Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн IV хурал баасан гарагт зарлагдсан ч АН-ынхан үймүүлж эцэстээ завсарлага авснаар өнөөдөр үргэлжилж байна. Энэхүү хурлын ихэнд АН-ын бүлгийнхэн бүлгийн хурлаа хийхээр Ажлын албанд мэдэгдэл хүргүүлжээ. Энэ дагуу танхим бэлдэж өгсөн ч тэд Нэгдсэн хуралдаан болох зааланд бүлгийн хурлаа хийнэ хэмээн зүтгэж, улмаар хэвлэлийнхэнийг цуглуулж мэдээлэл хийсэн. Хэвлэлийн хурлын үеэр АН-ын эсэргүүцэгч иргэд цугларч, үзэл бодлоо илэрхийллээ.
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн IV хурлаар:
- 1. Хурлын хороод байгуулж, ажиллах журмыг батлах
- 2. Баянзүрх дүүргийн хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлтийн талаар иргэдийн санал хүсэлт, төлөөлөгчдийн санал хүсэлтийг авах
- 3. Баянзүрх дүүргийн 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах
- 4. Баянзүрх дүүргийн 2021 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- 5. Баянзүрх дүүргийн 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 5 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан.
Эхний асуудлыг өнгөрсөн баасан гарагт хэлэлцэж дууссан. Харин сүүлийн дөрвөн асуудлыг өнөөдөр хэлэлцэх юм. Гэвч АН-ынхан БЗД-ийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх асуудлыг эсэргүүцэж байгаа билээ. Баянзүрх дүүрэг одоогоор 28 хороотой. Тэдгээрээс 20-30 мянган хүн амтай хороод бий. Хүн амын төвлөрөл ихтэй хороодод төрийн үйлчилгээ, нийгмийн халамж, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн үйлчилгээ дутмаг. Тиймээс нэг хороог 7-8 мянган хүн амтай байхаар зохион байгуулж, шинээр 15 хороо үүсгэхээр төлөвлөж байгаа юм байна.
Гэхдээ энэхүү асуудал цоо шинэ зүйл биш юм. Учир нь 2018.12.14 ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 20 дугаар тогтоолд 4 зүйл тусгажээ.
- Дүүргийг хуваах, өөрчлөн байгуулах эсэх тухай асуудлыг тус дүүргийн иргэдийн дунд явуулсан судалгааны дүнг үндэслэн дэмжихгүй байхаар тогтоосугай.
- Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга /Г.Болормаа/-д үүрэг болгосугай.
- Дүүргийн 28 хорооноос хүн ам ихтэй 4, 5, 8, 16, 26 дугаар хороодыг тус тус өөрчлөн байгуулж, хуваах тухай дүүргийн Засаг даргын саналыг дэмжсүгэй.
- Хороодын нутаг дэвсгэрийн заагийг хүн амын байршил, эдийн засгийн чадавх, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлийг харгалзан судалж, хэрхэн хуваах тухай саналаа дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж, хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоосон тухай Тэргүүлэгчдийн тогтоолыг энэхүү тогтоолын хамт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2019 оны эхний хагас жилд багтаан хүргүүлэхийг дүүргийн Засаг дарга /Т.Баясах/-д даалгасугай.
Энэхүү тогтоолоос үзвэл АН-ынхан иргэдийн саналыг авахгүйгээр зөвхөн дүүргийн Засаг даргын шийдвэрээр хороо хуваахаар төлөвлөж байжээ. Харин одоо хороодыг хуваах талаар дүүргийн иргэдийн талаас нь цахимаар болон цаасаар санал авсан байгааг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс хэлсэн билээ.
Хороо хуваагдах шийдвэр өмнө нь хүчээр гарч байсан бол энэ удаа олны саналыг авч , хэлэлцэж байна. Гэтэл өмнө гаргасан шийдвэрээ умартан улс төржиж буй АН-ынхан сонгогчдынхоо эсрэг зогслоо. Учир нь олон хүн амтай хороодыг хуваах асуудлыг яаравчилж, хурдан хийснээр эцсийн үр дүн нь иргэдэд сайнаар тусах юм...
АН-ынхан сөрж чаддаг улс төрийн хүчин байсан нь үнэн. Гэвч өмнөх тушаал шийдвэрээ мартах хүртлээ улс төржиж буй "зөнөсөн чавганц" шиг АН-ын залуус намаа уналт руу нь чирсээр...
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.