Монгол Улсын Шадар сайдаар С.Амарсайхан томилогдлоо

​ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр захирамж гарган Засгийн газрын гишүүдийг томиллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд тамгыг нь хүлээлгэн өглөө. Шадар сайд С.Амарсайхан ажлаа хүлээн авч, Шадар сайдын ажлын албаныхантай уулзлаа. Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ Төрийн ажил явуулахад сэтгэл, зүтгэл, хариуцлага, хяналт, судалгаа, төлөвлөлт, бас хурд чухал гэж үздэг. Төрийн шат шатны албанд энэ л шаардлагыг тавьж, энэ зарчмыг баримталж ажиллана. Улсын Онцгой комиссоос гарах шийдвэрийн ард олон түмний эрүүл мэнд, амь нас, ажил, амьдралын асуудал байдаг учраас шийдвэр болгоноо бодит тооцоо судалгаанд үндэслэж гаргахыг эрхэмлэнэ. Цар тахлын хүндрэлийг эрсдэл багатай даван туулах, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажилд хүн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй. Ялангуяа төр засгийн аливаа шийдвэрийг ажил, амьдралд бодитоор хэрэгжүүлэх гол гүүр болсон төрийн алба хаагчид маань үүнд онцгой үүрэгтэй учраас нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах болно. Өнөөдөр бид ямар эгзэгтэй нөхцөл байдалд байгааг бүгдээрээ мэдэж буй. Хариуцлагатай байна гэдэг нэг хүнээс эхэлдэг. Хариуцлага алдах ч нэг хүнээс эхэлж болно. Иймд хүн бүр алхам тутамдаа хичээх нь чухал байна. Танхимын гишүүдтэйгээ, ард иргэд Та бүхэнтэйгээ хамтран, бэрхшээл сорилтуудыг хамтдаа даван туулах болно гэсэн юм. С.Амарсайхан нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай. 1991 онд Налайх дүүргийн Эрдмийн оргил дунд сургууль, 1996 онд АНУ-ын Калифорни Мужийн Пресно хотын институт, 2000 онд АНУ-ын Саут Вест их сургууль төгссөн. Хэл судлал, эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр. 1992-1994 онд Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн төвд ажилтан, 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд консулын ажилтан, атташе, 2004-2007 онд Американ трейд энд девелопмент ХХК-д хөрөнгө оруулалт, гадаад худалдааны менежер, 2007-2017 онд Оюуны-Ундраа группийн гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга, 2012-2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, 2016-2017 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга, 2017-2019 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 2020 оноос Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд даргаар ажиллаж байна. С.Амарсайхан нь улсад 23 жил, үүнээс төрийн албанд 15 жил ажилласан туршлагатай.

Европын холбоо болон гишүүн улсаас Монгол Улс вакцин авах асуудлаар дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайентай цахим уулзалт хийлээ. Европын холбооны Олон жилийн баримжаат хөтөлбөрийн хүрээнд манай хоёр тал тэргүүлэх чиглэлээ хэлэлцэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хоёр талын эдийн засаг, бизнес, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитоор дэмжихэд түлхүү анхаарч ажиллах санал дэвшүүлэв. Тухайлбал, Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын нөөц бололцоо, Европын орнуудаас дэвшилтэт технологи, нөү-хау, мэдлэгийг хослуулан нэмүү өртөг шингэсэн, харилцан ашигтай үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой гэдгийг онцоллоо. Ингэснээр Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Европын холбооны төдийгүй манай хоёр хөршийн зах зээлд нийлүүлэх өргөн боломж бий болох юм. Үүний тулд Монгол Улс боловсруулах салбарын дэд бүтцийг барихад анхаарал хандуулж, говийн бүсэд төмөр замын бүтээн байгуулалт, мөн төвийн бүсэд Дархан-Арьс ширний цогцолбор-ын төслийг хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өглөө. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, Монгол орны говийн бүсэд нүүрлээд буй цөлжилтийг бууруулах ажлын хүрээнд 1,000 гаруй км усжуулах хоолойн судалгааг хийж, барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байгааг дуулгасан юм. Уулзалтын үеэр дэлхий даяар тархаад буй коронавируст цар тахлын хариу арга хэмжээ, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах асуудлаар санал солилцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Европын холбоо болон гишүүн улсаас Монгол Улс вакцин авах асуудлаар дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен цар тахлын хямралыг дэлхий улс орнууд хамтын хүчээр даван туулна гэдгийг онцолж, энэ хүрээнд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан саналуудыг ажил хэрэг болгох чиглэлд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Эх сурвалж:Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газартай ирэх 5 жилд хамтран ажиллах чиглэлээ тодорхойлов

Дэлхийн банк групп нь Монгол Улстай байгуулах дараагийн Түншлэлийн Стратегийн Хүрээг боловсруулж байгаа бөгөөд тус баримт бичиг нь Дэлхийн банк группийн Монгол Улсад 2021-2025 оны хугацаанд хэрэгжүүлэх дэмжлэг туслалцааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлох юм. Энэ хүрээнд Дэлхийн банкнаас Сангийн яамтай хамтран зохион байгуулсан цахим зөвлөлдөх уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа холбогдох албан тушаалтнуудын хамт оролцож, Түншлэлийн Стратегийн баримт бичгийн төсөлд дурдсан тэргүүлэх чиглэлийн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлэв. Зөвлөлдөх уулзалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бүх яамд, тэдгээрийн харьяа агентлаг, байгууллагууд, газар нэгжийн төлөөлөл бүхий 70 орчим албан тушаалтаноролцлоо. Эх сурвалж: ХНХЯ

Чуваш улстай эдийн засаг, эрчим хүч, батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах талаар ярилцжээ

Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Чувашийн Бүгд Найрамдах Улсад энэ сарын 27-29-ний өдрүүдэд томилолтоор ажиллаж байна. Энэ хүрээнд элчин сайд Д.Даваа 1 дүгээр сарын 27-ны өдөр Чебоксар хотноо ОХУ-ын Бүгд Найрамдах Чуваш Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Д.И.Краснов, Аж үйлдвэр, эрчим хүчний сайд Е.Р.Герасимов нартай уулзалт хийсэн байна. Уулзалтаар Д.И.Краснов сайд худалдаа, эдийн засаг, эрчим хүч, батлан хамгаалахын салбаруудад Монгол Улстай илүү нягт хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, улмаар тус улсын удирдлагын зүгээс дээрх чиглэл, салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд шаардлагатай бүхий л хүчин чармайлтыг гаргаж ажиллахаа мэдэгдлээ. Элчин сайд Д.Даваа энэ хүрээнд Бүгд Найрамдах Чуваш Улсад дээр дурдсан чиглэлүүдээр иж бүрэн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, байгууллагуудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсын холбогдох байгууллагуудад уламжлан, хамтарч ажиллах боломжийг эрэлхийлэхээ мэдэгсэн гэжГадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Имарт: “ДЭМ ДЭМЭНДЭЭ” аянд 100 гаруй сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүний тусламж үзүүлэв

Хүнсний сүлжээ дэлгүүр Имарт нь НЗДТГ-аас санаачилсан Дэм Дэмэндээ аянд нэгдэж 100,000,000 төгрөгийн үнийн дүнтэй хүнсний багцыг 2021 өрхөд өгөхөөр болсон бөгөөд эхний хэсгийг хүлээлгэн өглөө. Тус үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн болон дүүргийн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга н.Мөнхзаяа нар, мөн холбогдох албны хүмүүс оролцож, бараа бүтээгдэхүүн хүнсний хангамж нэн шаардлагатай байгаа айл өрхүүдэд хуваарилан өгөхөө мэдэгдсэн юм. Улсын хэмжээнд бүх нийтийн, өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш Имарт нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон ажлыг хийсэн байна. Тэдгээрээс товч дурдвал, эрсдэлтэй нүүр тулан ажиллаж буй эмч сувилагч нарт тусгай хэрэгсэл бүхий аранз хүлээлгэн өгсөн билээ. Мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үүднээс Хөх шошго хөтөлбөр санаачлан эхлүүлсэн. Түүнчлэн, 900 гаруй ажилтнууд, 200 гаруй айл өрхөд хүнсний багц, шинэ жилийн баярыг тохиолдуулан тусгаарлалтад байсан 350 хүүхдэд баярын бэлэгний орц түгээх гэх мэт олон ажлыг зохион байгуулж байгаа талаараа цаг тухай бүрд нь мэдээлж байсан билээ. Монголчууд бид хүнд цаг үеийг дэм дэмэндээ аль болох эрсдэл багатай даван туулах нь чухал бөгөөд энэхүү үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Имарт-чууддаа баярлалаа.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.