– Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд зарцуулах ёстой 17.2 тэрбум төгрөгийг эргүүлж өгнө үү, сайдаа-
Улаанбаатар хот төдийгүй, улсын хэмжээнд агаарын бохирдлын асуудал хурцаар тавигдаж, амьсгалах агаарынхаа төлөө иргэд чамлахааргүй тэмцэл хийж, төр засгаас ч олон арга хэмжээ авсан. Үүний нэг нь шөнийн тарифын хөнгөлөлт.
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” үр дүнгээ өгч, жилээс жилд гэр хорооллын айл өрхүүд шөнө, оройн цагаар халаалтын асуудлаа цахилгаанаар шийдэх болсон учраас энэ журамд 2020 онд өөрчлөлт оруулж байлаа.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 115 дугаар тогтоолоор аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу хэдхэн хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шөнийн тарифын хөнгөлөлт мөрдөгдөх учиртай.
Гэвч өнөөдөр энэ хөнгөлөлтийг гэр хорооллын иргэдэд үзүүлж, орой, шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 100 хувь чөлөөлөх асуудал маргаан дагуулаад байна. Учир нь агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хөнгөлөлт үзүүлсэн төлбөрөө эрчим хүчний салбар олж авч чадахгүй өнөөдрийн байдлаар 17.2 тэрбум төгрөгийн авлага үүсчээ. Эрчим хүчний компаниуд мөнгөө нэхэхээр Сангийн яамныхан “Цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд өгөх мөнгийг Агаарын бохирдлыг бууруулах төсөвтэй нэгтгэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангийн багцад суулгаж өгсөн” та нар тэндээс мөнгөө олж ав гэдэг хариу өгдөг гэнэ. Харин Н.Уртнасан сайд энэ мөнгийг “халаасандаа” хийж, “хэтэвчиндээ” дарчихаад Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн мэндчилгээ илгээсэн шигээ сууж байна.
Эрхэм сайдаа, өнөөдөр Монголчуудын хувьд озоны давхаргын цоорлоос илүүтэй онд мэнд бүрэн бүтэн өвөлжиж чадах уу гэдэг асуудал тулгараад байгааг танд сануулъя. Учир нь эрчим хүчний салбар чинь элгээрээ хэвтэж, энэ улс орон дулаан цахилгаангүй гал алдах эрсдэл үүсчихээд байна. Гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлтөд олгох тарифын зөрүү улсын төсөвт бүрэн тусгагдахгүй, эрчим хүчний үйлдвэр компаниудад олгогдохгүй байгаагаас 100 хувийн ачаалалтай ажиллаж байгаа насжилт өндөртэй дулааны цахилгаан станц, цахилгаан, дулаан дамжуулах, түгээх компаниудын орлого 17.2 тэрбум төгрөгөөр дутаж, цаашлаад эрчим хүчний зориулалтаар нүүрс олборлож байгаа Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхайнуудад өгөх өр төлбөр нэмэгдэж, хэвийн найдвартай ажиллагаа алдагдахад хүрчээ.
Н.Уртнасан сайдын халаасанд байгаа 17.2 тэрбум төгрөг санхүүгийн хямралд өртөөд байгаа эрчим хүчний салбарт бас л чамлахааргүй дэмжлэг болох учраас бүгд л энэ мөнгийг хүлээж байгаагаа нуухгүй байна. Эрчим хүчний салбарын энэ хүндрэлтэй асуудлаас гадна иргэдийн асар их хүлээлт байгааг мартаж болохгүй.
Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагддаг өрхийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Статистик мэдээллээс харахад энэ хөнгөлөлтөд 2017 онд 101,326 айл өрх хамрагдаж байсан бол 2021 оны эхний улиралд 170 мянга гаруй айл өрх хамрагджээ. Өөрөөр хэлбэл агаарын бохирдлыг бууруулахад дэм болж, ая тухтай өвөлжихийг хүсч байгаа 170 мянган өрх цахилгаан халаагуур суурилуулж, зарим нь тоолуураа хүртэл сольж, арваннэгдүгэээр сарын 1-ний өдрийг тэсэн ядан хүлээж байгааг танд сануулъя.
Н.Уртнасан сайдаа, таны балгаар Улаанбаатарчууд төдийгүй улс орноороо гал алдах дээрээ тулаад байна. Хэрвээ станцууд доголдож, Монголчууд гэрэл, дулаангүй болбол, хэрвээ шөнийн тарифын хөнгөлөлтийг цаашид үргэлжүүлж өгөх боломжгүй болж 170 мянган айл өрх дахиад л нүүрсний яндангаа зоож эхэлбэл та хариуцлагыг нь хүлээж чадах уу?