хэцүү

Үнэлэх
(0 үнэлгээ)

Эдүгээ цагийн хамгийн алдартай жүжигчин бүсгүй Анжелина Жоли “AIF” сонинд ярилцлага өгчээ.
- Анжелина, гайхалтай юм аа. Та хар биш цагаан өнгийн даашинз өмссөн байна. Та дандаа хар өнгөөр хувцасладаг шүү дээ. Яагаад цагааныг сонгох болов?

- /Инээмсэглэв/. Тийм ээ, би хар өнгөнд дуртай. Брэд намайг дандаа хар хувцас өмсдөг гэж үглэдэг л юм. Хар өнгө бүх өнгөтэй зохицдог. Хар өмд дээр ямар ч өнгийн гутал өмсөж болно. Хар өнгийн даашинз дээр ямар ч өнгийн туфль бас зохицно. Тиймээс хар өнгийн хувцсаа өглөө шүүрээд авахад таарахгүй өнгө гэж байхгүй тул хурдан хувцаслахад амар. Миний хувцасны шүүгээ хоосон шахуу. Тэнд ихэвчлэн хар хувцас бий. Харин Брэдийн шүүгээ дүүрэн шүү. Та мэдэж байгаа биз дээ, манайх гэдэг айл бараг омог л гэсэн үг. Ажил амжихгүй тэвдэх үе их гарна. Заримдаа би өглөө хүүхдүүдээ сургуульдаа хүргэж өгөхдөө унтлагынхаа цамцтай гараад гүйчихдэг. Хэрвээ унтлагын цамц дээрээ туфль өмсөөд амжчихвал ажил хэрэгч бүсгүй шиг болоод хувирчихна. Сургуулиас буцах замдаа ажил хэргийн уулзалт руу шууд явчих тохиолдол ч бий. Би ийм учраас л сүүлийн үед хар өнгөөс салахаа больчихсон юм. Харин өнөөдөр завтай байлаа. Тиймээс цагаан өнгөөр хувцасласан юм /инээв/.

- Олон кинонд тоглох санал ирсэн байхад та яагаад “Аялагч”-ийг сонгосон юм бэ?
- Ичмээр юм аа, үнэндээ амьдрал ахуйгаа бодсондоо л сонгосон юм. Би Европт богино хугацаанд зураг авалт хийх киног хайж байсан юм. Брэдэд өөрийнхөө киног бүтээх боломжийг гаргаж өгөх гэж гэртэйгээ ойролцоо бас хэдхэн хоног шаардах киног хайсан. “Аялагч”-ийн зохиолыг уншаад би Венец, Парист зураг авалт хийхийг нь хараад ихэд баярлаж зөвшөөрсөн. Венеци бол Брэдэд маш хэрэгтэй хот. Тэр урлагт их дуртай, энэ хотод ирсэнээр тэр хөглөгдөж, уран бүтээлдээ ахиц гаргах боломж нь эрс нэмэгддэг. Тиймээс би “Аялагч”-ийг сонгосон нь бас Брэдийг бодсон хэрэг. “Чи надад өртэй болсон шүү” гэж би Брэдэд хэлсэн.

- Брэд та хоёрыг анх хамт амьдарч эхлэхэд мөдхөн сална гэж таамаглагчид олон байсан. Гэтэл та хоёр таны хэлснээр бүр омог байгуулж, одоо хүртэл эвтэй найртай хэвээрээ байгаа нь бахархалтай санагддаг…

- Би Брэдэд хайртай л байхгүй юу. Тэр нүдэнд дулаахан, маш романтик эр. Бас гайхалтай дур өдөөм гэдгийг нь хэлэхгүй болохгүй /инээв/. Гайхалтай, дахин давтагдашгүй найз. Брэдийг хүүхдүүдтэй тоглож байхыг нь хараад би “хайлж” орхидог. Хүүхдүүдтэйгээ ярилцаж, зааж зааварлаж, тоглон наадаж, хооллож хамтдаа дуулж байгааг нь хараад би түүнд дахин дахин дурладаг. Тэр энгийн эцгүүдээс ч илүү ихийг хийдэг. Бид хоёр хүүхдүүдийнхээ эрх ашгийг бодоод гэртээ нэг журам гаргасан. Энэ бол ээлжилж ажлаа хийх журам. Би кинонд тоглох болоход Брэд гэртээ хүүхдүүдтэйгээ байна. Харин Брэд ажилдаа ороход би гэртээ хүүхдээ харна. Ингээд л бид хоёр ажлынхаа ээлжийг хүлээгээд сууж байдаг болсон. Брэд бид хоёр гурваас дээш хоногоор холддоггүй. Мэдээж, дээр нь хүүхдүүд гэр бүлийг их бөх бат болгодог. Гэхдээ зөвхөн хүүхдээ хайрлах сэтгэл гэр бүлийг тогтоох боломжгүй гэдгийг сайн мэднэ. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бие биенийгээ бүх талаар сонирхож, хүндэлдэг байх хэрэгтэй. Хэдийгээр хоёулхнаа байх боломж муу ч гэсэн заавал хоёулаа байх цаг гаргах шаардлагатай. Брэд бид хоёр хоёулхнаа байх боломжийг үргэлж гаргадаг. Үгүй бол хичнээн хүүхэдтэй байлаа ч гэр бүл оршин тогтнох боломжгүй болно шүү дээ. Брэд миний тухай бүгдийг мэднэ. Сонирхол, хачин сонин зан чанарыг минь ч тэр андахгүй. Тэр намайг байгаагаар минь хайрладаг. Хайр сэтгэлийг мэдэрч үзээгүй хүмүүсийн өмнөөс би харамсдаг. Хайр сэтгэл хүнд жигүүр хайрладаг. Ер нь би өөрийгөө их өөрчлөгдсөнд одоо ч гайхсаар л байгаа. Брэдийн хайр л намайг өөрчилсөн хэрэг. Урьд нь би ганцаараа байхыг их хүсдэг байлаа. Гэтэл одоо гэртээ хүүхдүүдтэйгээ шуугилдаад сууж байхад үнэхээр сайхан санагддаг. Намайг усанд орж байхад хүртэл хүүхдүүдийн нэг нь заавал хамт байх гэж хаалга үүд цохидог /инээв/.

- Та дурсахыг хүсэмгүй өнгөрсөн үетэй хүн. Олон хүн таныг яаж тийм хорт зуршлуудаас ангижирч, энгийн сайхан амьдралд орж чадсаныг гайхдаг…

- Зарим хүн намайг одоо хүртэл чөтгөр, шулам мэт хэвээрээ байгаа гэж боддогийг би мэднэ. Би судсаа ханаж, шүхрээр үсэрч, эргэн тойрны бүх зүйлийг утгагүй гэж дүгнэдэг байлаа. Гэхдээ би зүрхнийхээ гүнд өөрийн гэсэн зүйлээ хайсаар байсан. Тэгээд түүнийгээ олж чадсан. Энэ л намайг өөрчилсөн хэрэг.
 
Р.Гэгээ

Нийтэлсэн: 2012-06-19 12:01:08

Нийт сэтгэгдэл: 3

  • Зочин

    saihan uneheer saihan yum aa. horvood turuud yu huseed bgaagaa ch medehgui amidarsan hun olon l doo. bi ch tednii neg baij magad kkkkk

    tsegi 2012-06-20 01:40:34     62.34.52.239          (1)       (0)
  • Зочин

    gaih***tai busgui gehees uur yu gehev uneheer saihan hosuud urgelj l iim baigaasai

    otgoo 2012-06-28 15:55:44     202.70.46.205          (1)       (0)
  • Зочин

    hair xamgiin chuh*** shuu dee. tiim ger bul bat buh***n bna

    saraa 2013-03-15 15:31:11     203.194.115.81          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.