Е.Төгстөмөр: Надад хожигдсон хүүхэд уйлаад л байсан

Үнэлэх
(0 үнэлгээ)

Монгол хүний оюун ухааныг тив дэлхийд гайхуулсан зургаан настай шатарчидтай ярилцлаа. Азийн аварга шалгаруулах тэмцээний гурван төрөлд алтан медаль хүртэж, цомын эзэн болсон Е.Төгстөмөр нийслэлийн 62 дугаар цэцэрлэгт сурдаг.

Бяцхан шатарчин хоёр настайдаа шатар тоглож сурчээ. Тэрбээр гурван настайдаа дэлхийн бүх орны төрийн далбааг өнгөөр нь нэрлэдэг байсан аж.

Харин Тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд ирсэн Г.Энхчимэг охин нийслэлийн 52 дугаар цэцэрлэгт сурдаг. Ирэх 10 дугаар сард зургаан нас хүрэх бяцхан шатарчин маань гурван настайгаасаа шатар тоглож эхэлжээ.

Хоёр бяцхан шатарчин ирэх намар сургуульд орох боловч аль хэдийнэ бичиж, тоо бодож сурсан байна. Тэд «Урамтай шатар» клубт явдаг бөгөөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохын тулд Украин улсын гавьяат дасгалжуулагч Лионед Роговойтой хоёр cap бэлтгэл хийсэн байна.

-Олон улсын анхны тэмцээндээ оролцоод, медаль хүртсэнд баяр хүргэе?
Е.Төгстөмөр: Тэмцээний туршид би ганцхан удаа тэнцсэн. Бусад өрөгт бүгдэд нь хожсон. Эмээ маань намайг Туршлагатай шатарчин шиг сайн тоглолоо» гэсэн.

Г.Энхчимэг: Энэтхэг хүүхдэд гурав дараалж хожигдоод, нэг хүрэл, хоёр мөнгөн медаль авсан. Одоо би Дэл­хийн аваргын тэмцээнд орно. Тэр тэмцээнд заавал хожно.

-Олон улсын тэмцээнээс медаль авах гоё байна уу?
Е.Төгстөмөр: Монголын далбааг бариад, цомоо хүр­тэж байхдаа «Шатар тоглох ямар гоё юм бэ» гэж бодсон. Шагнал авсны дараа их олон хүн тойроод, зарим нь зураг аваад л байсан. Их гоё.
Гэртээ ирсний дараа аав «Миний хүү сайн байна» гээд намайг их олон үнссэн. Харин өвөө маань духан дээр үнсээд, уйлаад байсан. Аав надад баяр хүргээд, гар утас авч өгсөн.
Г.Энхчимэг: Иран, Ирак, Шри-Ланкийн хүмүүс ирээд бид хоёрын зургийг аваад байсан. Бас янз бүрийн хүмүүс бид хоёрыг «Харъя, харъя» гээд байсан.

«Чингис хаан» нисэх буудал дээр буугаад, гэрийнхэнтэйгээ явж байсан чинь танихгүй хүмүүс ирээд, баяр хүргээд, мөнгө өгөхөд нь их гайхсан. Ээжийг таньдаг хүмүүс юм болов уу гэж бодсон. Ах маань Солонгосоос ирэхдээ надад Iphone, дугуй хоёр авч ирж өгнө гэсэн.

Г.Энхчимэг: Хар, шар царайтай олон хүүхэд байсан. 19 орны хүүхэд ирсэн гэсэн. Бид хоёр орос хэл мэддэг. Гэхдээ тэмцээний үеэр бусад хүүхэдтэй оросоор яриагүй. Шатар тоглож байгаа юм шиг ойлголцоод л байсан.

-Сүүлийн өрөгт хаанахын хүүхэдтэй тоглосон бэ?
Е.Төгстөмөр: Би Шри-Ланкийн хүүхэдтэй тоглоод, зургаа нүүгээд хожчихсон. Бас Макао хүүхэдтэй тоглоод, найм нүүгээд хожчихсон чинь тэр уйлчихсан. Уйлахаа болихгүй болохоор нь би түүнд Монголын далбаатай тэмдэг өгсөн юм. Тэгсэн чинь уйлахаа больчихсон.
Г.Энхчимэг: Шри-Ланкийн Умаяа Таши бас надад хожигдчихоод уйлаад л байсан. Тэгэхээр нь би ээждээ «Би бол уйлахгүй ээ» гэж хэлсэн.

-Яагаад уйлаад байсан юм бол оо?

Е.Төгстөмөр: Нутагтаа ганц ч хожигдож үзээгүй гэсэн. Энэтхэгийн хүүхэд бас надад хожигдчихоод, шагналаа ирж аваагүй.

-Та хоёр хожигдохоороо уйлдаг уу?

-Жаахан байхдаа яг хожих гэж байгаад хожигдчихоороо уйлдаг байсан. Одоо бол «Дараа заавал хожно доо» гэж боддог.

-Танай гэрт шатар тоглодог хүн олон бий юу?

Е.Төгстөмөр: Ээж маань олон улсын мастер, эгч их мастер. Өвөөгийн талынхан бүгд шатар тоглодог.
Г.Энхчимэг: Аав маань шатар тоглодог. Гэхдээ шатарчин биш хувиараа бизнес эрхэлдэг. Ах, эгч хоёр бас тоглодог. Манай удамд Тогтох тайж гэж шатар сайн тоглодог хүн байсан гэсэн.

-Жаахан байхдаа шатар тоглож сурчээ. Хэн зааж өгсөн бэ?
Е.Төгстөмөр: Түвшээ өвөө маань зааж өгсөн. Тоглоом тоглож байгаа юм шиг санагддаг. Удаан тоглосон ч гэсэн ядардаггүй.

Г.Энхчимэг: Аав зааж өгсөн.
-Удаан тоглохоор уйддаг уу?
Е.Төгстөмөр: Айл удаан бодоод байхаар жаахан уйддаг. Би бол нүүдлээ түргэн бодож олоод, хурдан нүүдэг.

-Том хүмүүстэй тоглож байсан уу. Хождог уу?
Е.Төгстөмөр: Багш нартайгаа тоглодог. Хааяа хождог. Багадаа ээжтэйгээ тоглодог байсан. Ерөөсөө хожиж байгаагүй. Өвөө, аав хоёрыгоо одоо хождог болсон. Өвөө хожигдохоороо юу ч дуугардаггүй. Аав өмнө нь намайг «Чи яагаад хурдан нүүгээд байгаа юм» гэдэг байсан. Надад, хожигдохоороо «Миний хүү сайн байна» гэдэг.

Г.Энхчимэг: Би бас аавыгаа хождог болсон. Аав хожигдохоороо «Ганцхан буцчихъя» гээд байдаг юм.

-Буцахыг зөвшөөрдөг үү?
-Үгүй. «Барьснаа л нүүгээрэй» гэдэг.

-Шатар тогломооргүй санагдсан үед чинь тоглуулах гээд байвал яадаг вэ?
Е.Төгстөмөр: Аав намайг бага байхад тогломооргүй байхад «Ганцхан л нүүе» гэдэг байсан. Тэгэхээр нь би ганцхан л нүүх юм байх гэж бодоод зөвшөөрчихдөг байсан юм. Одоо бол аав ажил ихтэй «болохоор надтай бараг тоглодоггүй. Хааяа намайг тоглоё гэхээр дуртай зөвшөөрдөг. Саяхан тэмцээнд явахын өмнө бас багштай тоглуулах гээд байсан. Би тэмцээнд тоглох тактикаа бодмоор байсан учир тоглоогүй.

Г.Энхчимэг: Би дургүй байгаа үедээ тоглодоггүй. Хүчээр тоглохоор
хожигдчихоод байдаг юм.

-Шатраас өөр ямар нэгэн зүйл сонирхдог уу?

Е.Төгстөмөр: Би хип хоп сонирхдог. Гэхдээ би шатарчин л болно.
Г.Энхчимэг: Би бүжиглэх, дуулах дуртай. Бүр жаахан байхдаа Оросын алдартай дуучдыг дуурайж дуулдаг байсан. Намайг дуулж байхад эгчийн хийсэн бичлэг одоо манайд байдаг. Бас гурван настай байхдаа youtube.com руу ороод «Том, Жерри», «Ну погоди» гэж бичээд, киног нь олоод үзчихдэг байсан. Одоо компьютер дээр удаан суухаар аав «Боль» гээд байдаг юм.

-Амжилт хүсье. Дэлхийн аварга болоорой?
Е.Төгстөмөр: Намайг дэмжсэн «Энержи ресурс» компанийн ах, эгч нар болон багш нартаа «Баярлалаа» гэж хэлье.
Г.Энхчимэг: Намайг Баянзүрх дүүргийн Засаг дарга, Спорт хорооны дарга, хүргэн ах С.Бямба-Эрдэнэ, Л.Эрдэнэбат нар маань ивээн тэтгэсэн. Ах нартаа баярлалаа.
 

Өглөөний сонин   Ц.Баттуяа

Нийтэлсэн: 2012-07-06 10:47:51

Нийт сэтгэгдэл: 1

  • Зочин

    Whenever a person features a distinction within the length of lower limbs problems are going to happen, difficulty in w***king is often skilled and in numerous instances there is a pronounced limping. A Pediatric speci***ist may decide to prescribe the use of shoe or heel lifts to counter the difference in leg length, if for example the left leg is h***f an inch (13mm) shorter than the proper leg, a shoe lift of h***f an inch (13mm) placed within the left foot shoe will even out the discrepancy and

    soyclowly 2012-08-19 23:52:58     117.211.123.62          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.