Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2021-02-25 10:05:10 Нийтлэгдсэн: Сонгууль
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярьжээ. Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа Ковид-19 цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглэж, хоёр талын хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэхийн төлөө цаашид ч нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Талууд цар тахлын нөхцөл байдлыг харгалзан дээд, өндөр түвшний харилцан айлчлал, хамтын ажиллагааны механизмуудын уулзалтыг зохих хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй гэж санал нэгдэв. Гадаад харилцааны сайд нар халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх ажилд урьдын адил анхаарал хандуулахын сацуу худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой ач холбогдол өгч, худалдааг дэмжих, томоохон төслүүдийн хэрэгжилтийг урагшлуулах чиглэлээр хоёр талын үйл ажиллагааны уялдаа, мэдээлэл солилцоог идэвхжүүлэхээр тохиролцлоо. Монгол Улсын Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж БНХАУ-ын Засгийн газраас 300 мянган тун вакциныг буцалтгүй тусламжаар олгосонд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг талархал илэрхийлэв. Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятад, Оросын гурван талын хамтын ажиллагааны төслүүд болон бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар мөн санал солилцсон гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО ХАРИУЦСАН ЗӨВЛӨХӨӨР Э.БОЛОРМААГ ТОМИЛЛОО
2021-02-25 09:57:07 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр Э.Болормааг томиллоо. Э.Болормаа нь эдийн засагч мэргэжилтэй. АНУ-ын Колумбын их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай юм.
Д.Сумъяабазар: Хүүхдүүдийн сэтгэлзүйг эмчилж, гэгээрүүлж, боловсролтой, мөрөөдөлтэй болоход нь дэмжиж нийгэмд гаргах хэрэгтэй
2021-02-25 09:12:44 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт ажиллаж, хүүхдүүдийн амьдрах орчин, сурч боловсорч буй нөхцөлтэй танилцаж, холбогдох албаныханд үүрэг, чиглэл өглөө. 2020 оны 12дугаар сард тус төвд байсан өсвөр насны хөвгүүн хүчирхийлэлд өртсөн асуудал үүсэж, нийгэмд багагүй шүүмжлэл дагуулсан. Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг ажиллан, хүчирхийлэлд өртсөн хүүг хүүхэд хамгаалах төвд хүргэн, сэтгэлзүйн засал эмчилгээ хийх арга хэмжээ авсан. Мөн уг хэрэгт холбогдсон өсвөр насны хоёр хүүг мөн соён гэгээрүүлэх, төлөвшүүлэх чиглэлд ажиллаж байгааг хэлэв. Засаг дарга Д.Сумъяабазар уг төвийн удирдлагууд болон Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынханд хандан Цаашид бид бүгдээрээ Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө байр суурь, дуу хоолойгоо нэгтгэж явахгүй бол зохисгүй үйлдлийг нь дэмжээд байгаа юм шиг явмааргүй байна. Нийгэм эмзэг байна. Мөн энэ газарт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, ганцаардсан, ар гэрийн амьдрал хэцүү, аав ээж нь архины хамраалтай, хичээл ном сурах нөхцөл нь бүрдээгүй, ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлөн харж чадахгүй байгаа хүүхдүүд ирдэг. Тийм болохоор бид л эдгээр хүүхдийнхээ сэтгэлзүйг эмчилж, гэгээрүүлж, боловсролтой, мөрөөдөлтэй болоход нь дэмжиж нийгэмд гаргах хэрэгтэй. Тэгж байж ирээдүйд зөв иргэн, зөв аав, зөв ээж болоход нь тусална. Энэ байгууллагын гол зорилго ийм байх ёстой гэлээ. Тиймээс өнгөрсөн оны 12 дугаар сард гарсан асуудалд тус төвийн удирдлагуудаас тайлбар нэхэж, хариуцсан газарт нь ийм асуудал гарсан нь хариуцлагагүй байдалтай шууд холбоотой хэмээв. Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Бат-Орших Өнөөдөр манайх дээр янз бүрийн нөхцөл байдалтай орчноос ирсэн, янз бүрийн төлөвшилтэй хүүхдүүд байна. Тиймээс аль болох хүүхдүүдтэй тулж ажилладаг албан хаагчдынхаа тоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Манай улс шиг Энэ бол хүүхдийн асрах байр гээд хаяг хадчихсан хүүхэд хамгаалах газар бусад улсад бараг байхгүй. Орон сууцны хороолол дунд ялгахын аргагүй орчинд хүүхдүүдээ хамгаалж, сургаж, тэндээс хүүхдүүд ялгаварлан гадуурхалгүй нийгэмдээ гардаг. Та нарын ажлын алдаа бол энэ олон хүүхдэд тулж ажиллах, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үүрэгтэй албан хаагчид дутмаг байгаатай холбоотой. 74 хүүхдийг нэг ээлжинд есөн багш яаж харж, хандах юм бэ. Хүүхдийг хүн болгох, амьдралын ирээдүйг нь залж өгөх ёстой асран хүмүүжүүлэх газар өнөөдөр засан хүмүүжүүлэх дээр байсан хүн шиг харизмтай хүүхдийг гаргаж байна. Дахин ийм асуудал энэ төвөөс гарах ёсгүй шүү гэлээ. Засаг дарга мөн тус төвд байгаа хүүхдүүдтэй уулзаж ярилцан, хичээл номондоо шамдаж, бусаддаа тустай, найз нартайгаа эвтэй байхыг хэлэв. Тэрбээр ...Та нарт маш их ирээдүй байгаа. Хичээлээ сайн хийж, бие биенээ хайрлаарай... хэмээн захисан юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ЭМДЕГ: Төрөлхийн гажиг засах мэс заслын зардлыг 100 хувь ЭМД-ын сангаас гаргана
2021-02-25 09:06:43 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМДҮЗ-ийн 2021 оны Төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга, журам батлах тухай 03 дугаар тогтоолын талаарөнөөдөрмэдээллээ. ЭМДЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.ГийхнаранЭМДҮЗ-ийн 2021 оны Төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга, журам батлах тухай тогтоолд өмнө нь байгаагүй гол онцлог зүйлүүдийг танилцуулъя. Зүрх мартахгүй төслийн хүрээнд хийж байгаа зүрхний төрөлхийн гажиг заслын мэс засалд ЭМД-ын сангаасгурвансая төгрөг олгож байсан. Харин шинэ тогтоолоор тохиолдол бүрднаймансая төгрөгийн санхүүжилт гаргахаар болсон. Ингээд төрөлхийн гажиг засах мэс заслын бүх зардал 100 хувьЭМД-ын сангаас гаргана. Мөн хорт хавдрын тусламж үйлчилгээг 100 хувьЭМД-ын сангаас санхүүжүүлэхээр болсон.Төрийн болон хувийн хэвшлийн даатгалын байгууллагатай гэрээтэй эмнэлэг дээрх өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийхэд даатгалын сангаас 70 хувь, иргэнээс 30 хувийг нь гаргахаар болсон гэв. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тус төслийг Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу эрүүл мэндийн даатгалын цахим хуудсанд санал авахаар байршуулж байв.Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн хэмжээг тусгасныг хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНЭУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Н.МОДИД ЗАХИДАЛ ИЛГЭЭВ
2021-02-25 08:53:01 Нийтлэгдсэн: Улс төр
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЭРХЭМСЭГ НОЁН НАРЕНДРА МОДИ ТАНАА Шинэ Дели Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа, Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг шуурхай хүлээн авч, анхны 150 мянган тун КОВИД-19-ийн эсрэг вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар олгосонд Монгол Улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Танд болон энэтхэгийн ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэтхэг Улсаас вакцин хүлээн авсны маргааш буюу энэ сарын 23-нд бид КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтын аяныг эх орондоо эхлүүлж, миний бие анхны тунг хийлгэснийг Танд сонордуулахдаа таатай байна. КОВИД-19 цар тахлын хүндрэл, бэрхшээлийг даван туулж, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахад Энэтхэг Улсын Засгийн газраас үзүүлсэн энэхүү сайн санааны дэмжлэг туслалцаа онцгой үүрэг гүйцэтгэж, Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бататгалаа. Ерөнхий сайд Тантай ойрын үед утсаар ярьж, өөрийн биеэр гүн талархлаа илэрхийлэх завшаан тохионо гэдэгт итгэлтэй байна. Гүнээ хүндэтгэсэн, ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНЭ Улаанбаатар хот
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй