ЭЦА: Хяналтын пост байгуулснаар 2021 оны эхний хагаст хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг 55.7 хувиар буурсан

Үнэлэх
(0 үнэлгээ)

 

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор судалгаа хийж, энэ төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэн гардаг аймаг, сум, газруудыг тодорхойлж, Говь-Алтай, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс 90 хоногийн хугацаанд түр ажиллагаатай 11 хяналтын цэг байгуулсан юм.

Энэ нь гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд мэдэгдэхүйц үр дүн гарч байсан тул аймгуудын Засаг дарга нараар санхүүжилтийг шийдвэрлүүлэн хяналтын цэгүүдийг арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл сунган ажиллуулахаар болжээ.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаанд ашиглаж байсан техник хэрэгслийг талбайгаас гаргаж, хяналтын постыг байгуулснаар энэ оны эхний хагас жилийн байдлаар энэ төрлийн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 82 буюу 55.7 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа нь төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын үр дүнд мэдэгдэхүйц ахиц гарсан байна.

Энэ оны эхний 10 сарын байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт найман удаагийн хяналт шалгалтыг зохион явуулж, 124 техник хэрэгслүүдийг олж бүртгэн, 34 техник, хэрэгслийг талбайгаас гаргаж, 57 техник хэрэгслийг хяналтын постод татан төвлөрүүлж, талбайг чөлөөлөн ажилласнаар тухайн газарт гэмт хэрэг бүртгэгдээгүй бөгөөд байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж, голын урсац нэмэгдэж байгаа талаар нутгийн иргэд болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Байгаль орчны газрын дарга, Ерөө сумын Засаг дарга нар танилцуулж ажилласан.

Хяналтын постод татан төвлөрүүлсэн 57 техник хэрэгслээс 25 техник хэрэгслийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд бусад 32 техник хэрэгслийн судалгааг гарган хууль тогтоомжид заасан хариуцлага тооцуулахаар ажиллаж байна.

Экологийн цагдаагийн албанаас хууль бус, гар аргаар ашигт малтмал олборлодог иргэдтэй тэмцэх чиглэлээр ажил арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Тухайлбал, 2020 онд Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Увс, Өмнөговь, Завхан Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд зэрэг нийт 13 аймгийн нутаг дэвсгэрт байрлах алтны 20, жоншны хоёр, бусад нэг ашигт малтмалын илэрц бүхий газруудад 58 удаагийн үйлдлээр, давхардсан тоогоор нийт 18,000 орчим иргэд дайрч хууль бусаар ашигт малтмал олборлож эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал хүндэрч үүссэн нөхцөл байдлыг хяналтад авч, таслан зогсоосноор Төв, Өмнөговь, Говь-Алтай, Дархан-Уул, Ховд аймаг дахь цагдаагийн газраас дээрх этгээдүүдийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж 23 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлснээс 19 этгээдэд хуулийн дагуу ял оногдуулсан.

Цагдаагийн байгууллагад урд нь гар аргаар ашигт малтмал олборлосон этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаагүй ба энэ нь шинээр шүүхийн практик болсон.

Мөн хууль бус гар аргаар ашигт малтмал олборлож байгаа иргэд ихээр цугларч байгаа газрын судалгааг гаргаж энэ онд 11 газарт хяналтын пост гарган ажилласнаар Төв аймгийн Сэргэлэн, Завхан аймгийн Дөрвөлжин, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт 800 орчим иргэд хууль бусаар ашигт малтмал олборлохоор бүртгэгдсэн тоон мэдээнээс харахад энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил буурсан.

Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг дэвсгэр Туулын зүүн дэнж гэх газарт “Хамтын эх булаг” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайд хууль бус гар аргаар алт олборлогч дайран орж нөхцөл байдлыг хүндрүүлсэнтэй холбогдуулан тус албанаас дөрвөн удаа нийт 16 алба хаагч, зургаан тээврийн хэрэгсэлтэйгээр Булган аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч нартай хамтран ажиллаж гэмт хэргийн шинжтэй найм, зөрчлийн шинжтэй таван үйлдлийг илрүүлэн эмх замбараагүй байдлыг таслан зогсоон ажилласан.

Мөн энэ оны наймдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд дөрвөн алба хаагчийг нэг тээврийн хэрэгсэлтэйгээр хяналтын түр постод үүрэг гүйцэтгүүлэн ажилласан. Хяналт шалгалтын ажлын хүрээнд 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр “Тод-алт” нөхөрлөл нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх гомдол, мэдээллийн материалыг Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх болон хяналтын прокурорт танилцуулан гомдол мэдээллийг Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу шилжүүлэн прокурорын тоо бүртгэлд хүлээлгэн өгсөн хэмээн Экологийн Цагдаагийн албанаас мэдээлэв.

 
 
 
Нийтэлсэн: 2021-11-08 08:24:45

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.