О.Гэрэлт-Од: Залуучууд ямар ч тохиолдолд сэтгэгч, тэмүүлэгч байх ёстой
Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ жил тохиож буй. Энэхүү ойд зориулан зохиолч, сэтгүүлч Д.Дамдинжавын “Зуун настай залуу” ном хэвлэгдэн гарч, тун удахгүй уншигчдын гарт очих гэж байна. Ингээд энэхүү номноос Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын ярилцлагыг хүргэж байна.
-Монголын залуучуудын холбоо ирээдүйд яг ямар чиглэлд үйл хэргээ чиглүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Манай байгууллага Монголын хувьсгалт залуучуудын эвлэл гэх нэршилтэй явсан 70 жилийн хугацаанд дийлэнхдээ бүтээн байгуулалт руу чиглэж ажиллаж байсан. Боловсон хүчнүүдийг бэлтгэж, илгээлтийн эздийг илгээж, Дархан, Эрдэнэт, Багануур, Налайх хотуудыг барьж, Хөтлийн цемент, шохойн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр, Багануурын цахилгаан станц, Найрамдал зуслан зэрэг бүтээн байгуулалтын ажлууд бол МХЗЭ-ийн үйл хэрэг байсан. Харин 1991 оноос хойш “Монголын залуучуудын холбоо” болж өөрчлөгдөөд 30 жилийн хугацаанд залуучуудад тулгамддаг асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллажээ. Жишээ дурдвал, “Унадаг дугуйтай Улаанбаатар” аяныг зохион байгуулж, “Нийслэл хотод дугуйтай явах зам, талбай алга” гэж эсэргүүцлээ илэрхийлж байсан. Үүний үр дүнд авто замын хажуугаар унадаг дугуйн зам хийдэг болсон байна. Мөн “Спирт үү, спорт уу?” гэх аянаар залуучуудыг спортоор хичээллэхийг уриалснаар олон фитнесс клуб, спортын төрлүүд хөгжиж байна. Түүнчлэн “Би авилга өгөхгүй, авахгүй” гэх хөдөлгөөнийг санаачилснаар сүүлийн 30 жилд залуучуудын боломжийг хулгайлж буй хүнд суртал, авилгатай тэмцэх үйлсийг эхлүүлсэн. Тэгвэл өнөөдрөөс цааш Монголын залуучуудын холбоо өнгөрсөн үеийнхээ эдгээр ололтыг аль алийг хослуулах бодлого барих болно. Өөрөөр хэлбэл, залуучуудын байгууллага бүтээн байгуулалт ч хийнэ, тулгамдаж буй асуудлуудаа ч шийдвэрлүүлэхийн төлөө явна гэсэн үг.
-Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдсөн шүү дээ. 1990 оноос өмнө залуучуудын байгууллага зарим үед төрийн эрх мэдлийг хамт барилцаж байсан гэхэд хилсдэхгүй. Тийм учраас л тэдгээр том бүтээн байгуулалтад залуучуудыг оролцуулж чадсан. Харин 1990 оноос хойш залуучуудын байгууллагын хүч, нөлөө суларч, зөвхөн уриалах, санаачлах, нөлөөлөхөөс хэтрэхгүй болсон гэх юм. Ийм үед таны хэлж байгаа зорилт хангагдах уу?
-Улс төрийн систем нь өөрчлөгдсөнтэй холбоотой л доо. Өмнө нь бол нэг намын тогтолцоотой социалист нийгэмд угаасаа тэгэхээс өөр арга байхгүй. Одоо бол гучин хэдэн намтай болчихсон, хүн болгон өөр өөрийн толгойгоороо, итгэл үнэмшлээрээ тал тал тийшээ хуваагдаад байна шүү дээ. Улс төржилт бол сүүлийн хэдэн жил утгаа алдлаа. Залуучууд үзэл бодлын хувьд хэд хэдэн талд хуваагдчихлаа. Түүнээс биш манай холбоо 16-40 насны бүх залуусыг нэгтгэж байгаа. Өнөөдөр Монголд энэ насны 1 сая 500 мянга гаруй залуус бий. Тэд төр болон хувийн хэвшилд ажиллаж, улсынхаа гол эдийн засгийг бүрдүүлээд, ачааг үүрээд явж байгаа. Залуучууд өмнөх шиг тушаал авсан цэрэг шиг цугларахгүй ч гэсэн нийгмийн гол хүч хэвээрээ.
-Залуучуудын холбоо ирэх жилүүдэд бүтээн байгуулалт хийх болно гэж та хэллээ. Ямар бүтээн байгуулалтын тухай ярьж байна вэ?
-Хүүхэд залуучуудын соёл амралтын цогцолборыг хотын гадна хийх юм. Ер нь бүгд л хотын төв рүүгээ шаваад байдаг. Шинэ Ерөнхий сайд нэг ярилцлагынхаа үеэр “Хотын төв рүү орох тусам татвар нэмэгддэг, хотоос гарах, орон нутаг руу явах тусмаа татварын хөнгөлөлт эдэлдэг таатай орчин бий болгоно” гэж байсан. Улаанбаатарт бусад орон нутгаа бодвол ус, тогны үнэ, замын татвар өндөр байх ёстой. Харин орон нутагт илүү хөнгөлөлттэй байх нь зөв. Ер нь дэлхийн том соёл амралтын хүрээлэнгүүд дандаа хотынхоо гадна байдаг. Хүмүүс тийшээ метрогоор, хурдны замаараа зорьж очдог. Тэгэхээр бид хотын гадна тэрхүү цогцолборыг хувийн хэвшлүүдтэйгээ хамтран хийхийг зориод, ерөнхий төлөвлөгөө хийгдэж байна. Тэнд хийгдэх бүтээн байгуулалтын 5-10 хувьтай дүйцэх цөөхөн зүйлийг л Залуучуудын холбоо авч үлдэнэ. Тэдний нэг бол хуримын ордон. Залуучууд өөрсдөө хуримын ордонтой болъё. Нийслэлийн хуримын ордон ачаалал ихтэй, дээр нь үнэ ханшийн хувьд залуу гэр бүлүүдэд өртөг өндөр тусаад байна. Тиймд Залуучуудын холбоо бүх төрлийн шашны гэрлэлтийг хүлээн авдаг тус тусын танхим бүхий хуримын ордонтой болох юм. Ийм хуримын ордон Залуучуудын холбоонд бодлогоор байх ёстой зүйл. Тэндээ бид эвлэлд ажиллаж байсан ахмад ажилчдынхаа алт, мөнгөн хуримуудыг үнэ төлбөргүй хийж өгнө. Монголд ер нь алт, мөнгөн хурим хийдэг соёл тийм ч их төлөвшөөгүй байгаа шүү дээ. Ийм хуримыг тогтмол хийдэг газартай болчихвол тэнд очсон залуучууд аав, ээж, эмээ, өвөөгөө хараад “Би ч бас алтан хуримаа хийнэ” гэсэн хүсэл тэмүүлэлтэй болгож, түүгээрээ дамжуулан тогтвортой гэр бүл бий болгоход нөлөөлөх зорилготой.
Мөн тэнд жилийн дөрвөн улирлын усан парк, олон үндэстний зоогийн газар, гадаа тоглоом, заалан доторх тоглоом, үзвэр үйлчилгээ, хосууд машинтайгаа очоод кино үздэг задгай театр гээд бүх төрлийн зүйлс цогцлоохыг зорьж байгаа. Мөн усны, хоолны, автомашины гээд бүх төрлийн шоу, үзэсгэлэн болж байдаг том талбайтай, хүүхэд залуучууд битүү бужигнасан газар байгуулахыг мөрөөдөж байна. Миний хувьд 2024 онд дараагийн их хурлаа хийж, ажлаа хүлээлгэж өгөх ёстой. МЗХ-ны Ерөнхийлөгч нэг удаа улиран сонгогдож болдог ч, миний хувьд дахиж дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн учраас үлдсэн гурван жилийнхээ хугацаанд энэ бүтээн байгуулалтыг хийхийг зорьж байгаа. Гэхдээ цаг хугацаа, нөхцөл байдал яаж эргэхийг мэдэхгүй учраас амжихгүй ч байж магадгүй. Хэрэв бүр амжихгүйдээ тулбал ямар ч байсан цаашид хийгдээд дуусах зөв суурийг нь тавьчих юмсан гэж бодож байна. Ингэснээр хүүхэд залуучуудын мини хот бий болно гэж төсөөлж байна.
-Ийм хэмжээний бүтээн байгуулалт хийх бололцоо МЗХ-нд бий гэж үү?
-Яахав, манай холбоо төрийн бус байгууллага учраас өөрсдийн хөрөнгө мөнгө, санхүүжилт байхгүй. Гэхдээ хувийн хэвшлүүдтэйгээ хамтраад хийхэд боломжтой төсөл байгаа.
-Хотоос гадна хаана барихаар төлөвлөж байгаа вэ?
-Налайх дүүргийн нутагт дэвсгэрт 90 гаруй га талбайд энэхүү цогцолбороо барихаар төлөвлөж байна. Газрын зөвшөөрлийг хөөцөлдөөд явж байна. Одоохондоо холбооны нэр дээр гараагүй байгаа гэсэн үг. Газар зохион байгуулалтын ажлын төлөвлөгөө, тодотголоор оруулах хүсэлтэй байна. Бас нэг хийхээр зорьж буй томоохон ажил бол Залуучуудын соён гэгээрлийн сантай болох юм. Залуусыг соён гэгээрүүлэх контентүүдийг санхүүжүүлэх зорилготой. Ингэснээр соён гэгээрлийн контентуудыг байнга тасралтгүй хийх боломжтой болно. Авилгын эсрэг, ахмадаа хүндлэх, гэр бүл, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчноо хамгаалах зэрэг сэдвийн хүрээнд залуусыг соён гэгээрүүлэх агуулга маш ихээр дутагдаж байна. Ер нь залуучуудыг ном уншуулаад, өөрсдөөр нь судлуулаад ухамсартай болгох хэцүү. Тэгэхээр урлагаар дамжуулж, ялангуяа контентоор дамжуулж соён гэгээрүүлэх ажлыг хийх нь илүү үр дүнтэй.
-Нөгөө нэг чиглэл нь залуучуудынхаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхийн төлөө явна гэж хэлсэн. Тухайлбал, ямар асуудлыг онилж, олж харсан бэ?
-Төрийн албаны системийг бүрэн шинэчлээд, төрийг үйлчилгээний байгууллага болгож иргэддээ үйлчилдэг болгомоор байна. Манай улсын 3 сая гаруйхан хүн амын дунд 200 мянган төрийн албан хаагч байдаг. “Төрийн албанд чадвартай хүн алга, авилга хүнд суртал газар авлаа” гэж хүн болгон төрийн албыг муулдаг хэрнээ бүгд хошуурцгаадаг. Тэгэхээр төрийн албыг илүү боловсронгуй үйлчилгээний байгууллага болгох, мөн цахимжуулж ялангуяа тусгай зөвшөөрөл, лиценз зэрэг хүнд суртал, авилга бий болоод байгаа газруудыг цахимжуулахад төр засгаа шахаж шаардах, зөв шийдлээр өөрчлөхөд нь уриалах хэрэгтэй байна. Бас залуучуудынхаа нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлж, зөвхөн гар утасны цаанаас биш, бодитоор нийгэмдээ гар бие оролцдог болгох нь чухал. Ер нь анзаарах юм бол өөрсдөө ажиллаж хөдөлмөрлөдөг, нийгмийн идэвхтэй залуус сошиалд троллдоод, хүнийг сайлж, муулаад байх нь гайгүй. Тэгэхээр залуучуудыг нэгдүгээрт мэдээллийн эх үүсвэрээ маш зөв нягталдаг ойлголттой, дээрээс нь завгүй байлгамаар байгаа юм. Залуучуудыг хөдөлмөрөөр хүмүүжүүлэх тал дээр дутмаг байна, энэ чиглэл рүү ажиллаач ээ гэсэн хүсэлтийг манай эвлэлийн ахмад ажилчид олон удаа тавьсан. Мөн орон нутагт байгаа малчин, тариаланч залуучуудын боловсрол, эрүүл амьдрах орчинг сайжруулах тал дээр ажиллах зорилтууд байна.
-Танай холбооноос мөн “Илгээлтийн эзэд” хөтөлбөрийг дахин сэргээн хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэж сонссон. Үнэн үү?
-Тийм ээ, төрийн дэмжлэгтэйгээр энэ хөтөлбөрийг сэргээн хэрэгжүүлэхээр болсон. “Илгээлтийн эзэд” хөтөлбөрийг сэргээснээр хавар мал төллөлтийн үеэр, тариа ногоо тарих үеэр, намар ургац хураах, хадлан, өвөлжилтийн бэлтгэлийн үеэр хотын залуус орон нутагт очиж туслан малчид, тариаланчдын ажлыг хөнгөвчлөх, нөгөөтэйгүүр залуус өөрсдөө монгол ахуй, соёл, уламжлалаа танин мэдэж, ойлголттой болох олон давуу талтай. Одоо ер нь монгол ахуйгаасаа хөндийрч байгаа залуус олон болжээ. Тэгээд илгээлтээр яваад ирэхэд нь ажил амьдрал, карьерт нь давуу байдал үүсдэг байх хэрэгтэй байна. Жишээлбэл, жилд нэг удаа илгээлтээр яваад ирвэл сургалтын төлбөрийнх нь тодорхой хувийг хөнгөлдөг байх, эсвэл Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах зэрэг урамшуулал байж болно. Эсвэл бүр Төрийн албанд ажиллах хүмүүсийн хамгийн эхний шалгуур нь илгээлтийн эзнээр явсан байх гэж зааж өгсөн ч болох юм. Мөн оюутны дөрвөн жилийн хугацаандаа дарааллан илгээлтийн эзнээр явсан бол цэргийн алба хаасантай дүйцүүлнэ гэх мэт хөшүүрэг хэрэглэж ч болж байна. Энэ нь цаанаа нийгмийн асар том асуудлыг шийдэх болно. Монголд цус ойртолт гамшгийн хэмжээнд хүрчихсэн байна. Гэтэл өнгөрсөн үед илгээлтийн эзэд очиж босгосон Дархан, Эрдэнэт хотууд улс орны өнцөг булан бүрээс ирсэн залуучуудаас бүрдсэн хот шүү дээ. Тиймд цус ойртолт гэх аюулыг бага ч гэсэн сааруулна гэж үзэж байна.
-Ингэж ярихыг тань зарим хүн “Эргээд л өнөөх коммунизм руугаа ухрах гэлээ” гэж мушгиж мэднэ. Тэр тусмаа “Илгээлтийн эзэд” нэрээр залуучуудын чөлөөт сонголтод халдаж байна ч гэж үгүйсгэж магадгүй?
-Ер нь хүмүүс өнөөдөр эрхээ их ярьж, үүргээ бага биелүүлж байна. Энэ үг залуучуудад ч хамаатай. Би илгээлтийн эздийг хүчээр явахыг огт тулгахгүй. Илгээлтээр явах эсэх нь тухайн хүний өөрийн сонголт байх болно. Харин илгээлтээр явсан тохиолдолд цаашдын ажил амьдралд нь давуу байдал бий болохоор зохицуулж, урамшууллын хөшүүргийг маш сайн хийж өгөх хэрэгтэй. Залуучуудын холбооноос өмнө нь “Ажилтай, орлоготой монгол залуу” гэж хөтөлбөр санаачлаад, суманд нь очиж ажил хийлгэх хөтөлбөрийг маш амжилттай хэрэгжүүлсэн. Үр дүнд нь 30 мянган залуучууд орон нутагтаа ажилтай болсон.
-Илгээлтийн эзэдтэй холбоотойгоор бас нэг шүүмжлэл гарч магадгүй. Одоо энэ технологийн эрин үед нөгөө л тариа ногоо, мал аж ахуй руугаа залуучуудыг татаж чангаагаад байж таарахгүй, илүү чухал ажил хорвоо дэлхийд олон байна гэж хэлэх хүн гарах байх?
-Илгээлтийн эзнээр явах хугацаа үсрээд л нэг сар байх юм. Нэгдүгээрт, насаар нь тийм мэргэжил эзэмшүүлээд хөдөө амьдруулах гээд байгаа юм биш шүү дээ. Хоёрдугаарт, яаж ч техник технологи хөгжлөө гээд бид тариа будаа, ногоогоо тарьж иднэ, махаа ч иднэ. Тийм учраас наад захын ажил, амьдралд суралцаж, танин мэдчих хэрэгтэй шүү дээ. Мэдээж бид техник, технологи, шинэ хөгжил рүү дагуулсан, суралцахыг уриалсан, старт-апыг дэмжсэн ажлууд хийгдээд явна. Дээрээс нь бид 21 аймгаар явж, “Ахмадаа хүндэлье, залуусаа сонсъё” аянаар аймаг болгоны тариаланч, малчин, аймгийн төв дээр ажиллаж байгаа залуучуудтай уулзаад, тэр аймагт залуучуудад тулгамдаж байгаа асуудлуудыг сонсоод, шийдэх ямар гарц, гаргалгаа байгааг судалж байна. Ер нь цаашдаа манай Залуучуудын холбоо энд удирдах зөвлөлийн хэдэн хүмүүс нь ийм, тийм юм хийчихье гээд явдаг биш, залуучуудаасаа асуудлыг нь сонсоод, зөвөөр шийдэхийн тулд ажиллана.
-Залуучуудын тулгамдсан асуудлууд гэдгийн дотор таны дэвшүүлсэн цэргийн хөтөлбөрийг шинэчлэх, хорих ангиудыг өөрчлөх агуулга багтсан уу?
-Цэргийн хөтөлбөр болоод хорих ангийг сургууль болгох санаачилга маань ажил хэрэг болтлоо үргэлжлээд явна. Эхлээд бид Монголынхоо судалгааг хийнэ. Монголд хэчнээн хорих анги байна, хэчнээн цэргийн насны залуучууд байна, хэд нь цэрэгт явж байна, явж байгаа хүмүүс нь ямар залуучууд байна гэх зэрэг судалгааг хийх шаардлагатай. “Цэрэгт ихэвчлэн хагас өнчин, гэр хорооллын хүүхдүүд явж байна” гэж ярьдаг нь оргүй биш бололтой юм билээ. Тэгвэл одоо амьдралын боломжтой залуучуудыг ялгаваргүй яаж цэрэгт явдаг болгох вэ? Үүнд цэргийн хөтөлбөрийн шинэчлэл шаардлагатай. Цэрэгт очоод тэр хүн юм сурах хэрэгтэй, цэрэгт явсан тэр нэг жил нь ирсэнийх нь дараа тэр хүнд давуу байдал бий болгох ёстой. Тэр хүнийг дараа нь эх орон нь ашигламаар байна шүү дээ.
Ядаж л цэрэгт ахмадуудаа хүндлэх ёсыг залуучууддаа суулгаж өгмөөр байна. Автобусанд ахмадууд ороод ирэхэд зүгээр л ямар ч асуудалгүй суудлаа тавиад өгчихдөг ухамсартай байх хэрэгтэй. Залуучуудын төв байгууллагын хувьд бид тэр ухамсрыг контент, соёлоор дамжуулан суулгах үүрэгтэй. Улсын бүртгэлд бүртгэлтэй иргэний нийгмийн байгууллагууд 20 гаруй бий. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь цөөхөн. Залуучуудын чиглэлээр явуулж байгаа нь бол бүр цөөхөн. Тэгэхээр 100 жилийн түүхтэй, төв байгууллага болох МЗХ энэ тал дээр дандаа хамгийн түрүүнд уриалж, шийдлүүдийг хийж, эерэг үр дүн гаргаж явах ёстой гэж бодож байгаа.
-Залуучуудын холбооноос зайлшгүй хийх шаардлагатай гэж харж байгаа өөр ямар ажил байна вэ?
-Монгол орны ширхэг чулуу ч энэ улсын ирээдүй болсон залуучууд бидэнд бүгдэд хамаатай. Энэ надад хамаагүй гээд хаяж, орхиж ерөөсөө болохгүй. Тийм болохоор бид татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд, төрийн өмчит компаниудын шилэн дансыг шалгадаг газартай болгохыг зорьж байгаа. Тэдний худалдан авалтууд, тендерүүдийг шалгана. Тендэрийн тухай хуулиар үнэлгээний хороо таван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаад, сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа өгсөн газруудыг үнэлдэг. Үүн дээр иргэний нийгмийн байгууллагаас төлөөлөл оролцох эрхтэй. Тэнд залуучуудын төлөөллийг суулгаад, шударгаар ил тод хуулийн хүрээнд тендэрийг шалгаруулж байгаа эсэхийг хянадаг болох зорилготой байна. Төрийн өмчит компани 300 саяар массажны сандал авлаа гээд иймэрхүү зүйлс их гардаг шүү дээ. Тиймд залуус нэг өрөөнд суугаад компьютерийн араас шилэн дансыг нь хянадаг, тэгээд буруу зүйлсийг нь нийгэмд ил болгож, өөрсдөд нь бас мэдэгдэж буцаадаг тийм газрыг бий болгоё гэж бодож байгаа.
-Залуучууд сайн дурын үндсэн дээр хяналтыг хэрэгжүүлнэ гэсэн үг үү?
-Ажиллаж байгаа хүмүүс мэдээж цалин авна. МЗХ өөрийн төсөл хөтөлбөрүүдээсээ, эсвэл бид олон улсын байгууллагуудтай ч хамтраад хийж болно. Эсвэл Авилгатай тэмцэх газрын Соён гэгээрүүлэх хэлтэс, Хууль зүйн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гээд тодорхой төсөв хуваарилдаг шүү дээ. Түүнээс нь ажилчдынхаа цалин мөнгийг шийдүүлээд хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр залуучуудын хяналтыг сайжруулж, юм болгоныг, ширхэг чулууг ч миний юм гэж үзэж, хамгаалах хэрэгтэй байна л даа. Хүн хамгийн эхлээд өөртөө, гэр бүлдээ, нийгэмд, эх орондоо тэгээд дэлхийдээ хариуцлагатай эзэн байх ёстой. Зөвхөн Монгол улс гэлтгүй дэлхийнхээ хэмжээнд эзэн байх хэрэгтэй. Саяхан нэг гадаад залуу “Энэ миний хог биш, гэхдээ энэ миний дэлхий” гэсэн бичиг бариад манай монголчуудын тарьсан хогийг цэвэрлээд явж байсан. Хэдэн жилийн өмнө түймэр гарахад бас хэдэн гадаад хүн “Энэ манай улс биш ч гэсэн миний дэлхий” гээд ус зөөгөөд, түймэр унтраалцаад явж байсан. Ийм хандлага, ийм сэтгэхүйг залуучууддаа суулгаж өгөх хэрэгтэй байна. Цаашдаа энэ чиглэлд түлхүү анхаарч ажиллана.
-Өөр хувь хүний үүднээс шийдчих юмсан гэж санаа зовж явдаг ямар асуудал байдаг вэ?
-Монголд одоогоор сошиал орчин утгаа алдлаа. Өөрсдөө ямар ч баттай эх сурвалжийн мэдээлэлгүй, үзээгүй, хараагүй байж яг үзэж харсан юм шиг хэнийг ч газар дор ортол нь муулж байна, эсвэл тэнгэрт тултал нь магтаж байна. Энэ байдлыг арилгахын тулд регистрийн дугаараараа нэг хүн нэг л сошиал хаяг нээж, зөвхөн тэрийгээ л ашигладаг хууль эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй гэж боддог юм. Түрүүхэн залуучууд нэг зүг харах, нэгдэх байдал дутмаг байгаа талаар ярьсан даа. Түүнд нөлөөлж буй гол зүйл нь мөн энэ мэдээллийн олон урсгал. Мэдээллийн маш олон эх үүсвэртэй болсон учраас аль нь үнэн, аль нь зөв гэдгийг ялгах аргагүй болж, залуучууд мэдээллийн хөөсөн дунд төөрчихсөн. Тийм учраас нэг зүг рүү харах хэцүү байх шиг байна. Гэхдээ зөв зүйлс дээр бол манай залуучууд нэг зүг рүү хараад явах ухамсар байгаа гэдэгт итгэж байна.
-Тэгэхээр залуусыг нэгтгэх шаардлага, нэг зүгт харуулах шаардлага байна гэж үзвэл тэр үнэт зүйл нь яг юу байх ёстой юм бэ? Монгол залуус ямар үнэт зүйл дээр нэгдэх вэ?
-Улс эх орондоо хэрэгтэй, зөв зүйл дээр ямар ч намын хэн байхаас үл хамааран нэгдэж чаддаг байх ёстой. Залуу хүн үргэлж зөвийн талд зогсох зоригтой байх учиртай. Би залуучууд болон салбар зөвлөлийнхөндөө хэлдэг юм. “Миний санаачилж буй ажлууд дээр зөв гэж бодсон юмаа дэмжээд яваарай. Буруу гэж бодож байгаа бол оролцохгүй байж болноо” гэж. Би бас Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайдтай уулзахдаа “Бид төр засгийнхаа зөв гэсэн ажлыг хоёр гараа өргөөд дэмжинэ, буруу байх юм бол хатуу шүүмжлээд газар авч, хол явахаас нь өмнө болиулна” гэдгээ илэрхийлж байгаа.
-Монголын залуучуудын эрх ашиг, үнэт зүйл гээд бүх юмыг нэгтгэсэн энэ байгууллага 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Та энэ зуун жилийн алдаа оноо, амжилт бүтээлийг юу гэж дүгнэх вэ?
-Ер нь хүн бүр өөр өөрийнхөөрөө л дүгнэх байх. Залуучуудын байгууллага гэдэг бол нийгмээсээ түрүүнд алхаж, залуучуудаа дагуулж явах ёстой, соён гэгээрүүлж явах ёстой, шинэ техник технологи нэвтэрлээ гэхэд Монгол улсдаа нэвтрүүлж ашиглаад явах ёстой гэх мэт дандаа хамгийн урд нь алхаж явах ёстой байгууллага. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд алдсан нь бага. Ялангуяа эвлэлийн үед алдаа ерөөсөө байгаагүй. Өнөөдрийн энэ улсын хамаг л бүтээн байгуулалт, “Соёлын довтолгоо”, “Нэгдэлжих хөдөлгөөн” “Атрын аян” гээд бүхий л зүйлсд оролцоод явж байсан учраас тэрэн дээр алдаа мадаг гэж юу ярихав.
1991 онд Залуучуудын холбоо болж өөрчлөгдсөнөөс хойшх зүйлс дээр жоохон харамсаж явдаг зүйл юу вэ гэвэл тухайн үед энэ байгууллага нэлээн өмч хөрөнгөтэй, аймаг болгонд хэвлэл, соёлын төвтэй байсан. Харин өнөөдрийн байдлаар манай холбоо байрлаж буй байшингаас өөр зүйл энэ байгууллагад алга. Тэгэхээр хөрөнгө мөнгийг бага зэрэг хайр гамгүй ашигласан юм болов уу гэж бодож байна. Дээрээс нь нэг хүн ажил албан тушаалд бага зэрэг удаан сууснаараа энэ байгууллагын хөгжлийг удаашруулсан байх талтай. Дор дороо солигдоод, шинэ удирдлага гарч ирээд, эрч хүчтэй, эрчимтэй ажиллаад байсан бол өнөөдөр энэ байгууллага гэлтгүй, улсын хөгжил өөр байх байсан. Энэ байгууллагаар дамжуулаад улсаа авч явж байгаа залуучуудын бодох, сэтгэх байдал, хандлага, ажлын хариуцлага, хичээл зүтгэл, шинийг санаачлах, эрэлхийлэх зэрэг нь арай өөр түвшинд байх байсан болов уу гэж боддог. Ер нь нэг хүн удаан байхаараа шинэ юм гарахаа болиод дөжирчихдөг тал байдаг шүү дээ.
-Та МЗХ-ны Ерөнхийлөгчийн ажлыг дөрвөн жил хийж гүйцэтгээд дараагийн хүндээ шилжүүлнэ гэдгээ мэдэгдсэн нь ийм учиртай юу?
-Дүрмээрээ МЗХ-ны Ерөнхийлөгч нэг удаа улиран сонгогдож болдог. Хэрвээ би хүсвэл 2024 онд улиран сонгогдох эрхтэй гэсэн үг. Гэхдээ би улиран ажиллахгүй гэдгээ эртнээс мэдэгдсэн. Энэ бүрэн эрхийн хугацаандаа л санаж бодсон бүхнээ хийж хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байгаа. Би бүр Ерөнхийлөгч дахин сонгох хугацааг хоёр жил болгочихъё гэсэн санаачлагыг гаргаж, олон хүмүүстэй уулзсан ч дэмжээгүй. Хоёр жилд арай юм хийж амжихгүй юм билээ.
-Хүн аливаа албан тушаалд удаан ажиллахыг хүсч, тэр хэрээрээ санаж бодсоноо хэрэгжүүлж, түүнийхээ үр шимийг хүртэх гэдэг биш гэж үү?
-Залуучууд нэг газраа удаан суугаад байх биш бууриа сэлгэж, юм авсан бол өгч чаддаг байх хэрэгтэй. Нэг хаалга хаагдахад дараагийн хаалга нээгддэг. Энэ байгууллагын хувьд онцлогтой. Юуны тулд залуучуудын байгууллага билээ дээ. Цоо шинэ агаар, эрч хүчээр үргэлж цэнэглэгдэж байх ёстой газар. Өмнөх түүхээс харахад Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн эхний 2-4 жилд үнэхээр эрч хүчтэй ажилладаг, түүнээс хойш нэгэн хэвийн унтаа, идэвхгүй байдалтай болж ирдэг байдал анзаарагдсан. Энэ байдал нь тухайн хүндээ ч муу нөлөөтэй. Нэг газраа удаад ирэхээр яг тэндээ амьдралын хэв маягтай болчихож байгаа юм. Олдог орлого, нийгмийн харилцаа гээд бүх зүйл нь тухайн албан тушаалаасаа хараат болж эхэлдэг. Үүнээсээ болоод албан тушаалаасаа салж чаддаггүй. Тэндээс гарахаар бүх юм нь өөр болоод, бараг амьдарч чадахгүй болчих юм шиг айдастай болчихож байгаа байхгүй юу.
-Таны санааг маш сайн ойлголоо. Тэгэхээр ирэх дөрвөн жилд та Монголын залуучуудын байгууллагыг хүссэн хэмжээндээ хүртэл хөгжүүлээд, хүлээлгэн өгч чадах итгэл байгаа юу?
-Манай холбоо төрийн бус байгууллага шүү дээ. Хийж чадах зүйл маань хязгаартай. Гэхдээ хийе гэсэн хүсэл эрмэлзэл, сэтгэл байх юм бол хязгааргүй боломж бий. Бид УИХ-ын гишүүд шиг хууль өөрчилж, баталж чадахгүй ч гэсэн нөлөөлж болно, шахаж шаардаж болно, санаачилга гаргаж болно. Мөн Залуучуудын байгууллага хэдийгээр улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй, улс төрийн намтай хамааралгүй байгаа ч гэсэн тухайн үед эрх барьж байгаа засагтайгаа хамтарч ажиллавал үр дүнтэй байсан юм уу гэж хардаг юм. Ямар ч тохиолдолд, түүхийн аль ч үед манай байгууллага мөнхийн сэтгэгч, тэмүүлэгч байх ёстой.
“Зуун настай залуу” номноос. 2021. Зохиогч Д.Дамдинжав
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.