2000 жилийн түүхтэй Бонн хотод Д.Тэрбишдагвын ном танилцуулагдлаа

Үнэлэх
(0 үнэлгээ)
Цахим музей ба Монгол судлал

 

Мюнстер хотод болсон номын танилцуулга уулзалт дуусаад Бонн хотруу зорив. Энэ хот Германы түүхийн өлгий нутаг.  Нэгэн үндэстэнг баруун, зүүнд хувааж, Берлиний ханаар тусгаарлаж байсан үед буюу 1949-1990 онд ХБНГУ-н нийслэл нь байв. Энэхүү түүхэн хотод ирээд УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва  номын танилцуулах уулзалтын товоос  өмнө ХБНГУ-ын Боннын  их сургуулийн Монгол-Төвөд судлалын тэнхимаар зочиллоо. Биднийг тус сургуулийн “Монгол-Төвөдийн   эдийн соёлын дурсгалыг цахимжуулах төсөл”-ийн  эрдэм шинжилгээний ажилтан, доктор  Б.Нямсүрэн угтаж авсан юм.

“Монгол-Төвөдийн   эдийн соёлын дурсгалыг цахимжуулах төсөл”  дорно дахины  судлалын салбарт үнэхээр ач холбогдолтой, томоохон  судлагдахуун аж. Энгийнээр хэлбэл “онлайн музей” гээд хэлчихэж болмоор. Тухайн үзмэрийг хайхад тайлбартайгаа  тодорхой гарч ирнэ. Европын музейнүүдэд байгаа  Монгол-Төвөдийн соёлын биет өв болон хувь хүмүүсийн сан хөмрөгт байсан ховор эд зүйлсийг нэг дор  товч хараад,  төвөггүйхэн үзэж болох боломжийг бүрдүүлж чаджээ. Энэ нүсэр ажлыг эрдэмтэн, судлаач Ханс Ротын удирдлага дор  1972 оноос  1988 он хүртэл  хэрэгжүүлж, Европын улс орнуудын 102 музей болон хувь хүмүүсийн сан хөмрөгөөс цуглуулгаа бүрдүүлжээ.  

 

2007 оноос уг төслийг үргэлжүүлэн хэрэгжүүлэхдээ Боннын их сургууль дахь Төв Ази судлалын архивт хадгалагдаж буй Ханс Ротын үзмэр, эд өлгийн зүйлийн мэдээллийг цахимжуулж, соёлын биет өвийн нээлттэй цахим мэдээллийн сан бүрдүүлж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх боломжтой болгожээ.  

Тодруулж хэлбэл, Боннын их сургууль дахь Төв Ази судлалын архивт хадгалагдаж буй 22000 орчим үзмэр, эд өлгийн зүйлсийн гэрэл зураг, түүнийг хадгалж буй музейн мэдээлэл болон холбогдох тайлбарыг нийт 55000 орчим карт  дээр бүртгэж баримтжуулсан байна. Мөн архивын сан хөмрөгт зарим музейгээс авч цуглуулсан, материалын дээжис, үзмэр, эд өлгийн нарийн хийц, технологийн талаарх мэдээлэл, хээрийн судалгааны явцад авсан 2000 орчим гэрэл зураг, зарим цуглуулгыг худалдаж авсан данс, бүртгэлийн дэвтэр болон музей дэх архивын материал, Ханс ротын өөрийнх нь гар тэмдэглэл, гар зураг хадгалагдаж байгаа аж.

2013 онд энэ төслийг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, нарийн бичгийн дарга асан,  профессор, доктор Т.Галбаатарын санаачлагаар Монгол-Германы хамтарсан төсөл болгон хэрэгжүүлэхээр тогтож, төслөө Герда Хенкелийн санд өгөхөд  2013-2018 онд хүртэлх төслийн судалгааны санхүүжилтийг олгожээ. Энэ хугацанд 64 музей болон хувь хүмүүсийн цуглуулгаас бүрдсэн 40 орчим мянган картыг гэрэл зургийн хамт цахимжуулж, мэдээллийн санд нэмж оруулсан байна. Энэ төсөл нь  Европын улс орнуудын музейнүүд болон хувь хүний цуглуулга дахь Монгол, Төвөдийн соёлын биет өвийн үзмэрүүдийг хамгийн өргөн цар хүрээнд баримтжуулсан учраас дорно дахины судлалаар ажиллаж байгаа эрдлэмтэн судлаачид төдийгүй угсаатны зүй, шашин, соёл урлаг, соёлын өвийг сэргээн засварлах салбар, музей судлалд үнэ цэнэтэй хэрэглэгдэхүүн юм.

49 жилийн түүхтэй энэхүү төслийн эрдэм шинжилгээний ажилтанаар Монгол бүсгүй Б.Нямсүрэн  2013 оноос хойш ажиллаж байна. Тэрээр Монгол судлал, Төв Азийн хэл, соёл судлал, Герман судлалаар магистр, хэл шинжлэлийн чиглэлээр доктор хамгаалжээ. ХБНГУ-ыг Боннын их сургуулийн Монгол-Төвөд судлалын тэнхимын   зочин профессор, доктор Т.Эрдэнэ-Очир танхимынхаа талаар УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвад танилцууллаа. Тус сургуулийн Монгол-Төвөд судлалын тэнхим 2011 онд түр хаагдаад, 2013 оноос дахин нээгджээ. Европ дахь  Монгол судлалын бүрэн сургалттай цөөхөн  төвүүдийн нэг. Зөвхөн монгол хэл гэлтгүй Монгол судлал, түүх,соёл,  угсаатны зүй,   улс төр, нийгэм гээд судалгааны өргөн цар хүрээг  хамардаг юм байна.  Германы эрдмийн солилцооны алба буюу ДААД  2015-2022 он хүртэл Монгол судлалын хөтөлбөрийг санхүүжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд МУИС-ийн эрдэмтэн, багш нар  хоёр  жилийн хугацаатайгаар Боннын их сургуулийн Монгол-Төвөд судлалын тэнхимд ирж багшилдаг аж.

Зочин профессор, доктор Т.Эрдэнэ-Очир Монгол хэл,  монгол бичиг, нийгэм, соёл , угсаатан судлалын хичээл зааж байгаа гэв. Одоогоор энэ тэнхимд  20 гаруй  оюутан суралцаж  байна.  Дэлхий дахинд ковидын цар тахал дэгдэж, хөл хорио бүрэн цуцлагдаагүй энэ үед тус сургуулийн хичээл цахимаар орж байгаа учир хөл хөдөлгөөн багатай, нам гүмхэн байлаа. Хээрийн судалгааны дадлагыг Монголд очиж хийдэг байсан ч цар тахлын улмаас зогсонги байдалд оржээ.  Номын зохиогч Д.Тэрбишдагва Герман улсад хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо “Монгол-Төвөдийн   эдийн соёлын дурсгалыг цахимжуулах төсөл”  -ийн ажилтан, Манж, Монгол судлаач, доктор хатагтай Бритта Мариа Груберт болон Боннын их сургуулийн Монгол-Төвөд судлалын тэнхимд бэлэглэлээ. Доктор Бритта Мариа Грубер Ази судлалын чиглэлээр  судалгаа их  хийдэг, Монголын эртний түүхийн талаар өргөн мэдлэгтэй хүн байв.

Тэрээр “Таны хэлсэн Монгол Улс археологийн баян бүрд гэдэгтэй санал нийлж байна. Энэ чухал судлагдахууныг нарийвчилж судлахад Монголын тал дулимаг ажиллаж байгааг анхаарч, судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх нь чухал шүү. Хүн төрөлхтний түүхэнд асар их хувь нэмэр оруулсан үндэстэн ” гэж саналаа хэлж байв. Энэ үеэр номын зохиогч Д.Тэрбишдагва Боннын их сургуулийн оюутнуудад Монголын талаар лекц унших боломж хэр байгааг тодруулж, сургуулийн удирдлагуудтай хамтарч ажиллах саналын талаар ярилцав.  Мөн номын зохиогч Монгол-Төвөд судлалын тэнхим болон номын сантай танилцаж  явахдаа 7 жилийн турш Монгол судлалаар суралцаж байгаа Аналинатай тааралдав. Энэ бүсгүй “Архидалт ба Монголын нийгэм” гэсэн сонирхолтой сэдвээр магистр хамгаалж, одоо үргэлжлүүлэн докторантурт суралцаж байгаа бүсгүй юм байна.

 

Герман бол Монгол судлалаараа дэлхийд тэргүүлэгч орон билээ. Тус улсын нэр хүнд бүхий томоохон их, дээд сургуулиудад Монгол судлалын тэнхим ажиллаж, доктор, профессорууд судалгаа шинжилгээний ажлаа хийж, Монгол судлалын чиглэлээр суралцаж буй гадаад оюутны тоо өсч, Холбооны Засгийн газраас Монгол судлал болон Монголын түүх өв соёлыг сурталчлах томоохон ажлуудыг санхүүжүүлсээр ирсэн билээ. Гэвч энэ үеэр нэг харамсалтай мэдээ чих сортолзуулав. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа  ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр Боннын их сургуулийн Монгол судлалын тэнхимийн судалгааны нэг ажлыг 10 жилээр сунгахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж,  Монгол судлалын ангийн нэг оюутныг Монголд ирж судалгааны ажлаа үргэлжлүүлэх нэг жилийн тэтгэлгийг  олгосон юм билээ. Гэтэл нэг л удаа санхүүжилт хийгдээд дараагийн ерөнхийлөгч сонгогдоод үргэлжлүүлж  одоо болтол олгоогүй гэж яригдлаа. Боннын их сургуульд Монгол судлалыг хөгжүүлэх  бүхий л зардлыг Германы талаас санхүүжүүлж иржээ. Монгол Улсаас хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхгүй байгааг сонсох л хамгийн тааламжгүй мэдээ байв. Оюуны хөрөнгө оруулалтандаа гар татах тусам хөгжлийн хурд тэр чинээгээр саарна  гэдгийг төр засгийн байгууллагад ажиллаж байгаа  хүмүүс ухаарч, төрийн залгамж бодлого ямагт аргамжаатай мэт залгамжлан хэрэгжих учиртайг сэхээрээсэй  билээ хэмээн бодогдлоо. Монгол Улс судалгаа, шинжилгээ, Монгол судлалыг өргөжүүлэхэд адаглаж амалснаа биелүүлчихдэг баймаар юм. Үнэндээ  татвар төлөгчид  үр ашигтай хөрөнгө оруулалт хий, нийгмийн зайлшгүй хэрэгцээтэй асуудалд зарцуул, улс орноо сурталчил, оюуны боловсролд анхаар, сургалт, судалгааг өргөжүүл  гэж тасралтгүй татвар төлсөөр ирсэн. Түүнийг оночтой,  зөв хуваарилалт хийж,    адаглаад л  үүх түүхээ сурталчлах, хэл соёл, археологи гээд чухал салбаруудын судалгааг хийхэд дандаа гадаадынхны гар харалгүй зарцуулдаг болж, худлаа амалдагаа больж, хариуцлагатай байх цаг иржээ.

 

Германы зүрхэнд орших Монголын түүх, соёлын сурталчилгааны төв Mongolei Zentrum

Боннын их сургуулиас гараад номын зохиогч Д.Тэрбишдагва Mongolei Zentrum-д хүрэлцэн ирж Герман улсад хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номын танилцуулах ээлжит уулзалтаа хийв. Энэхүү уулзалтыг Mongolei Zentrum төвийн үүсгэн байгуулагч Франк Фосен болон Нордрайн-Вестфален мужийн өргөмжлөлт консул ноён С.Шмитц нар нээж үг хэллээ. Номын танилцуулах уулзалтанд  оролцохоор ХБНГУ-аас  Монгол Улсад сууж байсан элчин сайд асан Шрёдер, Эдийн засгийн хөгжлийн яамны хэлтсийн дарга хатагтай Г.Хамершмидт, Өвөрмонголын эрдэмтэн Л.Хурцбаатар, өргөмжлөлт консул Гроссе-Зендер зэрэг улстөрч, төр нийгмийн зүтгэлтэн, археологийн эрдэмтэн судлаачид, герман уншигчид гээд 30 гаруй хүн цугласан байлаа.

Германы эдийн засгийн хөгжлийн яамны  Азийн орнуудын хамтын ажиллагааны асуудал хариуцдаг хэлтсийн дарга  Г. Хамершмидт  Гумбольдтийн их сургуульд хамт сурч байсан анд нь байсан учир зорьж ирэн, номын зохиогч Д.Тэрбишдагвад  баяр хүргэж байлаа.  

Германы нэрт  хуульч Гроссе-Зендер “ Би Д.Тэрбишдагвын номыг  Германд хэвлэгдэнгүүт нь авч уншсан. Би 1993 оноос хойш Монгол Улсад олон удаа очиж,   хууль, эрх зүйн чиглэлээр зөвлөгөө өгч, өргөмжлөлт консулаар  ажиллаж байсан хүн. Номыг нь уншихад Монголын тухай сэтгэлд үлдсэн олон түүх, мэдээллийг эргэн санаж,  Монголын нэн эртнээс өнөө цөгийн үеийн түүхийг товч, оновчтойгоор дүрсэлсэн нь ихэд таалагдсан. Берлины хана нурж, хоёр Герман нэгдснийг монгол хүн хэрхэн тусгаж авсан болон Монголд ардчиллын салхи яаж шуурсан талаар дүгнэлт, зураглалыг залуучууд шимтэн уншаасай гэж бодож байна. Чингис хааны үр  удмын түүхийн талаар шинэлэг зүйл бичсэн санагдлаа, үүнийг  шинжлэх ухааны үндэслэлтэйгээр  судалгааг гүнзгийрүүлж бичихийг хүсэж байна.  Хүн төрөлхтний түүхэнд монголчуудын үлдээсэн үнэт зүйл болон  өнөөдрийн Монголын нөхцөл байдлын  талаар ойлгуулахад  их чухал ном болсон байна.” хэмээн онцлов. Энэ удаагийн уулзалтыг Mongolei Zentrum төвийг үүсгэн байгуулагч Франк Фосен ба түүний гэргий Б.Мөнхзулын хамт зохион байгуулжээ. Эцэг, эхээсээ уламжилж авсан нэн эртний хотын төв дэх байрыг тохижуулан Монголын соёлын төв байгуулж, Монголыг сонирхогчид, монголчууддаа олон талаар хүртээл болгосон сувгуудаар ажиллаж байна. Энэхүү төвийн талаар www.mongolei.de болон www.fb.com/MongoleiZentrum   мэдээлэл авч болно.  Энэ төвд ороход монгол айлд зочилж буй мэт сэтгэгдэл төрнө. Хоймортоо модоор урласан хоёр том сийлбэртэй сандал, эрээн цоохор авдарууд эгнүүлж тавьсан, хээ хуар алагласан ор, эмээл, бусад хэрэгслийг иж бүрнээр тавьжээ. Бэлэг дурсгалын зүйлс, үндэсний дээл хувцас, монгол ном, хөгжмийн CD гээд  олон зүйл өрөөстэй. Үндэсний хэв шинжийг агуулсан  бараг бүхий л зүйлийг энэ соёлын төвийн үзмэр болгож Монгол Улсыг сурталчилж байгаа юм болов уу гэсэн сэтгэгдэл төрснийг нуух юун. Энэ төвдөө номын хурим, урлаг, соёлын олон арга хэмжээг байнга зохион байгуулж иржээ. Б.Мөнх-Зул бүсгүйгээс  эх орноо гадаадынханд сурталчилж  таниулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих , гар урлалын бүтээлийг таниулах, худалдаалах, ном, хөгжмийг түгээн дэлгэрүүлэх  гэсэн сэтгэл үнэртэнэ. Түүний нөхөр 1997 онд    Mongolei.de  хэмээх анхны монголын талаарх цахим хуудас нээхэд тухайн үед чатыг нь хүмүүс их ашигладаг байсан юм  билээ. Энэ цаг мөчөөс хойш энэ гэр бүл Монголын соёлыг сурталчлахын зэрэгцээ   монгол уран дархчууд, оёдолчид, уран гартнуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Германд борлуулж иржээ. Эднийд Монголоос   бүтээгдэхүүнээ нийлүүлдэг хувь хүмүүс ч олон. Зарим нь бүүр 20 гаруй жил хамтын ажиллагаатай байгаа төдийгүй үр хүүхдүүд нь залгамжлан үргэлжлүүлэх болжээ. Монголд жижиг, дунд үйлдвэрлэл  эрхэлж байгаа хүмүүсийн     бүтээгдэхүүнийг нь гадаадад  борлуулж тусалж буй нь үнэхээр баярлууштай хэрэг билээ.

Германд олон жил  амьдарч байгаа монголчуудад   монгол номнуудыг хүргэх, герман аялагчдад зориулсан ном,  буддын шашин болон бөө мөргөлийн холбогдолтой  ном зохиол, сонсдог ном, Герман хүүхдүүд зориулсан Монголын номыг ч борлуулдаг юм байна. Багт наадмын баяраар Кёлн хотод 1984 оноос хойш Герман хүмүүс монголчуудыг дуурайж хувцаслаж хэв маяг дэлгэрчээ. Тэр хүмүүс энэ төвөөс хувцас, эдлэл хэрэгсэл, тавилга хүртэл худалдаж авдаг гэнэ. Зарим германуудын гэрт нь ороход монгол айлд ороод ирэв гэмээр  тохижуулсан байдаг гэж Б.Мөнхзул өгүүллээ.  Энэ төвд худалдаалагдаж байгаа дээл хувцасыг л сонирхоход хийц нь  их чамин,  өнгөний сонголт сайтай  гээд тоочоод байвал олныг өгүүлэхээр юм билээ. Б.Мөнхзул гэр бүлийнхээ хүний хамт Монголд очиж герман хүмүүс ийм өнгө хийц сонирхдог, ийм хэвшил, хандлагатай  гэдгийг тайлбарлаж, Германы соёлыг Монголд түгээж, Монголын соёлыг Германд  дэлгэрүүлж хоёр орны хооронд жинхэнэ гүүр болж ажиллаж  яваа бүсгүй юм.

 

Үргэлжлэл дараагийн дугаарт

Д.Доржпагма

Нийтэлсэн: 2021-11-04 11:05:42

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.