Б.Анхбаяр: Есдүгээр сарын 1-н гэхэд Замын-Үүдийг ногоон бүс болгох зорилготой ажиллаж байна

Үнэлэх
(0 үнэлгээ)

 Б.Анхбаяр: Есдүгээр сарын 1-н гэхэд Замын-Үүдийг ногоон бүс болгох зорилготой ажиллаж байна

Дорноговь аймгийн Замын-Үүд сумыг ногоон бүс болгох зорилт тавин, энэ хүрээнд тус суманд нэг өрх, нэг шинжилгээг хийсэн байна. Энэ талаар Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяраас тодрууллаа.

-Замын-Үүд сум хэчнээн өрх, иргэнтэй вэ?
-Замын-Үүд сум 4900 өрх, 19100 хүн амтай. Жилийн дөрвөн улиралд ажиллаж, амьдарч байгаа харьяалал нь өөр хүмүүс бий. Хилийн боомт нээлттэй энгийн үед хилээр өдөрт 5000-6000 зорчигч гардаг. Энд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийг оруулбал 30-аад мянган хүний эргэлттэй байдаг. Ковидын энэ үед голдуу орон нутгийн харьяаллын иргэд байгаа байх. Замын-Үүд сумыг ногоон бүс болгох зорилтын хүрээнд долоодугаар сарын 10-19-ний хооронд 10 хоног хэсэгчилсэн хөл хорио тогтоож, нийт өрхийн 81.8 хувиас шинжилгээ авч дууслаа. Замын-Үүд сумын өвчлөл гараад байгаа таван багаас хоёр багийг улаан бүс хэмээн тусгаарлаж, хөдөлгөөнийг хязгаарлан шинжилгээнд бүрэн хамруулсан. Мөн өндөр настан, суурь өвчтэй, эмзэг бүлгийн гэх мэт зорилтот бүлгийн иргэдийн 74 хувийг шинжилгээнд хамрууллаа.

-Замын-Үүд суманд ковидын нөхцөл байдал одоо ямар байна вэ?
-Тавдугаар сарын 22-нд Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэн. Манай суманд тавдугаар сарын 28-наас хойш ковидын өвчлөл гарч, зургаадугаар сард 446 тохиолдол батлагдсан. Долоодугаар сарын 10-19-ний хооронд хийсэн түргэвчилсэн шинжилгээгээр 44 тохиолдол эерэг гарч, үүнээс PCR шинжилгээ хийхэд 27 хүн халдвар авсан нь батлагдсан. Харин одоо гаднаас орж ирэх хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа. 

skip-share

Замын-Үүд суманд өдөрт 100 гаруй зорчигч, 50-100 ачаа тээврийн машин ирж байна.

-Гаднаас ирж байгаа хүмүүсийг сумын төв рүү нэвтрүүлж байгаа юу?
-Замын-Үүд суманд өдөрт 100 гаруй зорчигч, 50-100 ачаа тээврийн машин ирж байна. Жолооч нарыг сумын төв рүү нэвтрүүлэхгүйгээр сумаас 10 гаруй км-т орших Шаргын овоо хэмээх газарт дөрөвдүгээр сараас хойш тусгаарлаж байгаа. Ачааны машиныг нь сумын хүнээр бариулж оруулж байна. Дээр нь сумын төв рүү орох гарцаагүй ажилтай хүнээс түргэвчилсэн шинжилгээ авдаг. Орон нутгийн иргэдээс шинжилгээ аваад гэрт нь, гаднын иргэдийг зочид буудалд долоо хоног тусгаарлаж байна.

-Замын-Үүд сумыг хэзээ ногоон бүс болгох боломж харагдаж байна вэ?  
-Замын-Үүд бол бусад сумаас өөр орчин. Нийт бараа эргэлтийн 70 хувь нь орж, гарч байгаа хилийн боомт учир зохицуулалт нь өөр байгаа.  Бид онцгой байдал, цагдаа хууль хүчнийхэнтэй хамтран ажиллаж, есдүгээр сарын 1-нийг гэхэд өвчлөлийг бүрэн хумих зорилготой ажиллаж байна.

ДЭМБ-аас өгсөн зөвлөмжөөр халдварын сүүлийн тохиолдол гарснаас хойш 28 хоног болбол ногоон бүс гэж үзнэ. Замын-Үүд суманд зургаадугаар сард 45 голомт үүссэн. 10 хоног хөл хорио тогтооход 19 голомт нь идэвхгүй болж, 5 голомт бүрэн хаагдсан. Тэгэхээр долоодугаар сарын 19-ний байдлаар 21 голомт байсан. Одоо бол 16 голомт бий. Хэдийгээр хөдөлгөөний хязгаарлалттай байгаа ч гэсэн өдөрт 100 гаруй хүн гаднаас орж ирж байна. Голдуу бизнес эрхлэгчид ачаа бараагаа авах гаалийн бүрдүүлэлт хийх ажлаар ирж байна. Мөн орон нутагт хийх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил, хилийн боомтыг шинэчлэх “Хөгжлийн хөтөч” гэж том төсөл хэрэгжиж байна. Үүнтэй холбоотой ирж байгаа ажиллах хүчнээс халдвар илэрч байна. Өчигдөр гэхэд халдварын дөрвөн тохиолдол илэрсэн нь бүгд зөөвөрлөгдөж ирсэн.

-Замын-Үүд сум руу нэвтрэх хөдөлгөөн 24 цаг үргэлжилж байна уу?
-Ачаа тээврийн болон гаднаас ирэх хөдөлгөөн 24 цаг, харин сумаас гарах хөдөлгөөнийг 22.00 цагаар хязгаарлаж байна. Замын-Үүд бол улсын хилийн том боомт учир хөдөлгөөнийг бүрэн хаах ямар ч боломжгүй.

-Шинжилгээний хариу эерэг гарсан иргэдийн орон нутгийнхаа эмнэлэгт хэвтүүлж байна уу. Ямар зохицуулалт хийж байна вэ?
-Зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудыг харьяа орон нутаг руу нь буцааж байна. Төрийн байгууллагуудын хүн тээвэрлэх боломжтой бүх авто машиныг хуваарьт оруулж, графикийн дагуу хүн тээвэрлэж байна. Замын-Үүд суманд өөрийн харьяаллын цөөн тооны хүнийг орон нутагтаа эмчилж буй юм.

Ажил хариуцан томилогдон ирж байгаа хүмүүс тодорхой хэмжээний санхүүгийн эрх мэдэлтэй ирэхгүй бол орон нутгаас “Тийм шинжилгээ, оношилгоо хий!” гэх зэргээр үүрэг даалгавар өгдөг. Орон нутаг шинжилгээний нэг ширхэг оношлуурыг 16-17 мянган төгрөгөөр худалдан авч байна. Улсын хилийн боомтуудад Засгийн газар, Улсын онцгой комиссоос тодорхой хэмжээний зардал тавьж өгөхгүй бол боомтын хэмжээнд ажиллах зардлыг орон нутгийн төсөв даах нь амаргүй байна.

Постоор орж ирж байгаа тээврийн хэрэгсэл, хүн бүрийг онцгой, цагдаа, тагнуул, хилийн цэрэг зэрэг байгууллагатай хамтран шалгаж, хяналт тавьж ажиллаж байна. Гаднаас ирж долоо хоног тусгаарлагдах хугацаанд гадуур явахгүй байх зэрэгт маш нарийн хяналт тавьж байна. Төрийн байгууллагууд ээлжийн амралтаар яваад ирсэн албан хаагчаа өөрсдөө хянана. Магадгүй тэр хүмүүс нь тусгаарлалтын хугацаанд гадуур явж, хавьтал болбол тухайн байгууллагын дарга удирдлагад хариуцлага тооцох зэргээр дотооддоо журам гаргаад, мөрдөж байна. Тэгэхээр хувь хүний хариуцлага маш чухал байгаа юм.

-Иргэд Замын-Үүдийг Хятадын Эрээн хоттой харьцуулаад шүүмжилдэг. Замын-Үүд боомтыг хөгжүүлэх төлөвлөгөө гаргасан уу?
-Хүмүүс Эрээн Замын-Үүд хоёрыг харьцуулдаг, Замын-Үүд хөгжихгүй байна гэж шүүмжилдэг нь үнэн. Хөгжих боломжтой сум шүү дээ. 48 га газарт Шинэ суурьшлын бүс байгуулах хөгжлийн төлөвлөлтийг Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнд захиалан хийлгэсэн.  

Замын-Үүд боомтоос жилд 500-600 тэрбум төгрөг Улсын төсөвт орж байна. Түүнээс орон нутагт үлддэг юм байхгүй. Замын-Үүд сум орлогоосоо аймагтаа 3-4 тэрбум төгрөг, Улсын төсөвт 500-600 тэрбум төгрөг өгдөг. Харин сумандаа цалин хөлс, үндсэн үйл ажиллагааны зардлаас бүрдэх орон нутгийн төсөв л үлддэг. Сумын төсвөөр сумыг хөгжүүлэх боломжгүй л дээ. Замын-Үүдийг бодлогоор хөгжүүлье гэвэл жилд олж байгаа орлогын 5 хувийг зарцуулбал хөгжих боломжтой. Барилгын материал, ажиллах хүч гэх мэт зардлууд нь хямд тусна. Тэр талаас нь хүмүүс харахгүй байна л даа.

Эх сурвалж: gogo.mn

Нийтэлсэн: 2021-08-11 09:24:26

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.