ТАРИАН ТАЛБАЙД УРГАМЛЫН ӨВЧИН, ХОРТОН ГАРЧ УРГАЦАД НӨЛӨӨЛЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА

Үнэлэх
(0 үнэлгээ)

 

Энэ жилийн хувьд хур бороо элбэгтэй сайхан жил болж байгаа хэдий ч тариаланчид та бүхэн дараах зүйлд анхаарах нь зүйтэй байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон аймгийн тариалангийн талбайд ургамал ургалтын хугацааны хяналтыг хийсэн.

Хяналт ажиглалтаар тариалангийн талбайд ургамлын өвчин, хортон шавжихээр гарах нөхцөл бүрдэхээр байна. Тухайлбал: навчны септориоз (Septoria tritici), зэв (Puccinia sp) өвчин ихэнх талбайн буудайнд гарсан байв. Мөн ургамлын бясаа, нугын бор эрвээхий (хөнөөл учруулдаг хөгжлийн шат нь авгалдай нь юм), цацаг далавчтан/трипс зэрэг шавжийн хөнөөл учруулалт эхэлсэн байв.

Иймд тариаланчид ургацаа хамгаалахдаа анхаарч талбайн зах хэсэгт болон гүнд ажиглалт хийж өвчин болоод хортон шавжийн тархалтын байдалд анхаарах шаардлагатай байна. Буудайн навчны зэв болон септориоз өвчний үед тохирсон фунгицидийг нэн яаралтай хэрэглэх хэрэгтэй. Таримлаа өвчин болон шавжид нэрвэгдсэн эсэхийг сайн мэдэхгүй тохиолдолд мэргэжлийн байгууллагад яаралтай хандаж арга хэмжээг авах нь зүйтэй.

Энэ жилийн цаг агаарын хувьд сүүлийн жилүүдтэй харьцуулахад онцлогтой байгаа бөгөөд зарим газар байнгын бороотой байхад зарим газар хур багатай, огцом хэт халсан байсан ба тариалалт оройтсонтой холбоотойгоор үрийг гүехэн суулгасанаас шалтгаалж бутлалт нь муу, механик болцонд орох зэрэг олон зүйлүүд ажиглагдсан.

Хог ургамлын эсрэг гербицидийн олдоц муу, оройтож хэрэглэсэнтэй холбоотой зарим аж ахуйн нэгжүүдийн тариан талбай нэлээд их хог ургамалтай байв.

Энэ жил хур бороотой жил хэдий ч тариалалтын технологи алдагдвал төлөвлөсөн ургацаа авч чадахгүйд хүрнэ. Иймд хэтэрхий оройтойгүй дээрээ ургамал хамгааллын бодис /фунгицид, инстекцид/-ыг зохих тунгаар зааврын дагуу хэрэглэх ба 2021 онд газар тариалангийн зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн Байгаль орчин, аялал жуулчлал, ХХААХҮйлдвэр, Эрүүл мэндийн сайд нарын баталсан жагсаалтад орсон бодис хэрэглэхийг зөвлөж байна. (https://www.legalinfo.mn/law/details/16159?lawid=16159).

Мөн зарим тариалангийн талбайн ургамал хаврын сүүлчийн цочир хүйтрэл, өдөр шөнийн температурын хэлбэлзэл, гэнэтийн хүйтрэл, халалт гэх мэт хүчин зүйлд өртсөнөөс цочролд (стресст) орсон нь ажиглагдсан. Иймд бас ургамлыг сэргээх, цочролоос гаргахын тулд бордоо (гумины хүчилд суурилсан бордоо болох үр тариа, тосны ургамалд зориулагдсан гумат +7 ба бусад бордоонууд)-г навчаар нь өгөх нь зүйтэй. Намар, хавар хөрсөнд болон тарилтын үед үртэй хамт эрдэс бордоо (нийлмэл эрдэс бордоо, чёрный жемчуг ба бусад) хэрэглэх нь чухал байна.

Буудайн септориоз. Септориоз өвчний хор хөнөөл нь навчны ассимляцийн гадаргуу багасах, хатах, иш хугарах, түрүү дутуу хөгжих, үр хугацаанаасаа өмнө боловсрох, зэргээр илэрнэ. Тариа ихээр өвчилсөн тохиолдолд хоосон түрүү үүсэх, зарим ургамал үхэхба ургацын алдагдал 30-40%-д хүрнэ. Харин өвчин хожуу илэрсэн тохиолдолд ургацын алдагдал 5-7% -иас ихгүй байдаг.

Эрдэс бордоог микроэлементтэй хэрэглэсэнээр буудайн энэ өвчинд үзүүлэх тэсвэрийг нэмэгдүүлдэг.

Септортоз өвчний явц нь дараах хүчин зүйлсийн нөлөөгөөр нэмэгддэг: халдвар авсан үр, талбай дээрх ургамлын үлдэгдэл, эрт болцтой, энэ өвчинд өртөмтгий, богино, иштэй сортын үр тариалах, азотын бордоог их тунгаар хэрэглэх, зусах буудайн тариалах хугацааг оройтуулах, өнгөрсөн жилийн ургацын үрийг тарих, шүүдэр их унах, тариа налах, гербицидийг буруу хэрэглэх, ЭТС-ийн горимыг зөрчих гэх мэт.

Септориоз өвчнөөс хамгаалахын тулд дараах зүйлийг баримтлах шаардлагатай.

  1. Гуурсыг хумьж хагалах;
  2. ЭТС-ийг зөв баримтлах, буудайг уринш, өргөн мөрт ургамлын дараа тариалах;
  3. Тухайн бүс нутагт зөвлөсөн тохиромжтой хугацаанд тариалалт хийх;
  4. Тариаг гол хатгах, ба түрүүлэх үед эсвэл зөвхөн түрүүлсэний дараа дээд навчнууд дээр эхний толбонууд гарч ирэхэд фунгицидээр шүрших: Пропиконазол, Тебуконазол, Ципроконазол зэрэг бодис агуулсан фунгицид шүрших
  5. Эрдэст тэжээлийн тэнцвэрт байдлыг хадгалах;
  6. Ургамлын үлдэгдлийг устгах, хумьж хагалах;
  7. Хөл газрын ургамлыг устгах;

Буудайн навчны зэв. Зэвний хор хөнөөл нь навчны эрүүл гадаргуу багасч, ургамлын усны тэнцвэрт байдал бүрэн алдагдсанаас ууршилт ихэсч навч хугацаанаасаа өмнө үхдэг. Өвчний явц их бол үрийн технологийн ба талх болох чанар муудна.

Зэв  өвчний явц нь дараах хүчин зүйлсийн нөлөөгөөр нэмэгддэг: хур тунадас их байх, өвчинд өртөмтгий сортын үрийг тариалах, талбайд хог ургамалтай байх, хураалт оройтох

Зэв өвчнөөс хамгаалахын тулд дараах зүйлийг баримтлах шаардлагатай.

  1. Энэ өвчинд тэсвэртэй сортуудыг тариалах;
  2. Тариалалт ба ургац хураалтыг цаг тухайд нь хийх;
  3. Талбай, зам дээр зэрлэгээр ургаж байгаа үет ургамлыг устгах;
  4. Хөрс боловсруулах системийг нарийн баримтлах;
  5. Ургамлын эрдэс тэжээлийн хооллолтыг тэнцвэржүүлэх;
  6. Ургамлын навчин дээр өвчин илэрмэгц фунгицидээр шүрших: пропиконазол, дифеноконазол, тебуконазол, ципроконазол зэрэг үйлчлэх бодис агуулсан фунгицид хэрэглэж болно.

 

Иймд тариаланчид та бүхэн дээрх нөхцөл байдалд онцгой анхаарч чанартай арвин ургац авахын төлөө хариуцлагатай байхыг МХБ-аас зөвлөж байна.

Нийтэлсэн: 2021-07-23 11:42:51

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.