“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО

Эрдэнэс Тавантолгой ХК2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 дунд хугацааны бизнес төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлж байна. Уг бизнес төлөвлөгөөнийн дагуу үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлээд байгаа юм. Төслүүд хэрэгжиж эхэлснээр 7200 орчим ажлын байр шинээр бий болно хэмээн тооцож байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан нээлттэй ажлын байрыг зарлах, залуусыг ажлын ажлын байранд зуучлах зорилгоор ETT Events 2022 арга хэмжээг зохион байгуулах гэж байна. ETT Events 2022 арга хэмжээг 2022 оны 02 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд White Rock Center-д зохион байгуулна. Эхний өдөр онлайн хэлбэрээр 2022 оны 02 сарын 11-ны өдөр 18:00 - 20:30 цагийн хооронд явагдах бөгөөд: Компаниас зарлах гар утасны аппликейшн нээлтээ хийнэ. А6-20 бизнес төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийг олон нийтэд танилцуулна. Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг технологийн шинэ шилжилт болох Metaverse орчинд хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна. Шинэ гишүүд бүхий Бизнесийн зөвлөлөө танилцуулна. Арга хэмжээний 2 дох өдөр буюу 2022 оны 02 сарын 12-ны өдөр 11:00 - 18:00 цагийн хооронд White Rock Center-д Ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулна. Энэ үеэр А6-20 дунд хугацааны бизнес төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдтэй холбоотойгоор Эрдэнэс Тавантолгой ХК болон бүрэлдэхүүн компаниудаас нээлтэй ажлын байруудыг танилцуулах юм. Ингэснээр компаниудын Хүний нөөцтэй шууд харилцаж сонирхсон ажлын байран дээрээ анкет бөглөн ажлын байр, компанийн талаар мэдээллийг авах боломжтой. ETT Events арга хэмжээг цаашид жил бүр тодорхой сэдвийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулна. Ажлын байрны нээлттэй өдөрлөгтэй холбоотой мэдээллийг: 1800-1072 тусгай дугаар /энгийн утасны тарифаар/ https://www.facebook.com/events/651994315938313 фэйсбүүк хаягнаас аваарай.

ЭТТ БОНДЫН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

Эрдэнэс тавантолгой ХК-ийн ЭТТ бондын анхдагч зах зээлийн захиалгыг албан ёсоор эхлүүлж, цан цохих арга хэмжээ өнөөдөр /2021.03.30/ Монголын Хөрөнгийн Биржид боллоо. ЭТТ бондын хувьд Санхүүгийн Зохицуулах Хорооны 2021.03.26-ны өдрийн 96 тоот тогтоолоор Үнэт цаасыг бүртгэх, 2021.03.29-ний өдрийн 1/1181 тоот зөвшөөрлөөр Анхдагч зах зээл дээр арилжаалах албан ёсны зөвшөөрлүүдийг тус тус олгоод байна. ЭТТ бонд нь Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө-ний нэг хэсэг бөгөөд Засгийн Газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Монгол Банкны зүгээс тус үнэт цаасыг олон нийтэд санал болгон хөрөнгө оруулалт татах ажлыг дэмжиж байна. Мөн уг бонд нь дотоодын хөрөнгийн бирж дээр анх удаагаа гадаад валютаар буюу ам.доллараар гарч байгаа учраас ханшийн уналтаас хамгаалагдсанаараа давуу талтай юм. Бондын санхүүжилт нь Тавантолгой дулааны цахилгаан станц, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтад зарцуулагдана. Дээрх бүтээн байгуулалтууд хийгдсэнээр компанийн үр ашиг илүү нэмэгдэж, 2025 он хүртэл нийт 11.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд энэхүү бондын санхүүжилтэд хөрөнгө оруулснаар Монголын хөрөнгийн зах зээлд томоохон эерэг нөлөө үзүүлж, өөрийн хөрөнгийг тогтмол үр өгөөжтэй өсгөхийн сацуу эх орны тусын тулд томоохон бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. Банкны хадгаламжаас харьцангуй өндөр хүүтэй, үйл ажиллагаа нь тогтвортой, ашигтай ажиллаж байгаа, нээлттэй, итгэлтэй компанийн бондыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд гурван үе шаттайгаар санал болгоно. Эхний захиалга 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эхэлж, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хаах бөгөөд гадаад, дотоодын иргэд, аж ахуй нэгжүүд, арилжааны банкууд, даатгалын компаниуд, хөрөнгө оруулалтын сангууд худалдан авах боломжтой. Мөн Бонд худалдан авагчид нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авахдаа нээлгэсэн Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Үнэт цаасны компаниар дамжуулан бондыг худалдан авч болно.

“Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн натрийн цианид ашиглах дүгнэлтийг түдгэлзүүллээ

​ Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөл өнөөдөр цахимаар хуралдлаа. Хурлаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа эрхэлдэг Баян айраг эксплорэйшн ХХК-ийн уурхайд натрийн цианид алдсан осол болон түүнд холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Манай улсын уул уурхайн салбарт натрийн цианид ашиглах тусгай зөвшөөрлийн дагуу таван аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгийн нэг нь Баян айраг эксплорэйшн ХХК юм. Энэ сарын 11-ний өдөр тус компаний боловсруулах үйлдвэрт натрийн цианидын сулруулсан уусмалыг 813 м2 талбайд алдсан осол гарсан. БОАЖ-ын сайд, ХХБАББЗАЭҮЗ-ийн дарга Д.Сарангэрэл Баян айраг эксплорэйшн компаний хувьд маш хариуцлагагүй алдааг удаа дараа давтан гаргаж байгаа. Хэдийгээр энэ удаагийн осол нь хүний эрүүл мэнд, амь насыг хохироогоогүй ч цаашид ийм эрсдэл гарахгүй гэх баталгаа алга. Өмнөх ослуудад нь холбогдох газрууд хамтран ажлын хэсэг байгуулж, алдаа дутагдлуудыг залруулах байдлаар хариуцлага тооцож ирсэн байна. Миний хувьд энэ удаа натрийн цианид ашиглах дүгнэлийг цуцлах арга хэмжээ авах саналтай байна. Нэг талаараа 430 гаруй хүний амьжиргаа, ажлын байрны асуудлыг бодолцох хэрэгтэй боловч нөгөө талаараа бүхэл аймаг, сумдаараа хордож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдлийг мөн зайлшгүй тооцох хэрэгтэй. Тиймээс Монгол улсад ашиглах хязгаарласан химийн хорт болон аюултай бодис болох натрийн цианид ашиглах тухай дүгнэлтийг тодорхойгүй хугацаагаар цуцлаж МХЕГ-аас өгсөн 12 үүрэг, даалгаврыг биелүүлж, дахин ийм осол гаргахгүй байх нөхцлийг бүрэн дүүрэн хангасан үед натрийн цианид ашиглах дүгнэлтийн асуудлыг дахин хэлэлцэх саналыг гаргаж байна гэлээ. Үндэсний зөвлөлийн гишүүд дээрх саналыг бүрэлдэхүүнээрээ бүрэн дэмжиж Баян айраг Эксплорэйшн ХХК-ийн боловсруулах үйлдвэрт натрийн цианид ашиглах тухай дүгнэлтийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа. Эх сурвалж: БОАЖЯ

Бичил уурхайгаа хаяад уул уурхай хөгжсөн түүхтэй улс орон байдаггүй

​ Монголын бичил уурхайчиддаа Уул уурхайн салбарын 98 жилийн ойн мэнд хүргэе. Хүн төрөлхтөн хөгжиж эхэлсэн цагаасаа ашигт малтмалыг амьдрал ахуйдаа хэрэглэсэн ба анхны тэр уурхайчид гар аргаар олборлодог бичил уурхайчид байсан. Өнөө ч уул уурхай гэдэг дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй салбарт бичил уурхай нь зайлшгүй том орон зай эзэлж байна. Бичил уурхайгаа хаяад уул уурхай хөгжсөн түүхтэй улс орон байдаггүй. Өнөөдөр зөвхөн Монголд ч төдийгүй дэлхий нийтэд тулгарч байгаа том асуудал бол газар дэлхийгээ нөхөн сэргээх. Тэгвэл жинхэнэ бичил уурхайчид олборлоод, нөхөн сэргээхэд ач холбогдол өгдөг. Том гэгдэх уул уурхайн компаниудаас илүү. Судалгаа харахад олборлолт хийсэн газар, нөхөн сэргээлт хийсэн талбайн хувь тэнцүүлсэн хэмжээгээр бичил уурхайчид хавь илүү байдаг юм. Эдийн засаг талаасаа Монголд хариуцлагын хүндийг уул уурхайн салбар үүрч яваа. Тэгвэл энэ салбарын томоохон ачаа нь бичил уурхайд оногддог. Монгол банканд жил бүр тушаадаг 20 орчим тонн алтны 20-25 хувь буюу 4-5 тонн алтыг бичил уурхайчид олборлож тушаадаг. Энэ бол олборлосон алтаа хууль бусаар хил давуулдаггүй бичил уурхайн салбарынхны эх орныхоо эдийн засагт оруулж буй бодит хувь нэмэр билээ. Бичил уурхайн салбарыг бүрэн хүлээн зөвшөөрч, байгаль дэлхийгээ хууль бус олборлолтоос эвдэрч сүйдэн, эзэнгүйдэж орхигддог байдлыг таслан зогсоож, зөв олборлон, найдвартай нөхөн сэргээхэд бидэнтэй хамтарч ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл нарт Монголын бичил уурхайн салбарын 100,000 гаруй иргэний өмнөөс хүсье. МОНГОЛЫН БИЧИЛ УУРХАЙН НЭГДСЭН ДЭЭВЭР ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Л.ДЭЛГЭБАЯР

“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” чуулган хариуцлагыг ШИНЭ ТҮВШИНД хүргэнэ

Монгол орныг хамарсан Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай Үндэсний хэлэлцүүлэг үр дүнгээ хэлэлцэж байна 2019 оны есдүгээр сараас эхэлж орон даяар үргэлжилсэн Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай үндэсний хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн хэлэлцэх чуулган өнөөдөр /2019.12.18/ Төрийн ордонд болж байна. Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга, Босоо хөх Монгол, Эрс шинэчлэл хөдөлгөөн ТББ-аас хамтран зохион байгуулж буй Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай үндэсний чуулганыг Шадар сайд Ө.Энхтүвшин нээж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат илтгэл тавив. Чуулганы Үндсэн илтгэлийг Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр тавьж, 21 аймагт зохион байгуулсан хэлэлцүүлгийн тайлан, үр дүнг танилцууллаа. Сануулахад, Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга, Босоо хөх Монгол, Эрс шинэчлэл хөдөлгөөн зэрэг төрийн бус байгууллагууд, сэтгүүлчдийн хамтын тэмцлийн үр дүнд Тост, Тосон бумбын нурууг бүтэн авч үлдэж чадсан. Хоёр гаруй жил үргэлжилсэн тэмцлийг үргэлжлүүлж, 2019 оны наймдугаар сарын 9-ний өдөр Тост, Тосон бумба үндэсний хэлэлцүүлгийг Төрийн ордны Иргэний танхимд болсон билээ. Хэлэлцүүлгээс томоохон үр дүн гарч, таван зүйл бүхий санаачилга, шаардлага боловсруулан ҮАБЗ, Засгийн газарт хүргүүлсэн. Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Д.Оюун-Эрдэнээр ахлуулсан шударга, олон талт, хараат бус ажлын хэсгийг байгуулж, урт хугацаатай ажиллаж, 22 булаг шандад нэг бүрчлэн судалгаа явуулж, нэгдсэн дүгнэлт гарган, акт тогтоож ажиллах шаардлага гаргасан. Хэлэлцүүлгийг зохион байгуулагчдын хүсэлт, шаардлага Засгийн газарт хүрч, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулсан Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, ЗГХЭГ-ын дарга нарын багтсан Ажлын хэсэг Монгол Улсад олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн олголтод дахин хяналт тавих, бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, лиценз олгохдоо хууль зөрчсөн байх магадлалыг шалгах үүргийг нийгмийн өмнө хүлээн, ажиллаж байгаа юм. Түүнчлэн Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай үндэсний хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулах санал санаачилгыг өнгөрсөн наймдугаар сарын 9-ний өдөр болсон Тост, Тосон бумба үндэсний хэлэлцүүлгээс гарсан. Санаачилга ажил хэрэг болж, Хэнтий аймгаас эхлүүлэн дөрвөн сарын хугацаанд нийт 21 аймагт зохион байгуулсан Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр үр дүнгээ нэгтгэж байна. Хэлэлцүүлгийг зохион байгуулагчид Тост, Тосон бумбын төлөө тэмцсэн жишгээр Монгол орноо тойрч, иргэдээ сонсож, хууль зөрчсөн зүйлс байгаа бол төрийн сонорт хүргэх, байгаль хамгаалах үзлийг, эх оронч үзлийг дэлгэрүүлэх зорилготой юм. Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай үндэсний хэлэлцүүлэг 2019 оны есдүгээр сарын 24-нд Хэнтий аймгийн Чингис хотоос эхэлж, зүүн гурван аймагт үргэлжлэхдээ уул уурхайг хариуцлагатайгаар эрхлэх шаардлага тулгарсныг ил тод болгон гаргаж ирж байсан билээ. Тухайлбал, Хэнтий аймаг дахь Гутайн давааны орчимд байрлах Гутайн бүлэг ордтой холбоотой асуудал юм. Гутайн давааны бүлэг ордыг ашиглахын тулд Батширээт сумын нутаг дэвсгэрт урсах Шургадагийн болон Гутайн голуудыг кадастрын зураглал болон газрын зураг дээр байхгүй болгосон зэрэг анхаарал татсан асуудлууд Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай үндэсний хэлэлцүүлгээр нийгмийн сонорт хүрсэн. Үндэсний хэлэлцүүлэг Дорнод аймагт болоход дорнодчууд Мэнэнгийн талаа төрийн хамгаалалтад авах саналыг төрийн чихэнд хүргэж өгөхийг хүсэж байсан бол Сүхбаатар аймгийн иргэд хариуцлагатай уул уурхайн төлөө нэгдэж буйгаа илэрхийлсэн. Говь-Сүмбэр аймагт болсон хэлэлцүүлгийн үеэр 17 000 хүн амтай Чойр нүүх үү, эндэхийг эзэгнэсэн уул уурхай нүүх үү гэдэгтээ тултлаа ноцтой байдал үүссэн нь ил болж байсан. Нутгийн иргэд Эйкүсора нүүрсний уурхайд шүүмжлэлтэй хандаж байв. Аймгийнх нь төвөөс 6 километрт нүүрсний уурхай нээгдсэн нь хариуцлагагүй уул уурхайн жишээ гэж байлаа. Өмнөговь аймгийн тухайд улсын хэмжээний уул уурхайн 80 хувь нь энэ нутагт бий. Өмнөговьчууд уурхай бүхнийг эсэргүүцнэ гээгүй. Тавантолгойгоо ашигла. Оюутолгойгоо ашигтай болго гэж буй. Гэхдээ нэмж олон уурхай хэрэггүй гэдгийг дуу нэгтэй хэлж байсан. Үндэсний хэлэлцүүгийн үеэр олон чухал асуудал яригдсан. Тус аймгийн нутаг дэвсгэрт ачаа тээврийн байнгын ажиллагаатай авто замын Цагаан дэл уул боомт баригдахаар болж буйг нутгийн иргэд эсэргүүцэж байсан. Гашуунсухайт, Шивээхүрэн гээд хоёр боомтоор автотээврээр нүүрс тээвэрлэхэд эдийн засагт мөнгө дагуулж буй ч байгаль орчинд, нийгмийн талаасаа ихээхэн сөрөг дагавартай байгаа. Тэгэхээр дахиад нэмж боомт бидэнд хэрэггүй гэж Өмнөговьчууд үзэж байна. Хилийн шинэ боомт хөгжил бус гамшиг дагуулна гэж Хүрмэн сумынхан үгээ хэлсэн. Цогт-Овоо сумаас Цогтцэций хүртэлх замд нүүрс ачсан машинууд олон салаа замаар давхиж, үргэлжилсэн цагаан тоос манарч буй нь хүн, малын эрүүл мэндэд олон жил заналхийлж буй дүр зураг. Өмнөговь аймгийн Манлай сумын иргэд хэлэхдээ аргаль, янгир, хулан, хар сүүлт гээд ховор зэрлэг амьтадтай нутагт нь төмөр замын зураг төсөл хийхдээ ард түмэнтэй огт уулзаагүй. Төмөр замын трассыг хаагуур явуулахыг нарийвчилж шийдэх ёстой гэдгийг хэлцгээж байсан. Оюутолгойн уурхайг дэрлэн оршдог Ханбогд суманд хамгийн их хомсдож буй зүйл нь ус болохыг сумын Засаг дарга болон нутгийн малчид, иргэд хэлж байв. Тэгвэл Үндэсний хэлэлцүүлгийн багийнхан Мандал-Овоо суманд Олон овоотын алтны уурхайн сүйтгэж хаяад орхисон газар, Зөв зүг компанийн жонш олборлох уурхайн байдалтай танилцсан юм. Монгол газар-ын Ц.Мянганбаяр Олон овоотын уурхай нээж, алт ухаж байгаад Алтжин компанийн Г.Алтанд шилжүүлж, лиценз нь одоо банкны барьцаанд бий. Алтыг нь аваад авдрыг нь хаясан нөхцөл байдал буюу хариуцлагагүй уул уурхайн тод жишээ эндээс харагдаж байсан. Алдарт Ханын хэц уулыг сүйтгэж энд тэндгүй нүх, овоолго үлдээсэн нь уул уурхай эрхлэгчид дэндүү хариуцлагагүй байгааг илтгэж байлаа. Тэгвэл Сэлэнгэ аймгийн 13 суманд хайгуулын болон ашиглалтын 180 лиценз хүчин төгөлдөр байгаагаас 21 нь л хууль, журмыг дагаж, мөрдсөн үйл ажиллагаа явуулж буй тухай нутаг орны удирдлагууд хэлж байсан. Товч тодорхойлон хэлэхэд Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай үндэсний хэлэлцүүлгийн баг өнгөрсөн хугацаанд 12 000 км зам туулан, 35 хэлэлцүүлгийг 21 аймагт зохион байгуулахдаа Монголын нийт ард иргэдийн үгийг, байр суурийг төрд хүргэх гүүр боллоо. Монголын ард түмэн уул уурхайн салбараас ХАРИУЦЛАГА нэхэж буйг 35 удаагийн хэлэлцүүлэг харуулж байна. Өнөөдөр болж буй Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай үндэсний хэлэлцүүлэг орон даяар үргэлжилсэн хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн, Төрийн ордонд хэлэлцэж буй нь уул уурхайн хариуцлагыг ШИНЭ ТҮВШИНД гаргах зорилготой юм. Дашрамд тэмдэглэхэд, эхэнд дурдсан ТББ-уудын эхлүүлсэн Тост, Тосон бумбын төлөөх тэмцэл өмнө нь Монгол Улсад шударга ёс тогтоох, хууль сахиулах, уул уурхай хариуцлагатай байх, хэвлэл мэдээлэл хараат бус ажиллах, байгаль эхийг хамгаалах жишиг тэмцэл болж байсныг дурьдах нь зүйтэй. Үүнээс үндэслэн хууль бус, хариуцлагагүй уул уурхайн талаарх мэдээллийг төр, түмэнд нээлттэй, ил тод болгож хуулийн дагуу үнэн, зөвөөр шийдвэрлүүлэхийн төлөө ийнхүү Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай үндэсний хэлэлцүүлгийг орон нутагт цувралаар зохион байгуулсан юм. Чуулган Уул уурхайн салбарт орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийг сайжруулахад авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний тухай БОАЖЯ-ны мэдээлэл, Ашигт малтмал, газрын тосны салбарын мэдээлэл сэдвээр УУХҮЯ-ны мэдээллээр үргэлжилж байна. Мөн чуулганд Уул уурхайн салбарын тулгамдсан асуудал сэдвээр Эрс шинэчлэл хөдөлгөөн ТББ-ын тэргүүн Д.Энхбат, Эх дэлхий, хүн төрөлхтөн, Монгол Улс, бодлогын шинэчлэл сэдвээр Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын тэргүүн Б.Долгор, Лиценз олгоход нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагын хооронд үүсч буй зарим асуудлууд сэдвээр Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг дарга Б.Батболд, Эх орон, газар шорооныхоо эзэн нь байцгаая сэдвээр Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг, Боомтын хөгжил ба байгаль экологийн асуудал сэдвээр эрдэмтэн судлаач Х.Түмэнгэрэл, Уул уурхайд тавих хяналтыг өндөржүүлэх нь сэдвээр Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа нар илтгэл тавих юм. Чуулган 18.00 цаг хүртэл үргэлжилж, төгсгөлд нь зөвлөмж, шаардлага гаргана.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.