Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд өчигдөр /2020.07.31/ ажиллав. Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл дөрвөн үе шатаас бүрдэнэ.
Үүний “EPC-1”буюу дэд бүтцийн бэлтгэл багц ажил энэ оны нэгдүгээр сараас эхэлж, 11 байгууламжийн суурийг цутгаж байна. Тухайлбал, цэвэр усны систем, үерийн ус зайлуулах систем, шугам хоолойн сувгийн ажил ид өрнөж байна. Мөн оффис, лаборатори, гал команд зэрэг технологийн бус байгууламжийн ажил эхэлжээ. Үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлын хүрээнд
- 27 км төмөр зам,
- 17.5 км хүнд даацын автозам,
- 110кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 2019 онд дуусгаж, хүлээлгэн өгчээ.
Цар тахлаас үүдэлтэйгээр энэтхэг мэргэжилтнүүд монголд ирэхэд хүндрэл үүсч, ирснийхээ дараа удаан хугацаагаар тусгаарлалтад байсан, мөн Тяньжины боомт, Эрээнд ачаа бараа удаан хугацаагаар саатсан, Замын-Үүдээс үйлдвэрийн талбай руу ачаа тээвэрлэх үнэ хэд дахин өссөн зэрэг хүндрэл байгаа талаар төсөл гүйцэтгэгч ярьж байв.
Гэхдээ төлөвлөсний дагуу “EPC-1” багц ажлыг ирэх оны 11 сарын сүүлээр хүлээлгэн өгнө гэдгээ гүйцэтгэгчээр шалгарсан Энэтхэгийн “JMC Projects India” компанийн удирдлагууд танилцуулав. Өнөөдрийн байдлаар “EPC-2”, “EPC-3” багц ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материалыг Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн зүгээс боловсруулж, Энэтхэг рүү илгээжээ. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэйгээр тодорхой болоогүй байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар манай улс жилд 1.5 сая тонн түүхий тосноос 1.3 сая тонн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах боломж бүрдэнэ. Үйлдвэрийн төслийн талбайд ажиллах үеэр Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон сэтгүүлчдийн асуултад хариулав.
2020 оны 4 сард 19.5 ам доллар байсан нэг баррель тосны үнэ өнөөдөр 73 ам.долларт хүрсэн. Өмнөд хөршид гэхэд он гарснаас хойш шатахууны жижиглэнгийн үнэ 12 удаа нэмэгдсэн байна.
-Шатахууны импортоос бүрэн хамааралтай манай улсын хувьд Газрын тосны үйлдвэртэй болох асуудал хамгийн чухал. Төслийн явц ямар байна вэ?
-Засгийн газар 2017 онд Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг БНЭУ-ын Экспорт-Импортын банкны нэг тэрбум долларын хөнгөлөлттэй санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон. Өнөөдөр төслийн ажил бүтээн байгуулалт руу шилжиж, төлөвлөсний дагуу ажил хэрэгжиж байна. Манай улс жил бүр нэг сая орчим тонн түүхий тосыг БНХАУ-д экспортолдог ч шатахууны хэрэглээнд жилдээ 1.2 тэрбум орчим ам.доллараар эргүүлээд худалдан авдаг. Нэг ёсондоо, түүхий эдээ урагш зарчхаад, эргээд өндөр өртгөөр худалдан авдаг байдалтай олон жил боллоо. Бид зөвхөн нэг жилд л зардаг 2 сая тонн шатахууны өртгөөр /1.2 тэрбум ам.доллар/ боловсруулах үйлдвэрээ барих боломж бүрдсэн. Тиймээс Газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж, ашиглалтад оруулах нь хамгийн чухал бөгөөд томоохон зорилт болсон.
Үйлдвэрийн “EPC-1” буюу дэд бүтцийн бэлтгэл багц ажил төлөвлөсөн хугацаанд хэрэгжиж байна. 2-4 дэх багц ажлууд бол анхдагч процессын байгууламжууд, цахилгаан станц, гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжуудын бүтээн байгуулалт юм. Бид 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн, энэ дагуу бүх нөөц бололцоогоо дайчилж ажиллаж байна.
-Манай улсын газрын тосны батлагдсан нөөц ямар байгаа вэ?
-Манай улс 332.6 сая.тн газрын тосны баталгаат нөөцтэй. Үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 43.2 сая.тн байсан. Одоогоор “Петрочайна Дачин тамсаг” компани 9 сая.тн орчмыг ашигласан. Үлдсэн нөөцийн хэмжээгээр тооцоход цаашид 20 жил ашиглах баталгаат нөөц үлдсэн. Мөн өнгөрсөн сард Матад XX талбайд шинээр ашиглалтын нөөц тогтоосон нь томоохон алхам болов. Хайгуулын дүнд Хөхнуур XVIII, Галба XI талбайгаас тос илэрсэн учраас ажлыг эрчимжүүлж, шинээр орд болгон хөгжүүлж, нөөцийг нэмэгдүүлэх боломжтой. Энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.
-Үйлдвэр ашиглалтад орсноор бүтээгдэхүүний үнэ хямд байх боломжтой юу?
-Түүхий тосоо өөрсдөө боловсруулснаар хамгийн гол нь гадаад зах зээлээс үл хамаарах, эдийн засгийн хараат бус байдлаа бэхжүүлэхэд маш чухал үүрэгтэй. Мэдээж үнийн хувьд хямд байх нь тодорхой. Жижиглэнгийн үнэ бүрдэлтийн 70-80 хувь нь хил үнэ байдаг тул үүнийг үл хамаарах, хараат бус байдал гээд байгаа юм. Мөн үнэ бүрдэлтэд давхар нөлөөлдөг 20-30% болох татвар, үйл ажиллагааны зардал, ашгийн түвшин зэрэг өртөг дээр төрөөс бодлогын зохицуулалт хийх боломжтой болно.
-Шатахууны үнэ өсчихлөө. АИ-95, АИ-98 бензиний хомсдол нүүрлэх нь гэсэн асуудлууд хөндөгдөж байна. Үүнд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Энэ онд Засгийн газраас цар тахлын хүнд үед бензиний үнийн өсөлтийг иргэдийн ачаалахгүйн тулд эдийн засаг сэргэх, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхжих, вакцинжуулалтыг хүн амын 60 хувьд хүргэх зэрэг эерэг нөхцөл байдал үүстэл аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, хэлэлцээр хийж ажилласан. Төр, Засгаас ямар нэг хөнгөлөлт, санхүүжилт үзүүлээгүй.
Төрийн өмчийн ААН-үүд болох “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”-гоос иргэд рүү чиглэсэн сайжруулсан түлш, цахилгаан, дулаан, уур, ус, хогийн үнийг тэглэх арга хэмжээ авсан. Шатахуун импортлогч компаниуд уг акцад нэгдэж бидний саналыг хүлээн авч, санаачилгатай ажилласан гэдгийг хэлэхийг хүсэж байна. АИ-92 авто бензиний онцгой албан татварыг 2018 оноос одоог хүртэл тэглэсэн хэвээр байгаа.
Гэвч, та бүхэн мэдэж байгаа, 2020 оны 4 сард 19.5 ам доллар байсан нэг баррель тосны үнэ өнөөдөр 73 ам.долларт хүрсэн. Өмнөд хөршид гэхэд он гарснаас хойш шатахууны жижиглэнгийн үнэ 12 удаа нэмэгдсэн байна. Улс орнууд Сингапурын биржийн арилжаатай уялдуулж, харьцуулсан байдлаар газрын тосны үнээ зарладаг. Роснефть компаниас авч буй шатахууны үнэ ч Сингапурын үнэтэй дүйдэг. Ер нь бол, цаашид эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, үе шаттайгаар өргөн хэрэглээний АИ-80, АИ-92 зэрэг шатахууны ханшийг чөлөөт зах зээл рүү шилжүүлэх нь зүйтэй болов уу. Өдөр бүр долларын ханшийн өсөлт бууралтыг мэдээлж байдаг шиг нээлттэй, үнийг чөлөөтэй зарлах зах зээлийн зохицуулалт үгүйлэгдэж байна. Харин дотоодод АИ-95, АИ-98 авто бензиний хомсдол үүсгэхгүй, нөөцийг хэвийн хэмжээнд байлгахын тулд бид БНХАУ-ын “China oil” компанитай хэлэлцээр хийсэн. Эхний ээлжийн шатахуунууд хил дээр ирсэн, нөөц хэвийн байх зохицуулалтыг хийгээд байна.
-Баярлалаа.